Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 721

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Мөнхсайханы нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00205 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Мөнхсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунтогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Чулуунтогтох

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Жавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус тус танилцсан үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлын байрны тодорхойлолтын дагуу чиг үүргүүд байгаа бөгөөд удирдлага зохион байгуулалт, захиргаа удирдлага, хүний нөөц, хууль эрх зүй, худалдан авалт аюулгүй байдал, бусад гэсэн үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлж байсан.

Түүнээс биш нэр томъёог хасах, чиг үүргийг нааш, цааш шилжүүлэхийг орон тоо хасагдсан гэж үзэхгүй. Агуулгын хувьд бол А.Мөнхсайханы урьд эрхэлж байсан ажил хэвээрээ байгаа гэж үзсэн.

М.Мөнхсайхан нь үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд одоо байгаа бүтцийн хүрээнд үйл ажиллагаа хариуцсан захирлын ажил юм. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоол гарсны дараа нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А.Мөнхсайхан нь ажлаа хүлээлгэж өгсөн байдаг.

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа хариуцсан захирал нь 4 үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд нийтлэг үйлчилгээний хэлтэс, хангамжийн хэлтэс нийлээд нийтлэг үйлчилгээ хангамжийн газар, аюулгүй байдлын хэлтэс, мөнгөний төв нийлээд аюулгүй байдлын газар гэж болсон.

Харин А.Мөнхсайхан нь ажиллаж байх үедээ хуулийн газар, хүний нөөц, сургалт хөгжлийн хэлтэс, аж ахуйн үйлчилгээний хэлтэс гээд захиргаа удирдлагын газар, худалдан авалтын хэлтэс, хамгаалалт аюулгүй байдлын хэлтэс гээд худалдан авалт аюулгүй байдлын газар гэсэн 3 газар буюу 6 хэлтэст хариуцан ажиллаж байсан. Тэгэхээр түүний хариуцаж байсан 6 функцын 4 функц нь одоо байгаа үйл ажиллагаа хариуцсан захирлын чиг үүрэгт байгаа. Иймээс Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлын байрны ажил үүргийн хуваарь, чиглэл үүргийг үйл ажиллагаа хариуцсан захирал хэмээн өөрчлөн нэрлээд банкны зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь иргэний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа тул Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсанаар Төрийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал гэх орон тоо хасагдсан. Орон тоо, албан тушаал нь ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүрэг буюу шатлал, ажлын байрны үндсэн зорилго түүний гүйцэтгэх үүргээр тодорхойлогддог. Үүгээр авч үзвэл өнөөдөр Төрийн банкинд үйл ажиллагаа хариуцсан дэд захирал гэж байхгүй. А.Мөнхсайхан нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Төрийн банкны бүтцийг шинэчлэн батлах тухай 3 дугаар тогтоолоор батлагдсан бүтцийн дагуу үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, ашиг сонирхлын мэдүүлэг ирсний дараа жинхлэгдсэн байдаг.

Дээрх бүтцийн хүрээнд үйл ажиллагаа хариуцсан дэд захирал нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын өмнө ажлаа тайлагнадаг. Чиг үүргийн хүрээнд тухайн банкны хүний нөөцийн газар, хангамж аюулгүй байдлын газар, компленсийн газар, хуулийн газар болон тэдгээрийн харьяа 5 хэлтсийг хариуцан ажилладаг байсан.

Ажлын байрны тодорхойлолтын дагуу шууд харьяалагдах ажлын байр нь гүйцэтгэх захирал бөгөөд ажлын байрны үндсэн зорилго нь банкны хүний нөөцийн бодлого, стратеги тодорхойлох, банкны эрхэлж буй үйл ажиллагаанд Монгол улсын хууль тогтоомж нийцэж байгаа эсэх, үүнд нийцүүлж хяналт шалгалт тавих, банкны хэмжээнд хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах хангамж, үйл ажиллагаа зохион байгуулах, удирдлагаар хангах, аюулгүй байдал, харуул хамгаалалтын нэгдсэн бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах гэсэн чиг үүрэгтэй байсан. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн 118 дугаар тогтоолоор Төрийн банкны бүтцийг шинэчлэн баталсан. Уг бүтцээр А.Мөнхсайханы орон тоо хасагдсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн байдаг. Гүйцэтгэх захирлын өмнө ажлаа тайлагнадаг тэргүүн орлогч захирлыг бий болгоод үүний доод шатлалд орлогч захирал гэсэн 4 орон тоо бий болсон.

Уг 4 орлогч захирлын доод шатлалд үйл ажиллагаа хариуцсан захирал байх бөгөөд чиг үүргийн хүрээнд үйл ажиллагааны газрын дэд захирлаар ажиллаж байсан А.Мөнхсайханы чиг үүргээс хуулийн газар, компленсийн газруудыг хасч, хууль эрх зүйн асуудал хариуцсан захирлын чиг үүрэгт хамааруулж, хууль эрх зүйн асуудал хариуцсан захирал нь орлогч захиралдаа харьяалагдаж, орлогч захирал нь гүйцэтгэх захиралдаа харьяалагдах болсон.

Мөн худалдан авах ажиллагааны газрын чиг үүрэг нь бизнесийн үйл ажиллага хариуцсан захирал, төлөвлөлт хариуцсан захирал, тэргүүн орлогч захирал, гүйцэтгэх захирал гэсэн шатлалтай болсон. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын орон тоо байхгүй болсон.

Мөн Төрийн банкны дүрмийн 8.3.17 дахь заалт нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өмнөх банкны зохион байгуулалтын бүтцэд үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд ажиллаж байсан А.Мөнхсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үүргийг гүйцэтгэх захиралд олгосон байдаг. Энэ нь Төрийн банкны дүрэм болон дотоод журамд зааснаар газрын даргыг оролцуулаад түүнээс дээш албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэдэг процессын дагуу явагдсан юм. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг А.Мөнхсайханд мөн зүйлийн 40.1-д зааснаар мэдэгдсэн. Мэдэгдэл өгснөөс 1 сарын дараа 3 сарын тэтгэмжтэй тэнцэх 19 520 000 төгрөгийн олгоод ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар "Төрийн банк" ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Э.Мөнхсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхсайхан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунтогтох давж заалдах гомдолдоо: “...Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Э.Мөнхсайхан нь ажил үүргийн тодорхойлолтоор 3 газар, 6 хэлтсийн функцийг хариуцан ажиллаж байсан.

            Харин сүүлийн бүтэц зохион байгуулалтын дагуу Үйл ажиллагаа хариуцсан захирал нь 2 газар, 4 хэлтсийн функцийг хариуцан ажиллах болж ачаалал илт буурчээ.

“Төрийн банк” ХХК нь "орон тоо хасагдсан" тул хөдөлмөрийн гэрээг цуцаллаа гэх боловч 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118-р тогтоол, мөн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 118-р тогтоолоор тус тус "бүтэц орон тоог нэмэгдүүлэн, нэршлийг нь сольж хэлбэрийн хувьд өөрчилсөн"-өө агуулгын өөрчлөлт хийлээ хэмээн халхавчилсан.

Э.Мөнхсайханы хариуцан ажиллаж байсан ажлыг одоо гурван хүн хуваан эрхлэж байна. Одоогийн Үйл ажиллагаа хариуцсан захирлын чиг үүрэг ачаалал нь агуулгын хувьд хуучин Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын чиг үүргээс илүү гарч, нэмэгдсэн зүйлгүй харин ч хасагдан ажлын ачаалал илт буурсан байна.

           Ажлаас чөлөөлсөн процесс нь хэлбэрийн шаардлага хангасан. Албан тушаалын нэрийг өөрчилсөн, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан, 30 хоногийн өмнө мэдэгдсэн гэх зэргээр тодорхой, үүнийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон.

           Иймд хэлбэрийн төдий өөрчлөлтөөр агуулгын хувьд хэзээд тогтвортой хадгалагдах "нийтлэг үйлчилгээ, хангамж, аюулгүй байдал"-ыг эрхлэх одоогийн үйл ажиллагаа хариуцсан захирлын ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь иргэний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны эрх ашгийг хөндсөн болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Э.Мөнхсайхан нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргэжээ.

            Нэхэмжлэгч Э.Мөнхсайхан нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/26 тоот тушаалаар “Төрийн банк” ХХК”-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 10 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/188 тоот тушаалаар Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажилд жинхлэн томилогдож, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1348 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, мэдэгдэх хуудас, ажил хүлээлцэх акт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 5-8, 9, 12-15, 16, 17-19/

            Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол” мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн, энэ талаар талууд маргаагүй байна. /хх 16/

            Хэрэгт авагдсан баримтаар “Төрийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тогтоолоор "үйл ажиллагаа хариуцсан захирал" гээд Хүний нөөцийн газар, уг газар нь Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Сургалт хөгжлийн албатай, Нийтлэг үйлчилгээ хангамжийн газар нь Нийтлэг үйлчилгээний хэлтэс, хамгамжийн хэлтэстэй, Аюулгүй байдлын газар нь аюулгүй байдлын хэлтэс мөнгөний төв гэсэн бүтэцтэйгээр байгуулагдсан боловч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 132 дугаар тогттоолоор 118 тоот тогтоол хүчингүй болж, Нийтлэг үйлчилгээ хангамжийн газар, Аюулгүй байдлын газар гэсэн 2 бүтэцтэй Нийтлэг үйлчилгээний хэлтэс, хамгамжийн хэлтэс, аюулгүй байдлын хэлтэс мөнгөний төв гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байгаа, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал гэх орон тоо бүтцээс хасагдсан болох нь зохигчдын тайлбар, удирдах зөвлөлийн хурлын 118, 132 тоот шийдвэрүүд, болон хавсралт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 38-41/ 

Шүүх хариуцагч “Төрийн банк” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Э.Мөнхсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлж, ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 19 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байх тул ажил олгогчийн ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН