Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2115000000294 дугаартай, 163/2022/0019/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........... овогт ...........ийн ..........., Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 1979 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ............ аймгийн ............. сумын Хайлааст, ............ дугаар багийн ...............ын ........... тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 43 настай, эрэгтэй, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, РД: ..............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг Ороохын дөрөлж гэх газрын ойд 20 ширхэг буюу 5.35 м3 шинэс төрлийн түлээний хуурай модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000000294 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бүрэгхангай сумын нэгдүгээр багийн нутаг Ороохын дөрөлж гэх мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газрын ойд шинэс төрлийн хуурай ургаа мод хөрөөдөн 1.34-1.55 метрийн хэмжээтэй тайрч, нийт 20 ширхэг буюу 5.35 м3 мод бэлтгэн .......... улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл ашиглан гэрэл үүслийн гэрчилгээгүйгээр Төв аймгийн Заамар сум руу тээвэрлэж явсан нь эрх бүхий байгууллагын хяналтаар илэрсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: ...Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг Ороохын дөрөлж гэх нэртэй газар байв. Уг газар нь модоор хүрээлэгдсэн газрын хэвлий өвс ургамлаар хучигдсан уулын энгэр бэл газар байна. Оролцогч Б.Б-аар өөрөөр нь мод бэлтгэсэн газрыг заалгахад шинээр хөрөөдөгдөж тайрагдсан 2 ширхэг хожуул мод байна, ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-10 дахь тал/,

Модонд үзлэг хийсэн: Уг мод нь хуурай шинэс төрлийн хөрөөдөгдөж тайрагдсан мод байна. Хөрөөдөгдөж тайрагдсан шинэс төрлийн хуурай модыг хэмжихэд 1.34 см-ээс 1.55 см-н урттай, 6 см-ээс 47 см-н диаметртэй 20 ширхэг модны жагсаалт  үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөөнд үзлэг хийсэн: Уг хөрөө нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн, YD-96 хүчин чадалтай, цагаан алаг өнгийн хуучин, хэвийн ажиллагаатай хөрөө байна. Хөрөөний гар ягаан, маниул хэсэг нь хар өнгөтэй, гинжний хамгаалах таг цэнхэр өнгөтэй байна... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 27-30 дахь тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: ...Бүгд найрамдах Солонгос улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад орж ирсэн, цагаан өнгийн бага оврын ачааны .......... улсын дугаартай, “Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-22 дахь тал/,

Иргэний нэхэмжпэгч В.*******ийн өгсөн: Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг Ороохын дөрөлж гэдэг газраас 2021 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн талаар сонссон. Хэн гэдэг хүн ачсан болохыг мэдэхгүй байна. Булган аймгийн Бүрэгхангай сумын нэгдүгээр багийн нутаг Ороохын дөрөлж гэх газарт 2021 онд ойгоос мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй учир Б.Б гэдэг хүн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Эрхийн бичиг олгогдоогүй. Гэм буруутай хүнээс байгаль экологид учруулсан хохирлыг 3 дахин өсгөсөн дүнгээр учирсан хохирлыг барагдуулдаг юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

Гэрч Г.*******ийн өгсөн: ...Булган аймгийн Бүрэгхангай сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Ороохын дөрөлж гэх газарт 2021 онд ойгоос мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй. Тухайн газрын ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгогдохгүй юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Гэрч Э.Золбоохүүгийн өгсөн: Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг Туулын гүүр гэх газарт улсын хэмжээнд зохион явагдаж байгаа “мал-мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналтын постонд би үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Намайг 2021 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө хяналтын постонд үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад .......... улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн явж байхад нь зогсоож шалгахад тээврийн хэрэгслийн жолооч нь Б.Б гэх хүн байсан ба ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэн авч явсан зөрчил гаргасан. Ийм учир цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн санд бүртгэж оруулсан юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

Яллагдагч Б.Б-ын өгсөн: Би уг тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Төв аймгийн Заамар суманд оршин суудаг бөгөөд түлэх түлшгүй болсон учир 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн улаан өнгийн цахилгаан хөрөөгөөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Ороохын дөрөлж гэх газрын ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр мод бэлтгэж ачсан. Тухайн үед ганцаараа явж байсан ба модоо ачаад Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрийн зааг болох Туулын гүүр гэж нэрлэдэг газар явж байгаад цагдаагийн алба хаагч нарт саатуулагдан шалгуулсан. Би одоогийн байдлаар хохирол төлж барагдуулаагүй байгаа бөгөөд цаашид төлж барагдуулах болно гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн YD-96 хүчин чадалтай, цагаан алаг өнгийн хуучин моторт хөрөөг таньж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч В.*******, гэрч Г.******* нарын Булган аймгийн Бүрэгхангай сумын нэгдүгээр багийн нутаг Ороохын дөрөлж гэх газарт 2021 онд ойгоос мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй учир эрхийн бичиг олгогдохгүй ба Б.Б нь энэ ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүйг гэрчилж өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг Туулын гүүр гэх газарт улсын хэмжээнд зохион байгуулсан мал-мах нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байх явцдаа .......... улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн явж байхад нь зогсоож шалгасан, тээврийн хэрэгслийн жолооч Б.Б ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж тээвэрлэж явсаныг илрүүлснээ гэрчилж өгсөн Э.Золбоохүүгийн мэдүүлэг, түүний бэлтгэж тээвэрлэсэн мод нь шинэс төрлийн, түлшний хуурай 5.35 м3 хэмжээтэй, экологи эдийн засгийн үнэлгээ нь 902304 төгрөг, нөхөн төлбөр нь 2706912 төгрөг болохыг тогтоосон Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт, Байгаль орчны улсын байцаагчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон мод, тээврийн хэрэгсэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.Б-ын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэн тээвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Б-ын эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстойг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр ойд  мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгал орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-ыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бүрэгхангай сумын нэгдүгээр багийн нутаг Ороохын дөрөлж гэх газрын ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 902304 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 71-72 дахь тал/ учирсан нь Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 2.706.912 төгрөгийн /хавтаст хэргийн 76 дахь тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

Уг хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Б-с 2.706.912 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

Хавтаст хэргийн 88, 90-96 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Төв аймгийн Заамар сумын Хайлааст, 3 дугаар багт оршин суух байгаа зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгож, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2894 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн .......... улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл нь Самбуудоржийн Батцэцэгийн эзэмшилд байгаа нь хавтаст хэргийн 96 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгэний хуулбараар нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг С.Батцэцэгийн эзэмшилд үлдээж, шүүгдэгч Б.Б-аас хавтаст хэргийн 54-59 дэх талд авагдсан Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн №21/398 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэ 4.180.950 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 20 ширхэг буюу 5.35 м3 хэмжээтэй шинэс төрлийн түлээний хуурай модыг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг тооцож, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45.000 төгрөгийн үнэлгээ бүхий YD-96 хүчин чадалтай, цагаан алаг өнгийн хуучин моторт хөрөөг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ........... овогт ...........ийн ...........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг оршин суугаа газраас буюу .......... аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-аас байгаль экологид учруулсан хохирол 2.706.912 /хоёр сая долоон зуун зургаан мянга есөн зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2894 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, .......... улсын дугаартай Hyundai Porte” загварын тээврийн хэрэгслийг Самбуудоржийн Батцэцэгийн эзэмшилд үлдээж, шүүгдэгч Б.Б-аас тээврийн хэрэгслийн үнэ 4.180.950 /дөрвөн сая нэг зуун наян мянга есөн зуун тавь/ төгрөгийг, 20 /хорь/ ширхэг буюу 5.35 м3 хэмжээтэй шинэс төрлийн түлээний хуурай модыг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг тооцож, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн, YD-96 хүчин чадалтай, цагаан алаг өнгийн хуучин моторт хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

 

9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД