Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 51

 

Говьсүмбэр аймаг дахь Cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Б.Мөнхдөл,

шүүгдэгч Г.Мөнхчулуун, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ганцэцэгийн Мөнхчулуунд холбогдох эрүүгийн 201608000098 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1996 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эх, 2 дүүгийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 9-26 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕУ96012916 дугаарын регистртэй, Боржигон овгийн Ганцэцэгийн Мөнхчулуун

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Г.Мөнхчулуун нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Э.Мөнхдөлийн зүй бус үйлдлийн улмаас хоорондоо маргалдаж, улмаар Э.Мөнхдөлийг хавирч унагахад зүүн гарын шууны яс хугарч  хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүгдэгч Г.Мөнхчулуун нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Э.Мөнхдөлийн зүй бус үйлдлийн улмаас хоорондоо маргалдаж, улмаар Э.Мөнхдөлийг хавирч унагахад зүүн гарын шууны яс хугарч  хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүн

 

1. Шүүгдэгч Г.Мөнхчулуун мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Би Политехникийн коллежийн 1-р курсэд сурдаг. 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой манай байрны хүүхдүүд дотуур байрны буюу Хонхорын 9-р байрны гаднах сагсны шийдэн дээр тоглож байсан юм. Тоглож байгаад манай баг хожигдоод суухад 10-н жилийн 3 хүүхэд манай багийг хожсон багтай тоголсон. Тэр хэдийг тоглож байхад Эрдэнэ-Очир багшийн хүүхэд Мөнхдөл ирээд талбайн нөгөө талд талбайгаас гарахгүй зогсоод байхаар нь би Мөнхдөлийг талбайгаас гар наана чинь хүүхдүүд тоглож байна гэхэд Мөнхдөл өөрөө над дээр хүрээд ирсэн. Ирснээ би багшийн хүүхэд ш дээссагс тоглоё гэхээр нь чи багшийн хүүхэд гээд яах юм гэхэд үеийнхнийг чинь авчрах юмуу, үеийнхэнтэйгээ харьцах юмуу гэхээр нь би тэгээ чи аваад ир гэж хэлэхэд миний өөдөөс тулаад ирэхээр нь би түүнийг мөрөн дээрээс нь барьж аваад баруун хөлөөрөө хавираад унагасан. Тэр унахдаа зүүн гараа тулж унасан бөгөөд босож ирээд хөөе гөлөг минь гар мултарчихлаа, гар зүгээр болгож өг, явах газар чинь явуулна шүү, гар өвдөөд байна, би багшийн хүүхэд шүү гээд байсан. Тэгээд бид хэдийг тэнд маргалдаад зогсож байхад байрны багш Энх-Амгалан гарч ирсэн. Мөнхдөл энэ байрны дарга ухаантай юм чинь гар мулталчихлаа хийлгэж өг гээд байсан. Би Мөнхдөлөөс уучлалт гуйсан гэсэн мэдүүлэг / хх-ийн  5, 20-р хуудас/

2. Насанд хүрээгүй хохирогч 2002 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7-6-64 тоотод оршин суух, Э.Мөнхдөл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдэ Би 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой 9-р байрны урд манай найзууд сагсны шийдэн дээр тоглож байхаар нь очсон. Намайг шийдэн дээр очиход манай найз Дарханбаяр, Ууганаа, Заанаа нар байсан. Би Заанааг сууж бай би чиний оронд ороод түр тоглочихьё гэхэд Заанаа одоо дууслаа та дуусахаар нь орчих гэж хэлсэн. Тэгээд талбай дээр тоглож байгаа хүүхдүүдийг хараад байж байтал шийдний нөгөө талд сууж байсан Политехникийн коллежийн оюутан Мөнхчулуун талбайн нөгөө талаас талбайгаас гараач, зайлаач гээд хашгираад байсан. Тэгэхээр нь хэний бөмбөг юм гэхэд минийх гэхээр нь би бөмбөгийг нь гуйж тоглохоор түүн дээр очиход өөдөөс босож ирээд ярих юм байгаа юмуу, юм ярих гээд байгаа юм биш биздээ гэхээр нь хамтдаа тоглоё юун сүртэй юм бэ, та ч гэсэн миний бөмбөгийг гуйж хамт тоголдог л биздээ гэхэд Мөнхчулуун өөдөөс томроод байсан. Тэгэхээр нь би танай багш Эрдэнэ-Очирын хүүхэд байна гэхэд чи багшийн хүүхэд байхаараа яадаг юм гээд намайг заамдаад өөрлүүгээ татаж ирээд газар хавсарч унагасан. Би зүүн гараараа цементэн дээр дарж унасан. Тэгээд намайг газар унагачихаад миний дээрээс нүүрлүү 2 удаа баруун гараараа цохьсон. Миний зүүн гарын шууны яс хугарсан. Надад учирсан хохирлыг Мөнхчулуун барагдуулж өгвөл би түүнд гомдолгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 4,9-р хуудас/

3. Насанд хүрээгүй гэрч 2003 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 1-5-68 тоотод оршин суух М.Зандан-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ  2016 оны 05 дугаар сарын 29-ний орой 9-р байрны сагсны шийдэн дээр тоглож байхад Мөнхдөл гэдэг хүүхэд ирээд бид хэдийн нэгийг нь суучихаач гэснээ Заанаа чи сууж бай би тоглоё гэхээр нь одоо дууслаа дараа нь та тоголчих гэж хэлсэн. Тэгтэл манай багийн эсрэг талд тоглож байсан Мөнгөншагай гэдэг хүүхэд Мөнхдөлийг чи талбайгаас гарчихаач гэсэн чинь тоохгүй байгаад байсан. Тэгээд бид хэдийг тоглож байхад шийдний нөгөө талын сандал дээр сууж байсан Мөнхчулуун гэдэг хүүхэд Мөнхдөлийг чи талбайгаас гараач наана чинь хүүхдүүд тоглож байна гээд хашгираад байсан. Бид хэд сагс тоглож байгаад нэг харахад Мөнхчулуун Мөнхдөл 2 барилцаад авчихсан байсан. Юунаас болж хэрэлдэж муудсаныг нь би мэдээгүй. Намайг харж байхад Мөнхчулуун Мөнхдөлийг баруун хөлөөрөө хавирч унагаасан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11 хуудас/

4. Насанд хүрээгүй гэрч 2002 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 9-3-34 тоотод оршин суух Б.Ууганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ  2016 оны 05 дугаар сарын 29-ний орой 9-р байрны сагсны шийдэн дээр тоглож байхад Мөнхдөл гэдэг хүүхэд ирээд Заанаа сууж бай би чиний оронд жоохон тоглоодхоё гэхэд Заанаа одоо дууслаа дараа нь та тоглочих гэж хэлсэн. Тэгээд манай найз Мөнхдөлийг чи талбайгаас гар энд хүүхдүүд тоглож байна гэж Политехникийн коллежийн оюутан Мөнхчулуун хэлсэн. Тэгэхэд Мөнхдөл байж бай л даа, юун сүртэй юм бэ гэхэд Мөнхчулуун  чи намайг хэн гэдгийг мэдэх үү, гэхэд Мөнхдөл би мэдэхгүй юм байна сонсоо ч үгүй юм байна гэхэд Мөнхчулуун тэгвэл би чамд мэдрүүлээд өгөх үү, сонсуулаад өгөх үү гэхэд Мөнхдөл тэг харая гэхэд Мөнхчулуун ирснээ Мөнхдөлийг заамдаад авахаар нь би тэр 2-г салгахаар очиход Мөнхчулуун чи байж бай чамайг цуг алчихна шүү гэж хэлээд Мөнхдөлийг заамдаад баруун хөлөөрөө газар хавирч унагаасан. Тэгээд Мөнхдөлийг газар унасан байхад нь Мөнхчулуун баруун гараараа нүүрлүү нь 2 удаа цохисон. Тэгээд Мөнхдөл босож ирээд миний зүүн гар мултарчихлаа, гар тат гөлөг минь, гар өвдөөд байна банди минь гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/

5. Гэрч 1998 онд төрсөн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2-р баг, Хийдийн 3-5 тоотод оршин суух Т.Мөнгөншагай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ  2016 оны 05 дугаар сарын 29-ний орой 9-р байрны сагсны шийдэн дээр тоглож байхад Эрдэнэ-Очир багшийн хүүхэд  Мөнхдөл ирээд сагс тоглож байсан талбай дээр орж ирж зогсчихоод байсан. Тэгээд байрны дарга Мөнхчулуун наана чинь хүүхдүүд тоглож байна чи талбайгаас гар гэхэд Мөнхдөл тоохгүй зогсоод байсан. Би сагс тоглож байсан болохоор Мөнхчулуун, Мөнхдөл нарын ярьсан яриаг сайн сонсоогүй. Тэгээд би тоглож байгаад Мөнхдөлийг харахад тэр талбайгаас гараагүй байсан.  Би очоод ахын дүү талбайгаас гар гэхэд чи миний ах байлаа юу?  бид хэдийн нэгийг нь суучихаач гэснээ Заанаа чи сууж бай би тоглоё гэхээр нь одоо дууслаа дараа нь та тоголчих гэж хэлсэн. Тэгтэл манай багийн эсрэг талд тоглож байсан Мөнгөншагай гэдэг хүүхэд Мөнхдөлийг чи талбайгаас гарчихаач гэсэн чинь тоохгүй байгаад байсан. Тэгээд бид хэдийг тоглож байхад шийдний нөгөө талын сандал дээр сууж байсан Мөнхчулуун гэдэг хүүхэд Мөнхдөлийг чи талбайгаас гараач наана чинь хүүхдүүд тоглож байна гээд хашгираад байсан. Бид хэдийг сагс тоглож байгаад нэг харахад Мөнхчулуун Мөнхдөл 2 барилцаад авчихсан байсан. Юунаас болж хэрэлдэж муудсаныг нь би мэдээгүй. Намайг харж байхад Мөнхчулуун Мөнхдөлийг баруун хөлөөрөө хавирч унагаасан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11 хуудас/

6. Насанд хүрээгүй гэрч 1999 онд төрсөн, Дорноговь аймгийн Айраг сумын 4-р баг, Цагаан дөрвөлжийн 4-11 тоотод оршин суух Б.Төрбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой 9-р байрны сагсны шийдэн дээр тоглож байхад Мөнхдөл гэдэг хүүхэд ирээд бид хэдтэй сагс тоглож байсан хүүхдийг сууж бай би чиний оронд жоохон тоглоодхоё гэхэд тэр хүүхэд одоо дууслаа дараа нь та тоглочих гэж хэлсэн. Мөнхдөл бид хэдийн сагс тоглож байсан талбай дээр зогсчоод байсан. Тэгээд манай байрны дарга Мөнхчулуун тэр хүүхдийг ахын дүү талбайгаас гарчих гэхэд тэр хүүхэд би чиний дүү байлаа юу гээд өөдөөс нь хэгжүүрхээд байсан. Нэг их удалгүй Мөнхчулуун Мөнхдөл 2 хоорондоо маргалдаад байсан. Мөнхчулуун түүнийг баруун хөлөөрөө хавирч унагасан. Мөнхдөл зүүн гараараа газар тулж унаад босохдоо гар татаж өг бандиа, гар эвгүй болчлоо гээд байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/

7. Насанд хүрээгүй гэрч 2000 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 7-2-35 тоотод оршин суух Э.Дарханбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ  2016 оны 05 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед би найз Ууганбаяр, Заанаа нарын хамт 9-р байрны сагсны шийдэн дээр тоглож байхад манай найз Мөнхдөл ирсэн. Мөнхдөл Заанаа сууж бай би чиний оронд жоохон тоглоодхоё гэхэд Заанаа одоо дууслаа дараа нь та тоглочих гэж хэлсэн. Тэгээд бид хэдийг тоглож байхад Мөнхдөл талбай дээр зогсоод байсан. Тэгэхэд түүний цаана байсан Мөнхчулуун гэдэг Политехникийн коллежийн оюутан Мөнхдөлийг чи наад талбайгаас гар гээд хашгираад байсан. Тэгээд сагс тоглож байгаад нэг харахад Мөнхдөл, Мөнхчулуун 2 барилцаад авчихсан зогсож байсан. Тэгээд намайг харж байхад Мөнхдөлийг Мөнхчулуун баруун хөлөөрөө хавирч унагаасан. Түүнийг газар унасан байхад нь нэг удаа алгадсан. Мөнхдөл унахдаа газар гараараа эвгүй тулж унаад босож ирэхдээ Мөнхчулууныг гар эвгүй болчлоо гөлөг минь гар янзалж өг гээд байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/

8. Гэрч 1987 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 9-4 тоотод оршин суух Х.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой 20 цаг өнгөрч байсан байх. Намайг байрныхаа тагтан дээр зогсож байтал нэг хүүхэд ирээд та байрны багш мөн үү гэхээр нь би мөн байна гэхэд танай байрны дарга Мөнхчулуун гэдэг хүүхэд миний гарыг хавирч унагаагаад мулталчих шиг боллоо гэхээр нь гарахад надтай хамт ажилладаг Эрдэнэ-Очир багшийн хүүхэд Мөнхдөл байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/

9. Гэрч 1979 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 9-46 тоотод оршин суух Г.Мягмаржав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Мөнхчулуун суралцаж байх хугацаандаа өгсөн үүрэг даалгавар сайн биелүүлдэг, үг дуу цөөтэй, анги хамт олон болон бусадтай нийтэч, урлаг спортод сонирхолтой, хүнтэй зөв боловсон харьцдаг хүүхэд байсан. Ар гэрийн хувьд гэрийн хувьд аав, ээж, дүү нарын хамт амьдарч байгаад сая 10 гаран хоногийн өмнө аав нь нас барсан. Ээжийнх нь бие муу , ар гэрээс тавих анхаарал халамж сайтай, амьдрал ахуйн хувьд тааруу гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/

10. Гэрч 1988 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7-65 тоотод оршин суух Э.Очбадрах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой намайг байрны гадаа байж байтал манай дүү Мөнхдөлийн найз Ууганбаяр ирээд Мөнхдөлийг сагсны шийдэн дээр Мөнхчулуун гэдэг хүүхэд унагаагаад гарыг нь эвгүй болгочихлоо гэж хэлсэн. Коллежийн байран дээр очоод Мөнхчулуун гэдэг хүүхдийг олоод байрнаас чирж гаргаж ирээд дүүгээ өмөөрөөд нүүрэнд нь 2 удаа алгадсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

...1.Э.Мөнхдөлийн биед зүүн гарын шуу ясны доод хэсгийн далд хугарал гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно... /хх-ийн 29 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Мөнхчулуун нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчим Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 9 дүгээр байрны сагсны шийдэн дээр насанд хүрээгүй хохирогч Э.Мөнхдөлийг хавирч унаган зүүн гарын шууны хугарал буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь  

хохирогч Э.Мөнхдөлийн ... Тэгэхээр нь би танай багш Эрдэнэ-Очирын хүүхэд байна гэхэд чи багшийн хүүхэд байхаараа яадаг юм гээд намайг заамдаад өөрлүүгээ татаж ирээд газар хавсарч унагасан. Би зүүн гараараа цементэн дээр дарж унасан. Тэгээд намайг газар унагачихаад миний дээрээс нүүрлүү 2 удаа баруун гараараа цохьсон. Миний зүүн гарын шууны яс хугарсан...,

 

шинжээч Л.Жаргалтогтохын ... ...1.Э.Мөнхдөлийн биед зүүн гарын шуу ясны доод хэсгийн далд хугарал гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно......,

сэжигтэн, яллагдагч Г.Мөнхчулууны ... миний өөдөөс тулаад ирэхээр нь би түүнийг мөрөн дээрээс нь барьж аваад баруун хөлөөрөө хавираад унагасан. Тэр унахдаа зүүн гараа тулж унасан бөгөөд босож ирээд Мөнхдөл хөөе гөлөг минь гар мултарчихлаа, гар зүгээр болгож өг, явах газар чинь явуулна шүү, гар өвдөөд байна, би багшийн хүүхэд шүү гээд байсан... гэх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

Дүгнэвэл Шүүх шүүгдэгч Г.Мөнхчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан бөгөөд гомдол саналгүй гэснийг,

Шүүгдэгч Г.Мөнхчулуун нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн

290.3., 294., 295-297., 298.,299 дүгээр зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганцэцэгийн Мөнхчулууныг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигон овгийн Ганцэцэгийн Мөнхчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ганцэцэгийн Мөнхчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Боржигон овгийн Ганцэцэгийн Мөнхчулуун нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ганцэцэгийн Мөнхчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Боржигон овгийн Ганцэцэгийн Мөнхчулуунд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ЭНХМАНДАХ