Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0619

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “Б ” ХХК-ын гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: “Б ” ХК

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б ,

Гомдлын шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б ын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 00******* дугаартай “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Ч.А , итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдол гаргагч “Б ” ХХК-ийн захирал Ч.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайд маш олон удаа шалгалт ирдэг. Тиймээс бид шалгуулж сурсан. Шалгалт удирдамжийн дагуу явдаг. Уг шалгалтын зорилгыг удирдамжид тодорхой заасан байна. Хүнсний худалдааны газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлагыг хангаж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн нөхцөлийн шалтгаан нөхцөлийг тогтоож таслан зогсоох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан шийдвэрлүүлэхэд хяналт шалгалтын зорилго оршино гэж заасан байна.  Мөн уг удирдамжид Байгаль орчин аялал жуучлалын сайд Нийслэлийн Засаг дарга нарын баталсан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай батлагдсан. Агаарын бохирдолд хяналт тавих тухай тушаалын дагуу хийсэн. Түүхий нүүрс түлдэг худалдааны газраас хэсгийн халаалттай, түүхий нүүрс түлдэг, ердийн халаалттай 117 худалдааны газар мэдэгдэх хуудас хүргүүлж холбогдох хууль дүрэм журам стандартын талаар зөвлөгөө өгч ажиллана гэж заасан. Тухайлбал байгаль орчны байцаагч Б  шалгалтын багт орж манайд шалгалт явуулсан нь үнэн боловч манайд ямар ч үндэслэлгүйгээр акт тавьсан. Манайд байгаль орчинд нөлөөлөх, байгаль орчинг дордуулах ямар ч зүйл байхгүй. Яагаад гэхээр бохир нийтийн шугамд холбогдсон. Төвийн халаалттай, эрчим хүчээ нарны болон төвийн эрчим хүчээс авдаг. Стандартын дагуу хийгдсэн худалдааны зах. Давуу тал нь хотын төвд оршдог, төмөр замтай ойрхон. Тиймээс үйл ажиллагаа идэвхтэй явагддаг. Хогоо ялгаж ангилдаг. Олон сая төгрөг зарж хогыг цэвэрлэдэг. Хариуцагч манайхыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэж үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Одоогийн мөрдөж байгаа мэргэжлийн хяналтын газрын нийтлэг дүрэмд үйлчилгээ худалдаа хийж байгаа байгууллагуудад ямар шаардлага мөрдөг талаар заасан. Үүнд 2 дугаар зүйлийн 2.21.1-2.21.15 дахь хэсэгт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэх зүйл байхгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгэ байхгүй гэж шийтгэл оногдуулсан. Г*******ан хууль дүрэм журмыг бид тухайн бүрд нь судлаад биелүүлж ажилладаг. Мэргэжлийн хяналтын байгууллага болон Нийслэл, дүүргийн бүх байгууллагуудтай хамтарч ажилладаг. Тавьсан шаардлага бүрийг нь биелүүлдэг. Тиймээс уг компани 25 жил ямар нэг зөрчил гаргаагүй. Хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагад тавигдаж байгаа хяналт шалгалтын актуудыг бүрэн хүлээж авдаг. Түүний дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. Жин хэмжүүрийн хяналтыг жилд 2 удаа хийдэг. Бүтээгдэхүүний гарал үүслийг бүгдийг стандартын дагуу бүртгүүлж байгаа. Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа бүх хүмүүсийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулдаг. Мөн хүнсний захуудад байхгүй хамгийн том хүнсний лоброторыг ажиллуулж байгаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх ёстой гэсэн заалт байхгүй байна. 2 дугаар зүйлийн 2.10 дахь хэсэгт байгаль орчны хяналт гэж байна. Байгаль орчинд нөлөөлөх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуй нэгжийн төсөл хөтөлбөр, гэрээний байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамрагдсан байдал, үнэлгээгээр заасан байгаль орчныг нөхөн сэргээх, засаж тохижуулах арга хэмжээний биелэлтэд хяналт тавина гэж заасан байна. Гол нь үйлдвэрлэл үйлчилгээ нь байгаль орчинд нөлөөлж байгаа тохиолдолд байгаль орчны хяналтын байцаагч энэ зүйлийг шаардах байх.

Холбоотой хууль дүрмийг судалж үзэхэд байгаль орчинд нөлөөлөх үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа тохиолдолд уг үнэлгээг хийлгэхээр заасан байна. Шинээр төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол хийх ёстой юм байна. Гэтэл б******* захын гол барилгууд бол намайг төрөхөөс өмнө байгуулагдсан. Би 1995 онд хувьчилж авсан. Энэ хугацаанд Нийслэл, дүүрэг, мэргэжлийн хяналтын газрын хэн аль энэ шаардлагыг гаргаагүй. Хяналт шалгалтаар ирсэн маш олон чиглэлийн байцаагч нар ирж чиглэл чиглэлээрээ шалгадаг. Иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Гэтэл хариуцагч удирдамжид заасан зорилгоос ух*******ан. Аж ахуй нэгжид  арга зүйн зөвлөгөө өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулахын оронд танайд байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ байхгүй байна гэж арга хэмжээ авч байгаа нь ёс зүйгүй асуудал. Хариуцагч ажлаа хийхгүй байна. Төрийн хяналт шалгалтын үүрэг юу вэ гэдгээ тодорхойлох ёстой. Түүнийгээ мэдэхгүй байна. Тиймээс манай үйл ажиллагаанд халдаж байна гэж үзэж байна. Биднийг басаж доромжил, төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өөрийн эрх ашиг илүүд үзэж бидэнд дарамт учруулж байна. Үүнээс өмнө манайд мэргэжлийн хяналтын байгууллагаас манайд хяналт шалгалт ирж илэрсэн зөрчлийг би хүлээн зөвшөөрч зөрчлийг арилгаж, мэргэжлийн байгууллагад нь дахин үзүүлж байсан. Мэргэжлийн байгууллагын гаргасан бодит шийдвэрийг биелүүлж ажилладаг. Хариуцагч Э, Оюунчимэг гэх хүмүүс рүү  зурвас бичиж ир гэсэн. Би группийн ерөнхийлөгч, өмчийн эзэн. Би Б******* ХХК-ийн гүйцэтгэх захирал. Би 10 гаран компаний гүйцэтгэх захирал, 20 гаран компаний ТУЗ-ийн дарга. 10-аад компаний ТУЗ-ийн гишүүн. Худалдаа аж үйлдвэрийн танхим болон болон бусад чөлөөт бүсүүдийн нэгдсэн холбоо зэрэг маш олон үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг. Миний оффис Чингэлтэй дүүрэгт Гэсэр сүмийн урд байдаг. Миний оффист ороод ирж болох байсан. Гэтэл хамааралгүй хүн рүү зурвас илгээж дарамталж гарын үсэг зур гэж тулгаж гарын үсэг зуруулж болохгүй. Гүйцэтгэх удирдлага нь А  гэх хүн байдаг. Энэ хүн компанийг төлөөлөх эрхтэй гэдгийг Оюунчимэг, Э нар хэлсэн. 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын сургалтын танхимд байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц*******, Б*******, Б  нар зохион байгуулна гэсэн. Энэ сургалтанд Б*******-1 захаас очих хүн байгаагүй. Б*******-2 захад ажилладаг манай нярав Оюунчимэг хоцорч очсон. Сургалтын гарын авлага өгсөн гэж байгаа боловч өгөөгүй. Дөнгөж ороод гарын үсэг зурсан. Ороод 10 минут ч болоогүй байхад сургалт хаагдаж хөөгдөж г*******ан.  Тиймээс сургалт зохион байгуулж, гарын авлага тарааж шалгалтын бэлтгэл ажил хийсэн гэж байгаа нь худлаа. Зах худалдааны төвүүдэд тавигдах байгаль орчны хяналт гэх сургалт нь 12 цаг 20 минутаас 12 цаг 40 минутын хооронд орж байгаль орчны хяналтын байцаагч З.Оргил гэх хүн сургалт орох байсан. Тухайлбал хууль бус ан амьтны түүхий эдийг худалдан борлуулахгүй байх тухай, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаар сургалт 11 цаг 40 минутаас 12 цаг 20 минутын хооронд Сонин-Эрдэнэ орох ёстой байсан боловч ороогүй. 11 цаг 40 минутад сургалтад очсон хүмүүс сургалтын танхимаас хөөгдөж г*******ан. Тэгэхээр сургалт ороогүй гэсэн үг. Хариуцагчийн өөрийгөө зөвтгөж амгаалсан тайлбар дээрх зүйлүүдээр үгүйсгэгдэнэ. Хариуцагч мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн чиг үүргээс хазайж заавал өөрийн албан тушаалаар далайлгаж аж ахуй нэгжийг заавал зөрчилтэй харагдуулах оролдлого хийсэн гэж үзэж байна. Хуульд заавал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх ёстой гэсэн заалт байхгүй байна. Хэрэв би хог шатааж, нүүрс түлж, бохир усаа асгаж байсан бол өөр хэрэг. Худалдааны байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх ёстой гэж зохицуулсан хууль байхгүй. Хэрэв байгаа бол бусад зах худалдааны төвүүд ингэж хийсэн байна. Танайх ийм зүйл хийгээрэй гэж зөвлөгөө өгч болно. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуунд гомдол гаргахад танайх байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байна. Гэхдээ та захиргааны шүүхэд хандах эрхтэй гэсэн хариу ирүүлсэн. Дээд байгууллага нь байцаагч нараа хамгаалж байна. Хууль хэрэв заасан бол бид мөрдөнө. Удирдамжийн зорилго нь агаарын чанарын сайжруулах зорилготой. Гэтэл огт хамааралгүй байгууллага дээр очоод танайх агаар бохирдуулж байна гэж ярьж болохгүй.

Хариуцагчийн ажил үүргийн хуваарийг мэргэжлийн байгууллага тогтоогоогүй байна. Б******* дээр яах гэж очиж байгааг нь ойлгогуулах ёстой. Ийм зүйл шалгах ёстой гэж мэргэжлийн зөвлөгөө өгөх ёстой. Хэн дуртай нь торгууль тавьж түүнийг нь төлдөг бол би өнөөдөр мөнгөгүй байх байсан. Би Монгол Улсын хууль дүрмийг сахиж биелүүлдэг. Татвар шимтгэл төлөх ёстой гэдгээ би сайн мэднэ. Татвараа сайн төлдөг. Ажилчдынхаа нийгмийн даатгал болон төлөх ёстой бусад шимтгэлийг төлөх ёстой гэдгээ сайн мэддэг. Б******* дах дээр ажиллаж байгаа түрээслэгчдийг хүртэл сайн дурын нийгмийн даатгалд хамруулж байсан. Тиймээс Нийгмийн даатгалын газраас шагнуулж байсан. Хариуцагч шалгалт явуулж дүгнэлт бичихдээ нүүрс түлдэггүй, төвийн халаалтад холбогдсон, бохир нь төвийн шугамд холбогдсон гэх зэргээр хуулийн дагуу явагдаж байгаа үйл ажиллагааг дүгнэж болох байсан. Гэтэл зөвхөн байгаль орчны үнэлгээ байхгүй байна гэсэн байна. Тэгэхээр ямар зорилготой ирсэн гэдэг тодорхой байна” гэв.

 

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Д  шүүхэд ирүүлсэн гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Б*******” ХХК-д Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 8009/0027 дугаар бүхий 12,476 кв.м газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмших эрхийн 06******* дугаартай гэрчилгээ олгогдсон.

Улмаар 2006 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 15 жилийн хугацаатай иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ байгуулан газар эзэмших болон төлбөрийн ямарваа нэгэн зөрчилгүй явж ирсэн болно.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 02-01/74 дугаартай Хяналт шалгалтын удирдамж гарч манай компанийн эзэмшиж буй худалдааны төвд хяналт шалгалт хийгдсэн гэх бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, Газар, Геодези, Зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б ын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 00******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэр гарч манай компанид хууль бусаар хариуцлага хүлээлгэсэн байна гэж үзэж байна.

Шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр уйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ... ” гэж зааснаар торгууль оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "... Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ ...” гэж заасан байх бөгөөд 2012 онд шинэчлэн найруулагдан батлагдсан хуулийн дагуу зохицуулагдсан байдаг. Манай компанийн хувьд 2006 онд газар ашиглах шийдвэр г*******наас хойш тасралтгүй ашиглагдаж байгаа бөгөөд ийм үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “. . хянан  шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх ..." гэж. мөн зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “... шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах ... ” гэж заасан зарчмуудыг зөрчиж явагдсан гэж үзэж байна. Учир нь зориудаар манай компанийн нэр төрд халдаж хяналт шалгалтын чиглэлд заагдаагүй үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн нь ямар ч аргаар хамаагүй манай компанийг муухай харагдуулан зөрчилтэй байгаа мэтээр тогтоохыг оролдсон гэж үзэхээс өөр аргагүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 "... Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ ...” гэж, 5.7 дахь хэсэгт “... Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ ...” гэж, 5.9 дахь хэсэгт "... Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана: 5.9.1.шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал; 5.9.2.улсын байцаагчийн санал, дүгнэлт; 5.9.3.шалгуулагч этгээдийн санал, хүсэлт ... ” гэж заасныг улсын байцаагч үйл ажиллагаандаа баримталж ажиллаагүй болно. “Шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-д шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн санал дүгнэлт, шалгуулагч этгээд болох манай компанийн санал дүгнэлтийг огт тусгаагүйн дээр тэмдэглэлтэй танилцсан шалгуулагч этгээд гарын үсэг зурах хэсэгт гарын үсэг зурагдаагүй. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж хяналт шалгалтын ажиллагааг явуулсан байдаг. Хяналт шалгалтын хугацаа нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх ёстой байтал улсын байцаагчаас 05 дугаар сарын 29-ний өдөр зөрчилд хариуцлага хүлээлгэсэн нь удирдамжинд заагдсан чиглэл хүрээ хугацаанд явагдаагүй нь нотлогдож байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт "... захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хуулъ ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нъ тогтоогдвол түүнийг хүчингүй болгох ... " гэж заасны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б ын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 00******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэр нь хууль бус байх тул хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.

... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б ын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээ байх ёстой эсэх талаар яриагүй. Байх ёстой бол хийлгэе гэж байгаа. Шийтгэл оногдуулахдаа хуульд заасан журмын дагуу оногдуулаагүй гэж үзэж байгаа. Шийтгэлийн хуудсаар хуульд заасан журмыг зөрчсөн тул хүчингүй болгуулах гэж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага байх ёстой гэж үзэх юм бол байх ёстой гэдгийг хэлээд Зайлшгүй байх ёстой бол хийлгэнэ. Байх ёсгүй гэж хэлээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд өгч байгаа тайлбар нь шийтгэл оногдуулсантай холбоотой үндэслэлээс өөр байна. Хэрэгт цугл*******ан баримт, манай гаргасан гомдлын шаардлага үндэслэл өөрийнх нь гаргасан тайлбараар шийтгэлийг хуульд заасан журмын дагуу оногдуулаагүй гэдэг нь нотлогдож байна. Шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсгийг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг үндэслээд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Манайд оногдуулсан шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан. Шийтгэл оногдуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн талаар л ярьж байгаа. Зөрчлийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж байгаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ байхгүй гэдэгтэй бид маргахгүй байгаа. Анхнаасаа байгаагүй байх боломжгүй. Байх ёстой гэж шаардаж байгаагүй. 1995 оноос хойш 2019 он хүртэл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой асуудал нэг ч яриагүй. Хуульд заасан журмын дагуу шийтгэл оногдуулсан бол төлбөрөө төлөөд үнэлгээгээ хийлгэхэд татгалзахгүй. Төрийн байгууллага аж ахуй нэгжид хяналт шалгалт явуулахдаа хуульд заасан журмын дагуу явуул гэх шаардлага тавьж гомдол гаргасан.  Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол гэж заасан. Хэзээ хийлгэх ёстой вэ гэдгийг хуулиар зохицуулсан. Өөрийнх нь үндэслэл болгож ярьж байгаа хууль болох Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт хэзээ хийх ёстойг зохицуулсан. Гэрчилгээ олгож гэрээ байгуулахаас өмнөх асуудал ярьж байгаа. Гэтэл 1995 оноос хойш ашиглаж байгаа газрын хувьд 2005 оны асуудлын талаар газрын тухай хууль барьж буруутгаж болохгүй. Уг зохицуулалт нь тухайн гарыг авахаас өмнөх асуудал. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилготой газар эзэмших эрх авсан иргэн аж ахуй нэгж. Манай гэрчилгээний хугацаа дуусаад газар ашиглах гэрээний хугацаа дуссаны дараа энэ үндэслэлийг ярьсан бол өөр хэрэг.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт үнэлгээ нь ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ гэж байдаг. Уг үнэлгээ байхгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулж болохгүй гэж заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан.  Хариуцагч тайлбарлахдаа мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт төсөл гэж юу вэ гэдэг талаар зохицуулсан гэж байна. Уг зохицуулалт нь шинээр байгуулах болон ажиллаж байгаа, үйлдвэр үйлчилгээ барилга байгууламж тэдгээрийг шинэчлэнэ гэж байгаа.  Тэгэхээр манайд шинээр авсан, шинэчлэсэн, өргөтгөсөн зүйл байхгүй. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хийлгэхгүйгээр гэдэг нь няцаагдаж байна. Төрийн байгууллага зөвлөгөө өгнө үү гэхэд би зөвлөхгүй гэж байна. Төрийн ажлыг ийм байдлаар хийж болохгүй. Мөн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж заасан. Ямар ч хамаагүй хүн дээр очиж, гарын үсэг зур гэж зуруулаад. Өмнө ажиллаж байсан тул бидний үйл ажиллагаанд тусал гэх байдлаар зуруулсан нь гэрчийн мэдүүлгээс харагдаж байна.  Тухайн хүний бичиг баримтыг шаардаж шалгахгүй хяналтын ажил явуулсан. Бичиг баримт шаардаж үзэх эрх нь байгаа. 2019 оны аж ахуй нэгжийн бүх мэдээлэл нээлттэй болсон байсан үе. Бүртэл.мн сайт руу ороод байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд хэн бэ гэдгийг харах боломжтой. Дурын иргэн хүртэл орж харах боломжтой. Ямар ч хамааралгүй хүн рүү зурвас явуулсныгаа мэдэгдсэн гэж үзэж болохгүй. Сургалтанд суусан хүнээр удирдамж явуулах ёсгүй.  Тухайн байгууллагын албан ёсны хаяг шуудангаар эрх бүхий албан тушаалтанд гардуулсныг мэдэгдсэн гэж үзнэ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсгийг ярьж байна. Нээлттэй ил тод явуулаагүй гэдэг нь нотлогдож байна. Зурвасаа захирлын дугаар руу явуулсан бол болох байсан. Очоод уулзаж болох байсан. Уулзах гээд очиход чинь оруулахгүй байсан бол өөр хэрэг. Мэргэжлийн хяналтын байгууллагатай 20 хэдэн жилийн турш хамтын ажиллагаатай ажиллаж байсан. Өмнө нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан шийтгэлтэй холбоотой асуудлаар гомдол гаргаж байгаагүй. Хууль бусаар г*******ан тул гомдож байгаа. Шалгуулагч этгээдийн хууль ёс, эрх сонирхол нэр төрийн хүндэтгэн харилцах зүйл байхгүй. Өөрөө гарч шалгаад хяналт шалгалтын ажил явуулсан талаар гэрч мэдүүлж байна. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь  хэсэгт хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ гэж заасан. Сургалтад ирсэн хүнд өгч явуулна гэсэн зохицуулалт байхгүй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж заасан. 5.9 дүгээр зүйлд хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана гэж заасан. Дээрх заалтуудыг зөрчсөн. Шалгалтын тэмдэглэлийг 2 хувь үйлдээгүй. Нэг хувийг манайд үлдээгээгүй. Шалгуулагч этгээдийн санал дүгнэлтийг аваагүй. Шийтгэлийн хуудас нь хууль бус гэдэг нь тогтоогдож байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Байгаль орчин, газар ,геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б  би, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 12 дахь хэсэгт заасны дагуу “Б*******-И*******" ХХК-д холбогдох Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн зөрчилд “00******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах тухай” зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргаж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх /Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээг харгалзан мэргэжлийн хяналтын төв байгууллага өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, олон нийтэд мэдээлнэ/ хэсгийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны үндсэн зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу шалгахаар зарлагдсан томоохон зах, худалдааны газруудын үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 02-01/174 дугаартай удирдамжийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь /Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ./ хэсэг, Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь /Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ./ хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу “Б*******-И*******” ХХК-ийн үйл ажиллагаанд байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр хяналт шалгалт хийсэн.

... “Нэхэмжлэлийн үндэслэл-1”-ийн хариу тайлбар: Нийслэлийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 87 тоот шийдвэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12476 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар “Б*******-И*******” ХХК-д эзэмшүүлсэн байна.

Шалгалтаар 1998 онд шинээр батлагдан мөрдөгдөж, 2012 оны 05 дугаар сарын 17-ний өдөр шинэчилсэн найруулагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, мөн 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдан 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн “Газрын тухай хууль”-уудын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтыг хийсэн.

Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр газар дээр нөхцөлтэй танилцан холбогдох баримт бичигт хяналт шалгалт хийхэд тус компани нь 2006 оноос 2019 оныг хүртэл 14 жил үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй үйл ажиллагаа явуулж байсан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь /Байгаль орчны нөлөөллийн ерөнхий унэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ./, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь /34.2.Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ./ хэсгүүдэд заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./ хэсгийн дагуу 3000 нэгж буюу 3000000 /гурван сая/ төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулах үндэслэл бүрдсэн.

... “Нэхэмжлэлийн үндэслэл-2”-ийн хариу тайлбар: Тус хяналт шалгалт нь Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зарлагдан Мэргэжлийн хяналтын байгууллагын шилэн хяналтын цахим хуудсанд бүртгэж, байгууллагын олон нийтийн цахим хуудсанд аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг байршуулсан. Төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын баталсан “Зах худалдааны төвүүдэд зохион байгуулах сургалтын хөтөлбөр”-ийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулсан. Тус сургалтад “Б*******-И*******” ХХК, “МВС” ХХК-ийн Б*******-1, Б*******-2 худалдааны төвүүдийг төлөөлж менежер Г.Оюунчимэг хамрагдан 8 заалт бүхий 02-1/289 тоот мэдэгдлийн хүлээн авч гарын үсэг зурсан болно. Иймд дээрх нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан асуудал нь үндэслэлгүй болно.

... Нэхэмжлэлийн үндэслэл-3”-ийн хариу тайлбар: Төлөвлөгөөт хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын баталсан “Зах худалдааны төвүүдэд зохион байгуулах сургалтын хөтөлбөр”-ийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулсан. Тус сургалтад “Б*******-И*******” ХХК, “МВС” ХХК-ийн Б*******-1, Б*******-2 худалдааны төвүүдийг төлөөлж ирсэн менежер Г.Оюунчимэгт хяналт шалгалтын бүрэлдэхүүн, удирдамж, 2.12 кодтой “Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагыг шалгах хяналтын хуудас”-ыг тус тус танилцуулж, тус бүр 1 хувийг өгч, гарын үсэг зуруулсан.

Удирдамжийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр газар дээрх нөхцөлтэй танилцаж, шаардагдах зарим баримт бичиг бэлэн бус байсан тул 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 307 тоотод ирж шалгуулах тухай 0050302 дугаартай шалгалт хийсэн тухай тэмдэглэлийн үйлдэн, нэмэлт санал хүсэлтгүй гэсэн тул дэд захирал М.Эт танилцуулан гарын үсэг зуруулан 1 хувийг гардуулж өгсөн.

Үүний дараа 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр холбогдох баримт бичигт хяналт шалгалт хийхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт хуульд заасан тогтоосон журмын дагуу гаргуулаагүй, эзэмшил газрын 10-аас доошгүй хувьд ногоон байгууламж байгуулаагүй гэсэн зөрчлүүд илэрч, 0050305 дугаартай шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг хөтөлж, дэд захирал М.Эт танилцуулахад санал дүгнэлтгүй гэсэн тул гарын үсэг зуруулж, 1 хувийг гардуулж өгсөн.

Дээрх шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг хөтлөх бүрт шалгуулагч этгээдэд санал дүгнэлтийг тусгах талаар мэдэгдэхэд санал дүгнэлт байхгүй гэснээр тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан болно. Иймд дээрх нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан асуудал нь үндэслэлгүй байна.

...“Нэхэмжлэлийн үндэслэл-4”-ийн хариу тайлбар: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан төлөвлөгөөт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Б*******-И*******” ХХК-д байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр 2019 оны 04 дүгээр сарын 11 -ны өдөр хяналт шалгалт хийхээр Б******* худалдааны төв дээр очиж, газар дээрх нөхцөл байдал, холбогдох баримт бичигт хяналт шалгалт хийсэн. Тухайн үед зарим баримт бичиг бэлэн бус байсан тул 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шалгуулахаар болж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд захирал М.Э ирж шалгуулсан. Шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн шийтгэл оногдуулах талаар мэдэгдэхэд ерөнхий захиралдаа мэдэгдээд эргэж ирнэ гээд явсан.

Үүний дараа дэд захирал М.Этэй дугаарт холбогдоход “ерөнхий захирал зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байна" гээд ахиж ирээгүй тул Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Нийслэлийн прокурорын нэгдсэн бүртгэлийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1902000271 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Улмаар Зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоолыг танилцуулах зорилгоор дэд захирал М.Эийн дугаарт 2019 оны 05 дугаар сарын 02, 07, 09-ний өдрүүдэд мессеж бичиж мэдэгдсэн боловч ирээгүй тул 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэл явуулах хугацааг сунгах тухай тогтоол үйлдэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг 14 хоногоор сунгасан боловч мөн ирээгүй болно.

Тус нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан “..Хяналт шалгалтын хугацаа нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх ёстой байтал улсын байцаагчаас 5 дугаар сарын 29-ны өдөр зөрчилд хариуцлага хүлээлгэсэн нь удирдамжинд заагдсан чиглэл хүрээ хугацаанд явагдаагүй нь нотлогдож байна...” гэх асуудал нь үндэслэлгүй байна.

Учир нь хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу удирдамжинд заасан хугацаанд гүйцэтгэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу улсын байцаагчтай холбогдон г*******ан шийдвэр бүрийг тухай бүрт мэдэгдэж байсан боловч холбогдогч тал болох “Б*******-И*******” ХХК нь хяналт шалгалтаас зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дуустал зайлсхийж байсан тул үйлдсэн зөрчилд хяналтын прокурорын зөвшөөрлөөр торгуулийн шийтгэл оногдуулж, хянуулсан болно. Торгуулийн шийтгэлийг 002/00******* дугаартай шийтгэлийн хуудсыг “Б*******-И*******” ХХК-ийн дэд захирал М.Эт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар шуудангаар хүргүүлсэн.

“Б*******-И*******” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./ хэсгийн дагуу 3000 нэгж буюу 3000.0 /гурван сая/ төгрөгийн шийтгэл оногдуулсныг 2019 дугаар сарын 30-ны өдөр 002/00******* дугаартай шийтгэлийн хуудас, 1902000271 дугаартай эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” даалгаврыг Улаанбаатар шуудангаар хүргүүлэхэд хүлээн авч, 0219/9951 дугаартай баталгаат гардуулалтын хуудсанд гарын үсэг зурсан.

Дээрх улсын байцаагчийн шийдвэрүүдийг 2019 оны 06 дугаар сарын 14, 30- ны өдрийн дотор сайн дураар биелүүлэх, зөрчлийг үр дагавар арилгуулахыг даалгасан боловч өнөөдрийг хүртэл торгууль, зөрчлөө арилгах арга хэмжээ аваагүй байгаа болно.

Иймд байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б  би 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Б*******-И*******" ХХК-д оногдуулсан 002/00******* дугаартай торгуулийн шийтгэл болон 1702000095 дугаартай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” даалгаврыг хэвээр үлдээж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь /Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ./ хэсэг, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь /Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргана./ хэсгийг үндэслэн шийдвэр гаргаж өгнө үү.

... Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлж сургалт зохион байгуулж зөвлөгөө өгсөн. Хамааралгүй хүн ирсэн гэдэг нь уг байгууллагын өөрсдийн дотоод зохион байгуулалт, хүний нөөцийн чадваргүй байдлын асуудал түүнээс манай байгууллагад хамааралгүй. Манайх баримтаа хууль ёсны дагуу гардуулж хүргүүлсэн. Мөн хууль тогтоомжийг үргэлж чихэнд нь хэлээд байж байх ёстой гэж ойлгодог юм шиг байна. Хууль тогтоомжийг байцаагч үргэлж ярих биш өөрсдөө мэдэж судлаад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Бид заах арга зүйч багш нар биш. Бид зөвлөн туслах үйлчилгээгээ 2 сарын өмнө үзүүлсэн. Гэвч өөрсдийнх нь дотоод зохион байгуулалтгүйгээс болж ямар ч хамааралгүй гэж доод албан тушаалтан нь ирсэн. Тэр хүн удирдлагадаа хэлээгүйгээс болж өнөөдөр маргаж байна. Мөн өмнө хяналт шалгалт хийж байсан тул зураад өг гэж хэлсэн хүн нь би биш гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Би тэгж хэлээгүй, тэгж хэлсэн хүнийг ч сонсоогүй. Мөн туршлагагүй залуу хүн гэж ойлгоод байна. Туршлагагүй гэдэг бол юм мэдэхгүй хүнийг хэлнэ түүнээс мэддэг залуу туршлагатай хүн байж болно. Туршлагатай гээд хуулийг гуйвуулж өмгөөлдөг байж болохгүй. Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг 2 хувь үйлдэж нэг хувийг гардуулсан. Гарын үсэг зурж авсан. Цааш нь хэрхэн дамжуулсныг би тогтоох шаардлагагүй. Танилцаад гарын үсэг зураарай гэсэн. Би хүн дарамталдаг биш эрх зүйт нийгэмд амьдарч байгаа. Гарын үсэг зурж байгаа хүн бүгдтэй нь танилцаж гарын үсэг зурсан. Тиймээс хууль зөрчсөн зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын байцаагч нарын зарчим байдаг. Заавал эхэлж мэдэгдэж, зөвлөн тусалдаг. Цаас гэж ойлгоод байх шиг байна. Энэ зөвхөн цааш биш. Цаасан дээр нотлогдсон зүйл тус компанийн хийх үйлдэл болж байгаа. Нийгмийн өмнө хүлээж байгаа хариуцлага болон Монгол улсын хууль тогтоомжийг биелүүлж байгаа баталгаа болж байгаа болохоос А  гэх хүний дургүйг хүргэсэн цаас биш. Тиймээс 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 00******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулсан тухай шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай албан даалгаврыг хэвээр үлдээж зөрчлийг арилгуулж, холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх. Цаашид төрийн байгууллагыг процессын алдаа гаргах гэж улайрдаг. Өөрсдийнхөө бурууг хүлээхгүй. Төрийн албан хаагч л буруу зүйл хийдэг авилга хээл хахууль авдаг гэсэн үзлийг гаргахгүй байх талаар шүүх анхаарч үзнэ үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр “Б ” ХХК-аас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б д холбогдуулан гаргасан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б ын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 00******* дугаартай “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б  нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар “Б ” ХХК-ийг 3 сая төгрөгөөр торгож шийдвэрлэжээ[1].

 

Гомдол гаргагчаас нийслэлийн Засаг даргын 2001 оны 476 дугаар захирамжаар эзэмшиж буй нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах, Б*******-1 худалдааны төв байрлаж буй 12476мкв газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж байгаагүй тухайдаа маргахгүй, харин “манай компани нь тус газарт байрлах обьектыг газрын хамт 1995 онд хувьчилж авсан, газар эзэмших эрх анх 2001 онд үүссэн, улмаар 2005 онд газар эзэмших эрхийг сунгуулж, хугацаа дуусах болоогүй байхад 2012 онд хүчин төгөлдөр болсон хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх ёстой гэж шийтгэл ногдуулсан, мөн хариуцагч нь баталсан удирдамжийн зорилгоос гажиж, зөвлөн туслалгүйгээр шууд шийтгэл ногдуулсан, түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийг оролцуулаагүй, түүнд мэдэгдээгүй нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагчаас “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх үүрэгтэй бөгөөд хяналт шалгалтын төлөвлөгөө батлуулж, худалдааны төвүүдэдэ мэдэгдэж, сургалт зохион байгуулсны дараа хяналт шалгалтын ажлыг явуулсан, эрх бүхий гэх албан тушаалтныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан тул шийтгэл ногдуулсан нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан гомдлын шаардлагыг эс зөвшөөрсөн.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/74 тоот “Худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх” удирдамжид хяналт, шалгалтын зорилгыг “... шалгахаар зарлагдсан хүнсний худалдааны газруудын үйл ажиллагаанд ... Байгаль орчны багц, Газрын тухай ... хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилт, ... дүрмийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоож, таслан зогсоох, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан шийдвэрлүүлэх” гэж тодорхойлжээ[2].

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 02-01-329 дугаартай мэдэгдлүүдийг зах, худалдааны төвүүдэд хүргүүлж, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр сургалт зохион байгуулсан байх ба уг сургалтад “Б*******-1”, “Б*******-2” худалдааны төвүүдийг төлөөлж тухайн үед Б*******-2 худалдааны төвийн няраваар ажиллаж байсан Г.Оюунчимэг оролцсон байх ба тэрээр шүүх хуралдаанд гэрчээр оролцож өгсөн мэдүүлэгтээ уг сургалтад суусан болохоо үгүйсгээгүйн дээр тараах материал, удирдамжийг холбогдох албан тушаалтанд дамжуулан өгсөн[3] болохоо мэдүүлсэн.

Түүнчлэн “Б ” ХХК-ийн захирал Ч.А  нь уг мэдэгдлийг, хяналт шалгалтын удирдамжийг хүлээн авснаа үгүйсгэхгүй атлаа “урьдчилан мэдэгдээгүй, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлээгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 0050302, 0050305 дугаартай “Шалгалт хийсэн тэмдэглэл”-ийг үйлдэж “Б*******-1” худалдааны төвд 2017 оныг дуустал гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, хяналт шалгалтын үед ажиллахаа больсон М.Эээр гарын үсэг зуруулж, түүний утсанд зурвас илгээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар дуудсан нь буруу боловч М.Эээс шүүх хуралдаанд гэрчээр оролцож өгсөн мэдүүлэгтээ “... тэмдэглэлийг би гарын үсэг зурж аваад 1 хувийг захиралд өгсөн, ... утсанд удаа дараа зурвас ирсэн тул очиж нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт очсон, улмаар энэ талаараа захиралд мөн мэдэгдсэн”[4] гэж мэдүүлсэн болон хариуцагчаас “тухайн үед шалгалтаар очиход М.Э нь би захирлаар ажилладаг гэж тайлбарлаж холбогдох баримтанд гарын үсэг зурсан” гэж тайлбарлах боловч М.Э нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “та өмнө ажиллаж байсан юм чинь захиралдаа дамжуулж мэдэгд гэх агуулгаар намайг гарын үсэг зуруулсан” гэж мэдүүлж үгүйсгэж байх ба энэхүү нөхцөл байдлыг захиргааны хэргийн шүүхээс шалган тогтоох боломжгүй.

Дээрхээс үзвэл, “Б*******-И*******” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болохыг мэдсэн гэж үзэхээр байх тул түүний “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хууль бус” гэсэн тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

“Б ” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар шийдвэрийн[5] дагуу хойш Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах, Б*******-1 худалдааны төв байрлаж буй 12476мкв газарт байрлах худалдааны төвийн үйл ажиллагаа явуулж байхад хариуцагч нь газар эзэмших эрх үүсэхээс өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлагатай талаарх “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг үндэслэн татгалзлаа тайлбарлаж буй нь буруу байна.

 

Харин “Б ” ХХК нь эзэмшиж буй газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын аливаа үнэлгээг огт хийлгэж байгаагүй нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн лавлагаануудаар тогтоогдож[6] байхын зэрэгцээ тус компанийн захирал Ч.А аас уг үйл баримтын үгүйсгэхгүй “хууль хүчин төгөлдөр болохоос өмнө манай байгууллагад газар эзэмших эрх үүссэн тул бид үнэлгээг нөхөн хийлгэх шаардлагагүй” хэмээн тайлбарлаж байгаа нь 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдан мөрдөж буй Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар үүссэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал,

Хууль тогтоогчоос Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэг зорилтыг “...Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх...” гэж тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “... одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана” гэж тусгайлан зохицуулсанаас үзвэл байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад чиглэсэн хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнө баригдсан барилга байгууламж, түүний доорх газар, үйлдвэрлэл, үйлчилгээний орчны нөлөөллийг тодорхойлох зорилготой үнэлгээ байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын  3.1-т зааснаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад хандан төсөл хэрэгжүүлэгч гаргахаар заасан байна.

Дээрхээс үзвэл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль батлагдахаас өмнөх цаг хугацаанд баригдсан барилга байгууламж болон түүний доор газрыг эзэмшиж буй этгээдэд дээр дурьдсан хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх үүрэг өөрт нь шинээр бий болсныг мэдэх боломжтой байсан төдийгүй, ийм үүрэг үүссэнийг мэдээгүй, түүнчлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй байгаа нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зөвхөн газар хөндөх, байгалийн төрх байдлыг өөрчлөх тохиолдолд хийхээр хуульчилсан байхад нэгдсэн бохирын системтэй, хог хаягдлаа гэрээний дагуу зөөвөрлөдөг, хот сууринд хамаарах газарт үнэлгээ хийлгэхийг шаардаж байгаа хууль бус” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь “байгаль орчны стратегийн үнэлгээ /цаашид “стратегийн үнэлгээ”, “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ”, “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”, “хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ”-ээс тус тус бүрдэхээр заасан байх ба гомдол гаргагчийн дээрх тайлбар нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд хамаарах тул үндэслэлтэй.

Харин “Б ” ХХК-ийн хувьд байгаль орчны төлөв байдлын үнэлгээг бус дээр дурьдсан журмын дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэж нарийвчилсан үнэлгээ хийлгэх эсэх, эсхүл төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх эсэх асуудлыг тодруулсны үндсэн дээр үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Дээрхээс нэгтгэн үзвэл, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б ын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар ”Б*******-и*******” ХХК-ийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил”-д шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж үзэхээргүй, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах талаарх хяналт шалгалтын удирдамжийн зорилгод нийцсэн байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагчаас “хяналт шалгалтын явцад “Б ” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй байхаас гадна илэрсэн өөр зөрчилд хариуцлага хүлээлгээгүй, үйл ажиллагааг зогсоогүй, хохирол гаргуулаагүй” гэж тайлбарлаж байх боловч гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулж эрх бүхий албан тушаалтнаас хариуцлага хүлээлгээгүй зөрчилд шүүхээс дүгнэлт хийж, шийтгэлийг хүндрүүлэх үндэслэлгүйг тэмдэглэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б ” ХХК-ийн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б ын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 00******* дугаартай “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ


[1] Хавтаст хэргийн 45 дахь талд

[2] Хавтаст хэргийн 14 дэх талд

[3] Хавтаст хэргийн 136 дахь талд

[4] Хавтаст хэргийн 141 дэх талд

[5] Хавтаст хэргийн 16 дахь талд

[6] Хавтаст хэргийн 61,63,99 дэх талуудад