Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 748

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.М, Ц.С, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                

нарийн бичгийн дарга Б.Нямдавааг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч М.М, Ц.С, Б.Б нарт холбогдох 1811 0016 50299 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Их тугтан овгийн Мөнхбатын М, 1996 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, загвар өмсөгч мэргэжилтэй, БНХАУ-ын Дива модель агентлагт загвар өмсөгч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ял шийтгэлгүй,

 

2. Боржигон овгийн Цэрэндагвын С, 1998 оны 5 дугаар сарын 29-ний өдөр  Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их засаг” Их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн Хотонт сум, ял шийтгэлгүй,

 

3. Боржигон овгийн Батзоригийн Б, 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эмэг эх, эх, ах, дүү нарын хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 

М.М, Ц.С нар нь бүлэглэж, 2018 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжил” зочид буудалд Ж.Г Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Б нь М.М, Ц.С нарын 2018 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжил” зочид буудалд Ж.Г Хаан банкны виза картнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан мөнгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.М, Ц.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.М, Ц.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мөнх-Эрдэнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Сийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М, Ц.С, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Ц.С нарыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Бийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч нарыг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.М нь 2 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.М, Ц.С, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

 

            Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор М.М, Ц.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, М.М, Ц.С нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял, Б.Бд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.М, Ц.С нарыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Бийг 1 жилийн хугацаагаар тэнссэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлд “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалттай. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.М, Ц.С, Б.Б нарт хорих ял оногдуулсны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн нь буруу байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

М.М, Ц.С нар нь бүлэглэж, 2018 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжил” зочид буудалд Ж.Г Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Б нь М.М, Ц.С нарын 2018 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжил” зочид буудалд Ж.Г Хаан банкны виза картнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан мөнгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч, ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Ж.Г “...намайг тасраад уначихсан хойгуур миний виза картыг хулгайлаад аваад явчихсан байсан...” /хх-15-17/,

 

гэрч Б.Буянболдын “...маргааш өглөө нь 11 цаг 30 минутын үед сэрээд Ж.Ган-Эрдэнэ виза картаа алга болгочхож гэж хайгаад олдохгүй болохоор нь автомашинд үлдээсэн байсан гар утсаа аваад асаасан чинь мобайл банкны мэдээлэлээр данснаас мөнгө хасагдсан байна гэсэн мэдээлэл ирсэн...” /хх-22/,

 

гэрч Б.Хулангийн “...бид нар буудлаас гараад такси бариад явж байтал Билли буюу М.М нь Б.Бд “май” гээд мөнгө тоолоод өгч байгаа харагдсан. Яаж мөнгөтэй болсныг нь би сайн ойлгоогүй. Унтаж байхад мөнгөтэй болчихлоо гаръя гээд байсан...” /хх-31-32/ гэх мэдүүлгүүд,

 

эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/, сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/, эд мөрийн баримт /хх-14/, хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх-18-19/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч М.М, Ц.С, Б.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөөгүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.М, Ц.С, Б.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.М, Ц.С нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, Б.Бийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэнссэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирчээ.

 

Харин шүүх, шүүгдэгч М.М, Ц.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилсэн атлаа, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн зохих зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай зохицуулалт бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгийг дээрх хуулийн зохицуулалттай адилтган ойлгож хэрэглэхээр хуульчилсан байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон...”, 1.2 дахь заалтад “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон...” гэж хуульчилсан тул хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв баримтлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Ц.С нарыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Бийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч нарыг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч М.М, Ц.С нарыг 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Бийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.М, Ц.С, Б.Б нарыг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

                                                                                               

                                                                                                            М.АЛДАР