Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга , Б.Чанцалдулам

улсын яллагч Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч С.Мөнхбат,

хохирогч Э.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Шүдэн овгийн Сүхбаатарын Мөнхбатад холбогдох эрүүгийн 201608000128 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Улаанбаатар хотод 1982 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Эко Сүмбэрийн 5-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ХН82092476 дугаарын регистртэй, Шүдэн овгийн Сүхбаатарын Мөнхбат

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Эко Сүмбэр хотхоны 5-4 тоотод байх гэртээ 2016 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 6 цагийн үед С.Мөнхбат нь согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Мөнхтөртэй маргалдаж улмаар түүний хэвлий тус газар нь нэг удаа хутгалж  биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас

         1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч С.Мөнхбатын Улсын яллагчийн оногдуулсан ялтай маргах зүйл байхгүй. Миний хувьд ар гэрийн боломж муу, банкны зээлтэй, дахиж ийм алдаа гаргахгүй болохоор оногдуулсан ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэж хүсч байна гэв.

          1.2.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Э.Мөнхтөрийн: Хувийн таарамжгүй харьцаанаас болоод С.Мөнхбаттай муудалцсан нь үнэн. Миний хувьд ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч Э.Мөнхтөрийн ...Мөрийтэй тоглоод би Мөнхбатаас 80,000 төгрөг бэлнээр авсан байсан. Би одоо больё явья гэсэн чинь Мөнхбат шаралхаад дахиж тоглох гээд байхаар нь би пизда чинь яах гээд байгаа юм гээд хэл амаар доромжилтол Мөнхбат уурлаад намайг пизда гэж хараалаа гээд гал тогооны шүүгээнээсээ 2 хутга 2 гартаа бариад нэгээр нь миний гэдэс хавьд 1 удаа хатгачихсан. Гэтэл миний хэвлийн зүүн доод хэсгээс цус гараад байхаар нь Гантөмөр намайг эмнэлэг хүргэж өгсөн. Эмнэлэгт очоод 4 оёдол тавиулаад гэртээ харьсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / хх-ийн 19-р хуудас/

 

2.2. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн С.Мөнхбатын ... Мөнхтөр ах тухайн үед намайг хожиж байснаа чи муу пизда арчаагүй гэхээр нь би үгийг нь даалгүй гэр оронд орж ирчихээд та яахаараа намайг доромжилдог юм гээд гал тогооны шүүгээн дээр байсан 2 хутгыг баруун зүүн гартаа бариад айлгах гээд чичсэн чинь Мөнхтөр ахын хэвлийн зүүн доод хэсэгт хутгалсан байсан. Би Мөнхтөр ахыг хутгалснаас болж биед нь хөнгөн гэмтэл учуурлснаа хүлээн зөвшөөрнө...  гэсэн мэдүүлэг  /хх-ийн 28 дугаар хуудас/,

    

2.3. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Ж.Гантөмөрийн ...Мөнхтөр Мөнхбатыг тоглох явцдаа пизда гэж хэлснээс болж хоорондоо маргалдаад Мөнхбат нь намайг манай гэрт пизда гэж хараалаа гээд босож гал тогооны шүүгээн дээр байсан хүрэн өнгийн иштэй хутгыг гартаа бариад Мөнхтөрлүү дайрсан. Мөнхтөр биеийн дээд хэсгээрээ хувцасгүй цээж нүцгэн байсан, гэдэснийх нь зүүн доод хэсэгт зүсэгдсэн шинэ шархтай болсон харагдсан гэсэн мэдүүлэг. / хх-ийн 20-р хуудас/

 

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 260 дугаартай дүгнэлтэд 

 Э.Мөнхтөрийн биед хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдсан шарх гэмтэл тогтоодлоо. Дээрх хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдсан шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.  Дээрх гэмтлүүд нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно... /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Мөнхбат нь 2016 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Эко Сүмбэрийн 5-4 тоотод Э.Мөнхтөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний хэвлий тус газар нэг удаа хутгалж түүний биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Э.Мөнхтөрийн ...Би одоо больё явья гэсэн чинь Мөнхбат шаралхаад дахиж тоглох гээд байхаар нь би Пизда чинь яах гээд байгаа юм гээд хэл амаар доромжилтол Мөнхбат уурлаад намайг пизда гэж хараалаа гээд гал тогооны шүүгээнээсээ 2 хутга 2 гартаа бариад нэгээр нь миний гэдэс хавьд 1 удаа хатгачихсан.,

Сэжигтэн, яллагдагч С.Мөнхбатын ... Би Мөнхтөр ахыг хутгалснаас болж биед нь хөнгөн гэмтэл учуурлснаа хүлээн зөвшөөрнө...

Гэрч Ж.Гантөмөрийн ...Мөнхтөр биеийн дээд хэсгээрээ хувцасгүй цээж нүцгэн байсан, гэдэснийх нь зүүн доод хэсэгт зүсэгдсэн шинэ шархтай болсон харагдсан гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 260 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дүгнэвэл Шүүх шүүгдэгч С.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн ч хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Э.Мөнхтөр нь шүүгдэгчтэй эвлэрсэн, ямар нэг санал гомдол байхгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчээс цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрснийг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба өөрөөр зохицуулсан ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тус хоёр заалтыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж байгаа байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхбатад ашигтайгаар хэрэглэж, шийдвэрлэхээр байна.

  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283.,

284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 295-297., 298., 299 дүгээр

зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Шүдэн овгийн Сүхбаатарын Мөнхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Шүдэн овгийн Сүхбаатарын Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

 3. Шүүгдэгч С.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

         

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Шүдэн овгийн Сүхбаатарын Мөнхбатыг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ЭНХМАНДАХ