Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Э-т холбогдох эрүүгийн 2115002180312 дугаартай, 163/2022/0003/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......... овогт ..........ын ............., Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, ......... аймгийн ........ сумын .... багийн ..........ын ......... тоотод оршин суух бүртгэлтэй, “...................” ТӨҮГ-ын дотоод тээврийн хэсгийн авто краны оператор ажилтай, бүрэн дунд боловсролтой, автокраны оператор мэргэжилтэй, 33 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрдаг, ял шийтгүүлж байгаагүй, /РД: .................. /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Цагаан чулуут” гэх газарт Kia Bongo Pronter загварын ............. улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэлд өвс ачиж байгаад өвсний сэрээгээ уг тээврийн хэрэгслийн ачаан дээр тавих зорилготой шидсэн болгоомжгүй үйлдлийн улмаас Н.*******гийн нүд хэсэгт цохиж,  амь насыг нь хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2115002180312 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Цагаан чулуут” гэх газарт Kia Bongo Pronter загварын ............. улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл дээр өвс ачиж байсан Н.******* нь өвсний сэрээнд цохигдож, биедээ гавал тархины битүү гэмтэл, гавал тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи 250 гр цочмог их хэмжээний цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, хоёр тал бөмбөлгийн суурь хэсэг, хажуугийн ховдол, гурав дөрөвдүгээр ховдлын тархины эдийн цусархаг няцрал, баруун нүдний дотор ба доод хананаас самалдаг яс, суурь ясны турк эмээлийн урд сэртэн хүртэл үргэлжилсэн хугарал, самалдаг, хоншоор ясны хөндий дэх сул цус, баруун нүдний алимны салстын урагдал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбээ, хуйханд дагзны зүүн хэсэг, духанд зулгаралт гэмтэл авсаны улмаас амь нас нь хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Цагаан чулуут” гэх нэртэй газарт болсон байна. Уг газар нь шаргалтсан өвстэй, ойр орчимын өвсийг хадаж бухалдсан, олон тооны жижиг бухлуудтай байна. ...уг хэрэг учрал болсон гэх газарт зогсож байсан тээврийн хэрэгслийн ертөнцийн зүгээр урд хэсэгт 2.80 метрийн зайд 10х19 см хэмжээтэй талбайд газрын өвс нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-11 дэх тал/,

Өвсний сэрээнд үзлэг хийсэн: ...Уг өвсний сэрээний гурван салааны үзүүр хэсэгт шороо мэт зүйлээр бохирлогдсон...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгч Н.*******ийн өгсөн: ...Орхон аймгийн бүсийн оношлогооны төвийн эрчимт эмчилгээний тасагт ирсэн чинь ах ******* ухаангүй байсан. Тэгээд би ахыг нас бартал нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 01 цаг хүртэл сахисан. Тэгээд ах маань нас барсан. Намайг Сэлэнгэ аймгаас ирж явахад төрсөн эгч Гэрэлмаа миний гар утас руу залгаад талийгаачийг Баяраа ахын өвсөнд явж байгаад өвсний сэрээ нүд рүү нь зоогдож бэртэж гэмтээд одоо ухаангүй байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, ...Тухайн үед болгоомжгүй зүйлээс болж ийм зүйл болсон. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүгдийг нь барагдуулж авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Гэрч Б.*******ын өгсөн: 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай өвөлжөөний урд талын замын урд талын талбай дээр хадаж бухалдсан өвсөө манай нөхөр *******, нөхрийн төрсөн дүүгийн хүү *******, нөхрийн хуурай дүү ............., ******* /бид нар Бобо гэж дууддаг/ бид тав бухалдсан өвсөө “Киа Пронтер” загварын тээврийн хэрэгсэлд ачиж өвөлжөөндөө буулгаж байсан. ...Тэгээд орой цагийг нь сайн санахгүй байна. Би бухалдсан өвсөө .............ын ачиж байсан талд зогсож ачиж байсан. Харин бид хоёрын эсрэг талд буюу машины нөгөө талд ............., ******* хоёр бухалдсан өвсөө ачиж байсан. Тэгээд хэсэг ачиж байгаад би *******гийн ачиж байсан тал руу нь явж *******тай хамт хэсэг өвс машин дээр ачиж байгаад цааш явж дараагийн бухалдсан өвснөөс өвс авах гээд сэрээгээ өвсөнд зоож байтал ард талд хүн ёолох шиг болохоор нь эргээд хартал дүү ******* газар хэвтчихсэн хажуу талд нь өвсний сэрээ газар хэвтэж байсан. Тэгээд би яваад очтол ******* ам болон хамраа гараараа дарчихсан гарынх нь салаагаар цус гарчихсан байж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Гэрч М.*******ы өгсөн: ...Тухайн үед ******* өвс ачиж байсан тээврийн хэрэгслийн баруун талд буюу жолооч талын тэвшний хажууд гол хэсэгт зогсож газар байсан өвсийг машин дээр тавьж байсан. Харин ............. тээврийн хэрэгслийн нөгөө талд өвсөө ачиж дуусгаад сэрээгээ машин дээр тавих гээд надруу өгсөн байна лээ. Тухайн үед би өвс ачсан тээврийн хэрэгсэл дээр өвсөө гишгээд байж байсан гэнэт ******* ёоё гээд хашгирахаар нь дээрээс харсан чинь ******* гараараа нүүрээ дарчихсан гарын салаагаар нь цус гарчихсан байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

Гэрч П.*******ын өгсөн: 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Хужирын гол гэх газарт Баяраа, түүний эхнэр Бадам, *******, ******* бид нар Баяраа ахын өвөлжөөнд өвс буулгаж байсан. ...Бид нар хадлан хадаж байгаад хадсан өвсөө 15 цагаас 16 цагийн хооронд ******* ах унаж очсон цэнхэр өнгөтэй тэвштэй ачааны машин дээр ачиж байтал ******* ахын дээрээс буюу ачсан өвсний дээрээс шидсэн сэрээ орж ирээд ******* ахын баруун талын нүд рүү сэрээ зоогдоод ******* ах газар унахаар нь би гүйгээд очиход өвсний сэрээ ******* ахын хажуу талд хэвтэж байсан. ******* ах руу харахад баруун талын нүднээс мөн хамарнаас нь цус гарсан байсан ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

Гэрч Л.*******ын өгсөн: ...Тэгээд би гэртээ үлдээд ...орой 18 цаг өнгөрч байх үед үхрээ туугаад гэрлүүгээ ирсэн. Манай гэрийн хажууд нэг жижиг саарал машин ирчихсэн зогсож байсан. Тэгтэл манай гэрийн тэндээс нэг танихгүй залуу миний урдаас гүйж ирээд ахаа *******гийн толгой хэсэг рүү нь сэрээгээр хатгачихсан чинь бие нь муу байна, одоо яахав ахаа гэсэн. Тухайн үед тэр залуу их сандарсан тэвдсэн байдалтай байсан. Тэгээд би гэрийн хажууд байгаа машин дээр ирж мориноосоо буугаад тэр машины хаалгыг онгойлгон харсан чинь хүү ******* ухаан алдчихсан хойд талын суудал дээр сууж байсан. Харин хажуу талд нь ******* түшээд суучихсан байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн: Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, гавал тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи 250 гр цочмог их хэмжээний цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, хоёр тал бөмбөлгийн суурь хэсэг, хажуугийн ховдол, гурав дөрөвдүгээр ховдлын тархины эдийн цусархаг няцрал, баруун нүдний дотор ба доод хананаас самалдаг яс, суурь ясны турк эмээлийн урд сэртэн хүртэл үргэлжилсэн хугарал, самалдаг, хоншоор ясны хөндий дэх сул цус, баруун нүдний алимны салстын урагдал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбээ, хуйханд дагзны зүүн хэсэг, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн гавал тархины битүү гэмтэл, гавал тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи 250 гр цочмог их хэмжээний цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, хоёр тал бөмбөлгийн суурь хэсэг, хажуугийн ховдол, гурав дөрөвдүгээр ховдлын тархины эдийн цусархаг няцрал, баруун нүдний дотор ба доод хананаас самалдаг яс, суурь ясны турк эмээлийн урд сэртэн хүртэл үргэлжилсэн хугарал, самалдаг, хоншоор ясны хөндий дэх сул цус, баруун нүдний алимны салстын урагдал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүссэн байхаар байна. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь үхэлд хүргэсэн ба гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаачид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нас баржээ. Талийгаач нь тархины битүү гэмтэл, гавал тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи 250 гр цочмог их хэмжээний цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, хоёр тал бөмбөлгийн суурь хэсэг, хажуугийн ховдол, гурав дөрөвдүгээр ховдлын тархины эдийн цусархаг няцрал, баруун нүдний дотор ба доод хананаас самалдаг яс, суурь ясны турк эмээлийн урд сэртэн хүртэл үргэлжилсэн хугарал, самалдаг, хоншоор ясны хөндий дэх сул цус гэмтлүүдийн улмаас нас баржээ гэх 79 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 63-68 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Э-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: Прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгаас Бугат сумын Хужирын голд байдаг хуурай ах *******ы өвсийг ачиж өвөлжөөнд нь буулгахаар очсон. Намайг Баясайхан ахын өвөлжөөн дээр очиход ******* ах, түүний эхнэр танихгүй хоёр хүний хамт өвөлжөөн дээр портер машинтай өвж буулгаж байсан. ...Тэгээд миний талд байсан бухалдсан өвс дуусахаар нь машины тэвшин дээр өвс тарааж байсан ******* ах руу “өвсний сэрээгээ шидлээ шүү барьж аваарай” гэж хэлээд шидсэн. Тухайн үед ******* ах машин дээр өвс тараагаад зогсож байсан. Тэгтэл цаана байсан ******* ахын эхнэр болон өвс ачилцаж байсан залуу тэр хоёр “сэрээнд хүн хатгуулчихлаа ш дээ” гэж хэлж хашгираад миний эсрэг талд өвс ачиж байсан залуу гүйхээр нь би машины араар тойроод очсон чинь тэр залуу уначихсан нүүрээ дараад доош харсан байдалтай хэвтэж байсан. Миний шидсэн өвсний сэрээ хажуу талд нь газар хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-84 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Гэрч Б.*******, М.*******, П.*******ын нарын өгсөн “*******гийн баруун талын нүд рүү сэрээ зоогдоод, ******* газар унасан, очиход өвсний сэрээ Н.******* ахын хажуу талд хэвтэж байсан. ******* руу харахад баруун талын нүд болон хамарнаас нь цус гарч байсан” талаарх мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн нас барсан шалтгааныг тогтоосон “Талийгаачид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нас баржээ. Талийгаач нь тархины битүү гэмтэл, гавал тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи 250 гр цочмог их хэмжээний цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, хоёр тал бөмбөлгийн суурь хэсэг, хажуугийн ховдол, гурав дөрөвдүгээр ховдлын тархины эдийн цусархаг няцрал, баруун нүдний дотор ба доод хананаас самалдаг яс, суурь ясны турк эмээлийн урд сэртэн хүртэл үргэлжилсэн хугарал, самалдаг, хоншоор ясны хөндий дэх сул цус гэмтлүүдийн улмаас нас баржээ гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч Н.Э өвсний сэрээгээ тээврийн хэрэгсэл дээр өвс гишгэж байсан М.******* руу шидсэн боловч тээврийн хэрэгслийг давж нөгөө талд өвс ачиж байсан Н.******* уг сэрээнд цохигдож амь нас нь хохирсон болох нь батлагдаж байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Н.******* нь тархины битүү гэмтэл, гавал тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи 250 гр цочмог их хэмжээний цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, хоёр тал бөмбөлгийн суурь хэсэг, хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын тархины эдийн цусархаг няцрал, баруун нүдний дотор ба доод хананаас самалдаг яс, суурь ясны турк эмээлийн урд сэртэн хүртэл үргэлжилсэн хугарал, самалдаг, хоншоор ясны хөндий дэх сул цус гэмтлүүдийн улмаас нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Э-ын сэрээ шидсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

шүүгдэгч Н.Э-н өвсний сэрээг машин руу шидсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, хүний амьд явах эрхийн эсрэг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Н.Э нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэг нь “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Э-ыг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Цагаан чулуут” гэх газарт Kia Bongo Pronter загварын ............. улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэлд өвс ачиж байгаад өвсний сэрээгээ уг тээврийн хэрэгслийн ачаан дээр тавих зорилготой шидсэн болгоомжгүй үйлдлийн улмаас Н.*******гийн нүд хэсэгт цохигдож амь насыг нь хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******той шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр утсаар холбогдоход “за ойголоо, шүүгдэгчийн зүгээс оршуулагатай холбогдуулан гарсан зардал болон гэм хор учруулсны хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан, бид ямар нэг санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ. Мөн хавтаст хэргийн 128-129 дүгээр талд хохирол төлсөн талаарх Хаанк банкны мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр 40000000 төгрөгийг төлсөнөөр /хавтаст хэргийн 133 дугаар тал/ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* гомдол саналгүй гэх хүсэлтээ бичгээр илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч Н.Э-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Э-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Н.Э-ыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан материаллаг хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 87, 88, 89, 130-132 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, багийн засаг даргын тодорхойлолт, “..................” ТӨҮГ-ын баяжуулах үйлдвэрийн даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар шүүгдэгч Н.Э нь “..................” ТӨҮГ-ын дотоод тээврийн хэсгийн авто краны оператор ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .......... аймгийн ........ сумын .......... багийн ............ын ............ тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4/130 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Э-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнийг оршин суух газраас буюу ......... аймгийн ........ сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн саарал өнгийн урт модон иштэй, өвсний сэрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......... овогт ..........ын .............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Э-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-н оршин суух газраас буюу Орхон аймгийн ............... сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн урт модон иштэй, өвсний сэрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД