Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 171/2021/0220/э |
Дугаар | 2021/ШЦТ/261 |
Огноо | 2021-11-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Г.Э
Хохирогч Б.С
Өсвөр насны шүүгдэгч Л.А
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.М
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А-т холбогдох эрүүгийн 2125000000254 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.А
Орхон аймгийн Прокуророос, өсвөр насны шүүгдэгч Л.А-ыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах РС Молл дэлгүүрийн урд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Б.С-той маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.А-ын мэдүүлсэн, гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,
-хохирогч Б.С-ын мэдүүлсэн, эрүүл мэндээрээ хохирсон, Ондист ХХК-д ажиллаж байсан ажилгүй болсон. Хотод очиж эмчлүүлсэн. Ажилгүй байсан хугацааны цалин 21 хоногийн мөнгө 1,050,000 төгрөг нэхэмжилнэ. Тухайн үед Эрдэнэт хотод хивсний үйлдвэрийн дээвэр хийж байсан гэх мэдүүлэг,
-өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч-иргэний хариуцагч Д.Мөнхтуяагийн мэдүүлсэн, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
-Хохирогч Б.С-ын мэдүүлсэн... 2021 оны 07 сарын 18-аас 19-нд шилжих шөнө найз Мөөлөө, Сүхээгийн хамтаар Уурхайчин баг 3-22-р байрны тоглоомын талбайн саданд 2,5 литрийн савтай пиво 2 ширхгийг хувааж уугаад сууж байтал зүс таних залуу ирээд бид гуравтай юм яриад сууж байгаад бид нар үргэлжлүүлэн пиво уухаар болоод Хангарьд спорт ордны урд талын хөл бөмбөгийн талбай руу очоод пиво хувааж уусан...З залуу манай найз Мөөлөөтэй маргалдаж эхэлсэн. Улмаар Мөөлөөг нүүрэн тус газарт нь цохиж унагаасан би салгах гээд яваад очтол намайг нүүрэн тус газарт цохиж унагаасан...миний уруул язарсан, нүд хөхөрсөн, хацар хавдсан, толгой хөндүүртэй байна...Цагдаагийн газарт өргөдөл гаргасны дараа тухайн үед байсан дүү Сүхбат, Мөнхбаяр нараас Анхаа намайг зодсоныг олж мэдсэн. Мөн Анхаа Цагдаагийн газар ирэхдээ би чамайг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч буруугаа хүлээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
-гэрч А.С-н мэдүүлсэн... Тэмүүжин, Мөөлөө ахтай маргалдаад Мөөлөөгийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Сандаг ахыг Анхаа гэх залуу нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон тэгээд би тэд нарыг салгах гээд эхлээд Мөөлөө ах Тэмүүжин хоёрыг арай хийж салгачихаад эргээд Сандаг ахыг салгах гээд иртэл Сандаг ахын нүүр уруул нь сэтэрсэн нүүр нь цус болчихсон байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
-гэрч Б.М-н мэдүүлсэн ...миний гаргасан өргөдлийг Уурхайчин багийн хэсгийн байцаагч Төрмандах гэдэгт байцаагч шалгаж Тэмүүжин бид хоёр хоорондоо учраа олж хэсгийн байцаагч Тэмүүжинд торгуулийн арга хэмжээ авсан...Сандагтай Анхаа гэж буржгар үстэй залуу муудалцаад байсан. Цагдаагийн газар ирж уулзахад Анхаа өөрөө би Сандаг-Очирыг зодсон хохирлыг нь барагдуулна буруугаа хүлээж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
-гэрч Т.Н-н мэдүүлсэн...Тэмүүжин Мөнхбаяртай маргалдаж хоорондоо зодолдсон. Мөн Сандагаа гэх залуутай Анхбаяр маргалдаж, Анхбаяр Сандагаагийн нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохисон тэгэхээр нь би дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
-гэрч Н.Т-н мэдүүлсэн “...РС Маll дэлгүүрийн ойролцоо явж байтал Мөөлөө намайг дуудахаар нь явж очоод маргалдаад бид хоёр хоорондоо зодолдсон. Харин манай найз Анхаа Сандаг-Очиртой муудалцаад улмаар Сандаг-Очирын нүүрэн тус газарт нь гараараа цохитол газарт унасан тэгээд хажууд нь явж байсан Нямка ах салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 сарын 21-ний өдрийн №421 дугаартай “...Б.С-ын биед дээд уруулын зүүн хэсэг, дээд, доод уруулын дотор салстад шарх, дээд, доод уруул, зүүн нүдний зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтүүд ба нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээд уруулын зүүн хэсэг, дээд, доод уруулын дотор салстад шарх, дээд, доод уруул, зүүн нүдний зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн нүдний алимны салстад цус хуралт тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,
-Өсвөр насны яллагдагч Л.А-ын ... Тэмүүжин Мөнхбаяр хоёр хоорондоо маргалдаад тэгээд зодолдоод эхэлсэн удалгүй Мөнхбаяр газар унасан. Тэгээд би Тэмүүжинг өмөөрөөд Сандаг-Очиртой зодолдоод удалгүй салаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.
2021 оны 07 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах РС Молл дэлгүүрийн урд цэцэрлэгт өсвөр насны шүүгдэгч Л.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.С-той маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж дээд уруулын зүүн хэсэг, дээд, доод уруулын дотор салстад шарх, дээд, доод уруул, зүүн нүдний зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух зүүн нүдний гадна буланд зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Л.А нь 2021 оны 07 сарын 18-наас 19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт цэцэрлэгт тааралдсан Б.Сыг зодсоны улмаас түүний биед дээд уруулын зүүн хэсэг, дээд, доод уруулын дотор салстад шарх, дээд, доод уруул, зүүн нүдний зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн хохирол гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой үйл баримт шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрчийн мэдүүлгээр эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Л.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, өсвөр насны шүүгдэгч Л.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Б.С-той маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Мөн албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээж хохирол төлөхөө илэрхийлж байгаа. Оногдуулсан ялаас чөлөөлөх эсхүл хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авна уу гэж мэтгэлцсэн.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал учруулсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа, шүүгдэгч ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, насны байдлыг харгалзан үзэж ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн тухайд: хохирогч ажилгүй байсан хугацааны цалин 1,050,000 төгрөг нэхэмжилсэн ч холбогдох нотлох баримт, тухайлбал, ”Ондист” ХХК-д ямар ажил ямар гэрээний үндсэн дээр эрхэлдэг, үндсэн цалингийн баримт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэх эрхтэйг заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Өсвөр насны шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.А-т ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.А-т хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйл засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.А-т оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн хүүхэд гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, албадлагын арга хэмжээ, хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.А-ыг шүүхээс оногдуулсан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Л.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ