Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/193

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.М холбогдох 2134000000193 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт эрхэлсэн тодорхой ажилгүй урьд ял шийтгэлгүй, .... дугаарын регистртэй, Б овогт Х.М гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Яллагдагч Х.М нь согтуугаар 2021 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн Энхтайваны 8 дугаар гудамжны 1533 тоот улаан өнгийн хашааны үүдэнд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Т зодож эрүүл мэндэд нь баруун эрхий хурууны 3 дугаар шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

2134000000193 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

 

Хохирогч Б.Т: “Би 2021 оны 5 дугаар сарын 9-ний орой 20 цаг 30 минутын үед байх Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6 дугаар багт би хадам ах Д. Чинбатыг авах гээд Замт дэлгүүрийн арын гудамжинд очсон тэнд очоод хадам ахыгаа айлд хүлээгээд сууж байтал гаднаас нэг танихгүй хүн орж ирээд чи наашаа гараад ир хоёулаа уулзаадхъя гээд намайг айлын гэрээс дагуулаад хашаанаас гараад гудамжинд зогсож байгаад чи энд юу хийж яваа юм гэж асуутал би Чинбаа гэж хэлсэн тэгтэл намайг барьж аваад тоосгоор толгой гар руу цохисон тэгэхээр нь би та яагаад хүн зодоод байгаа юм та болиоч гээд хэлтэл намайг хашаанд тулгаад зодоод байсан тэгтэл тэр ахтай хамт явсан хүн бид хоёрыг салгасан тэгэхээр нь би цагдаа дуудсан тэгтэл цагдаа ирсэн тэр хүн цагдаа хараад миний дүү ахыгаа зодоогүй гээд хэлчхээрэй хоёулаа ингээд салья гээд байсан. Би эмнэлэг ороод гараа зүүлтэл эрхий хуруу хугарсан байна гээд зураг авья гипс тавиулсан. Ямар нэг шалтгаангүй намайг айлд сууж байхад гараад ир хэн гэдэг пизда вэ чи эндэхийн хүн биш байна би эндхийн хүмүүсийг андахгүй сайн танина гээд намайг зодож эхэлсэн. Миний толгой хэсэг рүү тоосгоор зохисон мөн баруун гарын хуруун дээр тоосгоор цохиж хугалж гэмтээсэн. Хамар хэсэгт мөргөж гэмтээсэн одоо толгой өвдөөд байна. намайг зодсон гэх хүнийг би харж байгаагүй танихгүй. Нэрийг нь ч мэдэхгүй нэг намхан шар ах байсан би дахиад харвал танина. Тухайн хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтсон байсан ба хөл дээрээ ч сайн тогтож чадахгүй байсан. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тэр хүмүүстэй нийлж архи уугаагүй. Тэр ахтай хамт явж байсан залуу намайг харсан тэгэхдээ тэр хүн нь цагдаа ирсэн чинь зугтаагаад явчихсан. Би гомдолтой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/,

Гэрч Э.Эрдэнэбатын өгсөн: “Мөнхбаатар бид хоёр найзындаа 0,75 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг уугаад гарч явж байгаад Даваажав /Доожоо/ гэдэг айлд ус уух гээд орсон чинь Түвшиндэлгэр орон дээр гуталтайгаа хэвтлээ гэж хэсэн чинь Түвшиндэлгэр гэх залуу чамд дээрэлхүүлэхгүй шүү гээд босож ирээд Мөнхбаатар, Түвшиндэлгэр хоёр муудалцаад гэрээс гарч яваад хашааны гадна гарахаар нь би дагаж гарсан чинь Мөнхбаатар Түвшиндэлгэрийн гар руу тал тоосгоор цохисон. Мөн гараараа нүүр рүү нь хоёр удаа цохисон. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Намайг цохиогүй, би ч цохиогүй. Тоосгоо зодоон болсон газар хаясан байх. Түвшиндэлгэр, Мөнхбаатарыг цохиж зодоогүй. Мөнхбаатар тэр хүнийг айлд орон дээр нь гуталтайгаа хэвтлээ гэж хэлсэн чинь Түвшиндэлгэр гэх залуу чамд ямар дээрэлхүүлэхгүй шүү гээд босож ирээд маргалдсан. Түүнээс болоод л маргалдаж муудалцсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

Яллагдагчаар Х.Мын өгсөн: “Би Доржийн гэрт орсон чинь орон дээр нь Түвшиндэлгэр гуталтайгаа утсаар яриад хэвтэж байсан. Тэгэхээр нь би айлын орон дээр гуталтайгаа хэвтлээ, болиоч чи гэсэн чинь та хоёроос айна гэж байхгүй шүү гэхээр нь гэрээс дуудаж гаргаад хашааны гадна талд би ганцаараа Түвшиндэлгэрийг зодсон”, би Түвшиндэлгэрийг тал тоосгоор л цохисон. Зодоон болсон газарт л хаясан тэндээ л байгаа байх, бусад учруулсан хохиролд 200.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг/ хх-ийн 21-22 тал/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №181 дугаартай” 1.Б.Т биед баруун эрхий хурууны 3-р шивнүүр ясны хугарал, баруун нүдний дотор булан, доод зовхи, зүүн нүдний дотор булан, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, хамрын нуруу зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Баруун эрхий хурууны 3р шивнүүр ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний дотор булан, доод зовхи, зүүн нүдний дотор булан, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, хамрын нуруу зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн  13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.М нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-ийн 47 тал/,

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч болон хохирогч нарын хүсэлтийг хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 48 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 58-59 тал/ 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Х.Мт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Т хохирлыг шүүгдэгч төлсөн байх ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Х.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Х.Мт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Х.М хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шүүгдэгч Х.М нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН