Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

 

 

 

 

 

     

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Р.Очирсүрэн,

шүүгдэгч: Ж.Д /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/,

хохирогч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж.Д-ид  холбогдох эрүүгийн ********* тоот хэргийг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 000дүгээр сарын 00-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Бурхантын 0000дугаар гудамж 00000 тоотод оршин суух хаягтай, урьд

-Завхан аймгийн сум дундын эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үлдсэн 1 жил 5 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

А а овогт Ж-ын Д /РД:000000000/,

                                                   

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Шүүгдэгч Ж.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон авто тээврийн үндэсний төвийн байранд хохирогч Д.Э-ийг “бичиг баримт шалгах гэлээ” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, баруун шанаан тус газар гараараа цохиж эрүүл мэндэд “баруун хацрын дотор салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ж.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон авто тээврийн үндэсний төвийн байранд хохирогч Д.Э-ийг “бичиг баримт шалгах гэлээ” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, баруун шанаан тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун хацрын дотор салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

- хохирогч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би ажил үүргийн хуваарийн дагуу Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороонд байрлах зорчигч тээврийн төвийн авто вокзал дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан.Тэгээд би ажил дээрээ байхад 13 цагийн үед манай ажлын Э надад хандаж билетийн кассны зааланд хууль бус хувиараа тээвэр эрхэлдэг жолооч, хөдөө орон нутаг руу хүн хайгаад байна гэж хэлсэн. Тэгээд би хувиараа тээвэр эрхлэх гэж байсан хүн дээр очоод тэр хүнийг дагуулаад албан өрөөндөө дагуулж ороод бичиг баримтаа шалгуулаарай гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн уурлаад намайг хараагаад миний тавьсан шаардлагыг биелүүлээгүй заамдаж авсан. Тэр үед нь би тэр хүнийг болиулахад тэр хүн өрөөнөөс гараад зугтаагаад явах гэхээр нь барьж авсан чинь тэр хүн эргэж хараад миний баруун талын шанааны хэсэгт нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Драгон авто вокзал дээр ажил үүргийн дагуу хяналт тавьж ажиллаж байсан. 24 цагаар ажиллаж байсан тээвэр зохицуулагч Э билетийн кассаас над дээр ирээд энэ хүн Өвөрхангай юм уу, Баянхонгор аймаг руу хүн тээвэрлэх гэж хүн хайгаад яваад байх шиг байна гэж хэлсэн. Би шүүгдэгч Ж.Д-ийг шалгах гэж өрөө рүүгээ дагуулж оруулсан. Би энэ хүнд бичиг баримтаа шалгуулна уу гэж шаардлага тавьсан боловч маш их уурлаж бухимдаж, хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Ж.Д-ийг өрөөнөөс гарах гэхээр нь гаргахгүй гэхэд баруун гараараа миний нүүр рүү цохиж би газар унасан. Б байцаагч бид хоёрын дундуур орж салгасан. Хэргийг хуулийн дагуу шидэж өгнө үү, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

-гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн Драгон салбар дахь Авто тээврийн үндэсний төвийн хяналтын тасагт авто тээврийн байцаагчийн ажил эрхэлдэг. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээд торгуулийн шийтгэврийн хуудас санд шивээд байж байсан. Тэгтэл гаднаас Э байцаагч гаднаас нэг хүн дагуулаад орж ирсэн. Тухайн үед Э байцаагч өрөөнд дагуулж орж ирсэн хүнд хандаж бичиг баримтаа шалгуул гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн шалгуулахгүй чи хэн юм гээд Э байцаагчийг доромжлоод байсан. Тэгээд Э байцаагчийн дагуулж орж ирсэн хүн буюу Д гэх хүн гарлаа гээд өрөөнөөс гараад явах гэж байхад Э байцаагч тэр Д гэх хүний гарнаас нь татсан тэгтэл тэр хоёр нэг нэгнийгээ барьж авсан. Тэр хоёр заамдалцаад барьцалдаж авахаар нь би голоор нь ороод салгаж байхад Д гэх хүн Э байцаагчийн баруун талын шанаа хэсэгт нэг удаа цохисон чинь Э байцаагч ёо ёо миний шүдрүү цохичлоо гэж хэлсэн. Тухайн үед Э байцаагч руу харсан чинь буйлнаас нь цус гарч байсан  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

-гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагчаар ажилладаг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 24 цагаар ажиллах ёстой байсан юм. Тэгтэл намайг камерын өрөөнд байхад үл таних иргэн ирээд Баянхонгор хэзээ явах вэ гэхээр нь би түүнд хандаж орой 18 цагаас явна гэж хэлсэн. Тухайн үед тэр энгийн иргэн энэ хүлээлгийн танхимд нэг хүн Баянхонгор аймаг руу явна гээд хүн яваад байгаа юм шиг байна гэж хэлсэн ба яг тэр хүн гэж зааж өгөөгүй юм. Тэгээд би авто тээврийн байцаагч Э-т хандаж хүлээлгийн танхимд хууль бус тээврийн жолооч нар хүн аваад байна гэж хэлсэн. Харин авто тээврийн байцаагч Э хүлээлгийн танхим руу ороод хүмүүсийг шалгасан байх би гадагшаа гараад хөдөө орон нутаг руу явах автобусаа шалгаад байж байсан. Сүүлд сонсоход Э байцаагч хүлээлгийн танхимд байсан хүнтэй маргалдаж зодуулсан гэж сонссон ...” гэх мэдүүлэг хх-ийн 31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 00000 дугаартай:

1. “Д.Э-гийн биед баруун хацрын дотор салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч Ж.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарны 30-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо Драгон төв дээр эхнэр Х бид хоёр хүүхдээ Хөвсгөл аймаг руу өөрийнхөө эгчийн хүүхэд рүү явуулах гэж ирсэн. Тухайн үед эхнэр бид хоёр Драгон төвийн авто тээврийн билет бичдэг касс дээр очсон. Тэгтэл кассны хүн жоохон хүүхдийг асран хамгаалагчтай явуулна жоохон хүүхдэд дангаар нь билет бичихгүй асран хамгаалагчтай нь 15 цагийн үед бичүүлчих суудал хангалттай байгаа гэж хэлсэн. Би Драгон дотор хоёр хүнтэй уулзсан тэр хүмүүст хандаж Хөвсгөл явах гэж байгаа юу хүүхэд өгөөд явуулах гэсэн юм гэж хэлсэн бөгөөд би ямар нэгэн хулгайн тээвэр эрхлэх гэсэн санаа зорилго байгаагүй надад ямар нэгэн автобус болон хүн тээврийн автомашин байхгүй. Тэгээд би Драгон төвийн нэг давхарт байж байхад авто тээврийн байцаагч гэх хүн хажуугаар зөрж яваад буцаад ирээд намайг дагуулаад өрөөнд оруулсан. Тэр үед би авто тээврийн байцаагчид хандаж би яасан юм бол гэж хэлэхэд тэр авто тээврийн байцаагч та Баянхонгор аймаг руу хүн авч явах гээд хүмүүс хоргоогоод яваад байна гэж хэлсэн. Тухайн үед би авто тээврийн байцаагчид хандаж би тийм зүйл болоогүй кассан дээр Хөвсгөл аймаг руу хүүхэд явуулах гэсэн чинь асран хамгаалагчтай явуулна гээд явуулж чадсангүй гэдгийг хэлсэн. Тэгтэл авто тээврийн байцаагч надад хандаж битгий худлаа яриад бичиг баримтаа аваад ир гэхээр нь би яасан гэж чамд бичиг баримтаа үзүүлэх юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь авто тээврийн байцаагч бичиг баримтаа гаргаад ир гэж намайг бариад авахаар нь би үзүүлэхгүй гээд цаашаа гараад явах гэсэн чинь миний хувцаснаас татсан. Би эргээд харсан чинь тэр улсын байцаагч миний хөл рүү өшиглөсөн. Тэр үед нь би тэр авто тээврийн байцаагчид хандаж чи өрөөндөө хүн оруулж ирээд зоддог хэн юм бэ гэж хэлээд заамдсан. Тэр авто тээврийн байцаагч бас намайг заамдаад авахаар нь би бас хүчтэй заамдсан. Удалгүй тэнд байсан хүмүүс бид хоёр салгасан...” гэж /хх-ийн 87/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг,

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би дагаад явж байгаад надаар яах гээд байна вэ гэхэд чи Баянхонгор аймаг руу тээвэр хийх гэж хүн хоргоогоод энэ зааланд яваад байна гэж хэлсэн. Тэхээр нь би хүн амьтан хоргоогоогүй ээ, та нар камерын бичлэгээ шалга, кассын хүмүүсээсээ асуу гэж хэлээд гарах гэсэн боловч хохирогч Д.Эг намайг барьж аваад пизда чинь гээд баруун хөлийн өвдөг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь чи өрөөндөө хүн оруулж ирээд зоддог болоо юу гээд барилцаж авсан. Наана нь байсан хүмүүс салгах гэж над руу дайрсан. Та нар яагаад над руу дайраад байгаа юм бэ би цагдаа дуудна гэж хэлээд сууж байсан чинь эхнэр гаднаас орж ирсэн, дараа нь цагдаа орж ирсэн. Цагдааг орж ирэхэд эхнэр хэл ам хийгээд байхаар нь чи яах гэсэн юм бэ зүгээр гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очсон гэснийг дурдах нь зүйтэй.

 Шүүгдэгч хэдийгээр ийнхүү гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хохирогчийн биед хохирол учруулахаар үйлдэл хийгээгүй гэж байх хэдий ч дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж, түүний цохих үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан болох нь нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна гэж үзсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Д нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ж.Д нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Д.Э-гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.Д-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Д-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Ж.Д нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ж.Д-ид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ид  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Д нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч  а овогт Ж-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А а овогт Ж-ын Д-ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар Ж.Д-ид  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА