| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0133/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/140 |
| Огноо | 2021-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/140
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч Э.******* /онлайн/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2131002220165 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, элчит тэрэгний туслах машинч мэргэжилтэй, Сүхбаатар ДЕПО-д засварчин ажилтай, ам бүл 7, хадам ээж, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 4 дүгээр 58 айлын 23 тоотод оршин суух хаягтай, урьд
-Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 03 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,
-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 25-ны өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Боржигон овогт *******ийн *******, /РД:МБ85062119/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “\/оicе” караоке баарны ариун цэврийн өрөөнд Ж.Зоригттой маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухайрхайн хана, баруун хоншоорын урд, дотор хананд хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, хамар баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.******* нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “\/оicе” караоке баарны ариун цэврийн өрөөнд Ж.Зоригттой маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухайрхайн хана, баруун хоншоорын урд, дотор хананд хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, хамар баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Машбатын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардалд 536,000 төгрөг төлсөн. Тухайн өдөр шагнал авчихаад ажлынхантайгаа хамт “Voice” караоке орсон. Миний буруутай үйлдэл байгаа юм, би их харамсаж байна, цаашид хичээх болно...” гэжээ.[1]
2.Хохирогч Ж.Зоригтын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 08 сарын 13-ны орой 21 цагийн үед найз нар болох *******ийн хамт Войс караокед орж хоёулаа нэг, нэг пиво авч ууж байгаад найз ******* текнээс стакан авах үед *******ийг нэг танихгүй залуу хөл рүү нь өвдөглөөд байгаа харагдсан. Тэгээд ******* над руу ирж “энэ танихгүй залуу учиргүй өвдөглөөд байх юм” гэж хэлэхээр нь би очоод “чи яагаад манай найзыг цохиод байгаа юм” гэхэд “чи муу их зэвүүн цагдаа байсан, одоо чамайг ална аа” гээд миний цамцнаас зуурч 00-н өрөө рүү чирч оруулаад эхлээд 2 удаа шанаадаж, би тонгойх үед дахин нүүр рүү цохьсон. Тэгээд намайг унасаны дараа хөл рүү өшиглөсөн. Нилээн олон удаа өшиглөөд байсан. Ухаан балартаад сэргэхэд шалан дээр хэвтэж байсан ба тухайн залуу зугатаагаад явсан байсан...” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Л.*******ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Войс караокед 0.75 литрийн архи хувааж ууж байгаад манай ажпын залуучууд гарч Зоригт бид хоёр үлдсэн. Би стакан авах гээд текэн дээр очсон байхад гаднаас нэг залуу орж ирээд мөрөөрөө түлхээд хажуу тийшээ болгосон. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ?” гэхэд доогуураа миний шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд бид хоёр маргалдсан. Зоригоо нэг давхарт байсан тул харсан юм байна лээ. Намайг очиход “юу болоод байгаа юм” гэж асуусан. Тэгэхээр нь би “энэ нэг юм хүн зүгээр байхад мөрлөөд, хөл рүү өшиглөөд байна“ гэсэн. Тэгээд Зоригоо бид хоёр тэр залуугийн араас гарахад тэр залуу 00-н урд талын коридорт хүмүүстэй хамт явж байсан. Зоригоо тэр залууд “чи яагаад зүгээр байгаа хүнийг мөрлөж, өшиглөөд байгаа юм бэ?” гэхэд тэр залуу “чамд ямар хамаатай юм бэ?, чи ямар олигтой болоод цагдаагаас халагдаад ингэж явж байгаа юм” гэсэн. Тэгээд тэр хоёр маргалдаж байхад найзууд нь ирээд тэр залууг аваад би Зоригоог аваад явсан. Тэгээд байж байгаад Зоригоо “энэ намайг янз бүрээр хэлдэг хэн бэ? гарч учраа олно” гээд дээшээ гарсан. Зоригоо тэр залуутай маргалдаж байхад тэр залуу Зоригоогийн шилэн хүзүүн дээрээс нь зулгаагаад доошоо ариун цэврийн өрөө рүү чирч явсан. Тэгэхэд би болон тэр залуугийн 2 найз нь хамт доошоо буусан...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Ц.*******ийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021.08.13-ны орой 23 цагийн орчим Зоригт над руу залгаад Войс караокед байна ирээд аваач гэсэн тэгэхээр нь би очиход Зоригт, ******* нар караокены гадаа хүнтэй маргалдаад зогсож байсан.Тэр махлаг залуу Зоригтын цээж мөр хэсэг рүү түлхэх маягтай нударч цохиод байхаар нь би тэр залууд хандаж чи болиоч гэхэд намайг гараараа цээж хэсэг рүү түлхээд бүгдийг чинь ална шүү гээд орилоод байсан. Тэгээд байж байхад найз нар нь гарч ирээд аваад явсан...намайг утсаар ярьж байхад махлаг залуу Зоригтыг 00-н өрөөрүү чирээд аваад орсон би юу болоод байгааг *******ээс асуухад 00-н өрөө рүү аваад орчихлоо гэж байсан. Тэгээд нээх удаагүй байж байтал тэр залуу 00-н өрөөнөөс гарч ирээд 3 найзтайгаа яваад өгсөн. ******* ариун цэврийн өрөө рүү ороод Зоригтыг дагуулж гарч ирсэн. Би Зоригтоос юу болов гэж асуухад шанаа хэсгээ бариад энд цохьчихлоо гээд байсан...” гэх мэдүүлэг[4],
5.Шүүгдэгч Э.*******ын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Намайг найзуудтайгаа 2 давхрын өрөөнд сууж байхад Ж.Зоригт нь өрөөний гадна намайг дуудаж гаргаад 00-н өрөө рүү дагуулж ороод өөрөө эхлээд миний нүүр, баруун шанааны хэсэгт 1 удаа удаа цохиод авахаар нь би Зоригт зөрүүлээд нүүрнийх нь баруун талд нь зүүн гараараа цохисон. Тэгээд дараа нь Зоригт дахин намайг цохисон газраа цохихоор нь би мөн зөрүүлээд Зоригтыг цохисон. Би түүнд уучлалт гуйж эмчилгээнд нь 536,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг[5],
6.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 309 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: Ж.Зоригтын биед баруун нүдний ухархайн гадна хана, баруун хоншоорын урд, дотор хананд хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, хамар, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтоор үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[6], 7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[7], 8.Хохирогчийн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл[8], 9.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбрууд[12], 13.Цахим үнэмлэхийн лавлагаа[13], 14.Хохирлын баримтууд[14],15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.Зоригт нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгч Э.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******ад анхааруулсан болно.
Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******ад анхааруулсугай.
5.Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 16 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 22 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 26 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 30-334-35 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 41-43 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 6 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 50 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 51 дүгээр тал
[12] Хавтаст хэргийн 54-63 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 67 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 72-74 дүгээр тал
[15] Хавтаст хэргийн 91-92 дугаар тал