Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/139

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч П.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвдоржийн *******т холбогдох эрүүгийн 2131001880145 эрүүгийн хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Төмөр замын гэрээт ажилтан хийдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 13С тоотод оршин суух, урьд

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн;

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 76 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Пүрэвдоржийн *******, /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 11-ний үүрээр 06 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 130 тоотод оршин суух өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******ийг “гэртээ хоносонгүй, гадаа унтлаа” гэж уурлан хоолны модон хусуур болон ганжингаар цохиж, эрүүл мэндэд нь баруун чихэнд шарх, баруун нүдний доод зовхи, баруун шуу, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт, нүүр баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл бүхий хөнгөн санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 11-ний үүрээр 06 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 130 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******ийг “гэртээ хоносонгүй, гадаа унтлаа” гэж уурлан хоолны модон хусуур болон ганжингаар цохиж, эрүүл мэндэд нь баруун чихэнд шарх, баруун нүдний доод зовхи, баруун шуу, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт, нүүр баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл бүхий хөнгөн санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч П.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******ын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай найз Анхаа гэх залуу вагон гүүрэн дээр хүрээд ир гэж дуудсан. Тэгээд яваад очиход нэг шил архи, пиво ууж байсныг хамт уусан. Дараа нь гэртээ ирэхэд Бадмаа Шарка гэх хоёр найз манайд нэг шил архи аваад ирсэн байсан. Тэр орой би архи уугаад их муудсан байсан учраас унтаад өгсөн. Өглөө сэрээд нойл орох гээд гарахад манай хажуу айлын хашаанд хөнжил гудас харагдаад байхаар нь очоод харахад манай эхнэр хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэгэхээр нь би гэр орондоо унтсангүй хүнтэй хоносон юм уу? гээд уурласан. Өглөө намайг эхнэрээ гэртээ оруулахад өвдөг нь хөхөрсөн байсан. Тэгээд өчигдөр юу болсон талаар асуухад чамайг унтсаны дараа дахиад хоёр шил архи уусан гэж хэлсэн. Би эхнэрээ гэртээ унтаагүй болохоор уурлаад бид хоёр маргалдсан. Тэгэхэд эхнэр маань модон хусуураар намайг цохисон. Түүнээс би эхнэрээ цохиогүй. Дараа нь цагдаа дээр ирээд эхнэрээсээ “чи яагаад ийм мэдүүлэг өгсөн юм бэ” гэхэд албаар уур хүрээд ийм мэдүүлэг өгсөн гэж хэлсэн. Тухайн хөхрөлт хавдар зэрэг нь орой явж байгаад шатнаас унасан гэж надад өөрөө хэлсэн” гэжээ.[1]

2.Хохирогч Б.******* 201 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гадаа унтаж байхад нөхөр ирээд “наанаа юу хийж байгаа юм. Өөр хүнтэй байсан юм уу?” гээд надад уурласан. Тэгээд намайг элдвээр хэлээд “нөхрийгөө тасрааж унагаагаад өөрөө гэр орондоо ч хонохгүй” гээд намайг буруутгаад байсан. Намайг зодсон учраас цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,[2]

3.Гэрч Н.*******ын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...Үүрээр ******* манай эхнэр рүү залгаад ******* намайг зодоод байна цагдаа дуудсан гэж хэлсэн. Эхнэр бид хоёр цагдаа дээр ирсэн. ******* архи уусан үедээ жоохон догшин авиртай болдог....” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Х.Бадмаагийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 11-ний үүрээр 06 цагийн орчим над руу ******* залгаад намайг ******* зодсон би цагдаа дээр ирсэн байна. хүрээд ирээч гэж хэлсэн. Намайг цагдаа дээр ирэхэд цагдаа хүүхдийг нь харж байгаач энэ эмэгтэйг эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэж хэлээд бид нар эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Л.*******гийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, төмөр замын ачиж буулгах цэг дээр ажиллаж байгаад цар тахлын улмаас ажиллахаа больсон. ******* хийх ажилгүй архи уугаад явж байдаг байсан. Харин сүүлийн үед *******тэй гэр бүл болоод уух нь багассан...” гэх мэдүүлэг[5],

6.Шүүгдэгч П.*******ын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Унтаж байгаад сэрэхэд ганцаараа гэртээ унтаж байхаар нь би гадаа гараад бие засах газар очиж бие засаад гэртээ орохоор эргээд явахад манай хашаан дотор байдаг айлын байшингийн үүдэнд манай эхнэр ор засаад хүүхэдтэйгээ хамт унтаж байсан. Би эхнэрээ босгоод “Битүү шумуул байхад хүүхэд аваад гадаа хонодог нь ямар учиртай юм бэ? намайг унтуулчихаад гадаа хүн хүлээдэг юм уу” гэж хэлэхэд ******* “миний хаана хонох чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. ...Би эхнэрээ хоолны хусуураар 2-3 удаа толгой руу нь, нуруу руу нь нилээн хэдэн удаа цохьсон...” гэх мэдүүлэг[6],

7.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны  шинжээч Т.Насанжаргалын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 259 дугаартай “...Б.*******ийн биед баруун чихэнд шарх, баруун нүдний доод зовхи, баруун шуу, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт, нүүр, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт[7],

8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Хүнийг саатуулах тогтоол[9], 10.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл[10], 11.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт[11], 12.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол[12], 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримт[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч П.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон П.******* нь шүүгдэгчээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэн шүүгдэгч П.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч П.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлж, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******т анхааруулан шийдвэрлэсэн.

Хэрэгт эд мөрийн баримтаар шаргал өнгийн хоолны модон хусуур 1 ширхэг,  ганжин 1 ширхгийг тус тус хураан авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.*******д буцаан олгосугай.

Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг/ сая төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******т анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар шаргал өнгийн хоолны модон хусуур 1 ширхэг,  ганжин 1 ширхгийг тус тус хураан авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.*******д буцаан олгосугай.

6. Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 29-30 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 32 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 69-70 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 48-49 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 50 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 52-57 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 58-62 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 64-66 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 74 дүгээр тал

[14] Хавтаст хэргийн 77-118 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 55-56 дугаар тал