Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 163/2022/0014/Э |
Дугаар | 2022/ШЦТ/09 |
Огноо | 2022-01-04 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******д холбогдох эрүүгийн 2115000000273 дугаартай, 163/2022/0014/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Халтарын *******, Булган аймгийн Могод суманд 1969 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, ... оршин суух бүртгэлтэй, малчин, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 52 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, /РД: .../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр багийн нутаг “Ар булаг”-ийн хойд гацааны ам “Хонгорын нүүр” гэх газрын ойд 23 ширхэг буюу 1.976 м3 хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000000273 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ******* БУЛ улсын дугаартай “Hundai Porter” загварын тээврийн хэрэгсэл болон цахилгаан хөрөө ашиглан Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр багийн нутаг “Ар булаг”-ийн хойд гацааны ам “Хонгорын нүүр” гэх газрын ойд 23 ширхэг буюу 1.976 м3 хуурай шинэс төрлийн мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 333.262 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.*******ын өгсөн: Бид хоёр ах, дүү хүмүүс. Би *** БУЛ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг 9 дүгээр сард худалдаж авсан. Баярсайханы нэр дээр байсныг мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн нэр дээр шилжүүлсэн. Зөвшөөрөлтэй мод бэлтгэнэ гэхээр нь тээврийн хэрэгслээ өгсөн. Иймд тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2115000000273 дугаартай хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр багийн нутаг “Ар булаг” гэх газрын хойд гацааны ам “Хонгор нүүр” гэх газарт болсон байв. ...хууль бусаар бэлтгэсэн гэх 3 ширхэг босоо хуурай модны хэмжилтийг хийхээр тогтож, 1. шинэс төрлийн модны хожуул 60 см, диаметр 30 см, 2. шинэс төрлийн модны хожуул 50 см, диаметр 42 см, 3. шинэс төрлийн модны хожуул 36 см, диаметр 38 см гэж тус бүрд нь хэмжиж үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-8 дугаар тал/,
Модонд үзлэг хийсэн: ...1.54 метрийн урттай, 20-38 сантиметрийн өргөнтэй, 18-34 сантиметрийн нарийн талтай, 33 ширхэг босоо модонд ойн ангийн шинжээч Гаваахүүг оролцуулан үзлэг хэмжилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-12 дугаар тал/,
Мөрдөгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх ******* БУЛ улсын дугаартай, “Hundai Porter” загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэх 23 ширхэг шинэс модыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 14-18 дугаар тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Хөх өнгийн “Porter” загварын ******* БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-21 дүгээр тал/,
Сери БУА, ***** дугаартай: 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сайхан сумын “Хойд Номгон” гэх газраас ойн цэвэрлэгээний аргаар шинэс төрлийн 1184 м3 модыг ******* БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод бэлтгэх эрхийн бичиг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Х.*******ын өгсөн: Мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн багийг хариуцсан байгаль хамгаалагчид нь сум дундын ойн ангиар мод бэлтгэх талбайн тусгаарлалтыг хийлгэж түүнийгээ үндэслэн олгодог. Эрхийн бичгийг олгохдоо хаанаас авах газар нутгийг тусгаж, авах хоног, хугацааг нэг бүрчлэн тусгаж өгдөг юм. Заасан газраас өөр газраас авах, хоног хугацаа хэтрэх, эрхийн бичгийн сунгалт хийлгэхгүй байх, эрхийн бичигт засвар хийх зэрэг нь тухайн эрхийн бичгийг хүчингүй болгох үндэслэл болно. Олгосон эрхийн бичгээр зөвхөн заагдсан газраас байгалийн жамаар унасан мод, хожуул, дорцоовыг цэвэрлэж авах байтал дээрх иргэн нь зөвшөөрөлтэй атлаа өөр газраас дур мэдэн босоо мод унагаж бэлтгэсэн нь хууль зөрчсөн байна. Дээрх газар нь 2021 онд талбайн тусгаарлалт огт хийгдээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,
Иргэний нэхэмжпэгч Д.*******ын өгсөн: Уг тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. 2021 оны 9 дүгээр сард Баярсайхан гэх хүнээс худалдаж авсан. Бид хоёр авто машин худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Одоохондоо өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа. Хөх өнгийн портер маркийн ******* БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа юм. ...Би *******ыг модонд явъя гэхээр нь мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу, түлш багатай байгаа өөрөө мэд гэж хэлсэн. Гэтэл одоо өөрөө хохироод байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,
Гэрч Б.*******ийн өгсөн: ...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөхөр *******ын хамт ******* БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Сайхан сумын “Ар булаг” гэх газарт байх төрсөн дүү *******ынд очиж хоносон. Тэгээд маргааш нь дүүгийн мотоциклоор нөхөр *******ын хамт Сайхан сумын төв орчихоод 13 цагийн үед ирэхэд манай төрсөн дүү ******* нь манай нөхрийн машинаар модонд явчихсан байсан. Тэгсэн 15 цагийн үед сумын төвөөс цагдаа нэг хүнтэй ирээд манай нөхөр *******ыг аваад *******ын мод бэлтгэж байгаа газар руу явсан. Тэгээд *******ыг хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд Сайхан сумын цагдаа аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар тал/,
Гэрч Б.*******ийн өгсөн: ...Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед Булган аймгийн төвөөс эхнэр хүүхдийн хамт Сайхан сумын “Ар булаг” гэх газарт төрсөн аав *******ынд очсон. Намайг очиход манай гадаа аавын эгчийн нөхөр ******* гэх хүний машин байсан. Тэгсэн аав ******* нь хүний ачааны машин байгаа дээр хамт модонд явъя гэхээр нь таны бие муу байна аа, би жаахан яаруу явж байна, өвөлжөөний бууц янзлаад буцъя гэж хэлсэн. Тэгсэн чинь аавынх нь бие муу байхад модонд хамт яваад өгөөч гээд байхаар нь хамт явсан. Тэгээд модоо бэлтгээд ачиж байхад Сайхан сумын цагдаа хүмүүстэй ирээд та хоёр хууль бусаар мод бэлтгэсэн байна гэж хэлээд сумын төв рүү аав *******ыг аваад явсан. ...Тухайн үед манай аав ******* мод хөрөөдөж, унагаж бэлтгэсэн. Би зөвхөн ачихад нь тусалсан. Тухайн газраас 3 ширхэг босоо хуурай мод бэлтгэж хөрөөдөж ачсан. Унанги, хэвтээ модноос 2 ширхэгийг тайрч бэлдэж ачсан. Шинэс төрлийн хар мод байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/,
Гэрч Б.*******ын өгсөн: ...2021 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн үед 4 дүгээр багийн иргэн Х.******* гэх хүн өвөлжилтийн бэлтгэлийн мод бэлтгэх гээд тухайн өдрөөр 5 куб мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан. Тэгээд би 12 цагийн үед 4 дүгээр багийн “Номгон” гэх газар руу мод бэлтгэх эрхийн бичиг өгсөн хүмүүстээ хяналт тавихаар явсан. Тэгсэн Х.******* нь ирээгүй. Тэгэхээр нь би хүлээж байгаад 12 цагийн үед сумандаа ирсэн. ...Дээрх мод бэлтгэсэн Сайхан сумын 4 дүгээр багийн нутаг “Ар булаг” гэх газар нь 2021 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар тал/,
Хутаг-Өндөр сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай:
1. Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод.
2. Уг мод нь түлшний зориулалтаар бэлтгэсэн мод.
3. “Арбулагийн Хонгорын нүүр” гэх газарт талбайн тусгаарлалтын ажил хийгдээгүй.
4. Бэлтгэсэн мод нь 23 ширхэг нарийн талын диаметр нь 19-34 см бөгөөд урт нь 154 см байсан ба бөөрөнхий модны нягт шоометр нь 1.976 ба экологи, эдийн засгийн үнэлгээ нь 333.262 төгрөг.
5. Ачиж тээвэрлэсэн гэх мод нь мод бэлтгэх эрхийн бичигтэй бэлтгэсэн боловч эрхийг бичигт заагдсан газраас бэлтгээгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57 дугаар тал/,
Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 333.262 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 999.786 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72 дугаар тал/,
“Тольдох оюуны өгөөж” хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №21/396 дугаартай: Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн моторт хөрөө 50.000 төгрөг, ******* БУЛ улсын дугаартай, “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийн үнэ 1.559.636 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-80 дугаар тал/,
Шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сайхан сумын 4 дүгээр багийн байгаль хамгаалагч *******аас мод бэлтгэх эрхийн бичгийг аваад хүргэн ах *******ын эзэмшлийн ******* БУЛ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер загварын тээврийн хэрэгслийг жолоодоод мод бэлтгэх газар руугаа явсан. Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр багийн нутаг “Ар булагийн хонгорын нүүр” гэх газраас үзүүр нь хугарсан байсан 3 ширхэг босоо мод тайрж бэлтгээд тээврийн хэрэгсэлдээ ачиж байхад сумын цагдаа, Сайхан сумын 4 дүгээр багийн иргэдийн хурлын дарга Даваажав нар ирээд мод бэлтгэж болохгүй газраас мод бэлтгэсэн байна гэж хэлээд Сайхан сумын цагдаагийн хэсэг рүү авч явсан. Би ковид тусаад бие сайн тэнхрээгүй байсан мөн хүний тээврийн хэрэгслийг гуйж авсан болохоор хол газар явалгүй ойр газраас очиж бэлтгэсэн юм. “Номгон” гэх газар нь манай гэрээс баруун хойд зүгт 15 гаран км зайд байдаг. “Ар булагийн хонгорын нүүр” гэх газар нь манай гэрийн хажууханд байдаг юм. Урьд өмнө энэ газраас мод бэлтгэж болдог байсан. 2021 онд мод бэлтгэхээр талбайн тусгаарлалт хийгдээгүй юм байна лээ. Би ойрхон болохоор нь очоод бэлдчихсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгөтэй, зүүн талдаа хар өнгийн маниултай, баруун талдаа улаан өнгийн тагтай, ямар нэгэн бичиглэлгүй хуучин хөрөөг таньж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч Х.*******, Д.*******, гэрч Б.*******, Б.*******, Б.******* нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө, БУА сери бүхий 22-008716 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг зэргийг харьцуулан судласнаар шүүгдэгч Х.******* нь эрх бүхий байгуулагаас 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сайхан сумын “Хойд Номгон” гэх газраас ойн цэвэрлэгээний аргаар шинэс төрлийн 1184 м3 модыг ******* БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр бэлтгэх зөвшөөрөл авсан боловч тухайн өдөр хувийн эрх ашгийн үүднээс газрыг дөтөлж, өөрийн гэрээс баруун хойд зүгт 15 гаран км зайд буюу “Ар булаг”-ийн хойд гацааны ам “Хонгорын нүүр” гэх газраас босоо болон унанги мод бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Х.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Х.******* нь эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газрын ойд ургаа мод тайрч бэлтгэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Х.*******ын эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газраас мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчины эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Х.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 333.262 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 57 дугаар тал/ учирсан нь Хутаг-Өндөр сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 999.786 төгрөгийн /хавтаст хэргийн 62 дугаар тал/ хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Х.*******аас 999.786 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.
Хавтаст хэргийн 95-100, 109 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, малын А дансны хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй, Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр баг, Ундрах багт малчин, хувийн 365 толгой малтай зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр иргэн Б.Баярсайханы нэр дээр бүртгэлтэй байгаа хэдий ч иргэний нэхэмжлэгч Д.*******ын өмчлөл, эзэмшилд шилжсэн болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 103 дугаар тал/, түүний үнэлгээг тогтоосон “Тольдох оюуны өгөөж” хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21/396 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 75-80,101-103 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.
Иймд хэрэгт мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* БУЛ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчид нь үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 1.559.636 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 23 ширхэг 1.976м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгийн “Урал” загварын цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Халтарын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.*******аас байгаль экологид учруулсан хохирол 999.786 /есөн зуун ерэн есөн мянга, долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* БУЛ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч иргэний нэхэмжлэгч Д.*******т үлдээж, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 1.559.636 /нэг сая таван зуун тавин есөн мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон 23 /хорин гурав/ ширхэг буюу 1.976 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50.000 /тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн хар өнгөтэй, зүүн талдаа хар өнгийн маниултай, баруун талдаа улаан өнгийн тагтай, ямар нэгэн бичиглэлгүй хуучин хөрөөг хурааж, улсын орлого болгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Х.*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД