Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 749

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                

прокурор А.Марал,

шүүгдэгч Ж.Эгийн өмгөөлөгч Т.Даваажав,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 594 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Эд холбогдох 1805 0222 50509 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ноёны бөх овгийн Жигмэддоржийн Э, 1956 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Монголын хүүхдийн ардын урлагийн сангийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 3, эх, нөхрийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, ял шийтгэлгүй,

 

Ж.Э нь 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бг “Америкийн ногоон паспорт гаргаж өгнө” гэж итгүүлэн, 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Эг бусдын эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Эгаас 4.500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бд олгож, Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

            Дээд шатны прокурор Н.Энхтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Ж.Э нь Б.Бд “Америкийн ногоон паспорт гаргаж өгнө гэж итгүүлэн, 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

            Гэтэл Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч У.Намсрайжав хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолдоо “...2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр” үйлдэгдсэн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр үйлдэгдсэн гэж, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн огноог буруу бичсэн, мөн уг тогтоолд үндэслэн прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгасан байна.

            Дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн огноог мөн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гэж бичин, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн огноог мөн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гэж үзэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байна.

            Тодруулбал, гэмт хэрэг 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр үйлдэгдсэн болох нь хэрэгт цугларсан мөнгө шилжүүлсэн баримт, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байхад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэхгүйгээр эрх зүйн байдлыг дордуулан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

            Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн 594 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

            Хохирогч Б.Б давж заалдах гомдолдоо: “... Миний бие 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр иргэн Ж.Эд 4.500.000 төгрөгөө залилуулсан. Би Ж.Эгаас хохирлынхоо 4.500.000 төгрөгөө бүрэн гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ мөнгийг “Хас” банкнаас зээлж, их хэмжээний хүү төлж хохирч байна. Ж.Э нь шүүх хуралдаанд “би хорих ялаа аваад хохирлоо төлөхгүй байж болох уу” гэж байсан. Тэр хүн 6 сар хоригдоод би 4.500.000 төгрөгөөрөө хохироод үлдэх хүсэлгүй байна. Ж.Эг хорихдоо биш, хохирол барагдуулах нь чухал байна. Хохирол барагдуулаагүйд гомдолтой байна...” гэжээ.

           

Шүүгдэгч Ж.Эгийн өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд нэг жилийн дараа эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ийм байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтыг прокурор хэрэгжүүлж чадаагүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогчийн хохирлыг барагдуулсан...” гэв.

 

            Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Э нь 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Он, сар, өдрийг буруу бичсэнийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Ж.Э нь 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бг “Америкийн ногоон паспорт гаргаж өгнө” гэж итгүүлэн, 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

           

хохирогч Б.Бгийн “...Ж.Э нь “тэр материалаа больчих оо, би ногоон карт аваад өгье, 14 хоногийн дараа ногоон паспорт чинь гарчих нь” гэсэн юм. ...дансаар мөнгө авахгүй, 4.500.000 төгрөгийг бэлнээр авмаар байна, би гарын үсэг зурах дургүй, зүгээр бэлэн авмаар байна гээд байсан. Тэгээд би Ж.Эд “Хас” банкны салбараас 4.120.000 төгрөгийг шилжүүлж өгсөн, мөн 380.000 төгрөгийн рубль бэлнээр өгсөн...” /хх-15-16, 27/,

гэрч Ц.Даваасүрэнгийн “...2016 оны 12 дугаар сарын 8-ны өглөө Ж.Эгийн данс руу миний охин Б.Б 4.120.000 төгрөгийг шилжүүлж, бэлнээр 9050 рубль буюу монгол мөнгөөр 380.000 төгрөгийг өгсөн байсан. 1 сарын дараа Ж.Э руу утасдахад “болно оо, итгээд хүлээж бай” гэсэн...” /хх-19-20/,

 

гэрч Л.Жавхлангийн “...2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Б.Б Ж.Эгийн данс руу мөнгө шилжүүлсэн...” /хх-28/ гэх мэдүүлгүүд,

 

төлбөрийн баримт /хх-7/, шүүгдэгч Ж.Эгийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Эг бусдын эд хөрөнгийг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцнэ.

 

Харин хэрэгт авагдсан хохирогч Б.Б, гэрч Ц.Даваасүрэн, Л.Жавхлан, шүүгдэгч Ж.Э нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Ж.Эгийн бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн үйл баримт нь “2016 оны 12 дугаар сарын 8-ны” өдөр үйлдэгдсэн байхад Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолд “2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр” /хх-1/ гэж, яллах дүгнэлтэд “2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр”/хх-36/, прокурорын яллах дүгнэлтийн тодорхойлох болон тогтоох хэсэгт “2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр” /хх-36-38/ гэж тус тус гэмт хэрэг гарсан байдлыг цаг хугацааны хувьд зөрүүтэйгээр шүүхэд шилжүүлж ирүүлснийг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэж давж заалдах шатын шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Ж.Эгийн гэм буруутай үйлдлийн цаг хугацаатай холбогдох “Хас” банкны гүйлгээ хийсэн баримт /хх-7/, хохирогч Б.Б, гэрч Ц.Даваасүрэн, Л.Жавхлан, шүүгдэгч Ж.Э нарын мэдүүлэг бүхий бичгийн нотлох баримтууд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болохыг дурдвал зохино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасан байхад анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан цаг хугацааг буруу тогтоож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэжээ.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Ж.Эг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, түүнд илүү ашигтай гэж үзнэ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдах хугацаанд шүүгдэгч Ж.Эрдэнтуяа нь хохирогч Б.Бд 4.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн баримтаа ирүүлснийг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 594 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: 1 дэх заалтад “Ноёны бөх овогт Жигмэддоржийн Эг бусдын эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар Ноёны бөх овгийн Жигмэддоржийн Эг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Э нийт 21 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.Бд 4.500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

                                                                                               

                                                                                                            М.АЛДАР