| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2021/0061/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/191 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/191
2021 6 14 2021/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Г холбогдох 2134000000046 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эх, эхнэр, хүүхдийн хамт Т аймгийн А сумын .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн М овогтой Г /РД:НЬ/ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Аргалант сумын Аргалын Уул 1 дүгээр багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч О.Оюун-Эрдэнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Аргалант сумын Аргалын Уул 1 дүгээр багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч О.Оюун-Эрдэнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч О.Оюун-Эрдэнийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би Төв аймгийн Аргалант сумын эрүүл мэндийн төвд ажил дээрээ байж байтал манай нөхөр согтуу орж ирсэн. Манай ажил дээр хамт ажиллаж байсан статистикч Б.Алтайтай 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад дахиж ажлаас гарч дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн архи авч орж ирсэн. Тэгэхээр нь би Б.Алтай болон нөхрийн хамт ажлаас гараад Б.Алтай гэр рүүгээ яваад бид хоёр эмнэлгийн ариун цэврийн өрөө ортол манай нөхөр хоёулаа Б.Алтайгийн гэрт ороод ирье гэсэн. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ гэртээ харьж унт гэж хэлтэл өмнө хүний утас алга болгоод тэрний мөнгийг өгсөн өгөөгүй талаар бид хоёр маргалдаад Б.Алтайгийн гэрт орсон ба бид хоёр маргалдаад хэрэлдээд байж байтал Б.Алтай та хоёр хэрэлдэхээ боль нэг бол гарч хэрэлд гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр миний толгой цохиод тэгтэл Б.Алтай яагаад цохиод байгаа юм бэ гээд манай нөхөр рүү дайрсан. Тэгтэл манай нөхөр Б.Алтайтай барилцаж аваад байх шиг байсан. Тэгээд бид хоёр Б.Алтайгийн гэрт байж байхад сумын цагдаа ирсэн ..” гэх мэдүүлэг /хх-н 6-7 тал/,
Гэрч Б.Алтайгийн өгсөн: “...Би Төв аймгийн Аргалант сумын Эрүүл мэндийн төвд ажилладаг юм. Тухайн өдөр ажил дээрээ байж байгаад 00 цагийн үед гэртээ ороод байж байтал манай хамт ажилладаг ээлжийн сувилагч Оюун-Эрдэнэ нөхөр Ганхүрэлийн хамт манай гэрт орж ирсэн юм. Манай гэрт тухайн өдөр манай эмнэлгийн асрагч Батцэцэг байсан. Ганхүрэл, Оюун-Эрдэнэ хоёр нэг шил архитай орж ирсэн байсныг бид дөрөв хувааж ууж байгаад Оюун-Эрдэнэ нөхөртэйгөө манай гал тогооны өрөөнд ороод мөнгө төгрөг яриад маргалдаж эхэлсэн. Батцэцэг бид хоёр том өрөөнд 2 хүүхдийн хамт байж байтал маргаад болохгүй байхаар нь би битгий гэрт маргалдаад хэрэлдээд бай гэж хэлтэл миний үгийг тоогоогүй улам чанга дуугаар маргалдаад байсан. Би хүүхдээ мөөм хөхүүлээд байж байтал Оюун-Эрдэнийг цохиод авах шиг чимээ гарсан. Батцэцэг бид хоёр Ганхүрэлийг боль яаж байгаа юм бэ гээд хамт ажилладаг хүнээ өмөөрөөд Ганхүрэл рүү ууралсан юм. Тэгсэн Оюун-Эрдэнийг зодоод түлхэж унагаад, үснээс нь үсдээд толгой руу нь цохиод байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл намайг түлхээд ширээ мөргүүлсэн. Ганхүрэл баруун гараараа намайг үснээс зулгаагаад зүүн гартаа Оюун-Эрдэнийг заамдаад дайраад байсан. Тухайн үед Оюун-Эрдэнэ намайг битгий зодоод бай л даа хоёулаа учраа олж болно хөндлөнгийн эмэгтэй хүнийг чи битгий зод гэж зөндөө гуйсан. Тэгсэн сонсож байгаа шинжгүй намайг түлхэж унагааж миний нүүр, цээжийг майжиж гараас базаж хөхрүүлж үснээс зулгаагаад байсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод дайраад байсан.Тухайн үед би Батцэцэг эгчийг эмнэлэг рүү ороод цагдаагийн дугаар олоод ирээч гээд явуулсан байсан. Тэгсэн манай хажуу айлын хүн цагдаагийн байгууллагад дуудлага өгч тусалсан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12 тал/,
Гэрч Э.Баянмөнхийн өгсөн: “...Би Төв аймгийн Аргалант сумын Эрүүл мэндийн төвд ажилладаг юм. Тухайн өдөр ажилчдын удаан жилийн нэмэгдэл тооцож бодож байгаад 19 цагийн үед ажлаа дуусгаад гараад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ амарч байтал тухайн шөнийн 03 цагийн үед цагдаагаас залгаад дуудсан. Би иртэл тухайн өдрийн ээлжийн сувилагч Оюука согтуу цагдаагийн газар байж байсан. Би юу болсон талаар асуухад би ажил дээрээ архи уусан, би ажлаасаа гармаар байна, миний тушаалыг гаргаад өгчих гээд байсан. Тэгээд би цагдаагийн хэсгээс авч гараад би дуудлага авдаг утсаа аваад Оюун-Эрдэнийг гэр рүү нь явуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15 тал/,
Гэрч Д.Батцэцэгийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 18-нд шөнийн 12 цагийн үед ажлаа дуусаад Алтай бид Алтайгийнд орж ирээд хоол идчихээд сууж байтал Ганхүрэл, эхнэр Оюун-Эрдэнэ 2 гаднаас 1 шил архи авчихсан орж ирсэн. Тэгээд би архи уухгүй гээд хойд өрөөнд яваад орчихсон. Тэгж байтал Ганхүрэл Оюун-Эрдэнэ хоёр маргалдаж байсан. Тэгж байтал Алтай та 2 харь, манайхаас гар гэтэл Ганхүрэл тоосон шинжгүй Оюун-Эрдэнэ рүү дайраад байсан. Тэгтэл Алтай чи дандаа яагаад ингэж зодож дарамталж байдаг юм гээд Ганхүрэлийг түлхтэл Ганхүрэл нь Оюун-Эрдэнэ, Алтай нарыг хамтад нь түлхээд унагачихсан. Тэгтэл би нөгөө өрөө рүү яваад ортол Алтай намайг та цаад өрөөндөө ороод 2 хүүхдийн хажууд байж бай гэхээр нь би буцаад орчихсон. Тэгээд байж байтал Алтай та цагдаа дуудчих гэхээр нь би гарч гүйгээд эмнэлэг ороод цагдаагийн дугаар авчхаад замдаа яриад ороод иртэл Оюун-Эрдэнэ Ганхүрэлийн үснээс зулгаачихсан, Ганхүрэл Алтай, Оюун-Эрдэнэ хоёрын үснээс үсдээд доош нь дарчихсан байсан. Тэгээд би салгаад байж байтал цагдаа нар ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 16-17 тал/,
Гэрч Н.Өлзийдуламын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 19-ний 02 цагийн үед манай гэрийн хаалгыг манай өөдөөс харсан айлын эхнэр нь цохисон. Тэгээд та эгчээ утсаа өгч байгаач манай хажуу айлын хүмүүс архидаад зодолдоод байна, хүү бид хоёр айгаад байна, гэрийн хананд байсан эд зүйл унаж ирээд байна, цагдаа дуудах гэсэн юм гэсэн. Тэгээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19 тал/,
Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн №57 дугаартай шинжээчийн “...1. О.Оюун-Эрдэнэ-н биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, духанд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /хх-н 21-22 тал/
Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн №56 дугаартай шинжээчийн “...1. Б.Алтайн биед баруун, зүүн нүдний доод зовхи, цээжинд зулгаралт, баруун зүүн бугалга, баруун шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /хх-н 24-25 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Г, хохирогч О.О нар нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-н 55-56 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Э нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч болон хохирогч нарын хүсэлтийг хүлээн авч 2021 оны 02 сарын 10-ний өдөр 15 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 62 дугаар хуудас/ 2021 оны 02 сарын 10-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч М.Г холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Оюун-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч М.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Г холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овгийн М овогтой Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Г оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ганхүрэлд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН