Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0395

 

Иргэн О.Эгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор иргэн О.Эгийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Аудитын газар, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 296 дугаар Нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд иргэдийн Төлөөлөгчдийг сонгох сонгуулийн 3 дугаар тойрогт О.Эг бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Аудитын газар шүүхэд гаргасан тайлбартааАймгийн Аудитын газарт 2016 оны 05 дугаар сарын 02-ны 08 цаг 43 минутад бие даан нэр дэвшигч О.Э нь өөрийн биеэр мөрийн хөтөлбөрөө өгснийг нууцын ажилтан бүртгэж хүлээн авсан.

2016 оны 05 дугаар сарын 02-ны 14 цаг 16 минутад цагт Тэргүүлэх аудитор, нууцын ажилтан, аудитын багийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдан бие даан нэр дэвшигч О.Эгийн материалыг шинжээч Б.Ад хуваарилсан.

Бие даан дэвшигч О.Эгийн мөрийн хөтөлбөрийг задлахад мөрийн хөтөлбөрт тусгасан 22 арга хэмжээг хавсралт-1 рүү дутуу буюу 11 арга хэмжээг бичсэн мөн мөрийн хөтөлбөр, хавсралт-1, 2-т гарын үсэг зурж баталгаажуулаагүй байсан тул 9911-3007 дугаарын утасруу 16 цаг 20 минутад утасдаж баримт материалаа бүрдүүлж гүйцээж авч ирэхийг хэлсэн. Уг материалын иж бүрдэл дутуу тул дараагийн хүний материалыг үзээд эхэлсэн мөн өмнө бичигдсэн бие даагчийн албан шаардлагын хариуг хүлээн авч шийдвэрлэх тул өөрийн чинь материал түр хойшиллоо гэдгийг О.Эгийн туслахад хэлээд явуулсан.

Уг бие даагчийн материалыг шалгахад 17 арга хэмжээ холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн байсан тул засаж залруулуулахаар 32/60 дугаар албан шаардлагыг хүргүүлсэн. /асуудлын бүртгэлийг хавсаргав/

Бие даан дэвшигч О.Э нь 05 дугаар сарын 05-ны 15 цаг 10 минутад засаж залруулсан 8 арга хэмжээтэй мөрийн хөтөлбөрөө авчирж өгөхдөө 1 дүгээр хавсралтаа мартаад ирсэн байсан тул өөрийн туслахаа буцааж 16 цаг 00 минутад гүйцээж авчирсан. Туслахыг нь хүлээх зуур мөрийн хөтөлбөрийг уншиж амлалтын шинжтэй хэвээрээ байна гэхэд л шинжээч Б.А болон намайг хэл үгээр доромжлон, ширээ цохиод эхэлсэн. Үүнээс хойшх үйл явцыг дектафон дээр 30-аад минутын бичлэг хийсэн болно. О.Э нь орж ирэхдээ л их бухимдсан байсан бөгөөд ганцаараа л нэлээд орилж хашгирч агсарч суусан.

Шинээр засаж авчирсан мөрийн хөтөлбөрийг дахин хянаад 2 зүйл, заалтаас бусад 6 арга хэмжээ нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4.1, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5 дахь заалтуудтай нийцээгүй байсан гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо шүүхэд гаргасан тайлбартааСонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна. Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5.2-т бие даан нэр дэвшигч гэж заасан байна. Аймгийн Сонгуулийн хороо нь Аудитын газрын дүгнэлтийг үндэслэн олонхийн саналаар бүртгэхээс татгалзсан болно. О.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан О.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын О.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож, О.Эг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4-д зааснаар нэхэмжлэгч нь, хариуцагч Дархан-Уул аймгийн Аудитын газарт холбогдох Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 296 дугаар Нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх О.Эгийн нэхэмжлэлийг хангаж аймгийн Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан шийдвэр гаргасан. Аймгийн Сонгуулийн хорооны тогтоолын О.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгосон үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд /Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай/ нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг Аудитын байгууллагаар хянуулаагүй. Хянуулсан ч холбогдох хуульд нийцсэн эсэх талаар зохицуулсан заалт байхгүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна.

Хуулийн 67 дугаар зүйлийн 67.5.2-т бие даан нэр дэвшигч гэж заасан байна гэж заасныг баримтлан аймгийн Сонгуулийн хороо нь Аудитын газрын дүгнэлтийг үндэслэн олонхийн саналаар бүртгэхээс татгалзсан болно.

Иймд, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: 1Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

А. Шүүх хариуцагчаас гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын талаар дүгнэлт хийсэнгүй. Тухайлбал, О.Э аймгийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд хуульд нийцсэн эсэх, Сонгуулийн хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэсэнгүй. Өөрөөр хэлбэл, нотлох баримтуудыг харьцуулан үзэж дүгнээгүй, шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулсангүй. Ингэснээрээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

Б. О.Э Мөрийн хөтөлбөр Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн тодорхой заалтуудыг, тодруулбал, 67 дугаар зүйлийн 67.5-д Дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна гэж заасныг зөрчсөн талаар тайлбар гаргаад байхад хариу тайлбарыг няцаасан дүгнэлтийг шүүх хийгээгүй байх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Зүй нь, хариуцагчийн татгалзлыг яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа болох, яагаад О.Эгийн Мөрийн хөтөлбөр Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй /нэг ёсондоо түүнийг нэр дэвшигчээр бүртгэх ёстой/ талаар дүгнэлт хийсэнгүй.

В. Мөн шүүх 2 мөрийн хөтөлбөрөөрөө сонгуульд оролцохыг Сонгуулийн тухай хуульд хориглоогүй гэж аймгийн Сонгуулийн хороог буруутгасан.

Хууль зүйн техникийн хувьд хууль болон гэрээг тайлбарлахдаа бид бүхэн үгийн шууд утга-г анхаардаг. Сонгуулийн тухай хуульд Мөрийн хөтөлбөрүүд гэж олон тоон дээр заагаагүй, гагцхүү ганц орон тоон дээр Мөрийн хөтөлбөр гэж тодорхой, хангалттай, ойлгомжтой томьёолсон. Шүүх энд толгой нь эргээд байх зүйл үгүй. Гэтэл Сонгуулийн тухай хуульд заасан мөрийн хөтөлбөрийн тухай заалтыг мөрийн хөтөлбөрүүдийн тухай заалт мэтээр тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Г. Мөн тус Сонгуулийн хороо хуралдаан хийж асуудлаа шийдвэрлэдэг бөгөөд улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тэмдэглэлээ үйлддэг. Гэтэл уг тэмдэглэлийг шүүх хуралдаанд хөтлөгддөг тэмдэглэлтэй адил байх ёстой гэж явцууруулж ойлгон тэмдэглэлийг буруу үнэлсэн.

2Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй.

Иймд, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иргэн О.Э нь Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт бие даан Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу нэрээ дэвшүүлж, бүртгүүлэхээр мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-д заасан хугацаанд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Сонгуулийн хороонд хүргүүлсэн, үүний зэрэгцээ хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.5-д заасны дагуу мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Дархан-Уул аймгийн Аудитын газраар хянуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Дархан-Уул аймгийн Аудитын газраас 2016 оны 05 дугаар сарын 04ий өдрийн 32/60 дугаар албан шаардлага хүргүүлснээр О.Э мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, Сонгуулийн хороонд хүргүүлсэн байх бөгөөд тухайн хөтөлбөрт нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-д заасан хориглосон зүйлс тусгагдаагүй байна.

Энэ тохиолдолд хариуцагч сонгуулийн байгууллагын орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах асуудлыг зохицуулсан Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлагад нийцээгүй нь нэр дэвшигчээс бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахаар тусгайлан хуульчлаагүй байхад тухайн үндэслэлийг хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 /нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй/-т заасанд буюу өөр үндэслэлд хамааруулж О.Эг бүртгэхээс татгалзсан үйлдэл хууль бус бөгөөд тухайн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон сонгогдохтой холбоотой эрх зөрчигдсөн байна.

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсоноор хариуцагч байгууллага нь тухайн нэр дэвшигчийг бүртгэж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болох сонгуулийн санал хураалтад оролцох боломжийг хангах ёстойг тэмдэглэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн Тогтоох хэсэгтээ хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүй алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

Энэ нь хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 158.1 гэснийг 158.1.2, 157 дугаар зүйлийн 157.1 гэж өөрчилж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР