Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 50

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

Нарийн бичгийн дарга:

     Улсын яллагч: Б.Мөнхдөл

Шүүгдэгч О.Өлзиймөрөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Өлзиймөрөнд холбогдох 201608000103 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Зуут овогт Оргодолын Өлзиймөрөн, /ЗЮ72082017/, 1972 оны 08 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3-р баг Мушгай гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,

         

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн эгнээний зүүн үзүүрт байрлах Андууд худалдааны төвийн зүүн хажууд байрлах зохицуулдаггүй уулзвар дээр 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр яллагдагч О.Өлзиймөрөн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн Ниссан маркийн 50-75 ГСА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9-т заасан “ ... Гол ба туслах замын уулзварт  туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн 2.7 а-д заасан “...Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.5 а-д заасан “...Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асааж,... тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2-5 в-д заасан “... зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас А.Эрдэнэхүүгийн жолоодож явсан О.Тодбилгүүний эзэмшлийн Марк-2 маркийн 62-46 ГСА улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Өлзиймөрөн нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн эгнээний зүүн үзүүр, Андууд худалдааны төвийн зүүн хажууд байрлах зохицуулдаггүй уулзвар дээр 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр яллагдагч О.Өлзиймөрөн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн Ниссан маркийн 50-75 ГСА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9-т заасан “ ... Гол ба туслах замын уулзварт  туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн 2.7 а-д заасан “...Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.5 а-д заасан “...Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асааж,... тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2-5 в-д заасан “... зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас А.Эрдэнэхүүгийн жолоодож явсан О.Тодбилгүүний эзэмшлийн Марк-2 маркийн 62-46 ГСА улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч О.Өлзиймөрөн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Ханангийн 7 тоотод өөрийн найз Дашдоржтой нэг шил 0,5 литрийн Ерөөл архи хувааж уугаад тэднийхээс Дашдоржтой хамт алхаад Сансарын 3 тоотод очсон. 21 цагийн үед би өөрийн эзэмшлийн Ниссан маркийн 50-75 ГСА улсын дугаартай машинаа унаад Эко-Сүмбэр хотхон орж найзыгаа суудалд суулгаж өгөхөөр явсан. Тэгээд Ханангийн эгнээний Андууд дэлгүүрийн зүүн уулзвар дээр хойноосоо баруун гар талруугаа / шороон замаас засмал замруу/ эргэхээр цагаан өнгийн Марк 2 маркийн жижиг тэрэг зүүн гар талруугаа буюу засмалаас шороон замруу гарахаад дохиогоо өгөөд эргэх гэж байгаад зогсчихсон. Би тэр машиныг түрүүлээд гараад явчих байх гэж тооцоолоод дохиогоо өгөөд хөдөлтөл тэр машины хажуунаас мөргөчихсөн. Тэгээд би шууд ухраад буцаад Өгөөмөрийн эгнээрүү давхичихсан. Айж сандарсандаа зугтаасан. Тэгээд зугтаж яваад төвийн Петровисын колонк дээр цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг

2. Хохирогч 1990 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 6-6 тоотод оршин суух, О.Тодбилгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед манай хүргэн А.Эрдэнэхүү эхнэр төрөх гээд байна гээд миний эзэмшлийн 62-46 ГСА улсын дугаартай Марк-2 маркийн машиныг гуйж унаад явсан. Тэр оройдоо Ханангийн эгнээий зүүн үзүүрт байрлах Андууд дэлгүүрийн хажуу дахь уулзвар дээр 50-75 ГСА улсын дугаартай Ниссан маркийн машинтай хүн ирж мөргөчихөөд зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд машинаа үзэхэд буруу талын 2 хаалгыг ташраар нь мөргөж, цааш нь хонхойлгосон байсан. Би машиныхаа эвдэрсэн хаалгануудыг янзлуулах, нааш цааш явсан зардал нийт 300.000 төгрөг болсон... Миний хохирлыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 218.000 төгрөгөөр барагдуулсан. Одоо надад ямар нэг гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17, 68-р хуудас/

3. Гэрч 1972 онд төрсөн, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3-р баг, Хашаат гэх газар оршин суух Д.Дашдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  2016 оны 06 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед найз Өлзиймөрөнгийн хамт Ханангийн 7 тоотод гэртээ нэг шил 0,5 литрийн Ерөөл архийг 2-уулаа хувааж уучихаад бид 2 Сансарын 3 тоотод Өлзиймөрөнгийн гэрт очсон. Бид 2 түүний Ниссан маркийн 50-75 ГСА улсын дугаартай машиныг унаад гарсан. Өлзиймөрөн машинаа жолодож , би хажууд нь суугаад явсан. Бид 2 Сансарын 3 тоотоос хөдлөөд Ханангийн эгнээний зүүн үзүүрийн Андууд дэлгүүрийн зүүн талын шороон замаас засмал замруу ордог уулзвараар орох гээд засмалаас шороон замруу эргэхээр зүүн гар талдаа дохиогоо өгөөд явж байсан цагаан өнгийн машиныг мөргөчихсөн. Мөргөнгүүт Өлзиймөрөн шууд ухраад хойд зүгрүү зугтаасан, би хажууд нь сууж явсан. Би Өлзиймөрөнд зогсоо зугтаж яах юм бэ гэхэд айж сандарсандаа тэр чигтээ давхиад явчихсан. Давхиж байгаад аймгийн төвийн Петровис колонкийн тэндээс эргээд ирсэн замаараа буцаж явж байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/

4. Гэрч 1982 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 97-4 тоотод оршин суух, У.Идэрболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  2016 оны 06 дугаар сарын 09-ний орой найз А.Эрдэнэхүүгийн хамт эмнэлэг орж эхнэрт нь хоол аваачиж өгсөн. Бид 2 Эрдэнэхүүгийн хадмын Марк- маркийн 62-46 ГСА улсын дэгаартай машинтай явж байсан. Бид 2-г эмнэлэг дээр байж байхад Эрдэнэхүүгийн хадам ээж машин авчирч өг гээд дуудахаар нь Мөнхийн 25 тоотруу явсан. Тэгээд бид 2 Ханангийн эгнээний Андууд дэлгүүрийн зүүн уулзвар дээр засмал замаас шороон замруу гарахаар зүүн гар талдаа дохиогоо өгөөд эргэхэд шороон замаас засмал замруу орж ирж байсан 50-75 ГСА улсын дугаартай машин мөргөсөн. Тэгээд тэр машин шууд ухраад хойд зүгрүү зугатаагаад явсан...гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

5. Гэрч 1972 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 32-2 тоотод оршин суух Б.Ганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Миний нэр дээр 50-75 ГСА улсын дугаартай Ниссан маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Би энэ машиныг 2011 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотоос худалдаж аваад 2013 оны 02-р сард найз Өлзиймөрөнд зарсан. Өлзиймөрөн надаас худалдаж аваад одоо болтол өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа юм гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

6. Гэрч 1982 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Мөнхийн 25 тоотод оршин суух А.Эрдэнэхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  2016 оны 06 дугаар сарын 09-ний орой эмнэлэгт хэвтэж байгаа эхнэрээ эргэчихээд 21 цагийн үед гэртээ харихаар Мөнхийн 25 тоотруу Ханангийн эгнээний засмал замаар зүүн чиглэлд явж байгаад Андууд худалдааны төвийн зүүн уулзвараар зүүн гар талдаа дохиогоо өгөөд эргэх гэтэл шороон замаас засмал замруу орох гэж байсан 50-75 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний унаж явсан машиныг зүүн талаас уулзвар дээр ирж мөргөсөн. Мөргөсний дараагаар тэр жолооч ухраад хойд зүгрүү эргээд зугатаасан. Жолооч нь бууж ирээгүй, цонхоо ч нээгээгүй. Тэгэхээр нь би тэр машины араас хөөсөн боловч олоогүй. Тэр машин урт дэнжийн гудмаар ороод алга болсон.  Тэгээд би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлсэн гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

7. Гэрч 1975 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансарын 3  тоотод оршин суух Ж.Өлзийжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Өлзиймөрөнтэй 1997 онд танилцаж гэр бүл болсон. Бид 3 хүүхэдтэй. Манай нөхөр бага залуугаасаа мал малласан архи дарсыг тохируулж хэрэглэдэг, байнга уугаад байдаггүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

8. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 196, 197, 202, 203  дугаартай дүгнэлтүүдэд Н.Дашдорж, Д.Өлзиймөрөн, А.Эрдэнэхүү, У.Идэрболд нарын  биед гэмтэл тогтоогдоогүй талаарх дүгнэлт,

9. Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтэнд:

                    -Жолооч О.Өлзиймөрөн нь ЗХД-ийн 12.9-р заалтыг зөрчсөн байна. ЗХД-ийн 12.9-р зүйлд заасан “ Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”.

                    -2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

                        а/. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

                    - Хэргийн материалаас үзэхэд жолооч А.Эрдэнэхүү нь зам тээврийн осолд нөлөөлөх ЗХД-ийн зүйл заалтыг зөрчөөгүй байна.

                    - Жолооч О.Өлзиймөрөнгийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан байна гэжээ.

Шинжээчийн дүгнэлт гаргасан  Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад С.Мягмар /х.х-ийн 40-41 хуудас/

10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-4 хуудас/

11.  "Ашид билгүүн" ХХК-ний автомашины хохирол үнэлсэн тайлан /х.х-ийн 43-44 хуудас/

12. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 46-50 хуудас/

13. Бичиг баримт хүлээлгэн өгсөн, хураан авсан  тэмдэглэл /х.х-ийн 51-56 хуудас/

14. Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 13-14 хуудас/

15. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 57-58 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч О.Өлзиймөрөнг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч О.Тодбилгүүн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.Өлзиймөрөнг бусдад төлөх төлбөргүйг, мөн цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хурагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж хадгалах, 781886 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Өлзиймөрөнд буцаан олгохыг  тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч О.Өлзиймөрөнг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж ялыг тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Зуут овогт Оргодолын Өлзиймөрөнг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч О.Өлзиймөрөнг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Өлзиймөрөнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.Өлзиймөрөн нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хурагдаж ирсэн 781886  дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Өлзиймөрөнд буцаан олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн браимтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч О.Өлзиймөрөнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Өлзиймөрөнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш  14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Т.ЭНХМАНДАХ