Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 53

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга  Б.Чанцалдулам

улсын яллагч Б.Мөнхдөл,

хохирогч Ш.Энхзул

шүүгдэгч Г.Цэрэндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигин овгийн Гомбосүрэнгийн Цэрэндэлгэрт холбогдох эрүүгийн 201608000125 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1977 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нарийн боовны тогооч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 15-1-45 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ЕЙ77101203 дугаарын регистртэй, Боржигин овгийн Гомбосүрэнгийн Цэрэндэлгэр

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 07 дугаар сарын 13-ны шөнө тус сумын харъяат Г.Цэрэндэлгэр нь хувийн таарамжгүй харьцааны улмаас Ш.Энхзулыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүгдэгч Г.Цэрэндэлгэрийн санал, хүсэлтгүй гэсэн мэдүүлэг  

1.2. Хохирогч Ш.Энхзулын Шүүгдэгч Г.Цэрэндэлгэрт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн Г.Цэрэндэлгэрийн

...Энхзул гэдэг хүүхэн 2016 оны өвлөөс эхлээд манай нөхөр Тулгатай явалдаад хамт амьдарч байгаа юм. Тэгээд би 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Тулгаас байрны түрээсийн мөнгө авахаар Энхзулын оёдол ажиллуулдаг байранд яваад орсон чинь Тулгатай нийлж намайг битгий давар чамд мөнгө өгөхгүй гээд Тулга намайг 2-3 удаа цохиод хөлнөөс чирж гаргах гэж татсан. Энхзул намайг үснээс зулгаагаад хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би маргааш нь 2016 оны 07 дугаар сарын 12-ны шөнө ганцаараа 2 лааз пиво уучихаад Энхзултай уулзахаар очсон. Тэгээд Энхзултай уулзаад байж байсан чинь хоорондоо манай нөхрөөс болж маргалдаад эхэлсэн. Тэгээд би ширээн дээр байсан хайч аваад далайсан чинь Энхзул гараа өргөж хаахад нь зүүн гарлуу нь хатгачихсан. Тэгээд би гараад явчихсан. Энхзул мөрөөрөө манай нөхрийг аваад салгаад аваад суучихгүй манай хүүхдийг шоронгийн хулгайчийн шээс гэж хэл амаар доромжлоод байгаа юм .... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

           2.2. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч Ш.Энхзулын 2016 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 03 цагийн үед Шивээговь сумын 1-р баг, 6-2 тоотод ажил дээрээ унтаж байсан чинь Цэрэндэлгэр миний утасруу залгаад уулзах гэсэн юм гэхээр нь би хаалгаа нээж өгсөн. Тэгээд манай ажил дээр орж ирснээ намайг элдэв янзын үгээр доромжлоод үснээс зулгаагаад нүүрлүү 2 удаа алгадсан. Ширээн дээр байсан аяга аваад толгойруу 2 удаа цохиод толгой хагалчихаар нь чи толгой хагалчихлаа ш дээ гэсэн чинь чам шиг янхан бол үхэж байсан нь дээр гээд эсгүүрийн ширээн дээр байсан хайч аваад гарлуу хатгачихсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 10-р хуудас/

 

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 254 дугаартай дүгнэлтэд 

          ...Ш.Энхзулын биед зулайн зүүн хэсгийн хуйхны зулгаралт, зүүн бугалга болон шууны зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно... /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Цэрэндэлгэр нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус сумын харъяат Ш.Энхзултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож түүний биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Ш.Энхзулын ...Тэгээд манай ажил дээр орж ирснээ хэл амаар доромжлоод үснээс зулгаагаад, нүүрлүү 2 удаа алгадаж толгойруу 3-4 удаа цохиод...хохь чинь гүйцээгээд алчихья гээд хайч далайхаар нь баруун гараараа хаасан чинь мөр орчимд эсгэчихсэн ,

сэжигтэн, яллагдагч Г.Цэрэндэлгэрийн ...Тэгээд би хайч аваад далайсан чинь Энхзул гараа өргөж хаахдаа зүүн гарлуу хатгачихсан... гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 254 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дүгнэвэл Шүүх шүүгдэгч Г.Цэрэндэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн ч хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Ш.Энхзул нь шүүгдэгчтэй эвлэрсэн, ямар нэг санал гомдол байхгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчээс цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнийг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагдан хоригдсон хоноггүй, тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хайчыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба өөрөөр зохицуулсан ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тус хоёр заалтыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж байгаа байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэрэндэлгэрт ашигтайгаар хэрэглэж, шийдвэрлэхээр байна.

  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283.,

284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 295-297., 298., 299 дүгээр

зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигин овгийн Гомбосүрэнгийн Цэрэндэлгэрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигин овгийн Гомбосүрэнгийн Цэрэндэлгэрт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Цэрэндэлгэр нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хайчыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

         

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Боржигин овгийн Гомбосүрэнгийн Цэрэндэлгэрийг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ЭНХМАНДАХ