| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/0323/И |
| Дугаар | 130/ШШ2017/00342 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2017/00342
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, утас **********, ********** Н Ж овогт Хийн Мгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.М, гэрч Ж.Т, орчуулагч А.Е , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентын туслах ажилтнаар 1986 оны 6 дугаар сарын 20-ноос 1991 оны 5 дугаар сарын 21-ний хүртэл ажилласан хугацааг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч Х.М шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие Б сумын САА-д ажиллаж байгаад 1986 оны 5 дугаар сарын 25-нд тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар томилогдон 1991 оны 5 дугаар сарын 21-ний хүртэл ажилласан. Энэ байгууллагад ажиллаж байсан талаар Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй байна. Би 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон,түүнээс хойш сар бүр өндөр насны тэтгэмж авч байсан юм. Гэтэл 2016 оны 11 сараас эхлэн өндөр насны тэтгэмжийг минь зогсоосон. Нийгмийн даатгалын хэлтсээс учрыг нь лавлаж асуухад 1986 оны 5 дугаар сарын 25-аас 1991 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар ажилласан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Би тус шүүхийн Мэдээлэл лавлагааны хэсгээс зөвлөгөө авч, материал бүрдүүлсэн боловч өнгөрсөн 6 сарын хугацаанд архив болон сумаас ямар ч материал олдоогүй. Иймд олдсон материалаа бүрдүүлж тус шүүхэд хүсэлт гаргаж байна. Миний 1986 оны 6 дугаар сарын 20-ноос 1991 оны 5 дугаар сарын 21-ний хүртэл Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч Х.Мгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 66 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар Б сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Хэрэглээний хоршооны баримтыг архивд шилжүүлээгүй тул Х.Мд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй гэсэн тул хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Мгийн улсад ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:
Шүүх хуралдаанд гэрч *********** Ж.Ты: Миний бие Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар 20 жил тасралтгүй ажилласан. Миний эхнэр 1986 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тушаал гарч миний туслах агентаар томилогдож 1991 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилласан. Туслах агент нь намайг хөдөө 32 төрлийн түүхий эд цуглуулахаар явахад дэлгүүрт агентаар ажиллаж миний ажлыг хийдэг надад тусалдаг байсан. Бид хоёр улсаас цалин хөлс авдаг байсан. Одоо бүх бичиг баримт байхгүй болоод Х.М хохирч байгаа гэсэн мэдүүлэг,
Хүсэлт гаргагч Х.Мтай хамт ажилласан гэх тус Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент байсан ************Н.Д, ********* Ж.М нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Турсан нь тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид он удаан жил агент хийж байсан ба Ты эхнэр Х.М тус ангид туслах ажилтнаар 1986 оноос ажилласан нь үнэн. Бид хамт ажиллаж байсан гэсэн байна.
Хэрэглээний хоршооны ня-бо байсан ************ Т.М нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие тус хэрэглээний хоршоонд 1989 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллаж байсан. Энэ хугацаанд тус сумын 4-р багийн агентаар Ж.Т ажиллаж байсан ба агентын туслахаар Х.М ажиллаж байсан нь үнэн гэсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан Х.Мгийн Баян-Өлгий аймгийн Б сумын Сангийн аж ахуйн тамгыг даржбаталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтрийн 24-55 хуудасны ажлын тухай мэдээнд 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент Ты туслах ажилтнаар авч ажиллуулав, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс агентын туслах ажилтнаас чөлөөлөв бичиж тэмдэглэсэн боловч Хэрэглээ ББХХ тамгыг дарсан нь нөхөж бүрдүүлсэн эргэлзээтэй байгаа тул мөн 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нээлгэсэн №******** дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхэд Х.М нь нь гишүүний татвараа 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж байсныг тэмдэглэсэн боловч тэмдэг дарж баталгаажуулаагүй, 1986 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Худалдаа бэлтгэлийн захиргаанаас олгосон гэх Диплом нь гараар бичсэн эргэлзээтэй байгаа тул эдгээр нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Иймд дээрх гэрч нарын мэдүүлэг, нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг үндэслэн хүсэлт гаргагч Х.М нь Баян-Өлгий аймгийн Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентын туслах ажилтнаар 1986 оны 6 дугаар сарын 20-ноос 1991 оны 5 дугаар сарын 21-ний хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан *********** Н Ж овогт Хийн М нь Баян-Өлгий аймгийн Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентын туслах ажилтнаар 1986 оны 6 дугаар сарын 20-ноос 1991 оны 5 дугаар сарын 21-ний хүртэл ажилласан болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Х.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК