Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 377

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багт оршин суух, 1960 онд төрсөн, 57 настай, Гэцэл овгийн Маньхүүгийн Төмөрбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 24-2-14 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, Пантаг овгийн Цэдэнсамбын Мөнгөннасан,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, 18-218 тоотод оршин суух, 1979 онд төрсөн 38 настай, Боржигон овгийн Мишигдоржийн Нэргүй нарт холбогдох

13600000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Төмөрбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Мөнгөннасан түүний эхнэр М.Нэргүй гэдэг хүмүүст мал өгөхөөр тохиролцсон. Ц.Мөнгөннасан нь Өвөрхангай аймгаас Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд ирж мал мах авч байгаа гэж хэлсэн. Тухайн өдөр цаг орой болсон учраас маргааш нь үхрээ өгөхөөр тохирч надад 1000000 төгрөгийг бэлнээр өгөөд явсан. Тэгээд маргааш нь ирж Ц.Мөнгөннасан нь эхнэр М.Нэргүйгийн хамт манайхаас 19 тооны үхэр зээлээр авахаар болсон. Би 17 тооны эр үхрийг нэг бүрийг нь 800000 төгрөгөөр, 2 тооны үнээг нэг бүрийг нь 500000 төгрөгөөр тохирч Ц.Мөнгөннасанд өгсөн. Тухайн үед Ц.Мөнгөннасан нь хятад улс руу мах нийлүүлэх тендер авсан, хятадуудаас мөнгөө авч байгаад танд мөнгөө өгнө гэж хэлээд миний малыг зээлээр аваад явсан. Малын нийт үнэ болох 13600000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Мөнгөө авахаар утсаар ярихад өгнө гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Иймд Ц.Мөнгөннасангаас малын үнэ болох 13600000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Мөнгөннасан шүүхэд гаргасан тайлбартаа: М.Төмөрбаатарт 13600000 төгрөгийг өгөх нь үнэн. Уг мөнгийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны дотор төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М.Төмөрбаатар нь Ц.Мөнгөннасан, М.Нэргүй нарт холбогдуулан 13600000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М.Төмөрбаатар нь хариуцагч М.Нэргүйгээс 13600000 төгрөг гаргуулахаас татгалзсан хүсэлт гаргасан бөгөөд Ц.Мөнгөннасангаас нэхэмжлэлийн шаардлага болох 13600000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тул хариуцагч Ц.Мөнгөннасангийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Ц.Мөнгөннасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 13600000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Төмөрбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох 13600000 төгрөгийг хариуцагч Ц.Мөнгөннасан төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Мөнгөннасангаас 112975 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 112975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225950төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА