Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 719

 

 

 

 

 

 

 

 

 

З.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01397 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ДХС” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 55 125 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Ганболд

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч З.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадивлангийн зуслангийн 1 дүгээр гудамжид 230 тоот хашаанд хувийн орон сууцанд амьдардаг бөгөөд “Дохиолол хамгаалалтын систем” ХХК нь 2006 оноос хойш гэрээгээр манайхыг хамгаалсаар өдийг хүрлээ. Анх захирал нь Атарсайхан байсан, дараа нь Амарбаясгалан болно.

Гэтэл 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манайд хулгай орж, 36 нэр төрлийн 55 125 000 төгрөгийн эд зүйл хулгайлагдсан юм. Тухайн үед дохиолол хамгаалалт, харуулын захирал Билэгт, хариуцлага алдсан харуул Гантулга болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Мөнхсүлд, шүүх шинжилгээний хүрээлэнгийн ажилтан эмэгтэй Бадамсайхан, протокол бичдэг дэслэгч Хулан, зуслан хариуцсан цагдаагийн хошууч Баттулга нар хэргийн газар буюу манайд ирж үзлэг хийж, гар хурууны хээнүүдийг бэхжүүлэн авч тэмдэглэл үйлдэн, алдагдсан зүйлүүдийн жагсаалт, өргөдөл гомдол бичүүлэн, өөрсдөө янз бүрийн гэрэл зураг авч, баримтжуулаад явсан билээ. Тэд “ДХС” ХХК-ийг доорх байдлаар буруутгаж байна. Үүнд:

1. Дохиолол дуугарахад нь хамгаалалтаас хүн ирүүлсэн атлаа хамгаалж буй обьектынхоо хүмүүсийг иртэл хүлээж байгаад тэдэнтэй хамт обьектыг хүлээлцэх гэрээний үүргээ зөрчин цонх нь хагарч дохиолол ажиллахгүйг мэдсээр байж,  харуул Гантулга обьектыг орхиж явсан.

2. Дохиолол дуугарсан шалтгааныг үнэн зөвөөр олох, хамгаалж буй обьектоо эргэн тойрон явж шалгалгүй гэрээний үүргээ хөсөрдүүлж объектоо орхиж явсан.

3. Дохиолол хамгаалалтын хүн ирэхэд хулгайч обьект дотор байж байсан байна. Тэгээд хамгаалалтын хүн ирэхийг цонхоор хараад зугтахаар зэргэлдээх эзэнгүй айлтай дамжих хаалгыг эвдэж, нөгөө айл руу орохыг завдсан. Уурын зуухны подвол руу орох зэргээр янз бүрийн оролдлого хийсэн нь батлагдаж байна. Ингээд хамгаалалтын ажилтан Гантулгыг обьектоо орхиод явахыг хулгайч цонхоор хараад тайвширч хулгайлсан, зүйлээ авч гаднаас хагалж орсон цонхоороо гарч хашааны арын хаалганы цоожыг хөшиж онгойлгон гарсан байна. Гэрийн эзнийг ирэхэд хашааны арын хаалга дэлгээтэй байсан. Ер нь ДХС ХХК нь иймэрхүү байдлаар хэд хэдэн удаа хариуцлага алдаж байсан бөгөөд бид тухай бүрт шаардаж байсан. Ингээд 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах 2 дугаар тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Г.Бат-Өлзий дуудаж байцаалт авч алсдан зүйлүүдийг зургийг өгвөл сайн байна гэсний дагуу нэлээд зүйлүүдийн зургийг аваачиж өгч байцаагч Бат-Өлзий ч зургийг хувилж авч үлдсэн байна. Дараа нь Соёмбо, Алтанхуяг нар биднийг дуудан байцаалт авч, хэргийг түдгэлзүүлсэн. ...Дараа нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс хурандаа Бат-Эрдэнэ гэдэг хүн утсаар ярьж асуудлыг орхиогүй байгаа гэж хэлсэн. Ингээд 2 жилийн хугацаа өнгөрсөн тул хохирол нийт 55 125 000/тавин таван сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг “Дохиолол хамгаалалтын систем” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугийн асуудлын талаар тодорхой хэлсэн. Өмнөх шүүх хурлууд дээр гэрээний үүрэг зөрчсөн буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд маргаантай гэсэн зүйл ярьж байна. Хавтаст хэрэг шинжлэн судлахад гарсан гэрээний 2.б заалт буюу гэрээний ганцхан процесс зөрчсөнөөс энэ хэрэг гарсан. Яагаад вэ? гэхээр өөрсдөө цаг хугацаанд нь очсон байгаа. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ мөн нэвтэрсэн этгээдийг саатуулах арга хэмжээ авах үүргээ л зөрчсөн. Гэрээнд бол гэрийн эздийг хүлээгээд 30 минутын дараа ирэхгүй бол хаяад явна гэсэн зүйл байхгүй. Яг гэрээнд цагдаа болон хамгаалуулагч ирсэний дараа хулгайчийг барьж саатуулаад хараад барьж байх үүрэгтэй. Мөн хариуцагч гэрээний шаардлагыг биелүүлнэ гэхдээ эрүүгийн хэрэг шийдэгдсэний дараа шийднэ гэж байна. Гэрээнд хулгай ороод явсан нөхцөлд тэр асуудал шийдсэний дараа гэж тусгаагүй. Ерөөсөө л гэрээний үүргээ биелүүлээгүй бол гарж байгаа хохирлыг шууд төлөх үүрэгтэй байдаг. Тиймээс хохирол нэхэмжлэх эрхтэй. Үнэлгээний талаар нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч болон хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй ба энэ үүргийнхээ дагуу үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх үүнийг харгалзаж үзнэ гэж бодож байна. Гэрчүүдэд ч мөн адил хууль сануулсан байгаа. Үнэлгээний хувьд бол үнэлгээ таарахгүй гэж маргаан гаргаж байсан. Үнэлгээний комисс бол хуулийн байгууллага тул хууль зөрчиж үнэлээгүй журмынхаа дагуу, процессын дагуу үнэлсэн гэж үзэж байна. Тиймээс үүнийг иргэний шүүх үнэлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Нөгөө талаар З.Түмэн-Өлзийгийн гаргаж өгсөн жагсаалт үнэн зөв байгаа.

Мөн фото зурагнууд байгаа энэ зургууд нь эдгээр үнэт эдлэлийг хэрэглэж байсан үеийн зураг байгаа тайлбартайгаа хамт. Энэ бас нотлох баримтын шаардлага хангасан шүүх үнэлэх боломжтой гэж үзэж байгаа учраас хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч “Дохиолол хамгаалалтын систем” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 29 минутад манай хамгаалалтын албаны төвлөрсөн ажиглалтын пультэд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадивлангийн зуслангийн 1 дүгээр гудамж, 230 тоот байшингаас “обьем” гэсэн дохио ирсэн. Дохиог хүлээн авмагц хамгаалагч Д.Гантулга гэрээгээр тохирсон 3 минутын дотор багтаж объект дээр очиж шалгахад тус обьектын 2 давхрын жижиг цонхонд чулуу шидэж хагалсан байдалтай жижиг хагарал гарсан байсан тул үйлчлүүлэгч З.Түмэн-Өлзийгийн 99160058 дугаарлуу залгахад холбогдох боломжгүй байна гэсэн хариу өгсөн тул охин Т.Мөнхтуяад гэртээ яаралтай ирэх тухай мэдэгдсэн. Ингээд гэрийн эздийг хүлээж байх явцдаа ойр орчмыг шалгахад цонх хагарснаас өөр гадны халдлага нэвтэрсэн, битүүмж алдагдсан зүйл ажиглагдаагүй. Гэрийн эздийг ирээгүй байхад дараагийн дуудлага ирсэн тул дуудлага ирсэн обьектыг шалгахаар явсан. Гэрийн эздийг ирсний дараа хамгаалалтын албаны дарга обьект дээр иртэл З.Түмэн-Өлзийгийн гэрийнхэн байшинд ороод хаалгыг түгжээд 2 цаг гаруй болсны дараа цагдаагийн бүрэлдэхүүн ирж, хэргийн газарт үзлэг хийн, гар хурууны хээ, ул мөрийг бэхжүүлэн авсан байдаг. Энэ хулгайн хэрэгтэй холбоотойгоор манай байгууллагын зүгээс мөрдөн байцаалтын ажиллагаанд бүхий л бололцоогоор туслалцаа үзүүлж, шаардлагатай баримт, мэдээллийг цаг алдалгүй өгсөөр ирсэн боловч цагдаагийн байгууллагын учир дутагдалтай мөрдөн байцаалтын ажиллагаанаас болж, өдийг хүртэл хулгай хийсэн эзэн, хулгайд алдагдсан зүйлээс алийг нь ч олохгүй өдийг хүрч байна. Ийнхүү мөрдөн байцаалтын ажиллагаа урагшгүй байгаагийн улмаас  хохирогчид хэдэн төгрөгийн хохирол учирсан, хэн энэ хохирлыг шууд учруулсан хэрэг нь хангалттай нотлогдохгүй, эцэслэн шалгаж дуусаагүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ нь эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр бүрэн тогтоогдоогүй, мөрдөн байцаах ажиллагаа дуусаагүй байхад иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн журмаар бүрэн шалгагдаж, гэм буруугийн болон хохирлын асуудал тодорхой болсны дараа иргэний хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн байгуулллагаас үнэлгээ тогтоосон тухай баримт хэрэгт авагдсан байгаа. Эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан баримт биш гэж бидний зүгээс үзэж байгаа. Эрүүгийн хэрэгт үнэлгээ тогтоосон дүгнэлтийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр шинжилгээний обьектыг тодорхой харьцуулж үзсэн эсэх, шинжээчид эрх, үүрэг хариуцлагыг сануулсан эсэх нь тодорхойгүй байгаа. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан шаардлагыг хангасан гэж үзээгүй. Эрүүгийн хэргийг шалгах явцад гарсан шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаас бусад тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд нотлох баримт болохгүй. Яагаад гэвэл эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр байхгүй. Тийм учраас уг үнэлгээг шүүхээс шинжлэн судлаад тэр нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгсөн зүйл байхгүй учраас иргэний хэрэгт нотлох баримтаар авч үзэх нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Алдагдсан үнэт зүйлс анх ямар шугамаар бий болсоныг тайлбарласан жагсаалт байгаа. Энэ жагсаалтын ард бүх зүйлийг дугаарласан. Ар талд нь хэнээс ямар байдлаар авсан тухай тэмдэглээд гарын үсэг зурсан байдаг.Эндээс өчигдрийн байдлаар 4 гэрч мэдүүлэг тайлбар өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор уг жагсаалт нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотолгоонуудаар нотлогдоогүй учраас нотлох баримтын шаардлага хангахгүй. Шүүх үүнийг үнэлэхдээ эргэлзээгүй талаас үнэлэхэд хүндрэл учрахаар баримт байгаа.

Жагсаалтад 34 төрлийн эд зүйлсийг дурдсан. Гэрчүүдийг асуулгах болон жагсаалтад байгаа эд зүйлсээс З.Түмэн-Өлзийгийн өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан зүйл нь хуримын алтан бөгж байдаг. Бусад нь З.Түмэн-Өлзийгийн эдэлж хэрэглэж байсан зүйлс биш байгаа. Эдгээр зүйл нь түүний эхнэрийн эдэлж хэрэглэж байсан зүйлс байгаа. Мөн хоёр дахь жагсаалт дээр өлзий хээтэй мөнгөн хундага гэх зүйл нь З.Түмэн-Өлзийгийн өөрийнх нь компанийн өмч болохыг тайлбараар нотолж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хувьд энэ хэргийг шийдвэрлэхэд саад болох эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан болон мөн хариуцагчийн гаргаж өгсөн гурван баримтаас харагдана. З.Түмэн-Өлзийгийн гомдлын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хийгээд хулгайн гэмт хэрэгт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг өгсөн. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа цаашид үргэлжлэхэд саад учирсан учраас түдгэлзүүлэх ажиллагаа хийгдсэнтэй холбоотой эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх тухай эрүүгийн байцаагчийн санал, прокурорын түдгэлзүүлсэн тухай тогтоол хэрэгт авагдсан байгаа. Эндээс авч үзэхэд иргэний журмаар эрүүгийн хэрэг шийдэгдээгүй байхад энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. З.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэл дээр дурдсан 34 нэр төрлийн зүйлсийг харьцуулбал бүгд яг ижил байгаа. Тиймээс 34 нэр төрлийн гоёл чимэлэлийн өмчлөгч нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар З.Түмэн-Өлзийгийн эхнэр н.Сийлэгмаагийн хуваарьт хөрөнгө болж таарч байна. Тийм учраас З.Түмэн-Өлзийд эдгээр хөрөнгийг шаардах эрх байхгүй. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа дуусаагүй байгаа учраас иргэний журмаар асуудлыг шийдвэрлэх нь хууль зөрчиж байгаа учраас иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

   Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дохиолол хамгаалалтын систем” ХХК-иас 1 440 000/нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Түмэн-Өлзийд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 53 685 000/тавин гурван сая зургаан зуун наян таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч З.Түмэн-Өлзийгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498 575 төгрөгөөс илүү төлсөн 65 000 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч З.Түмэн-Өлзийд олгож, үлдэх 433 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дохиолол хамгаалалтын систем” ХХК-иас 37 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Түмэн-Өлзийд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: “....Нэхэмжлэгч З.Түмэн-Өлзийгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа 201201051440 тоот эрүүгийн хэрэгтэй шууд холбоотой бөгөөд иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, эрүүгийн хэргийн хохирлын хэмжээ нь адил хэмжээтэй байдаг. Мөн иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа З.Түмэн-Өлзий нь Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон байдаг.

Үүнээс үзэхэд З.Түмэн-Өлзий нь Эрүүгийн хэрэг шийдэгдэж дуусаагүй, гэмт хэрэг гарсан эсэх нь тогтоогдоогүй байхад тус хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль бус юм. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.3-т "Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно" гэсэн заалтыг З.Түмэн-Өлзий болон түүний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх тус тус зөрчсөн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь заалттай холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д " уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" гэсэн үндэслэл байвал тус хуулийн 65.1-т зааснаар шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Хүлээн авахаас татагалзах үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш бий болсон бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т " Энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой юм. Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл бүрдсэн байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн шийдвэр нь шууд хууль бус шийдвэр юм.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талаар бүрээс нь бодитойгоор, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд заасан 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 201201051440 дугаар тогтоол нь Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол болохоос нэхэмжлэгч З.Түмэн-Өлзийгийн гэрт хулгай орж, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг болсныг эцэслэн тогтоосон шийтгэх тоггоол биш юм. Шүүх дээр дурдсан нотлох баримтыг үнэлэхдээ нэгэнт тогтоогдсон үйл баримт мэтээр үнэлж, дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт " 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хулгайн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн 6 ширхэг мөнгөн хундага хулгайд алдагдаж, вакум цонхны шил хагарч 70 000 төгрөгийн, 1 ширхэг мебель хаалга эвдэрч 50 000 төгрөгийн, цонхны төмөр сараалж эвдэрч 120 000 төгрөгийн буюу нэхэмжлэгчид нийт 1 440 000/нэг сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учирсан болох нь Б.Аюушийн гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, алдагдсан үнэт эдлэл анх ямар шугамаар бий болсны жагсаалт, фото зураг зэрэг баримтаар тогтоогдож байна" гэж дүгнэсэн. Шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн 6 ширхэг мөнгөн хундага хулгайд алдагдсан гэдгийг Б.Аюушийн гэрчийн мэдүүлэг, фото зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлаагүй гэж үзэхээр байна. Тодруулбал, Гэрч Б.Аюуш нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө 6 ширхэг мөнгөн хундагыг З.Түмэн-Өлзийгийн компанид хийж өгсөн гэдгээ мэдүүлдэг бөгөөд тэдгээр эд зүйлс хэзээ, хаана, ямар байдлаар хадгалагдаж байсан, хэрхэн алга болсон талаар асуухад мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн байдаг. Дээрхээс үзэхэд шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь харьцуулалгүйгээр үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримтуудыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож, үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, З.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлтэй “ДХС” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч З.Түмэн-Өлзий нь хариуцагч “ДХС” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 55 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа үйл баримт нь эрүүгийн хэргийн журмаар шалгагдаж байгаа талаар маргаагүй байх ба хэрэгт авагдсан баримтаар 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №201201051440 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай” мөрдөн байцаагчийн тогтоолоор нэхэмжлэгч З.Түмэн-Өлзий нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон, эд зүйл хулгайлан хохирол учруулсан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уг хулгайн гэмт хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №455 дугаартай “Мөрдөн байцалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тогтоолоор эрүүгийн 201201051440 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /II-хх 28, 29, 30/ 

З.Түмэн-Өлзий нь дээрх эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа хохирлын үнийн дүнгийн хэмжэгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүх дээрх эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгч З.Түмэн-Өлзийд учирсан хохирол болох 55 125 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан “Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэсэн үндэслэл тогтоогдвол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журамтай бөгөөд дээрх нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Уг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх, тухайн хулгайн гэмт хэргийн гэм буруугийн асуудал, хохирлын хэмжээ нэг мөр тогтоогдсоны дараа иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01397 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 55 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З..Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “ДХС” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРЛАГЧ  ШҮҮГЧ                                           М.НАРАНЦЭЦЭГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА         

                                                                                                 

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН