Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 603

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “А ” ХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: “А” ХК

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц ,

Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц*******ын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, С.Х, хариуцагч Ж.Ц , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д  шүүхэд ирүүлсэн гомдолдоо: 2017 оны 10 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч Ж.Ц*******ын шалгалтын дагуу “А ” ХК дээр валютаар бонд гаргасан асуудал нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 1801000002 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэсэн бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.30 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлээр 1/01 тоот торгуулийн шийтгэл оногдуулсан.

“А ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх) 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өрийн бичиг гаргах тухай 17/20 дугаар тогтоолоор 1,0 (Нэг мянга) долларын нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, нэрлэсэн хүү 9-10 хувь, купон төлбөрийг 3 сар тутам, үндсэн төлбөрийг хугацааны эцэст буцаан төлөх нөхцөлтэй, 1,000 ширхэг, нийт 1,000,000 (Нэг сая) долларын өрийн бичиг хаалттай хүрээнд гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд нийт 1,000,000 ам.долларын бонд зарласнаас 250.0   ам.доллартой тэнцэх хэмжээний бонд эргэлтэд гарч, хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулсан болно.

            Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйл нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчих гэсэн ерөнхий нэршилтэй бөгөөд тус хуулийг зөрчсөн үйлдэлд хариуцлага ногдуулах тухай зохицуулалт агуулсан заалт болно. Гэвч Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйл буюу уг хуулийн зорилт нь “Монгол улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон байна. А  нь өрийн бичиг гаргасан нь аливаа бараа, ажил, үйлчилгээ үзүүлээгүй болно.

Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3-т “бараа”, “ажил”, “үйлчилгээ” гэдгийг дараах байдлаар тайлбарлан зохицуулжээ. Тухайлбал

4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг,

4.1.3-т “ажил” гэж Иргэний хуулийн гучин нэгдүгээр бүлэгт заасан “ажил гүйцэтгэх” гэснийг;

4.1.4-т “үйлчилгээ” гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг гэж заажээ.

            Иймд “А ” ХК-ийн гаргасан өрийн бичиг нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан бараа, ажил, үйлчилгээний аль ч төрөлд хамаарахгүй болно.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 болон Компанийн дүрэмд заасны дагуу компанийн өрийн бичиг гаргах эрх нь Компанийн ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарах асуудал болно. Өрийн бичиг гаргаснаар компани ашиг орлого олж байгаа бус, харин үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчдад тодорхой амлалт өгч, санхүүжилт татан төвлөрүүлж байгаа баталгаа билээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “өрийн хэрэгсэл” гэж үнэт цаас гаргагчаас тогтоосон хугацаа дуусмагц үндсэн төлбөр болон хүүг мөнгөн хэлбэрээр, эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр тухайн үнэт цаасыг эзэмшигчид эргүүлэн төлөх уургийг гэрчилсэн болон түүнтэй адилтгах бусад үнэт цаасыг; гэж заажээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн уг зохицуулалт нь нийтэд санал болгосон өрийн хэрэгсэлд хамаарах зохицуулалт боловч, өрийн бичгийн нийтлэг томьёоллыг тодорхойлсон тодорхойлолт гэж бид үзэж байгаа бөгөөд бонд нь бараа, ажил, үйлчилгээ бус эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн баталгаа болно. Үүгээрээ өрийн бичиг нь бараа, ажил, үйлчилгээнээс эдийн засгийн утгаараа ялгаатай зүйл бөгөөд компани өрийн бичиг гаргах, өр зээл авах, санхүүжилт татахдаа зах зээл дээр байгаа боломжуудыг нарийвчлан судалж, эрсдэлийг тооцон, шийдвэрээ гаргасан. Компанийг гадаад валютаар зээл авах, санхүүжилт татах нь хуулиар хориглоогүй бөгөөд тухайн компани , түүний ТУЗ-ийн бүрэн эрхийн асуудал юмаа. Мөн өрийн бичиг нь бараа, ажил үйлчилгээний алинд нь ч хамаарахгүй ба компанийн зүгээс үзүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ биш гагцхүү хөрөнгө оруулагч нарт зээлийн эргэн төлөлтийн  эрх үүргийг баталсан баталгаа юм.

“А ” ХК нь мэдэгдэлд дурдсан өрийн бичгийг хаалттай хүрээнд гаргасан ба олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайлбал олон нийтийн радио, телевиз, сонин, хэвлэл зэрэг хэрэгслээр зар сурталчилгаагаа хүргээгүй зөвхөн манай компанийн ажлын байранд хүрэлцэн ирж, сонирхсон харилцагчиддаа танилцуулах, мэдээлэл өгөх зорилгоор брошурыг хаалттай хүрээнд, зөвхөн сонирхол илэрхийлсэн боломжит хөрөнгө оруулагч нарт өгч байсан болно.

Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т “Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч нь “А ” ХК-ийг өрийн бичиг гаргахдаа Монгол банкны албан ёсны зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлийг шууд бусаар гаргажээ. “А ” нь зохицуулалттай этгээд биш юм. Монгол банкны зүгээс ч аливаа компани, аж ахуйн нэгжид зээл авах, өрийн бичиг гаргах болгонд зөвшөөрөл олгодоггүй бөгөөд Төв банкны тухай хуулиар чиг үүрэг, функцийг тодорхойлсон бөгөөд өрийн бичгийг гадаад валютаар гаргасан тохиолдолд зөвшөөрөл олгодог чиг үүрэг байхгүй байна. Өөрөөр хэлбэл өрийн бичгийг ямар валютаар гаргах нь цэвэр компанийн өөрийн асуудал бөгөөд эрсдэл дээр үндэслэн ТУЗ шийдвэр гаргадаг билээ. Мөн гадаад валютаар гаргасан өрийн бичгийг иргэн, хуулийн этгээдийн зүгээс худалдаж авахыг хориглон хуульчлан тогтоосон зүйл байхгүй байна. Өнөөдөр иргэн, хуулийн этгээд банканд болон банк бус санхүүгийн байгууллагад гадаад валютаар хадгаламжийн данс нээх, итгэлцэл байршуулах, зээллэг олгох, зээл авах асуудал чөлөөтэй бөгөөд сонголтын асуудал. Мөн үүнээс гадна гадаадын хөрөнгийн бирж дээрээс хувьцаа авах, өрийн бичиг худалдан авах хэлцлүүдэд ч идэвхтэй орж байгаа бөгөөд эдгээрийг мөн гадаад валютаар хийж байна.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зорилгоос үзэхэд компани, хуулийн этгээд, аж ахуйн нэгжээс зах зээл дээр бараа, ажил, үйлчилгээг үзүүлэхдээ үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглахыг л тогтоосон ба харин санхүүжилт татахдаа гагцхүү үндэсний мөнгөн тэмдэгтээр татна гэсэн зохицуулалт байхгүй байна. Чөлөөт зах зээлийн нийгмийн үед компаниудыг гадаад валютаар зээл авахыг хориглодоггүйтэй адил санхүүжилтийн өөр нэг хэлбэр болох өрийн бичгийг гадаад валютаар гаргаж санхүүжилт татахыг хориглох нь утгагүй бөгөөд хуулийг буруугаар ойлгож, буруугаар хэрэглэж байгаа явдал юм. Энэхүү асуудлаар хуулийг нэг мөр ойлгож, амьдралд хэрэглэх үүднээс Улсын Дээд Шүүхээс хуулийн энэ заалт дээр тайлбар авах нь илүүдэхгүй болов уу гэж бидний зүгээс үзэж байна. Эцэст нь ардчилсан иргэний нийгэмд, тэр дундаа Монгол улсад Хориглоогүй бол зөвшөөрнө гэсэн зарчим үйлчилж байгаа бөгөөд Иргэний хуулийн 13-р зүйлд хуульчлан тогтоосон байдаг.

Иймд Санхүүгийн Зохицуулах Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч Ж.Ц*******ын манай компанийн нэр дээр гаргасан 1/01 шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг хянах ёстой газар нь Монгол банк. Яагаад гэвэл Санхүүгийн зохицуулах хороо үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаггүй. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй хяналт тавих чадамжтай этгээд нь төлбөрийн гүйлгээг доллараар хийж байгаа, доллараар хийгдсэн эсэхийг шалгадаг этгээд нь Монгол банк. Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хороо ямар хяналт тавьж байгаа вэ гэхээр олон нийтэд ил гарсан ам.долларын хэрэг дээр торгууль тавьж байгаа болохоос өнөөдөр Монгол банкаар дамжуулагдан хэдий хэмжээний доллар банк болон банк бус санхүүгийн байгууллагаас гадуур хэлцэл хийгдэж байгаа талаар хяналт тавих боломж байхгүй. Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол нь хүчин төгөлдөр бус гэж тооцвол А  ХХК-иас бонд худалдаж авсан иргэдийн купон төлөх үүрэг нь хүчин төгөлдөр бус болно. Үүний үр дагаврыг Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн хариуцах нь тодорхойгүй байна. 2016 онд Хүннү бонд гарч байсан. Зарим тендерүүд доллараар гарч байсан. Гэтэл энэ бүхэнд Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн хяналт тавьж байсан нь тодорхойгүй байна. Санхүүгийн зохицуулах хороо хуулийн хэрэгжилтийг хангаж чадахгүй. Мөн ялгавартай байдлаар хандаж байгаа.

... Компаний тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар А  Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байдаг компани биш. Санхүүгийн зохицуулах хороо зөвхөн хувьцааны бүртгэлтэй холбоотой орж ирдэг. Хаалттай хувьцаат компаний үйл ажиллагааг хянадаггүй. А  ХХК-д чиглэсэн үйлдэл гэдэг нь яаж нотлогдож байна гэхээр 2017 оны 12 дугаар сард Хүннү эйр ХХК 600,000 ам.долларын бонд гаргасан. Үүнийг яагаад шалгаагүй гэдгийг хариуцагч өөрөө тайлбарлах байх. Хүннү эйр ХХК-ийн цаана байгаа хүнтэй маргаан үүсгэхээс цааргалсан байх. Үүнээс гадна шүүхийн практикт доллараар зээл олгож байгаа олон тохиолдол байгаа. Энэ зөрчил дээр яагаад арга хэмжээ авдаггүй байсан юм. Шүүхийн практикт иргэд хоорондоо ам.доллараар зээл олгож байгаа асуудлыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэг, 217 дугаар зүйлд зааснаар хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаад валютаар үүсгэж болно гэсний дагуу иргэд хоорондын зээлийг хүчин төгөлдөр гэж үзэж ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа. Тэгэхээр А  ХХК-д чиглэсэн гэж үзэж байна. 9,10 дугаар сард шалгалт орсон. А  ХХК-ийн нэг хүндрэлтэй асуудал нь тухайн үед танайх манай үйл ажиллагааг хянах ёсгүй гэж хэлсэн боловч манай 3-4 компани Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байдаг. А  ХХК-ийг Санхүүгийн зохицуулах хороо хянах ёсгүй” гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын байцаагчийн шийтгэврээр А  ХХК-ийг бондыг ам.долларар гаргасан гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж 9,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. А  ХХК-нь санхүүгийн байгууллага гэж үзэж байна. Мөн ам.долларын бонд гаргасан нь  зээлийн үйлчилгээ. Түүнээс ам.доллараар арилжаа хийгээгүй. Ам.доллараар зээл авсан. Түүнээс ашиг олоогүй. Ам.долларын гадагш гарах урсгалыг түдгэлзүүлснээр бид өөрийн үйл ажиллагаанд зохицсон үйлчилгээ хийсэн гэж үзэж байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай хуулийг зөрчсөн иргэн, аж ахуй нэгж байгууллага бүр хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл манайд зээл олгосон хүмүүст хариуцлага оногдуулаагүй. Зөвхөн аж ахуй нэгжид хариуцлага оногдуулсан нь хууль тэгш бус үйлчилж байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаа нь шударга бус байна Цаад утгаараа аж ахуй нэгжийг дампууруулах зорилготойгоор шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Уг шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй гэдгийг  хэрэгт цугларсан нотлох баримт нотолно. Монгол банк зөвхөн Байгаль орчин аялал жуучлалын яаманд л төлбөр тооцоог ам.доллараар гүйцэтгэх зөвшөөрөл олгож байгаа нь Монгол банк энэ зөвшөөрлийг өөр хэнд ч өгдөггүй, бид хандаад ч хэрэггүй гэдгийг харуулж байна.  Өөрөөр хэлбэл хууль хэрэгжих боломжгүй хууль байна. Бодлого зохицуулах газар нь ам.доллараар гүйлгээ хийх эрхийг ганцхан удаа авсан нь Монгол банкнаас зөвшөөрөл авах нь хүндрэлтэй гэдгийг харуулж байна. Татварын ерөнхий газар хүртэл Монгол улсад ам.доллараар гүйлгээ хийж байгаа компаниудад хяналт тавьдаггүй, татвар ногдуулдаггүй юм байна. Тэгэхээр Монгол улсад хэрэгжих боломжгүй хуулийн дагуу шийтгэл оногдуулсан нь хууль бус тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, Р.Ц******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага болох Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч Ж.Ц*******ын “А ” ХК-д холбогдуулан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөний улмаас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу торгууль оногдуулсан 1/01 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

“А ” ХК-д газар дээрх хяналт шалгалт хийхэд тус компани нь валютаар бонд гаргаж, бондын зууч лал, төлбөр тооцоо буюу андеррайтерийн үйлчилгээг “А******* ҮЦК” ХХК-аар дамжуулан үзүүлсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн байх магадлалтай байсан тул 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1801000002 дугаар бүхий зөрчлийн хэрэг нээж шалгасан.

Шалгалтаар “А ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өрийн бичиг гаргах тухай 17/20 дугаар тогтоол гаргаж, 1,000 (нэг мянга) ам.долларын нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, нэрлэсэн хүү 9-10 хувь, купон төлбөрийг 3 сар тутам, үндсэн төлбөрийг хугацааны эцэст буцаан төлөх нөхцөлтэй, 1,000 ширхэг, нийт 1,000,000.00 (нэг сая) ам.долларын өрийн бичгийг гаргасан нь 250,000 ам.доллар татан төвлөрүүлсэн, мөн долларын бонд сурталчилсан брошур зэрэг баримтаар тогтоогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.30 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 40,000,000.00 (дөчин сая) төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан болно.

“А ” ХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо “... А ” ХК-ийн гаргасан өрийн бичиг нь ТТҮМТГтХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан бараа, ажил, үйлчилгээний аль ч төрөлд хамаарахгүй, өрийн бичиг гаргаснаар компани ашиг орлого олж байгаа бус, харин үйл ажиллагаа санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчдад тодорхой амлалт өгч, санхүүжилт татан төвлөрүүлж байгаа баталгаа билээ” гэж дурдсан нь үндэслэлгүй юм.

Учир нь өрийн хэрэгсэл буюу бонд /өрийн бичиг/-ыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д тодорхойлсон бөгөөд үнэт цаас гаргагчаас тогтоосон хугацаа дуусмагц үндсэн төлбөр болон хүүг мөнгөн хэлбэрээр, ... тухайн үнэт цаасыг эзэмшигчид эргүүлэн төлөх буюу гаргаж /худалдаж/ байгаа бондыг худалдан авах төлбөр, бонд гаргагчаас худалдан авагчид бондын үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж буй нь төлбөр тооцооны үйл ажиллагаа юм. Иймээс “А ” ХК нь нэрлэсэн үнийг 1,000 (нэг мянга) ам.доллараар тогтоож нийт 1,000,000.00 (нэг сая) ам.долларын өрийн бичиг гарган сурталчилж, иргэн, аж ахуй нэгжтэй ам.долларын бонд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан буюу бондын төлбөрийг гадаад валютаар /ам.доллар/ тус үйл ажиллагааны андеррайтер буюу зуучлагч “А******* ҮЦК” ХХК-ийн Хас банкан дахь дансаар хүлээн авсан нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.30 дугаар зүйл Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчих, тус зүйлийн 1.2 дахь хэсэгт “Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют,...-аар үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэн торгуулийн шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийг зөрчөөгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “А ” ХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ард санхүүгийн нэгдлийг ялгаварлан гадуурхаагүй. Хороон даргын тушаалаар хяналт шалгалт хийгдсэн. Хяналт шалгалтаар уг зөрчил илэрсэн тул торгууль оногдуулсан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд арилжааны банкнуудад Монгол банк хяналт тавина. Бусад байгууллагад Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина гэж заасан. Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл, мөнгөн хадгаламж, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж гүйцэтгэлээ гадаад валютаар хангуулж болно гэж Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4 дэх хэсэгт заасан. Банк банк бус санхүүгийн байгууллагаас бусад хуулийн этгээд нь гадаад валютаар аливаа зээл, хадгаламжийг илэрхийлж болохгүй гэж тодорхой заасан. Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр энэ үйл ажиллагааг хийсэн. Тухайн үед хуулийг мэдсэн эсэхээс үл хамаарч хууль адил тэгш үйлчлэх ёстой. Санхүүгийн зохицуулах хороо нь Улсын их хурлын харьяа хууль хэрэгжүүлэгч байгууллага. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо, Үнэт цаас, Даатгал гэсэн 4 чиглэлээр хяналт тавьдаг.

...Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Түүнээс “А ” ХХК-ийг дампууруулах, эсхүл Ард Секюритизтэй холбоотой шалгалт хийж торгох гэж байгаа асуудал байхгүй. Хууль хэрэгжүүлэгч байгууллагын хувьд адил тэгш хандах үүрэгтэй гэж өөр бусад байгууллагад хэрэг нээж  шалгаж, торгуулийн арга хэмжээ авсан асуудал байгаа. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 3 байгууллагыг шалгасан. Үүнээс өмнө нь мөн шалгаж торгуулийн арга хэмжээ авч байсан. Монгол банк арилжааны банкнуудад хяналт тавьдаг. Банкнаас бусад аж ахуй нэгжид Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьдаг. Зээл нь банк банк бус санхүүгийн байгууллага гэж хоёр субъект мөнгөн хадгаламж зээлийг гадаад валютаар илэрхийлж болно гэж заасан. Бусад нь Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр хийхийг хориглосон. Үүний дагуу арга хэмжээ авсан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “А  ХХК-ийг зээл авсан үйлдлээ доллараар илэрхийлсэн эсэх талаар маргах байсан. Маргааны гол агуулга руу ороогүй. Гомдол гаргагчийн зүгээс зээл авсан үйлдлээ доллараар илэрхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул энэ талаар маргасангүй. Харин өөр бусад хуулийн этгээдийг торгоогүй гэх гэх тайлбарыг хэллээ. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс А  ХХК-д ямар нэг субъектив байдлаар хандаагүй. Санхүүгийн зохицуулах хорооны даргын тогтоолоор жил бүрийн хяналт шалгалтын төлөвлөгөө гардаг. А  ХХК болон Ард даатгал, гэх зэрэг Ард гэх нэр орсон байгууллагад чиглэсэн зүйл байхгүй. Төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийж байгаа. Хяналт шалгалтын явцад энэ зөрчил илэрсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх хууль болон Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан. Хэрэв өөр бусад этгээдүүдтэй холбоотой ашиг сонирхол гарсан гэж үзэж байвал шүүхэд биш хяналтын зөвлөл эсхүл холбогдох байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Тиймээс шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх үндэслэлтэй. Зөрчилтэй холбоотой зүйл гомдол гаргагчийн зүгээс яриагүй. Тиймээс зөрчлөө хүлэн зөвшөөрч байна гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц д холбогдуулан “А ” ХК-аас гаргасан  “2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

“Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц  нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/01 дугаартай шийтгэлийн хуудсаар “А ” ХК-ийг 40 сая төгрөгөөр торгож шийдвэрлэжээ[1].

Эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч “А ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17/20 дугаар тогтоолоор “1000 долларын нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, нэрлэсэн хүү 9-10 хувь, купон төлбөрийг 3 сар тутам, үндсэн төлбөрийг хугацааны эцэст буцаан төлөх нөхцөл бүхий 1000 ширхэг, нийт 1,000,000 долларын өрийн бичгийг хаалттай хүрээнд гаргахаар шийдвэрлэж[2], улмаар “А******* ҮЦК” ХХК-аар зуучлуулан нэр бүхий 17 хүнд худалдсан, төлбөрийг “Хас” банкинд дахь тус компанийн 5000232474 тоот дансаар авсан, түүнчлэн бондын талаарх танилцуулга, сурталчилгаа гаргасан болох нь  тогтоогдсон байна[3].

Гомдол гаргагчаас ам.долларын бонд гаргасан тухайдаа маргахгүй, харин “Санхүүгийн зохицуулах хороо нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих эрх хэмжээгүй, Монголбанкны клирингийн нэгдсэн системд холбогдоогүй тул валютын гүйлгээ бүрийг хянах эрх зүйн чадамжгүй атлаа зөвхөн валютын гүйлгээ хийж буй хүн, хуулийн этгээд тус бүрт бус зөвхөн манай байгууллагад шийтгэл ногдуулсан тул ялгаварлан гадуурхсан. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад хамаарахгүй атал хаалттай хувьцаат компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн төдийгүй, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль хэрэгжих нөхцөл нь бүрдээгүйг, мөн манай байгууллагаас гаргасан бонд нь бараа, ажил, үйлчилгээний алинд ч хамаарахгүй, зээл авсан шинжтэй байгааг харгалзан үзээгүй нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагчаас “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч нь хяналт шалгалтын явцад зөрчлийг илрүүлсэн бол шалгаж шийдвэрлэх үүрэгтэй ба Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу хуулийн этгээдээс гүйцэтгэсэн төлбөр тооцоонд хяналт тавих эрх хэмжээтэй, түүнчлэн гомдол гаргагч байгууллагыг ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй тул шийтгэл ногдуулсан нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан гомдлын шаардлагыг эс зөвшөөрсөн.

“А ” ХК нь “Хөрөнгө оруулалт, бизнесийн зөвлөгөө” чиглэлээр үйл ажиллагааг хувьцаат компанийн хэлбэрээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд байх ба Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон аливаа тусгай зөвшөөрлийг эзэмшдэггүйгээс үзвэл Санхүүгийн зохицуулах хороо нь гомдол гаргагч хуулийн этгээдийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахтай холбоотой үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд хяналт тавих эрх хэмжээгүй, энэ талаарх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлтэй.

Гэвч хууль тогтоогчоос Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зорилтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулах гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллага гэсэн 5 дугаар зүйлийн 5.1-д “..., банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч хяналт тавина” гэж хуульчилснаас үзвэл банкнаас бусад этгээдээс төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих, шийтгэл ногдуулах нь Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчийн хуулиар олгогдсон чиг үүрэгт хамаарах бие даасан захиргааны үйл ажиллагаа, шийдвэр байх тул гомдол гаргагчийн дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан Бараа, ажил, үйлчилгээний үнийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглосон зохицуулалт нь  Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргээс бусад бүхий л хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хамаарахаар байх тул хүн, хуулийн этгээд нь өөрийн бараа, ажил үйлчилгээний үнийг гадаад валют, тооцооны нэгжээр тогтоох бол Монгол банкнаас зөвшөөрөл авах шаардлагатай гэж үзэхээр байхад гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...ам.доллараар илэрхийлэгдэх бонд гаргахдаа Монгол банкнаас зөвшөөрөл авахаар хандаагүй, ...авах шаардлагагүй, ...түүхэндээ ганцхан төрийн байгууллагад зөвшөөрөл өгсөн байгаагаас үзвэл манай байгууллага зөвшөөрөл авах хүсэлт гаргаад ч нэмэргүй” гэх мэтээр тайлбарлан маргаж байгаа нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх тайлбараар гомдол гаргагч хуулийн этгээд валютын бонд гаргахдаа зөвшөөрөл авахаар Монгол банкинд хандаагүй, хүсэлт гаргаж байгаагүй атлаа “хүсэлт гаргаад ч зөвшөөрөл өгөхгүй байсан” гэж хийсвэрлэн дүгнэж маргаж байгаа нь хуулиар нэгэнт зөрчилд тооцсон үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Гомдол гаргагчаас “манай байгууллага нь валютаар зээл авсан тул Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар хориглосон үйлдэлд хамаарахгүй” гэж тайлбарлан маргаж байх боловч тус байгууллагаас бондын нэрлэсэн үнэ нь ам.доллараар, купон нь 10 хувь байхаар тогтоосон, энэ талаараа танилцуулга бэлдэх хааллтай хүрээнд худалдахаар зарласан, төлбөрийн валютаар хүлээж авсан зэрэг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “үйлчилгээ” гэдгийг бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагаа гэж тодорхойлсон болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар хориглосон үйлчилгээний үнийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглох зохицуулалтад нийцэхгүй байна.

Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль хэрэгжих бодит нөхцөл бүрдээгүй, Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол банкны клирингийн системд холбогдоогүй тул бүх хүн, хуулийн этгээдийн валютын гүйлгээнд хяналт тавих бодит боломжгүй атлаа зөвхөн манай байгууллагад онцгойлон шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргаж байх боловч энэ нь хуулийн этгээдэд эрх бүхий этгээдээс “хуулийн хэрэгжилтийг хангахыг шаардах эрх” үүсгэхээс бус нэгэнт хүчин төгөлдөр болсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс татгалзах, улмаар шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээс хойш тус хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т заасан “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан” зөрчилд 1 хуулийн этгээдэд 4 сая төгрөгийн торгууль ногдуулсан, нэг хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг үүсгэсэн боловч хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн “А ” ХК-аас бонд худалдаж авсан нэр бүхий 17 хүнд шийтгэл ногдуулаагүй[4] байх боловч энэ нь гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан хариуцагчаас ялгавартай хандсан гэж үзэхээргүй байна.

Учир нь хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ж.Ц ас ““А*******” ХХК-д 4 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 1901000001 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй” гэж тайлбарлаж байх тул хариуцагчаас ялгавартай хандсан гэж үзэхгүй.

Харин тэрээр “Э*******” ХК-ийн зөрчилд нээсэн хэргийг хуульд заасан хугацаанд шалгаж амжаагүй” гэж тайлбарлаж байх ба “А*******” ХК-ийн бондыг худалдан авсан нэр бүхий 17 хүнд хуульд заасан шийтгэл ногдуулаагүй болохоо үгүйсгэхгүй байх тул энэ нь эрх бүхий албан тушаалтнаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйд төрийн албан хаагчийг буруутгах үндэслэл болохоос бус гомдол гаргагчийн зөрчлийг үгүйсгэх, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Дээрхээс нэгтгэн үзвэл, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц  нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/01 дугаартай шийтгэлийн хуудсаар ”А ” ХК-ийн “валютаар бонд гаргасан, долларын бонд сурталчилсан” зөрчилд шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2-т заасан “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хянан шалгагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 25.1.7-д заасан “хууль тогтоомжийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах” эрх хэмжээнд тус тус нийцсэн шийдвэр болжээ гэж шүүх дүгнэлээ.

Иймд “А ” ХК-ийн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц*******ын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.7-д заасныг тус тус баримтлан “А ” ХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц д холбогдуулан гаргасан “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ


[1] Хавтаст хэргийн 89 дэх талд

[2] Хавтаст хэргийн 52 дахь талд

[3] Хавтаст хэргийн 42-77 дахь талд

[4] Хавтаст хэргийн 153 дахь талд