Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/213

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: У.Анхжаргал,

шүүгдэгч: С.С /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.С-т холбогдох эрүүгийн ****************тоот хэргийг 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 0 дугаар сарын **-ны өдөр *** аймгийн ***** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух хаягтай, урьд

-Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг хойшлуулсан,

-Төв аймгийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,

Б овогт С-гийн С /РД:/,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүгдэгч С.С нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18-19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 0 дугаар гудамжны 0 тоотод хохирогч Б.М-ийг “би ямар янхан юм уу” гэж хэлсний улмаас, нүүр, цээжин хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, зүүн шанаа хэсэгт нь заазуураар зүсэж биед зүүн чихний урд хэсэгт зүсэгдсэн шарх, дээд, доод уруулын салстад няцарсан шарх цус хуралт, баруун чихний дэлбэн, цээжинд зулгаралт, зүүн хацар, эрүү, баруун шилбэнд цус хуралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                      

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч С.С нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18-19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 0 дугаар гудамжны 0 тоотод хохирогч Б.М-ийг “би ямар янхан юм уу” гэж хэлсний улмаас, нүүр, цээжин хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, зүүн шанаа хэсэгт нь заазуураар зүсэж биед зүүн чихний урд хэсэгт зүсэгдсэн шарх, дээд, доод уруулын салстад няцарсан шарх цус хуралт, баруун чихний дэлбэн, цээжинд зулгаралт, зүүн хацар, эрүү, баруун шилбэнд цус хуралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ...С т хандаж би ямар янхан юм уу гэж хэлээд уурласан. ...С  над руу уурлаад миний нүүр лүү 2 удаа цохиход нь би С ыг эргүүлээд нүүр лүү нь 1 удаа цохисон тэгсэн чинь С  миний нүүр лүү цохиод намайг газар унагааж байгаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би босож ирээд Д ахаа намайг энэ найз чинь зодоод байна болиулаач гэж хэлтэл ...С  заазуур аваад над руу дайраад миний нүүрний зүүн шанаа хэсэгт зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

-Гэрч З.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед М  манай гэрт орж ирээд С  намайг зодоод заазуураар зүсчихлээ гээд зүүн талын шанаанаас нь цус гарсан, уруул нь хавдсан байдалтай ороод ирэхэд цагдаад дуудлага өгсөн юм. ...М ийн зүүн талын шанаанаас цус гарсан, уруул нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаартай:

1. Б.М-ийн биед зүүн чихний урд хэсэгт зүсэгдсэн шарх, дээд, доод уруулын салстад няцарсан шарх цус хуралт, баруун чихний дэлбэн, цээжинд зулгаралт, зүүн хацар, эрүү, баруун шилбэнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч С.С яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр найз Б-ой хамт гэртээ байж байхад М  гэдэг эмэгтэй манай хашаанд байдаг байшинг түрээсэлнэ гээд ирсэн юм. Тэгээд бид нар танилцаад Б, М  бид 3 хоног хамт манай гэрт архи уусан ба 2021 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Б дэлгүүр явж хоёр шил 0.75 граммын архи авчраад бид гурав хуваагаад ууж байхад зүс таних ах над руу залгаад бид хоёр ойр зуурын юм ярьж байхад, тэр ах уулзах хүүхэн байна уу гэхээр нь би асууя гэж хэлээд утасаа салгасан удалгүй тэр ах над руу залгаад байхаар нь би М-т хандан чи манай ахтай уулзах уу гээд хэлсэн чинь М  би ямар янхан юм уу гээд бид хоёр маргалдаж байгаад би гараараа нүүр лүү нь цохиход эргүүлээд нүүр лүү нь цохисон. Тэгээд М  татаж газар унагаад хэд хэдэн удаа нуруу руу нь өшиглөсөн. Тэгээд мах идээд сууж байхад М  хэрүүл хийгээд байхаар нь урдаас нь заазуур шидчихсэн чинь зүүн шанаа хэсэгт зүсчихсэн юм. М  гэрээс гараад О эгчийн гэрт ороод цагдаад дуудлага өгсөн. Өөр болсон зүйл байхгүй. Би энэ хэрэгтэй маш их гэмшиж байна. Би М ээс уучлалт гуйсан бөгөөд бид хоёр эвлэрсэн...” гэж /хх-ийн 49-50/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.С нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч С.С нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.М  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.С бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч С.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч С.С нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.С нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хар өнгийн заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт С-гийн С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С-гийн С т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар С.С-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хар өнгийн заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

          5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА