| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 114/2016/0051/З |
| Дугаар | 221/МА2016/0396 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2016/0396
Иргэн Ч.Чын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ч.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.М нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ч.Чын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын Ч.Чад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Ч.Чыг аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Үндэсний Аудитын газрын харьяа Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 315 дугаар аймгийн албан бичигт нэр дэвшигч Ч.Ч нь аймгийн Аудитын газарт шүүхээр тогтоогдсон 27,949.9 мянган төгрөгийн төлбөрийн өртэй болох нь тогтоогдсон гээд 13 хуудас хавсралт бүхий баримтыг үндэслэн нэр дэвшигчийн бүртгэлээс хассан.
Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.2.5-д заасныг зөрчсөн тул аймгийн Сонгуулийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтыг баримтлан нэр дэвшигчийн бүртгэлээс хассан болно гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.2.5, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Чын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын Ч.Чад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: 1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:
Шүүх хариуцагчаас гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хэрхэн дүгнэсэн болох нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагчаас гаргасан иргэн Д.Баярсайханы мэдээлэл, түүнд хавсаргасан 11 хуудас баримтыг үнэлсэнгүй. Өөрөөр хэлбэл, нотлох баримтуудыг харьцуулан үзэж дүгнээгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05/97 дугаар актаар тухайлан нэр зааж, 18.058 төгрөг, мөн өдрийн 08/100 дугаар актаар 891.100 төгрөгийг, 09/101 дүгээр актаар 590.700 төгрөг, 10/102 дугаар актаар 4.000.000 төгрөгийг нь ямар нэгэн төрийн байгууллагад бус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай Ч.Чад хариуцуулж, нэрээрээ тогтоогдсон байдлыг харгалзан үзсэнгүй.
Нэхэмжлэгч өөрөө энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт хангалттай авагдсан байгаа. Тэрээр төрийн ажил хийж /чиг үүргээ хэрэгжүүлж байхад/ тогтоогдсон өр төлбөр гэж маргадаг боловч дээр төлбөрүүд хэн нэг этгээдээс буцаан суутган авч, төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлээгүй. Харин Ч.Чаас өөрөөс нь гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа болохыг шүүх үнэлсэнгүй. Сонгуулийн тухай хуульд заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөр гэдэгт аудитын актаар тогтоогдсон өр төлбөр орох нь бүгдэд ойлгомжтой.
Шүүхийн энэхүү шийдвэр хуулийн тодорхой заалтыг үгүйсгэж, буруу жишиг тогтоохуйц шийдвэр боллоо гэж үзэж эс зөвшөөрч байна.
2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:
Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй.
Мөн дан ганц нэхэмжлэгч талын баримтыг шүүхийн шийдвэрт тоочин бичээд хариуцагч талын гаргасан өгсөн баримтыг бичсэнгүй, хэрвээ үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа бол тэр тухайгаа шийдвэртээ тусгах ёстой байсан.
Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Ч.Ч Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д заасан шаардлагыг хангасан, ялангуяа 154.3.1, 154.3.2-т заасан өр төлбөргүй болохоо нотолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон татварын байгууллагын тодорхойлолтыг болон 157.2.5-д заасан мэдүүлгийг гаргаж, аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн,
Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 /Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна/-д заасан эрхийн хүрээнд Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас нэр дэвшигчийн талаарх лавлагааг авсны үндсэн дээр Ч.Чыг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн, нэр дэвшигчээр бүртгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Үүний дараа Дархан-Уул аймгийн Аудитын газраас Ч.Ч нь үндэсний аудитын газрын харьяа Дархан-Уул аймгийн аудитын газарт шүүхээр тогтоогдсон 27,949.9 мянган төгрөгийн төлбөрийн өртэй болох-ыг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 315 дугаар албан бичгээр мэдэгдсэнийг аймгийн Сонгуулийн хороо нягтлан шалгалгүй шууд нэр дэвшигч Ч.Чыг бусдад шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өртэй гэж үзэн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор нэрийн жагсаалтаас хассан үндэслэлгүй байна.
Учир нь, тухайн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэх өр төлбөр нь нэр дэвшигч иргэн Ч.Чад холбоотой бус түүний төрийн албан хаагчаар ажиллаж байх үед буюу Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан төлүүлэхээр тогтоосон акт байна.
Энэ нь иргэн Ч.Чыг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих өртэй гэж үзэх үндэслэл болохгүй.
Дээрх байдлаар нэр дэвшигч Ч.Чыг шүүхийн шийдвэрээр бусад этгээдэд төлөх өр төлбөргүй гэж үзсэн тохиолдолд аймгийн Аудитын газраас Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн иргэн Д.Баярсайханы мэдээлэл, түүнд хавсаргасан 11 хуудас баримтуудад шүүх тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй, үүнтэй уялдуулан анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 /Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ/-д зааснаар Сонгуулийн хороо нь олонхийн саналаар аливаа асуудлыг шийдвэрлэдэг байтал хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тэмдэглэлд нэр дэвшигч Ч.Чыг нэрийн жагсаалтаас хасах саналыг 6 гишүүн дэмжиж, 2 гишүүн татгалзан гэх боловч тэмдэглэлд 3 гишүүн гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх, улмаар энэ нь аймгийн Сонгуулийн хорооны маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэг үндэслэл болно.
Эдгээрээс дүгнэн үзвэл нэр дэвшигч Ч.Чыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Чыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны маргаан бүхий акт болох 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын холбогдох хэсэг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БАТБААТАР