Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 751

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ит холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                

прокурор А.Мөнхзул,

шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Иын өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Ит холбогдох 1708 0287 50275 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Балжидын И, 1977 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нарантуул” Олон улсын худалдааны төвд унадаг дугуйн худалдаа эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 94 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 7 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 94 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 203 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

Б.И нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 9-37 тоот хашааны гадаа насанд хүрээгүй Ч.Эийн эд хөрөнгийг авахаар хоолойг нь хүзүүний ороолтоор боож, хүч хэрэглэн довтолж, “Нокиа 206” загварын, 2 сим картны оролттой, хар өнгийн товчлууртай гар утсыг авч, бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Иын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Иыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ит оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, Б.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Иын өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудалд маргахгүй. Б.И нь хамгийн сүүлд 2000 онд 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж дуусаад дахин гэмт хэрэгт холбогдоогүй 18 жил болсон. Б.И нь бага насны хүүгийн хамт амьдардаг ба хүүг 3 настай байхад нь эх нь хамт амьдрахаа больсон. Түүний хүү нь эхээрээ овоглодог бөгөөд эцэг нь Б.И мөн болохыг нотлох хууль ёсны баримт байхгүй боловч хүүгийн эх Э.Энхцэцэг нь энэ байдал үнэн болохыг тодорхойлж, хуулийн дагуу нотариатаар гэрчлүүлсэн баримтыг гаргаж өгсөн. Цаашид овог солих асуудал яригдаж байгаа болно.

            Б.И нь 2000 оноос хойш тасралтгүй 16 жил “Нарантуул” захад худалдаа эрхэлж, өөрийн амьдралаа авч явахыг зэрэгцээ ах, дүүсдээ тус дэм болж явдаг. Тэрээр өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож, хохирогчоос уучлалт гуйж, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо хохирогч нь ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон бөгөөд энэ талаарх баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан 2 жил 9 сарын хорих ялыг тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

            Шүүгдэгч Б.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

            Прокурор А.Мөнхзул тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Б.И нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 9-37 тоот хашааны гадаа насанд хүрээгүй Ч.Эийн эд хөрөнгийг авахаар хоолойг нь хүзүүний ороолтоор боож, хүч хэрэглэн довтолж, “Нокиа 206” загварын, 2 сим картны оролттой, хар өнгийн товчлууртай гар утсыг авч, бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Ч.Эийн “...гудамжинд явж байхад гэнэт 1 эрэгтэй хүн миний араас тэврээд авсан ба миний хүзүүнд байсан ороолтыг чангалж боосон. Би эргэж хараад тэр эрэгтэй хүнтэй ноцолдож, зүүн шанаа хавьд нь маажсан. Би орилсон чинь миний амыг таглаад “дуугүй бай” гэж хэлсэн. Тэгж байтал хүн явж байгаа хөлийн чимээ гарангуут нь тэр залуу намайг үлдээгээд урагшаа яваад өгсөн. Тэгээд би гар утсаа аваад ээж рүү залгах гэтэл гар утас байхгүй байсан. Тэгээд миний гар утсыг тэр эрэгтэй хүн дээрэмдчихсэн...” /хх-30-31, 32-33, 34-35, 42-43/,

 

гэрч Б.Наранчимэгийн “...нөгөө залуу явсны дараа өөрийнхөө өмсөж явсан шар өнгийн нэхийнд гараа хийгээд үзтэл миний халаасанд гар утас маань байхгүй болчихсон байсан гэж хэлсэн...” /хх-40-41/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5, 6-8/,  эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9,10/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-13, 14, 15, 16/, таньж олуулах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17,18-19/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-56/, насанд хүрээгүй хохирогч Ч.Эийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-79/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Иыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцнэ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ит 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Иын өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдолдоо “Б.И нь 3 настай хүүтэйгээ хамт амьдардаг” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж байгаа боловч хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхэд хянагдах хугацаанд баримтыг цуглуулах ажиллагааг ирүүлээгүй атлаа дээрх үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь учир дутагдалтай байх тул гомдолд дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Иын өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Иын өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                                                                        

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

                                                                                               

                                                                                                            М.АЛДАР