Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, улсын яллагч А.Баясгалан, шүүгдэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2131001510120 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт /яллах дүгнэлтээр/

Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 122а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт *******гийн ******* /РД:МЮ95051510/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн “Дельта-9-тетрагидроканабинол” төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж, хэрэглэн өмсөж явсан хувцсандаа хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн “Дельта-9-тетрагидроканабинол” төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж, хэрэглэн өмсөж явсан хувцсандаа хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ы өгсөн: “..Youtubе”-ээс харж анх 2021 оны 6 дугаар сараас эхэлж хэрэглэсэн. Барилгын дотор засал хийдэг. Өдрийн 50,000 төгрөгийн цалинтай. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй...” гэжээ. [1],

2.Шүүгдэгч Б.*******ы 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Манай гэр Сүхбаатар сумын 2 дугаар багт байдаг бөгөөд би тэр хавиар явган их явдаг юм. Намайг явж байхад өмнө нь интернэт орчинд харж байсан мансууруулах төрлийн бодистой адилхан ургамал байхаар энэ ургамал мөн байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Л.*******ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хүү одоо барилгын ажил хийдэг бөгөөд дөлгөөн, томоотой, дуу цөөтэй, хүнд тусархуу, ажилд сайн хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Б.*******гийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Оросын холбооны улсад 10 гаруй жил ажиллаж амьдарсан. Энэ хугацаанд хар тамхи хэрэглэж байсан хүмүүстэй ойр байсан бөгөөд хүний биед ямар өөрчлөлт гардгийг сайн мэднэ. Миний хүү ******* нь жилийн өмнөөс хар тамхи, мансууруулах бодис хэрэглээд байх шиг болсон. Гэрт орж ирэхэд нь харах үед байгаа байдал нь яг согтуу хүн шиг мөртлөө архи дарс үнэртэхгүй, нүд ам нь сонин болоод юу ч дуугарахгүй унтаад өгдөг юм. Энгийн үедээ бол юм яриад зүгээр байдаг...” гэх мэдүүлэг[4],

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2938 дугаартай:

1.“Шинжилгээнд ирүүлсэн зүйл битүүмжлэлийн хувьд шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Б.*******ы өмсөж явсан хувцаснаас илрүүлсэн 0,02 гр хэмжээтэй ногоон өнгийн ургамал” гэж хаягласан зиплок түгжээ бүхий уутанд ногоон өнгийн ургамал мэт зүйлийн үлдэгдэлд дельта-9-тетрагидроканнабинол/delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.

3.Шинжээчийн шинжилгээгээр илэрсэн Дельта-9-тетра-гидро-каннабинол/delta-9-tetrahydrocannabinol/ нь Монгол оронд ургадаг олсны ургамлын найрлагад агуулагддаг.

4. Дельта-9-тетрагидроканнабинол/delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэх дүгнэлт[5],

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2939 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн зүйл битүүмжлэлийн хувьд шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Б.*******” гэж хаягласан цусанд тетрагидроканнабинол/ТНС/-ын агууламж илрэв. 3.Тетрагидроканнабинол/ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг...” гэх дүгнэлт[6],

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2937 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.*******” гэж хаягласан цусанд тетрагидроканнабинол/ТНС/-ын агууламж илрэв. Тетрагидроканнабинол/ТНС/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэх дүгнэлт[7], 8.Б.*******ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл[8], 9.Хар тамхи, мансууруулах бодис илрүүлэгч “М1ЛТ1 ОРШО ЗСРЕЕМ С11Р” тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[9], 10.Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[10], 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[11], 12.Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

2 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Харин энэхүү гэмт хэргийн улмаас байгаль орчинд шууд учирсан хохирол байхгүй байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн” болон түүний хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшсэн, энэ гэмт хэргийн улмаас тэрээр бусдад төлөх хохирол төлбөргүй, байгаль орчинд шууд учирсан хохирол байхгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг; -тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд тус тус анхааруулсан болно.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн шортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.*******д буцаан олгох нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн шортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.*******д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 55-56 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 19 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 25 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 36-38 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 42-44 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 6-8 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 14-16 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 39, 45 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 59 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 60 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 76-77 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 69 дугаар тал