| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/0331/И |
| Дугаар | 130/ШШ2017/00336 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2017/00336
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн У сумын 02 дугаар багт оршин суух, Ж байхара овогт М Дий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн У сумын 02 дугаар багт оршин суух, Б овогт Хэлтсийн Мд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х , хариуцагч Х.М, түүний өмгөөлөгч Х.З , орчуулагч А.Е , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Өвөлжөөний эзэмшлийн газраас Х.Мы барьсан өвөлжөөг албадан нүүлгэхийг хүсжээ.
Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний өргөдлийг хүлээн авч гаргасан Аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний А/542 тоот захирамж, сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны 1/198 албан тоотын шаардлага биелэгдэхгүй хугацаа сунжирч байна. Улаан хус сумын 2 дугаар багийн нутаг Хургах говь гэдэг газар 2005 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 26 тоот захирамжаар баталсан **********дугаар бүхий газар эзэмших гэрчилгээтэй. Гэтэл сумын Засаг дарга Ж.Силамбол нь багийн нийтийн хурлаар хэлэлцүүлэлгүй хууль бус шийдвэр гаргаж Х.Мд **********тоот гэрчилгээг эзэмшлийн газраас өвөлжөөний зориулалтаар олгосон. Уг шийдвэрийг аймгийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон. Сумын зүгээс хуурч албан тоот гаргаж нүүлгэхгүй 6 сарын нүүр үзсэн тул албадан нүүлгэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална гэж заасан. Гэтэл сумын төлөвлөгөөнд тусгасан зүйл байхгүй. 2. Сумын Засаг дарга багийн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэж шийдвэр гаргах учиртай. Гэтэл Засаг дарга багийн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэлгүйгээр өөрөө дур мэдэн захирамж гаргасан. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг сумын Засаг даргад өргөдөл гаргаагүй гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс сумын Засаг даргад өргөдөл гаргахад улс төржиж өргөдлийг хүлээж аваагүй. Засаг дарга багийн нийтийн хурлын саналыг авалгүйгээр өөрөө шийдвэр гаргасан. Хөх хөтөл багийн бүх гишүүдийн саналыг асуух ёстой. Манай өвөлжөө 50 жил ашиглаж ирсэн, 100 толгой малтай хүний газар гэдгийг хариуцагч сайн мэдэж байгаа. Гэтэл хариуцагч ямар нэгэн асуудал гаргах үүднээс дураараа тухайн газарт нүүж ирсэн. Х.М болон Дий өвөлжөөний газрын хоорондын зай 200-300 метр байгаа. Хариуцагчид зөвхөн 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр заасан. Тэгэхээр тухайн 700 м.кв газрыг л эзэмшээд хөдлөхгүй суух боломж байхгүй. Хариуцагчийн бас 300 толгой малтай. Саяхан миний бэрийг зодсон асуудал хүртэл гарсан. Эдгээр хүмүүсийн энэхүү маргааны улмаас яваандаа хүн амины хэрэг гарах магадлалтай байна. Газрын маргаан бол ерөөсөө дуусдаггүй маргаан. Нэхэмжлэгчийн өвөлжөөний зургийг өөрсдөө гараараа зурж аваад ирсэн. Хариуцагч 700 м.кв газрыг эзэмшинэ гэж байгаа болохоос биш бэлчээрийг ашиглах ямар ч боломжгүй. Учир нь хариуцагч Х.Мы өвөлжөөний тал талаас айлууд буусан байгаа. Тийм учраас бэлчээр бол хүрэлцэхгүй. Сумын засаг дарга багийн нийтийн хурлын шийдвэр болон ард иргэдийн саналыг үндэслэж байж захирамж гаргах ёстой байсан. Тийм учраас өвөлжөөний эзэмшлийн газраас хариуцагч Х.Мы барьсан өвөлжөөг албадан нүүлгэх талаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Х.М шүүхэд гаргасан тайлбартаа: Би залуу гэр бүл бөгөөд тусгай өрх болж, мал аж ахуй эрхэлснээс хойш өөрийн гэсэн өвөлжөөний зориулалттай эзэмшил газар байхгүй учир У сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хургахговь гэх газарт Хургахговийн овоо гэх газарт байсан эрт дээр үед хүмүүс эзэмшиж өвөлжиж байсан өтөг бууц бүхий эзэнгүй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхийг хүсэж Газрын хуулийн дагуу сумын Засаг даргад хүсэлт гаргасан билээ. Сумын Засаг дарга миний хүсэлт, миний хүсэлт болгосон Хургахговийн овоо гэж газар эрт дээр үед өвөлжөөний зориулалтаар ашиглаж ирсэн уламжлал, одоогийн байдлаар хэний ч эзэмшилд байхгүй, эзэнгүй байгаа зэргийг харгалзан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/90-тоот захирамжаар надад эзэмшүүлэх шийдвэр гаргасан билээ. Х.М миний бие энэхүү захирамжийн дагуу тухайн газарт байшин барьж, хашаа татаж байгаа юм. Харин нэхэмжлэгч М.Дий өвөлжөө бол У сумын 2 дугаар багийн нутаг Хургахговь гэх уудам хөндий талын адагт байдаг бөгөөд надад өвөлжөөний зориулалтаар олгосон Хургахговийн овоот гэх газраас 4 км орчим алс байгаа юм. Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар Сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний дагуу захирамж гаргасан, мөн хуулийн 29.1-д зааснаар миний бие газар эзэмших эрхтэй, миний эзэмшил бус газар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцаагүй тул сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/90-тоот захирамж хууль ёсны гэж үзэж байна. Сумын Засаг даргын энэхүү 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/90-тоот захирамжийг Аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/542- тоот захирамжаар хүчингүй болгосныг өмгөөлөгч сонгон авч, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхэд гаргасан М.Дий нэхэмжлэлтэй иргэний хэргээс олж мэдлээ. Аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/542-тоот захирамж, хууль зөрчсөн, хуулийг буруу баримталж шийдвэрлэсэн, Засаг дарга өөрийн эрх хэмжээний бус асуудлаар захирамж гаргасан байх тул харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандах болно гэжээ.
Хариуцагч Х.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Баян-Өлгий аймгийн У сумын 2 дугаар багийн иргэн. Би өнгөрсөн жил У сумын Засаг даргад газар эзэмших талаар хүсэлт гаргаж Засаг даргаас газар эзэмшихээр захирамж гаргуулж авсан. Миний өөрийн эцгийн гэрийн хажууд мал багтахгүй байсан тул сумын Засаг даргын захирамжийн дагуу надад эзэмшүүлсэн тухайн газарт нүүж очсон. Засаг даргын захирамжийн дагуу надад эзэмшүүлсэн газарт байшингаа барьсан. Манай гэрийн хоёр талд хоёр айл буусан. Би цаад талын айлтай маргалдахгүй харин наад талын айлыг нүүлгэж өгөхийг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Би хуулийн дагуу шийдвэрлэж өгсөн газарт суух болно гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Дий шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаандаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өвөлжөөний эзэмшлийн газраас Х.Мы барьсан өвөлжөөг албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Х.Мд Хургах говийн овоо-ноос өвөлжөөний байшин барих зориулалтаар 700 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн У сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг тус тус үндэслэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, эрхийн гэрчилгээ олгосон байна.
Гэвч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар 21-ний өдрийн А/542 тоот захирамжаар У сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 тоот захирамжийг хүчингүй болгожээ.
Хариуцагч Х.М нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/542 тоот захирамжийн 1-р заалтын У сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 тоот захирамжаар Х.Мд газар эзэмшүүлснийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаар шийдвэрээр ... Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/542 дугаар захирамжийн Х.Мд газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд Шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаартай тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ...газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг..., 3.1.4-д ...газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ..., 3.1.9-д "нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ", 5 дугаар зүйлийн 5.2-т "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно", 6 дугаар зүйлийн 6.1-д ...Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана..., 6.2-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана..., 6.2.1-т ...бэлчээр... гэж тус тус зохицуулжээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд газар эзэмших, газар ашиглах ойлголтууд нь өөр өөр бөгөөд харин бэлчээрийг нийтээр ашиглахаар заасан, сумын Засаг дарга нэхэмжлэгч Х.Мд 700 м.кв газрыг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар өвөлжөөний зориулалтаар, 30 жилийн хугацаатай, гэрээний үндсэн дээр *********дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлснээс иргэд хооронд бэлчээр ашиглах асуудлаар маргаан гарсан болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д ...Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгана..., 52.2-д ...Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно... гэж тус тус заасан байна.
Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д ...өвөлжөө, хаваржааны доорх Монгол Улсын иргэн газрыг хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно... гэж зааснаас үзэхэд өвөлжөөний зориулалтаар хэд хэдэн айл газрыг дундаа хамтран эзэмшиж болохоор байна. Харин бэлчээр ашиглах асуудлаар маргаан гарсан тохиолдолд хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулах, эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэх талаар хуулийн нарийвчилсан зохицуулалттай, хуулийн энэ зохицуулалтаар нэхэмжлэгч М.Д, хариуцагч Х.М нарын хооронд гарсан бэлчээр ашиглах талаар гарсан маргааныг нэхэмжлэгч М.Д эхлээд багийн иргэдийн Нийтийн Хуралд хандаж хэлэлцүүлэх, эс тохиролцвол сумын Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх ёстойгоор хуульчилсан байх тул бэлчээртэй холбоотой асуудлаар хуулийн дээрх заалтаар хандаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагчид газар эзэмшүүлсэн тухай У сумын Засаг даргын 2015 оны А/90 дугаартай шийдвэрийн дагуу тухайн газарт өвлийн байшин барьж амьдарч байгаа, уг газар нь хэн нэгний эзэмшлийн газартай давхцаагүй, тэрээр урьд нь газар эзэмшиж байгаагүй, хуульд заасан хэмжээнд газар эзэмшсэн нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн маргаан бүхий газарт хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаар шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Х.Мы өвөлжөөний газар нь нийтийн эдэлбэр бэлчээрийн газар байсан бол түүнд нэгж талбарын *******дугаар бүхий 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар *********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байх байсан ба уг газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байна.
Иймд нэхэмжлэгч М.Дий газар эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Дий өвөлжөөний эзэмшлийн газраас Х.Мы барьсан өвөлжөөг албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Дий өвөлжөөний эзэмшлийн газраас Х.Мы барьсан өвөлжөөг албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ