Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 396

 

2017 оны 06 сарын 30 өдөр                             Дугаар 396 Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00381/И

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг дахь Хас банкны 104 дүгээр салбарын хүсэлттэй,

“хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Будхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь Хас банкны 104 дүгээр салбарын захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тус банкны зээлдэгч Баяраагийн Борхүү /РД:ШЗ72091077/, Дамдины Уранхайч /РД:СА82092203/ нар нь 2015 оны 10 дугаар сарын 01-нй өдөр зээлийн 1040016647 зээлийн гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1040016647 дугаар барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээ байгуулан 26 000 000 төгрөгийг жилийн 9%-ийн хүүтэй 41 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1040016658 дугаар зээлийн гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1040016658 дугаар барьцааны гэрээг байгуулан 7 000 000 төгрөгийг жилийн 28.8%-ийн хүүтэй 18 сарын хугацаатай тус тус зээлж авсан. 

Зээлдэгч Б.Борхүү, Д.Уранхайч нар нь зээлийн төлбөрөө хугацаанд төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй, иргэний үнэмлэхний бүртгэлтэй хаяган дээрээ оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй зээлийн төлбөрөөс санаатайгаар зайлсхийж байх тул зээлдэгч Б.Борхүү, Д.Уранхайч нарыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ. (хх-1)

Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь Хас банкны 104 дүгээр салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Будхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Б.Борхүү нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 26 000 000 төгрөгийн төслийн зээл,2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 7 000 000 төгрөгийн зээлийг тус тус авсан. Энэ зээлийг авахдаа Б.Борхүү нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Тариаланчдын Б-24 тоотод тахианы аж ахуй эрхэлдэг байсан. Борхүү нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээл огт төлөөгүй. Одоо хаана байгаа нь тодорхойгүй, оршин суугаа газар нь тогтоогдохгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 7 000 000 төгрөгийн зээлийн төлөлтөө хийсэн. Б.Борхүү болон түүний эхнэр Уранхайчийн барьж байсан 99859801, 98089801 утасны дугаар руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй байдаг. Манай байгууллагаас бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Тариаланчдын Б-24 тоотод байнга очиж үздэг.  Хамгийн сүүлд сонсоход Б.Борхүү нь гэр бүлийн хамтаар хил дээр очиж ажил хийж байгаа гэж сонссон. 

Иймд Б.Борхүү, Д.Уранхайч нарыг эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

2015 онд Баяраагийн Борхүү, Дамдины Уранхайч нар Хас банктай зээлийн гэрээ байгуулж 33 000 000 төгрөгийн зээл авсан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүхэд гаргаж өгсөн /1-20, 25-26/ бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Баяраа, Д.Уранхайч нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. 

Баяраагийн Борхүү /РД:ШЗ72091077/, Дамдины Уранхайч /РД:СА82092203/ нарын оршин суугаа газар тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-33/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн засаг дарга Г.Бадамцэцэгийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт /хх-32/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулахаар гаргасан Хас банкны  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Борхүү, Д.Уранхайч нарыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгах боломжтой байна гэж шүүх дүгнэлээ. 

     Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий өөр баримт байхгүй гэсэн болно. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                 

 

ТОГТООХ НЬ:  

            

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Их монгол овогт Баяраагийн Борхүү (РД:ШГ72091077), Үзэг овогт Дамдингийн Уранхайч (СА82092203) нарыг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Батхүүг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.      

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Хас банкинд мэдэгдсүгэй.

5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.АРИУНАА