| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0226/э |
| Дугаар | 2021/ШЦТ/283 |
| Огноо | 2021-11-19 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Ч,
Улсын яллагч Л.Э,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Д,
Хохирогч Б.О, түүний өмгөөлөгч О.Сарантуул
Хохирогч Б.Э, Д.И /цахимаар/,
Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-т холбогдох 2125001750231 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.О
Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч М.О-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд 58-59 ОРА улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгслийн зорчигч Э.С-н амь насыг хохироож, зорчигч Б.О, Д.И, Б.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч М.О-ийн мэдүүлсэн “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-н мэдүүлсэн: 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дүүтэйгээ ярьсан. Сарантуяаг ирж аваад хот руу явна гэж ярьж байсан. Маргааш өглөө нь ийм үйл явдал болсныг мэдсэн. Юу болсон талаар тухайн үед би ойлгоогүй. Энэ хүмүүсийг одоо л анх удаагаа харж байна. Миний хувьд Оюунцэцэгийг танина. Бид нар ийм зүйл мэдэхгүй учраас баримтаа цуглуулж чадаагүй. Гэм хорын нэхэмжлэл дээр зарим зүйлс дутуу байгаа. Байцаагч нь сүүлд хэлсэн хохирол төлбөрийн баримтаа цуглуулж чадаагүй. Манай дүү 25 настай байсан улсад ажиллаж байгаагүй учраас хүүхдэд нь нийгмийн даатгалаас халамж тогтоох боломжгүй юм байна лээ. Хүүхдэд нь Оюунцэцэг, машины эзэн Оюунжаргал нараас хүүхдийн тэтгэмж нэхэмжилнэ. Одоо 12.310.600 төгрөгөөс 9.000.000 төгрөгийг нь өгсөн байгаа...” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.О-ын мэдүүлсэн:... 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Оюунцэцэг, Идэрбаян, Сарантуяа, Энхтуул нартай явж байгаад осолд орж маш хүнд гэмтсэн. Аарцагны яс хугарсан, давсаг, шээсний сүв, өндгөвч, умай, үтрээ зэрэг бүгд задарч оёдол тавиулсан. Мөн 8 хавирга хугараад 3 хавирга нь уушги руу орж цоолсон, уушгины цоорсон хэсгээ тастуулж авсан. Энэ гэмтлээс шалтгаалж миний нэг талын хөл мэдээ ороогүй байгаа. Мэдээ орох эсэхийг мэдэхгүй байна. Би 3 сар хэвтэрт удаан хэвтсэнээр цөсний чулуутай болсон. Эд хөрөнгө эрүүл мэнд, гоо сайхнаар хохирсон. Тухайн үед би Оюунцэцэгийг машин барь гэж шахаагүй. Оюунцэцэгийг эмэгтэй хүн ээж болох хүн учраас шоронд орж ял эдлээсэй гэж хүсэхгүй байна. Намайг дагаад гэр бүл, эргэн тойрны амьдрал эрүүл биш болсон. Тухайн үед Сарантуяаг би дуудаж машиндаа суулгаагүй, би танихгүй. Одоо ажиллаагүй сарын цалин 2.475.000 төгрөг, эм тарианы мөнгө 6.642.000, машины 7.593.000 төгрөг нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Э-ын мэдүүлсэн:... 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 3-23-т ахындаа хувцсаа угааж байсан. Оюунцэцэг эгч видео чатаар залгаад Оюунжаргал эгчтэй чинь хамт байна гараад ир гэсэн. Би хувцсаа угаачихаад гарья гээд 6 цаг дөхүүлээд хороололд гэртээ очиход гэрээс ирж авсан. Оюунжаргал эгч бага зэргийн согтуу байсан. Бид 3 уулзаад байж байхад Оюунцэцэг эгч рүү талийгаач залгаад ирээд ав гэсэн. Бид нар 7 дугаар хорооллоос талийгаачийг авахад бас бага зэрэг согтуу байсан. Бид 4 уулзаад байж байхад Идэрээ ах залгаад айлд байна гэхээр нь тэр айл руу очсон. Тэр айлд очоод юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Миний 2-8 хавирга хугараад уушги унаад толгойндоо доргилт авсан. Нүд, зүүн талын гар мэдээ ороогүй байгаа.800,000 төгрөгний эмчилгээний зардал Оюунцэцэгээс авсан.Эмчилгээний зардлаа гаргуулна...” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.И-гийн мэдүүлсэн.... Би тухайн өдөр архи хэтрүүлэн хэрэглэсэн учраас болсон явдлын талаар сайн санадаггүй. Надад 1 сая төгрөг өгсөн одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс яллах болон цагаатгах талуудын шинжлэн судалсан:
-Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Тэгээд Оюунцэцэг, Энхтуул, Сарантуяа бид 4 гэртээ харьцгаая гэхэд бүгд согтуу байсан тул эрүүл хүнээр тээврийн хэрэгслээ жолоодуулахаар найз Номиог дуудах шиг болсон гэхдээ Номио ирээгүй бөгөөд машиныг Оюунцэцэг жолоодож явсан. Зорчигчийн хэсгийн зүүн урд талд Идэрбаян, хойд талын суудлууд дээр Сарантуяа, Энхтуул бид гурав суусан байсан. Хойд талын суудал дээр яг хаана нь хэн сууж байсныг санахгүй байна. Би архиндаа согтсон байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд бид тав машинтай явж байсан чинь цагдаагийн машины цэнхэр, улаан гэрэл анивчиж байхад гэнэт Оюунцэцэг цагдаа байна шүү дээ гээд зугтаад буцаад хурдтай явсан. Хаашаа явсныг мэдэхгүй байна. Оюунцэцэгийг тээврийн хэрэгсэл жолоодон цагдаагаас зугтаан явж байхад нь Идэрбаян бид хоёр зогсооч ээ гэж орилсноо маш тод санаж байна. Тэгээд машин онхолдсон байх би юу ч санахгүй байгаа. Би нэг сэрсэн чинь газарт биеийнхээ баруун хэсгээр хэвтсэн. Биеийн хөл маш их өвдөж байсан. Эргэн тойрноо харахад машины ард хэсэг харагдан машин зүүн хажуу талаараа газар байрласан байсан. Тэгээд ухаан алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 49-50-р хуудас/,
-Хохирогч Д.И-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш 16-17 цагийн хооронд ...Цагаанчулуут багийн 41 дүгээр гудамжинд байдаг найз Болор-Эрдэнийн гэрт очсон.Болор-Эрдэнийн гэрт очоод байж байхдаа өөрийн танил М.О рүү видео калл хийж утсаар ярьсан чинь М.О, Оюунжаргал, Энхтуул нар хамт явж байна гэсэн. Тэгэхээр нь тэд нарыг хүрээд ирээч гээд байгаа газраа дуудсан. Удаагүй нөгөө гурав танихгүй нэг эмэгтэй хамт ирсэн. Тэд нар ирээд бид нарын ууж байсан архи, пивоноос ууж байсныг санаж байна. Би өөрөө архи уугаад согтсон байсан. Нэг ухаан ороход би Болор-Эрдэнийн гэрийн гадна байсан саарал өнгийн Тоёото приус-20 маркийн машинд сууж байсан. Тэгээд нэг ухаан орсон чинь эмнэлэгт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-н 52-53-р хуудас/,
-Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Тэгээд талийгаачтай уулзаад байж байхад Оюунцэцэг эгч рүү Идэрбаян ах утсаар яриад бид дөрөв түүн дээр очихоор болоод айлд очсон. Идэрбаян ах Цагаанчулуут багт айлд байсан... Тэд нар архи ууж байсан. Би тэдний ууж байсан архинаас нэг хундага архи уусан. Пиво ууж байсан. Нэг ухаан орсон чинь би осолд ороод эмнэлэгт хэвтэж байсан. Тэр айлаас, хэзээ, яаж гарсан эсэх талаар согтсон байсан учир санахгүй байгаа ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 56-57-р хуудас/,
-Иргэний хариуцагч Б.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...Би хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй холбоотой гарсан хохирлыг төлөн барагдуулахаас татгалзаж байна. Учир нь би тээврийн хэрэгслийг жолоодож байгаагүй, мөн Оюунцэцэгийг хүчээр машин бариулаагүй. Оюунцэцэг нь өөрөө дур мэдэн машин барьсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 60-р хуудас/,
-Гэрч Э.У-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...Би 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дэд ахлагч Н.Мөнхсүхийн хамт замын хяналтын үүрэг гүйцэтгэж городоос гэр хорооллын эцсийн автобусны буудал руу 8300-ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгээд явж байхад Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаан чулуут багт үйл ажиллагаа явуулдаг Оргилуун зочид буудлын ертөнцийн зүгээр зүүн талын гэр хорооллоос гарч ирдэг гарцнаас саарал өнгийн приус 20 загварын тээврийн хэрэгсэл нилээд хурдтай гарч ирэн авто замын урд талаас хойд тал руу нэвт гарч авто замын хойд талын шороо хэсэгт зогссон. Уг үйлдэл надад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодож байж магадгүй гэсэн сэжигтэй санагдсан тул уг тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахаар явган дөхөж очоод жолоочийн эсрэг талын урд хаалгыг татахад 1 эрэгтэй хүн урд нь суусан, жолооч нь улаан подволктой залуухан эмэгтэй хүн жолоодсон сандарсан байдалтай одоо яах вэ гэж орилоод шууд урагш хөдлөн зугтаасан. Мөнхсүх энэ үед над дээр ирэхээр машинаа буцаж эргүүлж байсан бөгөөд зугтаасан тээврийн хэрэгсэл Мөнхсүхийн тээврийн хэрэгслийн ертөнцийн зүгээр урд талаар нь тойроод авто замын урд талын явган хүний зам дээгүүр гарчихаад буцаж авто зам руу дарж орон цааш маш хурдтай зугтаад явсан. Энэ үед би энгэрийн камераа ажиллуулан гэр хорооллын эцэс рүү үүрэг гүйцэтгэхээр Н.Мөнхсүхийн хамт машинтай хөдлөөд явж байтал Наран багийн 3 дугаар дунд сургуулийн хашааны ертөнцийн зүгээр урд хэсэгт байх хүнсний дэлгүүрийн хаалга хэсэгт бид 2-оос зугтаасан 5859-ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн талаараа онхолдсон байдалтай тээврийн хэрэгслийн ойролцоо 4 хүн газарт шидэгдсэн байдалтай ойролцоо гар утас, цүнх, гутал зэрэг зүйлс тараан шидэгдсэн байсан. Бид 2-ыг тээврийн хэрэгсэл дээр явж очиход жолоо барьж байсан эмэгтэй машин дотроо зовуурилсан байдалтай байж байсан. Би цаг алдалгүйгээр Орхон аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын төв рүү гар станцаар эмнэлгийн түргэн тусламж яаралтай явуулах, мөн энэ өдөр үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахмад М.Эрдэнэбатад осол гарсан байгаа талаар илтгэж танилцуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-р хуудас/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай ...Амь хохирогч нь нас бараад 24 цаг өнгөрсөн байна. Амь хохирогчийн биед хавсарсан гэмтэл: Гавал тархины битүү гэмтэл: гавлын дагз ясны суурь луу шилжсэн хугарал, тархины эдийн зүүн тал бөмбөлөгийн цусархаг няцрал, тархины аалзавч бүрхүүл доорхи цус харвалт, хуйхан доор болон хуйханд, гавлын ясны гадна хальсан доор цус хуралт, хэвлий, цээжний битүү гэмтэл: Элэгний задрал, дотуур цус алдалт, хэвлийн хөндий дэх сул цус, уушиг, бөөрний няцрал, бөөрний өөхлөгт цус хуралт, бүх биеийн доргилт, баруун 3-8, 12-р хавирганы далд хугарал, дээд уруул, зүүн шуу, өвдөг, баруун шанаа, баруун гуя, шилбэний зөөлөн эдэд цус хуралт, зүүн өвдөгний дотор тал, баруун завьж, баруун нүдний дээд зовхи, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн үхлийн шалтгаан нь авто осол, үүний улмаас үүссэн гавал тархины болон цээж, хэвлийн хөндийн эрхтэнүүдийн хавсарсан гэмтлүүд болно. Амь хохирогч нь 20-30 орчим насны, эмэгтэй хүйсийн хүн байна. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 93-97-р хуудас/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 319 дугаартай ...Б.О-ын биед хавсарсан хүнд гэмтэл: 2 талын умдаг суудал ясны зөрөөтэй хугарал, хэвлийн битүү гэмтэл, давсагны ар болон урд хананы задрал, хэвлийн урд хана болон умай, баруун өндгөвчний няцрал, шээсний сүв, үтрээний задрал, баруун уушгины уналт, цээжний хөндийд агаар хуралдалт, нүүр, цээж, нуруу, баруун гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Давсагны ар болон урд хананы задрал, хэвлийн урд хана болон умай, баруун өндгөвчний няцрал, шээсний сүв, үтрээний задрал, баруун уушгины уналт, цээжний хөндийд агаар хуралдалт, 2 талын умдаг суудал ясны зөрөөтэй хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.14, 3.1.15-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байж болно...” гэх дүгнэлт /1 хх-ийн 104-105-р хуудас/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 320 дугаартай... Б.Э-ын биед цээжний хөндийн битүү гэмтэл, цээжний хөндийд шингэн хуралдалт, тархи доргилт, зүүн гарын дунд хуруунд шарх, баруун хацар, хоёр хөлийн өвдөг, зүүн бугалганд цус хуралт, хоёр хөлийн өвдөг, хэвлийн баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн байхаар байна. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Цээжний хөндийн битүү гэмтэл, цээжний хөндийд шингэн хуралдалт нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3,1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /1 хх-ийн 110-112-р хуудас/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 321 дугаартай ... Д.Игийн биед гавал тархины битүү гэмтэл: гавлын зулай ясны шугаман хугарал, тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, аалзавч бүрхүүл доорхи цус харвалт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал,зүүн гарын 1, 2-р хурууны шивнүүрийн далд хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, бүсэлхий, зүүн гарын сарвуунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гавлын зулай ясны шугаман хугарал, тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, аалзавч бүрхүүл дорхи цус харвалт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, зүүн гарын 1, 2-р хурууны шивнүүрийн далд хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун ташааны зулгаралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байж болно...” гэх дүгнэлт /1 хх-ийн 116-118-р хуудас/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 318 дугаартай ...М.О-ийн биед тархи доргилт, баруун ташаанд зулгаралт, баруун бугалга, өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн байхаар байна. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 123-125-р хуудас/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаартай ...Б.О-ын биенээс авсан гэх цусанд 3,1 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 133-134-р хуудас/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 144 дугаартай ...Б.Сарантуяагийн биенээс авсан гэх цусанд 1,8 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 139-140-р хуудас/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаартай...Б.Э-ын биеэс авсан гэх цусанд 1,8 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /1 хх-ийн 139-140-р хуудас/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 143 дугаартай...Б.И-н биеэс авсан гэх цусанд 2,0 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 150-151-р хуудас/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 146 дугаартай ...М.О-ийн биеэс авсан цусанд этилийн спирт 1.5 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /1 хх-н 156-157-р хуудас/,
-Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1-р хх 171-р хуудас/,
-Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Оюунболдын Зам тээврийн осол дээр тогтоосон мөрдөгчийн магадалгаа №16 “.... М.О / / нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);
3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэссэн дүгнэлт /1-р хх-н 198-200-р хуудас/,
-Сэжигтнээр М.О-ийн мэдүүлсэн... Бид нар хороод юм ярьж суугаад тэнд байсан архи, пивоноос уусан. Би хэсэг хугацаанд архи уухгүй байж байгаад Номио гэж найзтайгаа утсаар ярьж машин бариад өг гэж хэлж дуудчихаад архи, пивоноос нь уусан. Талийгаач Сарантуяа, Оюунжаргал хоёр орон дээр хэсэг унтаж байгаад сэргээд босоод ирсэн...Оюунжаргал согтуу байсан болохоор чи машин барьчих гэж хэлсэн. Идэрбаян явъя гээд байсан болохоор Цагаанчулуут багт байдаг “Оргилуун” төвийн хойд талын авто зам дээр Номиог хүлээгээд зогсож байя гээд зам дээр гараад зам дээр зогсож байсан чинь бид нарын урдуур замын цагдаагийн машин орж ирээд зогссон. Тэгээд тэр машинаас нэг цагдаа бууж ирээд бид нар луу алхаад ирж байхаар нь би машинаа хөдөлгөөд цагдаагийн машины хойд талаар тойроод цаашаа төв замаар 3 дугаар сургуулийн чигт явсан. Намайг цагдаагийн машины бөгсөөр тойроод гарах үед нөгөө цагдаа эргээд өөрийнхөө машин руу алхсан. 3 дугаар сургуулийн чигт явж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсон талаараа санахгүй байгаа. Хамгийн сүүлд санаж байгаа зүйл бол машин онхолдчихсон би машины нэг цонхоор нь мөлхөж гарч ирсэн. Тэгэхэд замын цагдаа ирчихсэн байсан. Тэр хооронд юу болсныг сайн санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 207-210-р хуудас/,
-Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 38/06-418 дугаартай...Мөнхжаргал овогтой Оюунцэцэг /ФБ98081101/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болно...” гэсэн албан бичиг /1р хх-ийн 232-р хуудас/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 146 дугаартай... Магадлуулагч Б.О-ын биед №319 тоот дүгнэлтэд тусгагдаагүй баруун талын 3-р хавирганы суганы арын урд шугамаар зөрөөтэй хоёрлосон хугарал, 4-р хавирганы суганы арын шугамаар зөрүүгүй, суганы урд шугамаар зөрүүтэй гурвалсан хугарал, 5-р хавирганы суганы арын шугамаар зөрүүтэй, 6, 7, 8-р хавирганы далны шугамаар зөрүүтэй хугарал, сээрний 1-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, цээжний баруун талын хөндийд шингэн хуримтлал, баруун уушгины доод дэлбэнгийн ар суурь хэсгийн няцрал, ууцны 1, 2, 3, 4,5-р нугалмуудын хугарал, зүүн талын сүүж ясны тогооны хугарал зэрэг гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ. Дүгнэлтэд тусгагдаагүй дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12, 3.6.1-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно...” гэх дүгнэлт /2 хх-ийн 178-179-р хуудас/,
-М.О-ийн согтолтын зэргийг шалгасан баримт /1 хх-ийн 3-р хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гаргасан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 7-21-р хуудас/,
-Талийгаачийн биенээс авсан хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 22-26-р хуудас/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 27-30-р хуудас/,
-Камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 31-р хуудас/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 33-34-р хуудас/,
-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 88-89-р хуудас/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 233-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
ҮЙЛ БАРИМТ: 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч М.О болон хохирогч Э.Сарантуяа, Б.О, Б.Э, Д.И нар архидан согтуурч улмаар 23 цагийн орчимд гэртээ харьцгаахаар явахдаа Б.О-ын эзэмшлийн 58-59 ОРА улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг М.О нь жолоодож яваад эргүүлийн цагдаа зогсоож шалгах үед зугатаж улмаар Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт осолдож машинд сууж явсан Э.Сарантуяагийн амь нас хохирч, Б.О, Б.Э, Д.И нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гаргасан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, талийгаачийн биенээс авсан хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирол төлсөн баримт, хохирлын баримтууд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, эрхийг хязгаарлаагүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар хэргийн үйл баримт бүрэн хангалттай эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон ба 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 58-59 ОРА улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон М.Оийн үйлдлийн улмаас зорчигч Э.Сарантуяагийн амь нас хохирч, Б.О, Д.И, Б.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол учрирсан хэргийн бодит байдал,шалтгаант холбоотой байдал тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай ... Амь хохирогчийн биед хавсарсан гэмтэл: Гавал тархины битүү гэмтэл: гавлын дагз ясны суурь луу шилжсэн хугарал, тархины эдийн зүүн тал бөмбөлөгийн цусархаг няцрал, тархины аалзавч бүрхүүл доорхи цус харвалт, хуйхан доор болон хуйханд, гавлын ясны гадна хальсан доор цус хуралт, хэвлий, цээжний битүү гэмтэл: Элэгний задрал, дотуур цус алдалт, Хэвлийн хөндий дэх сул цус, уушиг, бөөрний няцрал, бөөрний өөхлөгт цус хуралт, бүх биеийн доргилт, баруун 3-8, 12-р хавирганы далд хугарал, дээд уруул, зүүн шуу, өвдөг, баруун шанаа, баруун гуя, шилбэний зөөлөн эдэд цус хуралт, зүүн өвдөгний дотор тал, баруун завьж, баруун нүдний дээд зовхи, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдэнэ... Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ...” гэх дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 319 дугаартай...Б.О-ын биед хавсарсан хүнд гэмтэл: 2 талын умдаг суудал ясны зөрөөтэй хугарал, хэвлийн битүү гэмтэл, давсагны ар болон урд хананы задрал, хэвлийн урд хана болон умай, баруун өндгөвчний няцрал, шээсний сүв, үтрээний задрал, баруун уушгины уналт, цээжний хөндийд агаар хуралдалт, нүүр, цээж, нуруу, баруун гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Давсагны ар болон урд хананы задрал, хэвлийн урд хана болон умай, баруун өндгөвчний няцрал, шээсний сүв, үтрээний задрал, баруун уушгины уналт, цээжний хөндийд агаар хуралдалт, 2 талын умдаг суудал ясны зөрөөтэй хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.14, 3.1.15-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 320 дугаартай...Б.Э-ын биед цээжний хөндийн битүү гэмтэл, цээжний хөндийд шингэн хуралдалт, тархи доргилт, зүүн гарын дунд хуруунд шарх, баруун хацар, хоёр хөлийн өвдөг, зүүн бугалганд цус хуралт, хоёр хөлийн өвдөг, хэвлийн баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Цээжний хөндийн битүү гэмтэл, цээжний хөндийд шингэн хуралдалт нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3,1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана....” гэх дүгнэлт ,Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 321 дугаартай... Д.Игийн биед гавал тархины битүү гэмтэл: гавлын зулай ясны шугаман хугарал, тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, аалзавч бүрхүүл доорхи цус харвалт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн гарын 1,2-р хурууны шивнүүрийн далд хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, бүсэлхий, зүүн гарын сарвуунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гавлын зулай ясны шугаман хугарал, тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, аалзавч бүрхүүл дорхи цус харвалт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт,мөрдөгчийн магадалгаа №16-д.... М.О /фб98081101/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл,түүний улмаас учирсан хохирол,хор уршигийн шинж байдал тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэхь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.О-ийн энэ үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсний улмаас хүний амь хохирсон, хүний биед амь насанд нь аюултай хүнд хохирол учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн үйлдэл бөгөөд үйлдэл хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байдал ийнхүү нотлогдсон тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол гэмтэл учирчээ.
Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийн талаар тогтоосон мөрдөгчийн магадалгаа №16-г шүүгдэгч түүний өмгөөлөгч нар эсэргүүцээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байна.
Шүүгдэгч М.О нь Эрүүгийн хуульд заасан “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Оийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: М.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Энхтуул, Оюунжаргал, Идэрбаян нарын биед хүнд гэмтэл учруулж, хохирогч Сарантуяагийн амь насыг хохироосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан шүүх шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оюунцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэж,
-Хохирогчийн өмгөөлөгч: Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг сар болгон төлүүлэхээр шаардаж байгаа. Шүүгдэгч өнөөдрийн байдлаар 9.000.000 төлсөн юм байна. Үлдэгдэл 3.618.000 төгрөгийг Оюунцэцэгээс гаргуулна гэсэн нэхэмжлэлийг дэмжиж байгаа гэж,
-Хохирогчийн өмгөөлөгч: Эмчилгээний зардлын нэхэмжлэлийн шаардлага 6.642.580 төгрөг байгаа. Машины эвдрэл гэмтэл 7,593,000 төгрөг болсон байгаа, нэхэмжилнэ гэж,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа. Хохирол төлбөрийн хувьд нотлох баримтын шаардлага хангасан хохирол төлбөрийг төлж байгаа. Цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа. Хохирол төлбөрт нийт 22 сая төгрөг төлөөд байгаа. Хохирогч нарын хохирлыг нотлох баримтын хэмжээнд шийдэж өгнө үү гэж тус тус дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судалж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохиролыг баримтаар тогтоогдсон хэмжээнд нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Лхагвасүрэн шүүх хуралдаанд оршуулгын зардал,өмгөөлөгчийн хөлс нийт 13,281,500 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасанаас өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хасч, шүүгдэгчийн төлсөн 9,000,000 төгрөгийг хасч 3,310,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах,
-хохирогч Б.О эмчилгээний нийт зардал 6,267,358 төгрөгнөөс шүүгдэгчийн төлсөн 2,111,500 төгрөгийг хасч 4,155,858 төгрөг,
машинд учирсан эд хөрөнгийн хохирол 7,593,000 төгрөг нийт 11,748,858 төгрөг нэхэмжилснээс, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасны дагуу архидан согтуурсны улмаас өөрийн тээврийн хэрэгслийг бусдад ашиглах боломж болгосон хохирогчид энэ гэмт хэргийн улмаас өөрт нь учирсан хохирлын 40%-ийг хариуцуулах үндэслэлтэй гэж дүгнэж, эмчилгээний зардлын 2,506,944 төгрөгийг, машинд учирсан эвдрэлийн төлбөрийн 3,037,200 төгрөгийг нэхэмжлэлээс хасч, шүүгдэгчээс эмчилгээний зардал 1,648,914 төгрөг, машины хохирол 4,555,800 төгрөг, нийт 6,204,723 төгрөг гаргуулах,
-хохирогч Б.Э хэрэгт хохирлын баримтаар үзлэг оношлогоо, эмийн зардал нийт 436,110 төгрөгний баримт гаргаснаас шүүгдэгч 800,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,
-хохирогч Б.Идэрбаян шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч эрүүл мэндэд учруулсан хохиролд 1,000,000 төгрөг төлсөн байх тул гаргуулах төлбөргүй гэж тус тус шийдвэрлэсэн ба шүүгдэгч шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийг бүрэн барагдуулсан байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Наран баг осол” гэсэн бичиглэлтэй ногоон өнгөтэй, энгэрийн камерын бичлэгтэй СД 1 ширхэг, 4 ширхэг үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардал,хүүхдийн тэтгэмж нэхэмжлэх эрхтэйг заалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч М.О-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийг хасаж өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “Наран баг осол” гэсэн бичиглэлтэй ногоон өнгөтэй, энгэрийн камерын бичлэгтэй СД 1 ширхэг, 4 ширхэг үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийн хэсгийг, Б.О-ын нэхэмжлэлийн шаардлагаас 5.544.135 төгрөгийн хэсгийг, Б.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нар цаашид гарах зардал,хүүхдийн тэтгэмж нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,иргэний нэхэмжлэгч,хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ