Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0363

 

Дорнод аймгийн "М А Х Н"ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн төлөөлөгч П.Б нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 201оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Дорнод аймгийн "М А Х Н"ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Дорнод аймгийн "М А Х н"аас нэр дэвшүүлсэн 24 хүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартааСонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө зохион байгуулж, тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалтад заасан 3 хоногийн хугацаанд багтаан намаас нэр дэвшигчдийн баримт бичгийг хууль, холбогдох журмын дагуу бүрдүүлж, тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан. Дорнод аймгийн "М А Х н" нь нэр дэвшигчдийн материалыг аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 45 минутад ирүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтад зааснаар нам, бие даагчдын ирүүлсэн материалыг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан хянаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсны дагуу аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт 04 дүгээр хуралдааныг зохион байгуулж, нэр дэвшигчдийн баримт бичгийг шалгаж, бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Дорнод аймгийн "М А Х н"аас нийт 28 нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн бөгөөд үүнээс 24 нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5 дахь заалтад заасан ... өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг-ийг ирүүлээгүй байсан тул хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д заасан нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу гэсэн нөхцөл байдал үүссэн гэж үзэж, хуралдаанд оролцсон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн 100 хувийн саналаар баримт бичиг дутуу ирүүлсэн дээрх 24 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолоор шийдвэрээ баталгаажуулсан.

... Мэдүүлгийг "М А Х н" нь аймгийн Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд ирүүлээгүйгээ нотолж, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр буюу нам, эвслээс нэр дэвшигчдийг бүртгэж дуусах сүүлийн өдөр нэр дэвшигчдийн мэдүүлгийг нөхөж ирүүлсэн. Иймд, Дорнод аймгийн "М А Х Н"ын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 201оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 157 дугаар зүйлийн 157.2, 157.2.5, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.3-д заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдох, нэхэмжлэгч Дорнод аймгийн "М А Х Н"ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Дорнод аймгийн "М А Х н"аас нэр дэвшүүлсэн 24 хүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Б давж заалдах гомдолдоо: Дорнод аймгийн "М А Х н"аас нийт 28 нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн бөгөөд үүнээс 24 нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5 болон Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 13 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан ... өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг-ийг ирүүлээгүй байсан тул тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 заасан нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу гэсэн нөхцөл үүссэн гэж үзэж баримт бичиг дутуу ирүүлсэн дээрх 24 нэр дэвшигчийг бүргэхээс татгалзаж, 2016 оны 05 дугаар сарын 17 өдрийн 05 дугаар тогтоолоор шийдвэрээ баталгаажуулсан. Дээрх шийдвэрийг Дорнод аймгийн "М А Х н" эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах алдаатай үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангажээ.

1.Шүүх маргаан бүхий асуудалтай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтын ... энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэснийг тайлбарлахдаа Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийг баримталсан.

Гэтэл Сонгуулийн тухай хуульд /16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтад/ Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг нэг өдөр нэгдсэн байдлаар авах хуулийн зохицуулалттайгаас өөрөөр Улсын Их Хурлын сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагааны холбогдох заалтыг Орон нутгийн хурлын сонгуулийн харилцаанд адилтган хэрэглэх, тайлбарлах хуулийн зохицуулалт байхгүй билээ. Улсын Их Хурлын сонгууль нь Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох парламентыг сонгох сонгууль, харин Орон нутгийн хурлын сонгууль нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох сонгууль бөгөөд дээрх 2 өөр төрлийн сонгуулийн харилцааг ялгаатайгаар хуульчилсан байтал нэгтгэн ойлгохоор анхан шатны шүүх тайлбарласан.

Улсын Их Хурлын сонгууль нь Монголын ард түмэн засгийн эрх мэдлээ хэрэгжүүлэх үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагыг өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн. Орон нутгийн хурлын сонгууль нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн иргэд өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн. Мөн Улсын Их Хурал болон Орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагааг тус тусад бүлэг болгон хуульчилж зохицуулсан бөгөөд Орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Сонгуулийн тухай хуулийн 151-164 дүгээр зүйлээр тусгайлан заасан байтал анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийг барьж тайлбарлах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйл нь Улсын Их Хурлын сонгуультай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчлагдсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд шууд хамаарах заалт болно.

2. Аймгийн Сонгуулийн хорооны шийдвэр нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх заалт болон Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг зөрчсөн, нэр дэвшигчийн баримт бичгийг хянаж мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгөөгүй гэсэн тайлбар хийсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дүгээр заалтад Монгол Улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан хэдий ч энэхүү эрхээ тусгайлан зохицуулсан хууль буюу Сонгуулийн тухай хууль түүнтэй уялдуулан гаргасан эрх бүхий байгууллагын тогтоол, журмаар тогтоосон хэм хэмжээний хүрээнд эдлэх ёстой. Гэтэл Дорнод аймгийн "М А Х Н"ын нэр дэвшигчид нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5 дахь заалтад заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг ирүүлээгүй байсан нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалтад зааснаар татгалзах үндэслэл байтал Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар тогтоолыг хууль бус хэмээн үзэж, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг зөрчсөн гэж шийдвэрлэсэн.

Аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйл /Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах/ болон Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 205 дугаар албан бичгээр ирсэн зөвлөмжийн 4 дүгээр заалт /Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг тодорхой хуульчилсан бөгөөд сонгуулийн хороод нь нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн хууль дээдлэх зарчмыг баримтлах/-ыг чандлан мөрдөж ажилласан байтал Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх аймгийн Сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг зөрчсөн гэж шийдвэрлэсэн нь хууль болон холбогдох журам, дээд байгууллагын зөвлөмжийг мөрдөж ажилласан аймгийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичиг, гишүүдийг тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.2, 11.11 дүгээр заалтад заасан торгууль болон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах үр дагаврыг үүсгэж байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалтад зааснаар нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш 3 хоногт буюу 2016 оны 05 дугаар сарын 09-12-ны өдрийн 17.00 цагт багтаан баримт бичгээ аймгийн Сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх бөгөөд энэ хугацаанд аймгийн Сонгуулийн хороо бичиг баримтыг нягтлан шалгах, үзэж танилцах эрх, хуулийн зохицуулалт байхгүй. Харин тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтад заасан нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаа буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагаас 05 дугаар сарын 17-ны өдөр тухайн намын материалтай танилцах эрхтэй. Дээрх бүртгэх ажиллагааны хугацаанд хянаж шалгахад нэр дэвшигчдийн баримт бичиг дутуу байгаа тохиолдолд нөхөж авах хуулийн зохицуулалт байхгүй, аймгийн Сонгуулийн хороо ийм эрхгүй билээ. Энэхүү чиглэлийг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 200 дугаар албан бичгээр өгсөн зөвлөмжид маш тодорхой тусгасан байгаа.

3. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7 дахь заалтад заасан нэр дэвшигчээр бүртгэх ажиллагааг зохион байгуулахдаа баримт бичиг дутуу байгаа талаар мэдэгдээгүй, тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дугаар заалтад заасан хугацаанд дутуу барим бичгийг бүрдүүлэх боломж олгоогүй гэж үзсэн.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалтад заасан баримт бичиг ирүүлэх хүлээн авах хугацаа дуусмагц тус хуулийн 157.7 дахь заалтад заасан Бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаа эхэлдэг болно.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалтад заасан хугацаанд нам нэр дэвшигчдийн баримт бичгийг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлэх ёстой бөгөөд түүнийг аймгийн Сонгуулийн хороо хэрхэн хүлээж авах, энэ хугацаанд баримт бичгийг хэрхэн нягтлан шалгах талаар хуулийн зохицуулалт байхгүй. Мөн нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахдаа аймгийн Сонгуулийн хороо нягтлан шалгах эрхгүй. Харин Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтад заасан хугацаа буюу нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаанд тус хуулийн 157.7 дахь заалтад заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо баримт бичигтэй танилцах эрхтэй болно. Гэхдээ дээрх бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаа /Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалт/-нд аймгийн Сонгуулийн хороо баримт бичиг дутуу байгаа талаар нэр дэвшигчдэд мэдэгдэх, нөхөн материал авах эрхгүй бөгөөд ирүүлсэн баримт бичгийн хүрээнд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуулийн зохицуулалттай.

4. Мөн тус нам нь дутуу баримт бичиг болох Өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг-ийг аймгийн Сонгуулийн хороо нд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12.25 цагт ирүүлсэн байхад аймгийн Сонгуулийн хороо хуулиар тогтоосон хугацаанд ирүүлээгүй гэж үзсэн нь хууль бус гэж тайлбарласан.

Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалтад заасан хугацаанд нам, эвсэл нь нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлэх бөгөөд энэ хугацаа нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагаар дуусаж байгаа. Үүнээс хойш тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтад заасан нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаа /2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагаас 05 дугаар сарын 17/ эхэлж байгаа бөгөөд энэ хугацаанд аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдээс нэмж баримт бичиг авах эрхгүй. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 200 дугаар албан бичгээр өгсөн зөвлөмжийн 1 дүгээр хэсэгт тодорхой тусгасан болно.

Иймд, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар тогтоол нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооноос батлан гаргасан дүрэм, журам, зөвлөмжүүдийн хүрээнд үндэслэсэн шийдвэр байх тул Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоожээ.

Дорнод аймгийн Сонгуулийн хороонд Дорнод аймгийн "М А Х н"аас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч 28 хүний товч мэдээлэл, намтар, нэр дэвшүүлэх зөвшөөрөл, иргэний үнэмлэхний лавлагаа, сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, Өр төлбөргүй болох тухай татварын хэлтсийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт, ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт, Сонгуульд нэр дэвшүүлэх тухай Дорнод аймгийн "М А Х Н"ын хорооны гүйцэтгэх зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол зэрэг баримт бичгүүдийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д заасан хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 45 минутад, мөн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 24 нэр дэвшигч тус бүрийн нэг хуудас буюу Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 04 дэх хавсралтаар баталсан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн өр төлбөрийн талаарх мэдүүлгийг орхигдуулсан байсныг хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Дорнод аймгийн Сонгуулийн хороо дээрх баримт бичгийг хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5-д заасан баримт бичгийг хуулийн хугацаанд ирүүлээгүй гэж үзэж, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3-д заасныг үндэслэн тухайн намын 24 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1, 154.3.2-т орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүйалбан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байхыг шаардсан бөгөөд хуулийн энэ шаардлагатай холбогдуулж мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5-д нам нэр дэвшүүлэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлгийг Сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилжээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Дорнод аймгийн "М А Х н" нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн баримт бичигтээ нэр дэвшигч бүрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон татварын байгууллагаас гаргасан бусдад шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалт болон татварын өр төлбөргүй талаарх тодорхойлолтуудыг хавсаргасан байх бөгөөд энэ нь нэр дэвшигч нарыг бүртгэх эсэх асуудлыг аймгийн Сонгуулийн хороо шийдвэрлэх үед дээр дурдсан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1, 154.3.2-т заасан өр төлбөргүй байх шаардлагыг "М А Х н"аас нэр дэвшигч нар хангасан гэдгийг нотолж байжээ.

Тухайн тохиолдолд аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д заасны дагуу холбогдох лавлагааг аймгийн "М А Х н"аас авах, ялангуяа мөн зүйлийн 157.9-д заасан хугацаа дуусахаас өмнө 157.2.5-д заасан мэдүүлгийг ирүүлсэн тохиолдолд 157.7-д заасан нягтлан шалгах үүргийнхээ хүрээнд мэдүүлгүүдийг хүлээн авч, шийдвэр гаргахдаа харгалзан үзэх байжээ.

Тиймээс хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хорооны Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд "М А Х н"аас нэр дэвшигчдийг мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.1, 157.3.2-т заасан шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр 157 дугаар зүйлийн 157.2.5-д заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн гэж үзэн, нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй бөгөөд тухайн шийдвэр Дорнод аймгийн "М А Х н"аас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдохтой холбоотой эрхийг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагч байгууллага Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д заасан бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө буюу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн "М А Х Н"ын нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн атлаа маргаан бүхий акт болох 05 дугаар тогтоолоо 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан мэтээр /огноолж/ нийтэд мэдээлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэл болно.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.4 буюу Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг зохицуулсан заалтад тулгуурлан дүгнэлт хийсэн нь хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Үүнээс гадна маргаан бүхий акт буюу Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон нь шууд сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтнуудыг Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг зөрчсөн, улмаар 11.11-д заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 201оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР