Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 667

 

 

 

 

 

 

 

 

 

“АУМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/01612 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “АУМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Баярцэнгэлд холбогдох,

8 ширхэг зөөврийн орон сууц гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Наранчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Баасанжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АУМ” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажилчдынхаа ая тухтай байдлыг хангах үүднээс тус суманд дэд бүтцийн хамтаар шийдсэн нийт 24 ширхэг контейнеран байшингаас бүрдсэн ажилчдын байр буюу зөөврийн цогцолбор бариулсан билээ.

Гэтэл хариуцагч Л.Баярцэнгэл нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн ажилчдын хамтаар манай ажилчдын цогцолборт хүч түрэмгийлэн дайрч орж ирэн 8 ширхэг контейнеран байшинг бидний зөвшөөрөлгүйгээр авч явсан юм. Энэхүү хууль бус үйлдэлд нь хуульд заасан хариуцлага хүлээлгэж, өөрийн өмч хөрөнгөө буцаан авахаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст эрүүгийн журмаар гомдол гаргасан бөгөөд Л.Баярцэнгэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-т заасан дураар аашлах гэсэн зүйл ангиар 201516010003 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын 16-р шүүхэд хянан шийдвэрлэгдсэн ба тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор “Л.Баярцэнгэлийг дураар аашлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, манай компанийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн бөгөөд Өмнөговь, Дундговь, Төв аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 91 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 356 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болоод байна.

Иймд Л.Баярцэнгэлээс дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэний улмаас манай “АУМ” ХХК-ийн ажилчдын зөөврийн цогцолбороос хууль бусаар авч явсан 8 ширхэг зөөврийн орон сууцыг буцаан гаргуулж өгнө үү. 24 ширхэг контейнер нь үл хөдлөх эд хөрөнгө биш хөдлөх эд хөрөнгө. Уг контейнер манай өмчлөлийнх гэдэг нь хэргийн материалд авагдсан баримтаар нотлогдож байна. “АУМ” ХХК-ийн хөдлөх эд хөрөнгийг Л.Баярцэнгэл нь дураараа аашлан хууль бусаар авч гэдгийг шүүх тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгөд хохирол учруулсан байх юм бол тухайн эд хөрөнгийг буцааж өгнө эсвэл буцааж өгөх боломжгүй бол мөнгийг төлнө гэсэн байдаг. Л.Баярцэнгэл нь уг 8 ширхэг контейнерийг авч явсан гэдгээ бол хүлээн зөвшөөрдөг тул уг 8 ширхэг контейнерийг Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар буцаан авах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Эрүүгийн хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна гэх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байдаг. Гэтэл “АУМ” ХХК нь өөртөө ямар хохирол учирсан юм бэ гэдгээ нотлож чадаагүй. Бүгд найрамдах Чех улсын “Альфакон” компанитай хариуцагч Л.Баярцэнгэлийн өөрийнх нь эзэмшлийн “Сонгодог хаус” ХХК нь компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу 24 ширхэг контейнер сууцыг барьж байгуулж “Альфакон” ХХК-д хүлээлгэж өгөх ёстой байсан. Талууд гэрээний дагуу  Бүгд найрамдах Чех улсын компанид Л.Баярцэнгэлийн “Сонгодог хаус” ХХК нь 24 ширхэг контейнерийн ажилчдын сууцыг 365 337 368 төгрөгөөр барьж нийлүүлнэ. Санхүүжилт нь гэрээнд гарын үсэг зурснаар 50 хувийг ажил гүйцэтгэлийн явцад 25 хувийг, гэрээний дагуу ажлаа хүлээж авсны дараа үлдэгдэл 25 хувийг төлөхөөр тохиролцсоноор “Альфакон” ХХК нь санхүүжилтын “Сонгодог хаус” ХХК-д шилжүүлэх байсан. Гэтэл гэрээний дагуу 75 хувийн ажил хийгдсэн. Уг ажлаа хүлээлгэж өгөхдөө танайх “АУМ” ХХК-д хүлээлгэж өгөөрэй гэхэд нь “АУМ” ХХК нь хүлээлгэж өгснийхөө дараа танайх үлдэгдэл 25 хувийн хөлсөө төлнө үү гэхэд төлөөгүй. Энэ асуудал нь арбитраар шалгагдаж байгаа. “АУМ” нь уг 24 контейнерийг үндсэн хөрөнгөндөө бүртгэсэн гэсэн гэдэг нь Сангийн яамны сайтаас харахад “АУМ” ХХК-ийн бүртгэлд уг 24 ширхэг контейнер нь бүртгэлтэй гэж гарч ирсэн байдаг. Ингэж бүртгэгдсэн учраас “АУМ” ХХК-ийн хөрөнгийг танайх дураараа авч явсан байна гээд Эрүүгийн журмаар Л.Баярцэнгэлийг гэм буруутайд тооцсон байдаг.

Үүний дагуу “АУМ” ХХК нь гэмт хэргийн хохирол гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. “АУМ” ХХК нь дээрх 24 ширхэг сууцыг өөрийн өмч хөрөнгө мөн гэдгийг нотолсон баримт хэргийн материалд байхгүй. Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд өөрийн өмч хөрөнгийг шударгаар олж авах ёстой байдаг. Гэтэл “АУМ” ХХК нь уг эд хөрөнгийг шударгаар олж авсан зүйл байхгүй байна. 24 ширхэг контейнерийн өмчлөгч нь “АУМ” ХХК биш, харин Бүгд найрамдах Чех улсын “Альфакон” ХХК байх ёстой. Гэтэл энэ хэрэг дээр Бүгд найрамдах Чех улсын “Альфакон” ХХК нь нэхэмжлэл гаргаж орж ирээгүй байхад “АУМ” ХХК нь нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд “АУМ” ХХК нь гэм хорыг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Миний бие сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүгч сөрөг нэхэмжлэлийг маань хүлээж авахаас татгалзсан. Уг сөрөг нэхэмжлэлдээ “АУМ” ХХК, Л.Баярцэнгэл нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй. Энэ нөхцлийг тогтоож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг хэргийн энэ хэрэгтэй хамтруулан тогтоох боломжгүй гэх шүүгчийн захирамж гарсан байдаг. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар “АУМ” ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөө бусдаас нэхэмжилж байгаа асуудал яригдана. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг шүүх хуралдаанаар тогтоож нэхэмжлэгч “АУМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Л.Баярцэнгэлээс 8 ширхэг зөөврийн орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч “АУМ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь “АУМ” ХХК-ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 8 ширхэг зөөврийн сууцыг нэхэмжлэгчийн өмч гэж үзэж, уг өмчинд нь хариуцагч Л.Баярцэнгэлийг гэм хор учруулсан гэж үзэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг. 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус буруу хэрэглэсэн гэж үзэх дараах хууль зүйн үндэслэлтэй юм. Хэрэгт авагдсан баримтаар 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр БНЧУ-ын “Альфакон” ХХК болон “Сонгодог хаус” ХХК-ийн хооронд байгуулагдсан "Зөөврийн барилга барьж, нийлүүлэх" тухай №Со 111025 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэл /хийсэн ажлын хөлс төлөгдөөгүй/ хангагдаагүйгээс хариуцагч болох “Сонгодог хаус” ХХК-ийн захирал Л.Баярцэнгэл нь өөрийн хүч хөрөнгөөр барьж “АУМ” ХХК-д хүлээлгэн өгсөн зөөврийн 24 ширхэг сууцнаасаа үлдэгдэл төлбөр болох 68 сая гаруй төгрөгт ноогдох хэсэг маргааны зүйл болсон 8 ширхэг зөөврийн сууцыг буцаан авсан нь нотлогддог. Үүнээс үзвэл энэхүү маргааны зүйл болсон 8 ширхэг зөөврийн сууц нь “АУМ” ХХК-ний өмч биш бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг гэрээний дагуу БНЧУ-ын АльфаКон ХХК нь төлсөн тохиолдолд хуульд заасны дагуу өмчлөгч болох боломжтой, харин үнийг төлөөгүй байгаа энэ цаг үед өмчлөгч нь “Сонгодог хаус” ХХК буюу Л.Баярцэнгэл хэвээрээ байх учиртай. Эдгээр байдалд нь хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгч “АУМ” ХХК нь хоёр өөр хуулийн этгээдийн хооронд хийгдсэн гэрээний дундаас "Үндэслэлгүй хөрөнгөжсөн" гэж үзэх үндэслэлтэй байна гэж хариуцагчид хууль зүйн туслалцаа үзүүлж байгаагийн хувьд миний бие нь өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Сөрөг нэхэмжлэл" гаргасан боловч шүүгч сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахаас хуульд байхгүй шалтгаан зааж татгалзсан ба уг захирамжиндаа зохигч гомдол гаргах эрхгүй хэмээгээд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болно. Сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах хууль зүйн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах бөгөөд мөн хуулийн 73 дугаар зүйлд зааснаар хүлээж авахаас татгалзах ямар ч үндэслэлгүй билээ. Хариуцагчийн төлөөлөгч миний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд “АУМ” ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх асуудлыг шийдвэрлэх байсан бөгөөд эл байдал нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгчид чухам ямар байдлаар гэм хор учирсан нь тодорхой болж шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 184/ШШ2016/01612 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “АУМ” ХХК нь хариуцагч Л.Баярцэнгэлд холбогдуулан 8 ширхэг зөөврийн орон сууц гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “уг 8 ширхэг зөөврийн орон сууц нь нэхэмжлэгчийн өмч биш” гэж маргажээ.

 

Маргааны зүйл болох 8 ширхэг зөөврийн орон сууц нь “АУМ” ХХК-ийн үндсэн хөрөнгө, өмч болох нь нэхэмжлэгчийн тайлбар, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл /хх 13-17/-ээр тогтоогдож байна.

 

Зохигчийн маргаж буй 8 ширхэг зөөврийн орон сууцыг хариуцагч Л.Баярцэнгэл нь нэхэмжлэгч “АУМ” ХХК-иас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсанаас Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан дураар аашлах гэмт хэрэгт шийтгүүлсэн болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын 16 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дүгээр шүүхийн шийтгэх тогтоол, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 91 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 356 дугаар тогтоол, зохигчдын тайлбар зэргээр нотлогджээ. /хх 6-12/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин нотлох шаардлагагүй тул хариуцагч Л.Баярцэнгэлийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч “АУМ” ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Л.Баярцэнгэл нь “8 ширхэг зөөврийн орон сууцыг “АУМ” ХХК нь өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэсэн нь хууль бус, үндсэн хөрөнгөд бүртгэснээр өмчлөх эрх үүсэхгүй, үнийг төлснөөр өмчлөх эрх үүснэ” гэх өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй болно.

Шүүх хариуцагч Л.Баярцэнгэлээс 8 ширхэг зөөврийн орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч “АУМ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иргэдийн төлөөлөгч А.Дарханбаатарт 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн байна. Иргэдийн төлөөлөгч А.Дарханбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль үндэслэлгүй” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарахгүй байна.

Хариуцагч Л.Баярцэнгэл нь нэхэмжлэгч “АУМ” ХХК-иас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 354 дүгээр зүйлийн 354.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Сонгодог Хаус” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардах, үүргийн гүйцэтгэлд эд хөрөнгийг барьцаалах эрхгүй бөгөөд зохих этгээдэд холбогдуулан гэрээний үүргийн талаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/01612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Баярцэнгэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН