| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00308/И |
| Дугаар | 413 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 413
2017 оны 07 сарын 04 өдөр Дугаар 156/ШШ2017/00413 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00308/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 2-7 тоотод оршин суух, Боржигин овогт Арсланбаатарын Алтансаруул /РД:СЭ82091102/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 2-7 тоотод оршин суух, Кемек овогт Пушааны Батцэнгэл /РД:СЮ86070370/-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Алтансаруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
Хариуцагч П.Батцэнгэлд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулсан /хх-ийн 19х/ байх ба түүнд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т: “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг үндэслэн, түүнчлэн нэхэмжлэгч А.Алтансаруулын хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт, саналын дагуу хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Алтансаруул нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд П. Батцэнгэлтэй хамт нэг гэрт айл болж амьдарсан. Энэ хугацаанд өөрийн дагавар хүү Мөнх-сүлд Батцэнгэлтэй суугаад төрүүлсэн хүү Мөнххүслэн, охин Оюунбадам, охин Оюунсондор нарын хамт амьдарсан. Суусан цагаасаа эхлэн П. Батцэнгэл архи ууж, агсан тавьж, үс зулгааж толгой руу цохидог болсон. Би анхнаасаа дагавар хүүхэдтэй, өөрөөсөө дүү хүнтэй суусан болохоор хэлж яриад ухаарах байх гэж бодоод хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гээд олон удаа уучилж өнгөрөөдөг байсан. Тэгтэл цаг хугацаа өнгөрөх тусам байдал улам хүндэрч архи уух нь ихсэж, зан авир нь хэрээс хэтэрсэн. Хамт өнгөрүүлсэн 9 жилийн хугацаанд зовсон зовлон, сэтгэлийн дарамт, ор үндэсгүй хардалт, тэсэхийн аргагүй өвдөлт, цаг мөч бүрд чи миний эгчээс дээшээ гарч уран бүтээл хийж болохгүй гэж загнаж, занаж зүхдэг. Хайртай, насаараа хайрлана гэж суугаад ийм байдалтай байхад би их гомдож байна. Надтай суусан цагаасаа эхлэн цалингийн зээлтэй байсан. Үр хүүхдүүдээ хоолтой байна уу? мэддэггүй, санаа зовдоггүй. Олдсон мөнгөө архинд зориулсаар ирсэн. Хүүхдүүд маань ээжийнхээ олон жил зодуулж, олон удаа салж, нийлэхийг нүдээрээ харж өссөн болохоор ямар ирээдүй, ямар хүмүүжилтэй хүүхдүүд болох бол гэхээс сэтгэл минь зовж шаналж явдаг. Иймд би Батцэнгэлтэй хойшид амьдармааргүй байна. Би энэ хүнтэй амьдрах хугацаандаа үр хүүхдээ өнчрүүлэхгүй гэж олон удаа уучилсан. Буруугаа ойлгосон гээд 3 хоноод дахин архи ууж, агсан тавьж, зодох нь хэвээрээ үргэлжилсээр 2016 оны 12 дугаар сарын 02-нд бие рүү цохиж хөх няц болгосон, 2017 оны 04 дүгээр сарын 10-нд согтуу ирж агсан тавьж хатуу тавчикаар зодож, хамрын яс хугарч, нүд хөхөрч хавдсан, байнга ална гэж занадаг. Энэ хүний гарт амь насаа алдах нь гэж айдастай амьдрах боллоо. Иймээс гэр бүлээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, гурван хүүхдэд тэтгэмж тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Алтансаруул нь хариуцагч П.Батцэнгэлээс гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч А.Алтансаруул нь хариуцагч П.Батцэнгэлтэй 2009 онд гэр бүл болж, хамт амьдрах хугацаандаа 3 хүүхдийн эцэг эх болсон болох нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 9х/, Кемек овогт Батцэнгэлийн Мөнххүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 8х/, Кемек овогт Батцэнгэлийн Оюунсондорын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 8х/, Кемек овогт Батцэнгэлийн Оюунбадамын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 9х/, насанд хүрээгүй хүн Б.Мөнххүслэнгийн мэдүүлэг /хх-ийн 20х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч П.Батцэнгэл нь архидан согтуурч гэр бүлийн гишүүдээ сүүлийн жилүүдэд байнгын хүчирхийлэл, дарамтанд оруулж, ялангуяа эхнэр А.Алтансаруулын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдан зодож цохих зэргээр гэр бүлийн хүчирхийллийг өндөр давтамжтай үйлддэг болсон болох нь нэхэмжлэгчийн тайлбараас гадна хавтаст хэрэгт байх захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 10х/, нэхэмжлэгч А.Алтансаруулын П.Батцэнгэлд зодуулсны дараа авахуулсан фото гэрэл зураг /хх-ийн 12х/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хариуцагч П.Батцэнгэлийн энэхүү байдлаас болж түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байх тул шүүх зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх А.Алтансаруулын асрамжинд өгч, хуульд заасны дагуу хариуцагчаас хүүхдийн тэтгэмж гаргуулах нь зохистой гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч А.Алтансаруулын гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт Арсланбаатарын Алтансаруул /РД:СЭ82091102/, хариуцагч Кемек овогт Пушааны Батцэнгэл /РД:СЮ86070370/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010.02.18-нд төрсөн хүү Батцэнгэлийн Мөнххүслэн /РД:СЮ10220999/, 2012.07.05-нд төрсөн охин Батцэнгэлийн Оюунбадам /РД:СЮ12262800/, 2015.01.20-нд төрсөн охин Батцэнгэлийн Оюунсондор /РД:СЮ15211523/ нарыг нэхэмжлэгч /эх/ А.Алтансаруулын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар хүү Б.Мөнххүслэн, охин Б.Оюунбадам, Б.Оюунсондор нарыг 18 нас хүртэл нь хүүхдийн тэтгэлгийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч /эцэг/ П.Батцэнгэлийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос сар бүр мөнгөн хэлбэрээр тооцон гаргуулж, хүү Б.Мөнххүслэн, охин Б.Оюунбадам, Б.Оюунсондор нарыг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч А.Алтансаруулд даалгасугай.
5. Зохигчид нь эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Алтансаруулаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.Батцэнгэлээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Алтансаруулд олгосугай.
9. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР