Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 626

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нарванчин овгийн Ц.Н

                      Нарванчин овгийн П.А

Хариуцагч: УБЕГ

Гуравдагч этгээд: “Х ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201007406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х ”-ны өмчлөлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Х ” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн 000504295 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А , нэхэмжлэгч Ц.Н ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т , тэдний өмгөөлөгч Ж.Б , С.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.М , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н , П.А  нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Ц.Н , миний охин П.А  бид 2-ын өмчилдөг Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 2/58 дугаар байрны, 33 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201007406 дугаарт бүртгэгдсэн, 000176507 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 1 өрөө орон сууцаа өөрийн төрсөн дүү Ц.'Гүмэннасан, түүний нөхөр Адъяахүүгийн А  нарт Х наас авч буй зээлийн барьцаа хөрөнгөнд барьцаалуулсан юм.

Миний дүү Ц.Т , А.А  нар Х наас 132 сая төгрөгийн зээл авч, 74 сая орчим төгрөг буцаан төлсөн ч барилгын салбарын уналтын үеэр ашиг орлого нь муудаж зээлээ хугацаанд нь төлж чадаагүйгээс Х  нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Х ны нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн Шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 120/ШШ2016/01595 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Х ны зээлийн гэрээний үүрэгт 105 052 616 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 341 606 төгрөгийг А.А , Ц.Т  нараас гаргуулан төлүүлэх, төлбөрөө 2016.05.20-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн Ү-2201011098, гэрчилгээний 000033783 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, 4-р байрны 47 тоот хаягт байрлах, 44 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Ү-2201007406, гэрчилгээний 000176507 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21 -р хороолол, 2/58-р байрны 33 тоот хаягт байрлах, 33 м.кв талбайтай орон сууц зэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хүүльд заасан журмын дагуу худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн .

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Албадан дуудлага худалдааны комисст санал оруулах тухай баримт үйлдэгдсэн бөгөөд уг баримтад барьцааны зүйлүүдийн үнэлгээг талуудын тохиролцсон үнэлгээгээр буюу 4 өрөө орон сууцны унийг 170.000.000 /Нэг зүүн далан сая/ төгрөгийн 70 хүвиар тооцон 119.000.000 /Нэг зуун арван есөн сая/ төгрөгөөр, 1 /нэг/ өрөө орон сүүцны үнийг 90.000.000 /Ерэн сая/ төгрөгийн 70 хувиар тооцон 63.000.000 /Жаран гурван сая/ төгрөгөөр дүүдлага худалдаанд оруулахаар талуудын саналыг үндэслэн шийдсэн. Тухайн үед буюу 2016.09.09-ний өдөр төлбөр авагч Х ны зүгээс Зг/5046 дугаартай “Төлбөр төлөгчдөөс барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн үнийн саналыг төлбөр авагч Х ны зүгээс хүлээн зөвшөөрч албадан дуудлага худалдаанд оруулах саналтай байна” гэсэн албан бичиг ирүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал хадгалагдан үлдсэн байдаг.

Дээрх баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас 2016 оны 09 сарын 20-ны өдөр “Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай” 129/03 тоот тогтоол гаргаж, уг тогтоолдоо “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шал^ны шүүхийн Шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01595 тоот Шийдвэр, 299 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 105 574 222 төгрөгийн эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 1-р хороолол, 4-р байрны 47 тоотын 44 м.кв талбайтай 4 өрөө, Ү-2101011098 дугаарт бүртгэлтэй орон сууцыг төлбөр авагч Х ны ажилтан Л.Б , Б.Гантөгс нарт шилжүүлэн өгч байгаа”-г тодорхой тусгасан байдаг.

Энэхүү 129/03 тоот тогтоолын дагуу дүү Ц.Т , А.А  нар дээрх 4 өрөө орон сууцаа талуудын тохиролцсон 119.000.000 төгрөгийн үнэлгээг үндэслэн шүүхийн шийдвэрээр төлөх ёстой 105.574.222 төгрөгийн төлбөртөө шууд шилжүүлэн Х инд хүлээлгэн өгсөн юм.

Харин миний охин П.А  бид 2 өөрсдийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 2/58 дугаар байрны, 33 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201007406 дугаарт бүртгэгдсэн, 000176507 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 1 өрөө орон сууцаа Х инд шилжүүлэн өгөөгүй бөгөөд бид өнөөдрийг хүртэл уг орон сууцандаа амьдарч байна.

Гэтэл танай улсын бүртгэгч Г.М  нь Х ны гаргасан улсын бүртгэлийн мэдүүлэгт хавсарган өгсөн дараахь баримтуудыг огт нягтлалгүйгээр шүүхийн шийдвэрээр гэсэн үндэслэлээр Х ны нэр дээр бидний байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөнд гомдолтой байна. Үүнд:

1.Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны 2016.10.03-ны өдрийн 1/31030 тоот албан бичгийг үндэслэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Улсын бүртгэгч Г.М  нь бидний орон сууцны өмчлөх эрхийг бусдад Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгийг үндэслэн шилжүүлж байгаа бол 2001.09.12-ны өдрийн 57/244 тоот Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан захирамж, тушаалын 3 дахь хэсэгт заагдсан баримтуудыг шаардан авах ёстой байсан. Хэрэв энэ нотлох баримтыг шаардан авах үүргээ улсын бүртгэгч биелүүлсэн бол охин бид 2-ын орон сууцыг Х инд шилжүүлэн өгсөн ямар ч тогтоол байхгүй болохоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдөн бүртгэгдэхгүй байсан болно.

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхэд хандаж тус шүүхийн Шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 120/ШШ2016/01595 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн дагуу шүүхийн шийдвэрээр гэсэн үндэслэлээр өмчлөх эрхийг шилжүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэхүү шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бол энэхүү шүүхийн шийдвэр буюу захирамжин дээр “барьцаа хөрөнгүүд болох 2 орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж холбогдох төлбөрийг төлүүлэх’’ талаар тодорхой тогтоосон байдаг бөгөөд уг 2 орон сууцыг Х  руу шууд шилжүүлэх ямар ч шүүхийн шийдвэр, захирамж одоог хүртэл гараагүй, байхгүй байгаа болно.

3.2016 оны 09 сарын 20-ны өдөр “Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай” 129/03 тоот тогтоолыг нотлох баримтаар хүлээн авч өмчлөх эрхийн бүртгэлийг өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэхүү 129/03 тоот тогтоолоор зөвхөн Ц.Т  А.А  нарын өмчлөлийн 4 өрөө орон сууцыг Х инд шилжүүлж өгсөн байхад бидний 1 өрөө орон сууцыг шилжүүлж өгсөн мэтээр Х  баримтандаа хавсарган өгснийг улсын бүртгэгч Г.М  үүнийг огт нягтлалгүйгээр охин бид 2-ын өмчлөх эрхийг Х инд шилжүүлсэнд гомдолтой байна.

Бид Ц.Т , А.А  нарын 4 өрөө орон сууцыгХ инд хүлээлгэн өгсөн 129/03 тоот тогтоолыг үндэслэн бидний 1 өрөө байрны өмчлөх эрхийг минь Х инд шилжүүлсэн гэдгийг 2019.01.28-ны өдөр холбогдох бүртгэлийн хэлтсээс авсан баримтуудыг үзээд мэдлээ.

Ийнхүү танай улсын бүртгэгч Г.М гийн ажилдаа хариуцлагагүй хандсан буруутай үйлдлээс болж Ц.Н , П.А  бид өөрийн хүүхдүүд, ах дүү нарын хамт 10 гаруй ам бүлээрээ амьдарч байгаа орон сууцныхаа хууль ёсны өмчлөгч хирнээ байрнаасаа хөөгдөн гудамжинд гарах нөхцөл байдал үүсээд байна.

Иймд хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэгч Г.М гийн 2016.10.13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 2/58-р байрны 33 тоот хаягт байрлах Ү-220107406 тоот улсын бүртгэлд бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг Х инд шилжүүлсэн бүртгэлийг 000504295 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хамт хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч П.А , нэхэмжлэгч Ц.Н ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т  нараас нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Улсын бүртгэлийн Г.М гийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн, 19-р хороо, 21-р хороолол, 2/58-р байрны 33 тоот хаягт байрлах Ү-2201007406 тоот улсын бүртгэлд бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг Х ны өмчлөлд бүртгэсэн бүртгэлийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, Х ны өмчлөгчөөр бүртгэсэн 000504295 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6-д заасан хууль зүйн үндэслэлийг удирдлага болгон хүсэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч П.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тухайн үед жирэмсэн байна. Эмнэлэгт хэвтэж гарч ирээд удаагүй байсан. Манай эгч ах, эх гурав шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу явсан. Тэгээд надруу яриад чи заавал ирэх хэрэгтэй гэж байна хүрээд ир гэсэн. Би очиж чадахгүй бие өвдөөд байна гэхэд чи хүрээд ир чамаар юм бичүүлж авах юм байна гэсэн. Би 21 дүгээр хорооллоос 2 цагийн дараа очсон. Намайг ороход манай ээж чи ороод биччих бид гуравт хэлж өгөөд бичүүлсэн гэж хэлсэн. Ямар учиртай талаар асуухад зээлээ төлөх юм бол байр авна гэх утгатай юм бичүүлсэн чамайг орохоор хэлээд өгнө гэсэн. Миний эх тийм ч их мэдлэг боловсролтой хүн биш тул нарийн учрыг нь сайн ойлгоогүй байсан. Намайг ороход н.Ундрах чи ямар удаан ирдэг юм бэ гэсэн. Тухайн үед би тулгар гэдэстэй явж чадахгүй байгааг н.Ундрах өөрөө харсан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  Энэ үйл явдал эхлэхэд л байсан гэж байна. Би бол Энэ хүнийг хараагүй. Тэгээд н.Ундрах А.А  илүү гаргацтай бичдэг юм байна. Үүнийг хуулаад биччих гэсэн. Би ийм их зүйл бичиж чадахгүй гэнэ ямар учиртай юм бэ гэхэд манай баримтад хавсаргах шаардлагатай баримт. Танай байр барьцаанд нь байгаа тул ингэж бичих шаардлагатай. Чи байраа өгнө гэсэн утгатай зүйл бич гэсэн. Тиймээс уг байрыг Х  ХХК-д өгч байна гэх утгатай зүйл бичсэн. Надад тайлбарлахдаа чи санаа зоволтгүй. 4 өрөө байр нь ийм гоё байр юм чинь зарагдах юм бол танай байр асуудалгүй суллагдчих юм байна. Гэхдээ бидний албан бичигт заавал Энэ баримт шаардлагатай байдаг гэсэн. Тэгээд намайг урд талын нотариат руу ор гэсэн. Тухайн үед маш халуун өдөр байсан тул гадна нь сууц байгаад хамгийн сүүлд орсон. Тухайн үед юун дээр гарын үсэг зурж байгаагаа ойлгоогүй.

Нэхэмжлэгч П.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Ц.Н ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа бүртгэлийн үйл ажиллагааг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан буюу 2003 оны Эд хөрөнгө бүртгэх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчиж хийсэн бүртгэл байна. Тухайн үедээ Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирсэн албан бичгээс харахад шүүхийн шийдвэрээр тухайн орон сууцыг шилжүүлэн бүртгэсэн гэсэн байсан. Мөн хариуцагч Г.М  хариу тайлбартаа уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8 дахь хэсэгт зааснаар бүртгэл хийсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн Шийдвэрийг үндэслэн Х  ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн гэсэн байна. Гэтэл 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01595 дугаартай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуул гэсэн байна. Гэтэл шууд “Х ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэснийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын өмчлөх эрхэд халдах үндэслэл байгаагүй. Эдгээр нотлох баримт болон хэрэгт авагдсан баримтууд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн бүртгэхтэй холбоотой тухайн 1 өрөө орон сууцны хувийн хэрэгт хураан авч хүлээлгэн өгсөн тогтоол буюу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 129/03 дугаар хураан авсан тогтоол нь төлбөр төлөгчид тухайн 4 өрөө орон сууцыг хүлээлгэж өгсөн тогтоол. Гэтэл Энэ тогтоолыг 1 өрөө байрны хувийн хэрэгт “Х ” ХХК мэдүүлэг өгөхдөө хавсаргаж өгснийг хүлээн авч бүртгэсэн нь хууль бус байна. 

Шүүхийн шийдвэр гараагүй байхад өмчлөх эрхэд нь шууд халдаж тухайн эд хөрөнгийг шилжүүлсэн нь хууль бус үйлдэл. ... Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өгсөн баримтыг ашиглаж улсын бүртгэлд хандсан мэтээр ойлгож гарын үсгийн баталгаа бүхий баримтыг үндэслэж хийсэн гэх тайлбар өгдөг.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга байсан Т.Энхбат гэх хүний гаргасан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/31030 дугаар албан тоотыг үндэслэж бүртгэсэн гэж тайлбарладаг. Гэтэл энэ албан бичиг нь “Х ” ХХК-ийн нэр рүү шилжүүл гэсэн албан бичиг. Бүртгэлийн байгууллага, мөн хуульд заасан үндэслэлээр хүний өмчлөх эрхэд халдах эрхтэй шүүх байгууллага байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэж шилжүүлсэн нь хууль бус үйлдэл. Уг албан бичгийг үндэслэх тохиолдолд заавал шүүхийн шийдвэрт тусгагдсан байхыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг дагаж гарсан бүртгэгчийн үйл ажиллагааны тухай журамд тодорхой заасан. Хэрэв Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийг үндэслэж шилжүүлэх тохиолдолд ямар, ямар бичиг баримтыг хавсаргах талаар 2001 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Улсын дээд шүүх, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын 3 дахь хэсэгт тодорхой заасан.

Нэхэмжлэгч нар уг 1 өрөө орон сууцанд 11 хүн амьдарч байгаа. Хэрэв энэ байрыг хурааж авахыг хүлээн зөвшөөрсөн байсан бол өнөөдрийг хүртэл уг байранд амьдрахгүй байсан. Тухайн үед 4 өрөө байраа суллаж өгсөн шиг суллаж өгөх байсан. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж төлбөр төлөгчдөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 129/03 дугаар тогтоолыг анхаарч үзнэ үү.

Иймд Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.М гийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах 18 м.кв 1 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү2201007406 тоот бүртгэлд бүртгэгдсэн орон сууцыг Х  ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, “Х ” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000504295 дугаар гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Ц.Н ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т гийн өмгөөлөгч С.О  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага чиг үүргээ гүйцэтгэхдээ хууль баримталж ажиллана. 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Улсын дээд шүүхийн 45 дугаар тогтоолоор Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тайлбарлахдаа дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэсэн. Үүнд мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авч хянаж үзэж эрх зүйн дүгнэлт өгч зохих Шийдвэр гаргах ёстой гэсэн. Мөн эрхийн улсын бүртгэгч бүртгэлийг үнэн зөв хийх ёстой гэж заасан. Нэхэмжлэгч нарын өмчлөх эрхэд халдах ёсгүй байсан гэхээр мэдүүлэг гаргах эрхийг зөрчсөн. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт зааснаар мэдүүлэгт Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан баримтуудыг хавсаргасан байхыг шаардсан. 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн үнэ буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгө шинээр бий болсон бол өмчлөгчийг тодорхойлох. Өмчлөх эрх шилжиж байгаа бол өмчлөх эрх шилжих болсон хэлцэл бусад баримт бичигт тусгагдсан хүнийг заавал мэдүүлэгт дурдсан байх ёстой. Гэтэл үүнийг хавсаргаагүй.

Хэрэв  4 өрөө байрыг хэдэн төгрөгт, 1 өрөө байрыг хэдэн төгрөгт авч байгаа талаар үнэ дурдсан байсан бол ийм маргаан гаргахгүй байсан. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 19 хоногт дуусгавар болсон. Энэ нь гүйцэтгэж байгаа үнийн дүнгийнхээ 5 хувийг авах сонирхол Шийдвэр гүйцэтгэгчид байсан тул хэт хурдан хийсэн. Энэ нь ашиг сонирхолтой байсан гэдэг нь харагдаж байна. Анхнаасаа илт хууль бус байсан гэдэг нь юугаар нотлогдож байна гэхээр. Улсын бүртгэлд гаргаж байгаа мэдүүлэг бүрэн байгаагүй. Мэдүүлэгт бөглөх ёстой 28 үзүүлэлтийг бүрэн гүйцэд бөглөсөн эсэх, мэдүүлэг гаргах эрхтэй этгээд мөн эсэх, өмчлөх эрхтэй этгээд мөн эсэхийг шалгах ёстой. Хэрэв анхны өмчлөх эрх хүчин төгөлдөр байгаа бол дараагийн хүнд өмчлөх эрхийг бүртгэж болохгүй. Мэдүүлэг гаргах үед өмчлөх эрх Ц.Н , П.А  нарт байсан. Гэтэл хүний өмнөөс мэдүүлэг гаргасан. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар гэрээ хэлцлийн үндсэн дээр эсхүл эрх бүхий байгууллагын Шийдвэр буюу шүүхийн Шийдвэрээр өмчлөгчийг өөрчлөх зохицуулалттай. Гэтэл хариуцагч өргөдлөөр бүртгэсэн гэж тайлбарлаж байна. Өргөдөлд гарын үсгийн баталгаа хийсэн. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлээр шилжүүлж байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийг нотариатаар батлуулаад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлдэг. Гэтэл Энэ нь гэрээ хэлцлийг батлаагүй зөвхөн гарын үсгийн үнэн зөвийг баталсан өргөдөл юм. Өргөдлийг хэлцэл гэж үзэхгүй.

Хэлцэл гэдэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон агуулгыг тодорхойлж хийж байж хэлцлийн шинж чанарыг агуулна. Түүнээс хэлж өгч бичүүлж авсан өргөдлийг хэлцэл хийсэн. Анхнаасаа зөвшөөрсөн гэж хэлэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нар хүнд байдалд орсон байсан тул хэлснээр нь бичсэн. 4 өрөө байраа өгье гэж Ц.Т , А.А  нар илэрхийлж байсан. Хавтаст хэргийн 25,26 дугаар хуудаст хурааж авсан тогтоол, шилжүүлж өгсөн тогтоол авагдсан. Гэтэл энэ тогтоолуудаар 1 өрөө байрыг шилжүүлсэн талаар баримт байхгүй. Хариуцагч Т.Энхтөрийн хүргүүлсэн мэдүүлгээр үйл ажиллагаагаа явуулсан гэж тайлбарладаг. Шийдвэр гүйцэтгэх газрын даргын мэдэгдэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн баримтуудыг хавсаргаж өгөх ёстой байсан.

Мөн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон гэж тайлбарладаг. Шүүхийн шийдвэрт “Х ” ХХК-ийн өмчлөлд шилжүүл гэсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар албадан дуудлага худалдаагаар худалд гэж заасан. Албадан дуудлага худалдаа яагаад яваагүй зэргийг үнэлж дүгнэх, буцаах эрх нь бүртгэгчид байсан. Гэтэл уг үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдсөн. Ц.Н , П.А  нар “Х ” ХХК-иас нэг ч төгрөг аваагүй, түүний өмнө үүрэг хүлээгээгүй. Ах дүү нартаа туслах гэж байраа өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож эд хөрөнгийг хураасан. Гэхдээ 1 өрөө байрыг хураагаагүй. 4 өрөө байрыг хураасан гэдэг нь хавтаст хэргийн 25, 26 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар тогтоогдоно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа гэнэт 30,000,000 төгрөг өг. Өгөхгүй бол 1 өрөө байрыг чинь авна гэж айлгаж байгаад 1,700,000 төгрөг авсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаад 30,000,000 төгрөг ямар учиртай вэ гэхэд юу ч хэлж чадаагүй. Тиймээс 1,700,000 төгрөгийг буцааж өгсөн. Хүлээх ёстой үүрэг үлдсэн тул үүргийн гүйцэтгэлийг хангуулж 1 өрөө орон сууцыг авах ёстой гэж хэлэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Барьцаалагчид үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж байгаа бол заавал тусгай тэмдэглэл хийдэг. Мөн хуулийн 20.1.5, 20.6 дугаар зүйлд зааснаар хэрэв барьцаалагчийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх бол барьцаалагчийн хүсэлт, улсын бүртгэгчийн Шийдвэр, хэлцэл зэргийг хавсаргасан байх ёстой. Түүнээс нэгэнт над дээр ирсэн тул бүртгэх ёстой гэж бүртгэж болохгүй. Цаана нь хэний эрх ашиг хөндөгдөж байна гэдгийг шалгаж иргэний эрх ашгийг хамгаалж өмчлөх эрхийг нь хамгаалах ёстой.

Мөн Улсын Дээд Шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолд Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 2 дугаар зүйлийн 2.6-ын “в”-д Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд зааснаар зохицуулагддаггүй. Үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн зөвхөн шүүхийн Шийдвэрийн дагуу албадан худалдах буюу шүүхээс тогтоосон өөр хэлбэрээр худалдана гэж тайлбарласан.  Тиймээс Х  зөвхөн зээлийн төлбөрийг шаардах буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулаад зээлээ төл гэж шаардах эрхтэй болохоос өмчлөлдөө шилжүүлж авах эрхгүй. Барьцааны тухай хуульд ч мөн барьцаалагч барьцааны хөрөнгийг өөртөө шилжүүлж авахыг хориглодог. Тиймээс анх бүртгэл хийхээс эхлээд нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндсөн. Нэхэмжлэгч нараас 105,000,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар 74,112,450 төгрөгийг шүүхэд хандахаас өмнө төлсөн. Дараа нь 119,000,000 төгрөгийн хөрөнгөө суллаж өгсөн. Уг үл хөдлөх эд хөрөнгийг Х  ХХК бусдад худалдаж зээлийг хаасан. Тэгэхээр 193,112,450 төгрөг буюу 61,000,000 төгрөгөөр илүү төлсөн байхад ямар үндэслэлээр дутуу төлөгдсөн гэж 1 өрөө байрыг нь авах гэж байгаа нь үндэслэлгүй.

“Х ” ХХК-ийнхан өөрсдөө очиж үзсэн. Ямар ч зайгүй жижиг байранд 11 хүн амьдарч байгаа. 11 хүний хувь заяа, амьдралд асуудал яригдаж байгаа. Гэтэл Х  ХХК ямар нотлох баримтыг үндэслэж 1 өрөө байрыг авах гэж байгаа нь тодорхойгүй байна. Шүүхэд гаргаж өгсөн өргөдөлд 1 жилийн хугацаанд амьдраад мөнгөө төлөөгүй бол өмчлөлд шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна гэсэн болохоос 1 өрөө байгаа тэдэн төгрөгт, 4 өрөө байраа тэдэн төгрөгт тооцож өгнө гэсэн зүйл байхгүй. Х  ХХК-иас шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичигт төлбөр төлөгч нарын 170,000,000 төгрөг, 90,000,000 төгрөгт үнэлсэн үнийн саналыг хүлээн зөвшөөрч байна гэсэн. Тэгэхээр 4 өрөө байрыг 70 хувиар биш 170,000,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед байр үнэтэй байсан. Уг 4 өрөө орон сууц нь байрлал сайтай, сургууль цэцэрлэгт ойрхон, нэг давхарт байрлалтай, өргөтгөл хийх боломжтой байр байсан тул 170,000,000 төгрөгт үнэлсэн. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаад нэг жилийн дараа байрыг буцааж өгнө гэж ойлгож байсан. Өгөхгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргахад 30,000,000 төгрөг төл эсхүл 1 өрөө байраа өг гэсэн. Ямар үндэслэлээр юуны төлбөрт 30,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Хэрэв улсын бүртгэгч үүргээ гүйцэтгэж үнийг нь зөв тавьсан байсан бол ийм маргаан гарахгүй байх байсан. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг дуудаж уулзах эрх улсын бүртгэгчид байсан. Мөн татгалзах үндэслэлүүд нь байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан тоотыг үндэслэж бүртгэсэн нь илт хууль бус байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М  шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Иргэн Ц.Н , П.А  нарын нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнд дараах тайлбарыг гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.М  би, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 байрны 33 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007406 дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/01535 тоот захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т.Энхбат 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/31030 тоот албан бичиг, иргэн П.А  2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд “СХД-ийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2-58 байрны 33 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг “Х ” ХХК-д өгөхийг зөвшөөрсөн гарын үсгийн баталгаа болон бусад нотлох баримтыг үндэслэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчпөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 24.8-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж заасны дагуу тухайн бүртгэлийг хийсэн болно.

Иймд нэхэмжлэлд илт хууль бус болохыг тогтоолгож 000504295 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дурдсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргасан тайлбараа дэмжиж байна.

... Эд хөрөнгө хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхүүдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт мэдүүлэг хүлээн авахаас татгалзах хэд хэдэн үндэслэл заасан. Хүлээн авахаас татгалзах үндэслэл байвал улсын бүртгэгч мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан үндэслэлээ мэдүүлэг гаргагчид тайлбарлан мэдүүлгийг буцааж өгнө гэж заасан. 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эгдгийг баттай нотлох баримт байхгүй бол гэж заасан. Би нотлох баримт байна гэж үзсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01595 дугаар шүүгчийн захирамжийг хүчин төгөлдөр захирамж гэж үзэж үнэлэлт дүгнэлт өгсөн.

Мөн энэ шийдвэрийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх ажиллагаа явуулж манайд албан бичиг хүргүүлсэн. Мөн өмчлөх эрхээ шилжүүлж авахаар “Х ” ХХК албан бичиг, өмчлөгч П.А , Ц.Н нар тухайн 2201007406 дугаарт бүртгэлтэй 18 м.кв 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг Х  ХХК-ийн нэр дээр бүртгүүлэхийг зөвшөөрсөн гарын үсгийн үнэн зөвийг батлуулсан өргөдөл зэргээр баталгаажиж байна гэж үзэж байна. Мөн хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгээс татгалзах үндэслэл байхгүй бол мэдүүлгийг буцаахыг хориглоно гэж заасан. Тиймээс хуулийн дагуу бүртгэл хийсэн

... Дурдаад байгаа шүүгчийн захирамж нь Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох гэж заасан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж тухайн өмчлөгч болох Х  ХХК-ийн нэр дээр бүртгэл хий гэх албан бичиг ирсэн. Дээрх нотлох баримтуудыг үндэслэж бүртгэл хийдэг. Түүнээс шийдвэр нь хууль бус эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөв явагдсан эсэхийг шалгадаг эрх бүхий байгууллага биш. Хуульд заасан татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж бүртгэл хийсэн” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01595 дугаар захирамжийн дагуу 105,052,616 төгрөгийг Ц.Т , А.А  нараас гаргуулж “Х ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас барьцаа хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмын дагуу худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн Ү2021007406 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-58 дугаар байрны 33 тоотод байрлах 18 м.кв 1 өдрөө орон сууц нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж ажиллагааны явцад хөрөнгийн өмчлөгч Ц.Н , А.А  нар нь “Х ” ХХК-д болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргасан хүсэлтийн адгуу хүсэлтийн дагуу уг орон сууцыг шилжүүлсэн. Ингэхдээ тус 2 үл хөдлөх эд хөрөнгийн нийт төлбөр болох 105,052,616 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлсэн болохоос дуудлага худалдаанд оруулахын өмнөх үнийн сангийн мөнгөн дүнгээр тооцож шилжүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн нотлох баримтуудад 105,052,616 төгрөгт тооцож уг 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэдэг нь харагдаж байна.

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлд Х  ХХК-ийн зүгээс ХХХ2046 дугаар төлбөр төлөгчдөөс барьцаа хөрөнгөнүүдийг үнэлсэн үнийн саналыг төлбөр авагч Х  ХХК хүлээн зөвшөөрч албадан дуудлага худалдаанд оруулах саналтай байна гэсэн албан бичгийн дагуу 119,000,000 төгрөгөөр үнэлсэн 44 м.кв 4 өрөө орон сууцаа нийт төлбөр болох 105,052,616 төгрөгт төлсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Тус 18 м.кв 1 өрөө орон сууц болон 44 м.кв 4 өрөө орон сууцуудыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дуудлага худалдаа явагдаагүй буюу явагдахаас өмнө худалдан борлуулаагүй буюу анхны дуудлага худалдаа болохын өмнө Ц.Т , П.А  нарын 105,052,616 төгрөгийн төлбөрт тооцож “Х ” ХХК-д шилжүүлэх тухай хүсэлтийн дагуу төлбөр авагч “Хас бан”к ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж шүүхийн шийдвэр биелэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Эдгээр үл хөдлөх хөрөнгөнүүдийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулахаас өмнө төлбөр төлөгч Ц.Н , П.А  нарын хүсэлт, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолд 105,394,022 төгрөгийг эд хөрөнгөөр төлсөн гэж тусгасан.

Ц.Н , П.А  нар нь Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, улсын бүртгэлийн 2201007406 дугаарт бүртгэгдсэн 000176507 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй 1 өрөө орон сууцаа Х  ХХК-д шилжүүлэн өгөхийг зөвшөөрч хүсэлт гарган нотариатаар гэрчлүүлсэн баримт хэрэгт авагдсан. Гэтэл тухайн хүсэлтүүд нэг ижил загвараар ижил утгатай бичигдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан хүсэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. 2001 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 57244 дугаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт ирүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа хаяг, өмчлөгчийн овог нэрийг тодорхой дурдаж, холбогдох шүүхийн шийдвэр, үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн, хураасан, бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай актыг хавсаргасан байна гэж заасан. Үүний дагуу П.А , Ц.Н нар нь тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан боловч Х ны өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасан гэж үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол гаргасны дагуу улсын бүртгэлийн газар өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн үйл ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь нэхэмжлэгч П.А , Ц.Н нарын өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэж гомдолтой байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар ажиллагааг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь улсын бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Тус Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчин төгөлдөр байхад хүчин төгөлдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хөрөнгийг шилжүүлэн авч Эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл болон 14 дүгээр зүйлд зааснаар Х  ХХК мэдүүлэг гаргаж холбогдох баримтуудыг хавсаргаж өгсөн. Үүний дагуу Эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгө эрхийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт мэдүүлгийг хүлээн авч хөрөнгийн бүртгэлийг хийхээр заасны дагуу улсын бүртгэгчээс хуульд зааснаар бүртгэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй бол 14 дүгээр зүйлийн 14.2 дугаар зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахыг хориглоно гэсэн заалтын дагуу улсын бүртгэлээс эдгээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бүртгэл хийсэн. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ 4 өрөө орон сууцыг Х  ХХК-д 12903 дугаар тогтоолыг үндэслэн 1 өрөө байрны өмчлөх эрхийн Х  ХХК-д шилжүүлсэн гэдгийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр холбогдох баримтуудыг  авч үзсэнээр мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч Ц.Н , П.А  нар нь өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг Х  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан. Ийнхүү бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн хэрнээ Энэ талаар огт мэдээлэлгүй байсан мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нэхэмжлэгч П.А , Ц.Н нарын зээл төлөгдөөгүй байх үеэс эхэлж харьцаж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гарах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах, өмчлөлийг шилжүүлэх, орон сууцыг хүлээж авах ажиллагаанд н.Гантөгсийг ахалж ажилласан. Анхны шүүхийн шийдвэр гарахад ямар нэгэн маргаан байгаагүй. Эвлэрэн хэлэлцэж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ч маргаан гараагүй.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа шийдвэр гүйцэтгэгч н.Ундрах өрөөндөө дуудсан гэх процессыг тодорхойлж хэлэх боломжгүй байна. Хөрөнгө битүүмжлэх хураах, үнийн санал авах зэрэг ажиллагаа хийгдсэний дараа тухайн үед төлбөр төлөгч буюу хариуцагч нар өөрсдөө “Х ” ХХК дээр ирж энэ асуудлыг тавьсан. Банкны зүгээс төлбөртөө барьцаагаа өг гэдэг ямар нэг шаардлага тавиагүй. 4 өрөө орон сууц 1 өрөө орон сууцаа төлбөртөө тооцож өгье. 4 өрөө орон сууцаа суллаж өгье. 1 өрөө орон сууцандаа бид 1 жилийн хугацаанд амьдарч 1 өрөө орон сууцанд ногдох төлбөрийг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлж дуусгасны дараа буцааж авна гэсэн асуудал тавьсан. Энэ хүсэлтийг банк хүлээн зөвшөөрсөн. Тохирсон 1 жилийн хугацаанд нэхэмжлэгч нар банканд 1,700,000 төгрөг төлсөн. Тэгээд энэ хурлаас өмнөх шүүхийн процессоор 1,700,000 төгрөгөө буцааж авсан. 1 жилийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байна. Одоо төлбөрөө төлөх үү гэдэг асуудал яригдаж төлбөрөө төлж чадахгүй бол банк хууль ёсны өмчлөгч тул байрыг албадан чөлөөлүүлье гэхэд энэ маргааныг гаргасан. Зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлсөн бол энэ асуудал гарахгүй байх байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Н , П.А  нар нь УБЕГ т холбогдуулж анх “... 33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х ”-ны өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000504295 тоот гэрчилгээний хамт хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х ”-ны өмчлөлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Х ” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн 000504295 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”[1] гэж өөрчилсөн тул шүүх өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ц.Н , П.А , тэдний өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” байхад,

- “улсын бүртгэгч нь маргаж буй орон сууцны өмчлөгчийг өөрчилж бүртгэхдээ нэхэмжлэгч нараас өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг “Х ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг гаргаагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гуравдагч этгээдэд шилжүүлэхээр зөвшөөрсөн 4 өрөө орон сууцны баримт бичгийг ашигласан нь улсын бүртгэл хийх журмын зөрчсөн,

- шүүгчийн захирамжид маргаан бүхий орон сууцны өмчлөгчийг өөрчлөх талаар тусгаагүй, түүнчлэн талуудын хооронд хийгдсэн аливаа хэлцэл байхгүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 1/31030 тоот албан бичгийг үндэслэж өмчлөгчийг өөрчилж бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн,

- Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрээгүй, дуудлага худалдаа явагдаагүй, шийдвэр гүйцэтгэгч бүх төлбөр төлөгч нараас үг, үсгийн зөрүүгүй хүсэлтийг хэлж өгч бичүүлэн авсан, түүнчлэн маргаж буй 1 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлээгүй, төлбөр авагчид шилжүүлэн өгөөгүй байгааг харгалзан үзээгүй,

- 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Х ” ХХК-аас гаргасан Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бичигдээгүйгээс төлбөр төлөгч нь төлбөр авагчид төлөх ёстой 105,052,616.00төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн 4 өрөө орон сууцыг зарж борлуулан төлөх боломжтой тухайд улсын бүртгэгч эрх зүйн дүгнэлт хийгээгүй” гэж,

хариуцагчаас нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч “Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-58 дугаар байрны 33 тоот, 18мкв талбайтай орон сууцыг “Х ” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгосон үйлдэл нь Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8-д заасныг үндэслэж хийгдсэн ба уг бүртгэлийг хийхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байсан тул уг бүртгэл нь улсын бүртгэгчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцсэн, илт хууль бус бүртгэл гэж үзэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль тогтоомжид нийцэж явагдсан эсэхэд улсын бүртгэгч дүгнэлт өгөх эрх хэмжээгүй” гэж тайлбарлаж маргасан.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01595 дугаар захирамжаар ““Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 105,052,616.00 төгрөгийг хариуцагч А.А , Ц.Т  нар 2016 оны 05 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах, энэ хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201011098 дугаартай, 000033783 гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 47 тоот 44мкв талбайтай орон сууцыг, улсын бүртгэлийн Ү-2201007406 дугаартай 000176507 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-58 дугаар байрны 33 тоот, 18мкв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож”[2] шийдвэрлэжээ.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02792 тоот “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 00299 тоот гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусгавар болсон талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/31030 тоот албан бичгээр Сонгинохайрхайн дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст мэдэгджээ[3].

Үүний дараа “Х ” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлэг”[4] гаргасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах 18 мкв орон сууцны өмчлөгчөөр “Х ” ХХК-ийг Ү-2201007406 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ[5].

Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршиж байх ба “Х ” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлгийг гаргахдаа тус банкны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 47 тоот 44мкв талбайтай орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах 18 мкв орон сууц гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Х ны өмчлөлд шилжүүлэн, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай” 3г/5797 тоот албан бичиг, тусгай активын хэлтсийн мэргэжилтэн Б.Гантөгсөд олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Төлбөр авагчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг мэдэгдье” гэсэн 1/31030 тоот албан бичиг, 00299 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01595 дугаар захирамж, төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай 129/03 тоот тогтоол, Ц.Н ээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “... 33 тоот байрны гэрчилгээг Х инд шилжүүлэх, ... ийг зөвшөөрч байна” гэсэн, П.А гаас мөн өдөр гаргасан “... 33 тоот орон сууцыг Х инд өгөхийг зөвшөөрч байна” гэсэн хүсэлтүүдийг хавсаргажээ[6].

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нараас илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах 18 м.кв орон сууцыг “Х ” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн үйлдлийг захиргааны илт хууль бус шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэхээргүй, Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.4-т “тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн архивын хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх;”, 11.5.5-д “энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн талаар шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх”, Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль/2003/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд ... өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх”, 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасан улсын бүртгэгчийн эрх хэмжээнд нийцсэн бүртгэл болжээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчилж бүртгэх хуульд заасан нөхцөл байгаагүй тохиолдлыг ойлгохоор байхад нэхэмжлэгч нар нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамж, уг захирамжийн үндсэн дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай маргаагүй, түүнчлэн нэхэмжлэгч нараас “бүртгэлийн талаарх хууль тогтоомжийг зөрчсөн” гэж тайлбарлах боловч улсын бүртгэгч нь мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах талаарх хуулийн аль зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх байгаа нэрлэн заагаагүй, бүртгэлийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаагүй атлаа бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

“Шүүгчийн 01595 тоот захирамжид тус үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөгчид шилжүүлэхээр шийдвэрлээгүй” гэж тайлбарлан маргаж байх боловч Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01595 тоот захирамжид “...Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-58 дугаар байрны 33 тоот, 18мкв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж...” шийдвэрлэсэн байх тул уг захирамж нь улсын бүртгэлийг өөрчлөх үндэслэл болох шүүхийн шийдвэр юм.

Улмаар дээрх захирамжийг үндэслэж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02792 тоот “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарсан, 00299 тоот гүйцэтгэх хуудасны олгогдсон, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 1/31010 тоот албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгчийн өөрчилж бүртгэсэн” гэсэн тайлбар зөв байна.

 Түүнчлэн шүүгчийн дээрх 01595 тоот захирамжаар “барьцаа хөрөнгө болох 2 тооны орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж” шийдвэрлэсэн байх тул улсын бүртгэлийн Ү-2201007406 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт нөгөө барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 47 тоот 44мкв талбайтай 4 өрөө орон сууцыг шилжүүлэхийг зөвшөөрсөн баримтыг хавсаргаж баяжилт хийснийг буруутгахааргүй байхын зэрэгцээ Ү-2201007406 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт Ц.Н ээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “... 33 тоот байрны гэрчилгээг Х инд шилжүүлэх, ... ийг зөвшөөрч байна” гэсэн, П.А гаас мөн өдөр гаргасан “... 33 тоот орон сууцыг Х инд өгөхийг зөвшөөрч байна” гэсэн хүсэлтүүд мөн авагдсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “4 өрөө байрыг шилжүүлэхтэй холбогдуулж гаргасан баримтуудыг 1 өрөө байрыг шилжүүлэн бүртгэхэд ашигласан” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй, дээрх хүсэлтүүдэд бичигдсэн “гарын үсгийн үнэн зөв” болохыг нотариатчаар батлуулсан байх тул нэхэмжлэгч нараас илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй бүртгэл нь Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч П.А гаас дээрх хүсэлтийн тухайд “тухайн үед шийдвэр гүйцэтгэгчийн бич гэснийг бичсэн. Үр дагаврыг нь ойлгоогүй” гэсэн агуулгатай, өмгөөлөгчөөс “үг үсгийн зөрүүгүй, ижил агуулгатай хүсэлтүүд хэлж өгч бичүүлсэн” гэсэн тайлбаруудыг гаргаж байх боловч энэ нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй байх тул захиргааны хэргийн шүүхээс дүгнэлт өгөхгүй.

“Х ” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлэг”-т үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бичээгүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль/2003/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д “... өмчлөх эрх шилжиж байгаа бол ... хэлцэл... тусгагдсан үнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

Гэвч мэдүүлэгт үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бичээгүй нь улсын бүртгэлийг хийхээс татгалзах, мөн улсын бүртгэгчээс барьцаа хөрөнгө нь төлбөр авагчийн төлбөрийг төлж барагдуулахад хүрэлцэх, эсхүл хүрэлцэхгүй болохыг тодорхойлж эрх зүйн дүгнэлт хийх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бичээгүй мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах ёстой байсан”  гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Дээрхээс нэгтгэн авч үзвэл, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х ”-ны өмчлөлд бүртгэсэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэл нь бүртгэлийн хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэгчид олгогдсон эрх хэмжээний хүрээнд хийгдсэн байх ба захиргааны илт хууль бус актын шинжгүй байх тул нэхэмжлэгч нараас шаардаж буй бүртгэлийг “илт хууль бус захиргааны акт”-д тооцох улмаар уг бүртгэлийн үндсэн дээр бичигдсэн “Х ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн 000504295 тоот гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2-т, 11.5.4-т, 11.5.5, Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль/2003/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н , П.А  нараас УБЕГ т холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х ”-ны өмчлөлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Х ” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн 000504295 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 249 дэх талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 238 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 12-27, 45 дахь талуудад

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 90-102 дахь талд