| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/0326/И |
| Дугаар | 130/ШШ2017/00340 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2017/00340
Баян-Ө аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Ө аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, утас **********, *********** С овогт Ч Лгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Ө аймгийн А сумын 8 жилийн сургуульд газар зүйн багшаар 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 20-ны хүртэл, Баян-Ө аймгийн Ө хотын 3 дугаар 10 жилийн сургуульд газар зүйн багшаар 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 20-ны хүртэл, Баян-Ө аймгийн Б сумын 8 жилийн сургуульд газар зүйн багшаар 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Баян-Ө аймгийн 3 дугаар 10 жилийн сургуульд газар зүйн багшаар 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тус тус тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч Ч.Л шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие 1984 оны 6 дугаар сарын 28-нд УБДС-ийн түүх газар зүйн багш мэргэжлээр төгсөж улмаар 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 06-ныг хүртэл А сумын сургуульд багшилж байв. Энэ хугацааны тэмдэглэл Хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан болно. 1989 оны Өд шилжиж ирж 3 дугаар сарын 10 жилийн сургуульд 1 жил ажилласан ба 1990-1991 оны хичээлийн жилд Б сумын сургуульд нэг жил багшлаад дараа нь 1991-1992 оны хичээлийн жилээ 3 дугаар 10 жилийн сургуульд бүр тушаалаар орж ажилласан ба одоо хүртэл ажиллаж байна. Гэвч дээрх жилүүдэд ажилд орсон тушаал улсын архиваас олдохгүй зөвхөн цалин тогтоосон зарим жилийн ажилд орсон тушаал байна. Миний бие 6 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй тул Нийгмийн даатгалын байгууллага 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир уг хугацааны улсад ажилласан жилийг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд хүсэлт гаргагч Ч.Лгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 269 дугаартай Баян-Ө аймгийн архивын тасгийн лавлагаанд: Аймгийн АБХ-ийн даргын 1984 оны 74 дүгээр тушаал, Ө хотын 10 жилийн 3 дугаар сургуулийн захирлын 1989, 1990, 1992, 1994 оны тушаал, Б сумын 8 жилийн сургуулийн захирлын 1990 оны тушаалуудаас Ч.Лд холбогдох баримтуудыг хуулбарлан хүргүүлэв. Бусад холбогдох баримт гараагүй гэсэн байна.
1.Баян-Ө аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаар Багш, хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах тухай тушаалын 2 дугаар хавсралтаар А сумын 8 жилийн сургуулийн түүх газар зүйн багшаар Ч.Лг томилсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан Ч.Лгийн 1984 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нээлгэсэн №059710 дугаартай, Улсын багшийн дээд сургуулийн тамгыг дарж баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтрийн 6-7 хуудасны ажлын тухай мэдээнд 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс А сумын 8 жилийн сургуульд түүх газар зүйн багшаар томилон ажиллуулав, 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс өөр ажилд шилжих болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөв гэж бичиж тэмдэглэн, тус сургуулийн тамга дарж баталгаажуулсан байна.
2.Ө хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1989 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 56 дугаар 1989-1990 оны хичээлийн жилд ажиллах нарын цалинг тогтоох тухай тушаалын хавсралтад багш Л улсад 8 жил ажилласан гэсэн байна
3.Баян-Ө аймгийн Б сумын 8 жилийн сургуулийн дунд сургуулийн захирлын 1990 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дугаар 1990-1991 оны хичээлийн жилд ажиллах багш, ажилчдыг томилох тухай тушаалын хавсралтаар түүх газар зүйн багшаар Ч.Лг томилсон байна.
4.Ө хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 61 дугаар Багш, ажилчдын цалинг тогтоох тухай тушаалын хавсралтын 61-д Л, дээд боловсролтой, УДС-ийг төгссөн, багш мэргэжилтэй, улсад 9 жил ажилласан гэсэн байна.
5.Ө хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар Багш, ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалын хавсралтад Л, дээд боловсролтой, УБДС-ийг төгссөн, багш мэргэжилтэй,улсад 10 жил ажилласан гэсэн байна.
6.Ө хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаар тушаалын хавсралтад түүх, газар зүйн хичээлийн багшаар Ч.Лг томилсон байна.
Хүсэлт гаргагч Ч.Лтай хамт ажилласан гэх тус физикийн багш **********Т.С , бага ангийн менежер байсан ********* Х.Р , газар зүйн багш *************Б.Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Ө сумын 3 дугаар 10 жилийн сургуульд 1989-1990 оны хичээлийн жилээс эхлэн Ч.Л багштай хамт ажиллаж байна. Ч.Л газар зүйн багшаар ажилладаг гэсэн байна.
Мөн **********З.М , ********* Б.А , орос хэлний багш *********** Б.Гүлдарига нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод:1990-1991 оны хичээлийн жилд Б сумын 10 жилийн сургуульд хамт ажилласан гэсэн байна.
Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ч.Л нь Баян-Ө аймгийн А сумын 8 жилийн сургуульд газар зүйн багшаар 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 20-ны хүртэл, Баян-Ө аймгийн Ө хотын 3 дугаар 10 жилийн сургуульд газар зүйн багшаар 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 20-ны хүртэл, Баян-Ө аймгийн Б сумын 8 жилийн сургуульд газар зүйн багшаар 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Баян-Ө аймгийн 3 дугаар 10 жилийн сургуульд газар зүйн багшаар 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тус тус тогтоож хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан *********** Секел овогт Ч Л нь Баян-Ө аймгийн А сумын 8 жилийн сургуульд газар зүйн багшаар 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 20-ны хүртэл, Баян-Ө аймгийн Ө хотын 3 дугаар 10 жилийн сургуульд газар зүйн багшаар 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 20-ны хүртэл, Баян-Ө аймгийн Б сумын 8 жилийн сургуульд газар зүйн багшаар 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Баян-Ө аймгийн 3 дугаар 10 жилийн сургуульд газар зүйн багшаар 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тус тус тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Ч.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Ө аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК