Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Ж.Батсуурь, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Батсуурьт холбогдох эрүүгийн 2115000000274 дугаартай, 163/2022/0013/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Чонос овогт Жамъянгийн Батсуурь, Булган аймгийн Сайхан суманд 1964 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, ... тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 57 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, /РД: .../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Батсуурь нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Сүүдэр” гэх газрын ойд 59 ширхэг буюу 5.4 м3 хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000000274 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.Батсуурь нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 38-34 БУЛ улсын дугаартайHyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл болон цахилгаан хөрөө ашиглан Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Сүүдэр” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 59 ширхэг буюу 5.4 м3 хуурай, шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 910.737 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Батсуурийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн “Сүүдэр” гэх газар байсан ба уулын орой хэсэгт байв. Эргэн тойрон бүхэлдээ шинэс төрлийн модтой ой байх ба тайрч унагаж бэлтгэж орхисон моднууд байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-07 дугаар тал/,

Модонд үзлэг хийсэн: Уг моднууд нь шинэс төрлийн хуурай мод байх ба 1.43 м-1.62м урттай, 14-40см өргөнтэй, нийт 59 ширхэг шинэс төрлийн мод байв. Уг моднуудыг Булган аймгийн Орхон сумын цагдаагийн байрны хашаан дотор битүүмжлэхээр тогтов гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-10 дугаар тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Цэнхэр өнгийн 38-34 БУЛ улсын дугаартай Портер загварын хэрэгсэл байх ба хуучирч муудсан, нүүр хэсэгтээ 17х18см, 15х19 см хэмжээтэй хонхойж орсон, баруун талын гадна, дотор талын хаалганы бариул эвдэрсэн, ...өөр эвдэрч гэмтсэн зүйлгүй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дугаар тал/,

Мөрдөгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 38-34 БУЛ улсын дугаартай, “Hundai Porter” загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэх 59 ширхэг хуурай шинэс модыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

            Эд зүйлд үзлэг хийсэн: Цагаан өнгийн, цэнхэр өнгийн маниултай цахилгаан хөрөө байх ба эвдэрсэн эд зүйлгүй бүтэн байв. Уг хөрөөг эд мөрийн баримтаар хураав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч Б.Лхагвасайханы өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орхон сумын хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч У.Мөнгөний хамт Орхон сумын 3 дугаар багийн нутагт байгаль орны чиглэлээр хяналт шалгалт хийж байх үед мод тээвэрлэсэн цэнхэр өнгийн Портер загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан ба уг мод бэлтгэх эрхийн бичиг дээр Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Баруун могой” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг бичсэн байхаар нь бичиг баримтын зөрчилтэй байна гэж хэлээд саатуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

Гэрч Д.Алтанцоожийн өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ээждээ түлээний мод бэлтгэж өгөхөөр Булган аймгийн Орхон сумын байгаль орчны байцаагч Ганцолмонгоос мод бэлдэх эрхийн бичиг аваад найз Ж.Батсуурийг гуйж модонд явуулсан юм. ...Би Ганцолмонгоос Орхон сумын 3 дугаар багаас мод бэлтгэх зөвшөөрөл авах гэсэн юм гэж хэлээд Ганцолмонд тээвэрлэх машины дугаараа тэмдэглүүлээд мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тухайн үед Ганцолмонгоос мод бэлтгэх эрхийн бичиг авахаар зөндөө хүмүүс байсан болохоор Ганцолмон мод бэлтгэх эрхийн бичиг дээрээ миний хэлсэн газрыг бичилгүй өөр газар бичсэн байх. Ганцолмон нь Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Сүүдэр” гэх газрын “Цээнтийн ар” хэсгээс мод бэлтгэж байгаа шүү гэж хэлсэн. Мод бэлтгэх үед хамт яваагүй. Би мод бэлтгэх эрхийн бичгээ Ж.Батсуурьт өгөхдөө “Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Сүүдэр” гэх газрын “Цээнтийн ар” хэсгээс мод бэлтгэхээр бичиг авлаа тэндээс очоод бэлтгээрэй гэж хэлээд өгсөн юм. Миний хэлснээр тухайн газар нь очиж мод бэлтгэсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,

Гэрч Ц.Мөнхбатын өгсөн: Манай найз Батсуурь намайг хамт модонд яваад өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Батсуурь, Отгонбаяр нарын хамт Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Цээнт” гэх газар руу мод бэлтгэхээр Батсуурийн эзэмшлийн 38-34 БУЛ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер загварын тээврийн хэрэгсэлтэй явсан. Батсуурь нь унанги мод бэлтгээд дээрээс нь хүний тайрч бэлдсэн моднуудыг тээврийн хэрэгсэлд ачсан. Модоо бэлтгэж дуусаад буцаж явах замд цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг зөрчилтэй байна гэж хэлээд саатуулсан. Батсуурь хэлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж хэлсэн. Би өөрийн нүдээр мод бэлтгэх эрхийн бичгийг хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дүгээр тал/,

Гэрч Б.Ганцолмонгийн өгсөн: Алтанцоож гэх хүн надаас Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Цээнт” гэх газраас мод бэлтгэх гэсэн юм гэж асуусан. Тухайн үед надаас олон хүмүүс мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан ба тухайн үед ихэвчлэн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Баруун могой” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж байсан юм. Алтанцоож гэх хүний хэлснийг мартаад Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Баруун могой” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичгийг бичсэн байсан. Уг нь Орхон сумын 3 дугаар багийн нутаг болох “Цээнт” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөх гэж байсан юм. Мод бэлтгэх эрхийн бичиг дээр гарын үсэг зурж тэмдэг дарах ёстой. Тухайн үед олон хүн байсан болохоор тэмдэг дарж чадаагүй Алтанцоож гэх хүнд өгсөн байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар тал/,

Гэрч Ж.Баттулгын өгсөн: Би 38-34 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 9 дүгээр сард өөрийн төрсөн ах Батсуурьт 2.000.000 төгрөгөөр зарсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар тал/,

Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаартай: Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод байна. Уг моднууд нь түлээний мод байна. Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Сүүдэр” гэх газарт иргэн Ж.Батсуурийн мод бэлтгэсэн N48049I51,93II Е103014I58,81II солбилцол дээр 2021 онд мод бэлтгэх талбайн тусгаарлалтын ажил хийгдээгүй болно. Уг 59 ширхэг модыг газарт хураалгаатай байхад нь туузан метрээр урт 1.7м, өндөр 1.2м, өргөн 1.5м, урт 2.6м, өндөр 0.6м, өргөн 1.5 м-тэй байгааг хэмжиж нийт 5.4м3 эзэлэхүүнийг гаргасан. Экологи, эдийн засгийн үнэлгээ 910.737 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 910.737 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2.732.211 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

“Тольдох оюуны өгөөж” хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №21/515 дугаартай: Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн моторт хөрөө 45.000 төгрөг, 38-34 БУЛ улсын дугаартай, “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийн үнэ 959.470 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-49 дүгээр тал/,

Шүүгдэгч Ж.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн өгсөн: Манай найз Алтанцоож 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг өгөхдөө “Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Цээнт” гэх газраас бичүүлчихлээ, тэнд очоод мод бэлтгэчих” гэж хэлэхээр нь өөрийн эзэмшлийн 38-34 БУЛ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер загварын тээврийн хэрэгслээр найз Мөнхбат, Отгонбаяр нарын хамт явсан. Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Цээнт” гэх газар очоод газар унасан байсан унанги моднуудаас тайрж бэлдээд тээврийн хэрэгсэлдээ ачсан. Булган аймгийн Булган сум руу явж байх замд буюу Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Сүүдэр” гэх газар цагдаа зогсоож шалгаад бичиг баримтын зөрчилтэй байна гэж хэлээд саатуулсан. Цагдаа бичиг баримт болон мод бэлтгэх эрхийн бичгийг шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг дээр Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Баруун могой” гэх газраас мод бэлтгэхээр бичсэн байна, та Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Сүүдэр” гэх газраас мод бэлтгэсэн байна гэж хэлсэн. Цагдааг тэгж хэлэхэд нь би мод бэлтгэх эрхийн бичиг дээр өөр газраас мод бэлтгэхээр бичсэн байсныг мэдсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгөтэй хөрөөг таньж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасайхан, гэрч Д.Алтанцоож, Ц.Мөнхбат, Б.Ганцолмон нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө, БУА сери бүхий 21-109703 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг зэргийг харьцуулан судласнаар шүүгдэгч Ж.Батсуурь нь эрх бүхий байгуулагаас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Орхон сумын “Баруун могой” гэх газраас ойн цэвэрлэгээний аргаар шинэс төрлийн хэрэглээний болон түлээний 7 м3 модыг 38-34 БУЛ улсын дугаартай, “Hyundai Porterзагварын тээврийн хэрэгслээр бэлтгэх зөвшөөрөл авсан боловч тухайн өдөр зөвшөөрөлд зааснаас өөр газраас буюу тус аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Сүүдэр” гэх газрын ойд мод бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Ж.Батсуурийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Батсуурь нь эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газрын ойд мод бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Шүүгдэгч Ж.Батсуурийн эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газраас мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчины эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

        Шүүгдэгч Ж.Батсуурийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 910.737 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/ учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 2.732.211 төгрөгийн /хавтаст хэргийн 37 дугаар тал/ хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Уг хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ж.Батсууриас 2.732.211 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Батсуурийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Батсуурьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Батсуурийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 76-81 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Батсуурь нь ял шийтгүүлж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, хувьд ноогдох үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй байгаа зэргээр түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.Батсуурийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 38-34 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр иргэн Ж.Баттулгын нэр дээр бүртгэлтэй байгаа хэдий ч Ж.Баттулгын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр уг тээврийн хэрэгсэл шүүгдэгч Ж.Батсуурийн өмчлөл, эзэмшлийнх болох нь автаст хэргийн 65, 72, 81 дүгээр тал/ зэргээр тогтоогдож байх тул мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 38-34 БУЛ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 59 ширхэг 5.4м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Ж.Батсуурь нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Батсуурьт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овогт Жамъянгийн Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Батсуурь нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батсуурьт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Батсууриас байгаль экологид учруулсан хохирол 2.732.211 /хоёр сая долоон зуун гучин хоёр мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 959.470 /есөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийн үнэлгээ бүхий 38-34 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, болон гэмт хэрэг үйлдэж олсон 59 ширхэг буюу 5.4м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй цахилгааг хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Батсууриас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД