Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т-д холбогдох эрүүгийн 2115000000292 дугаартай, 163/2022/0007/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............ овогт ............ын ............, Булган аймгийн Орхон суманд 1980 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, ........... аймгийн ........ сумын .... дугаар багийн ......... агуйтын ......... дугаар гудамжны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 253 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, /РД: .............. /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Ороохын дөрөлж” гэх газрын ойгоос 23 ширхэг буюу 5.32 м3 шинэс төрлийн түлшний хуурай мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2115000000292 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн “Ороохын дөрөлж” гэх газрын ойгоос 23 ширхэг буюу 5.32 м3 шинэс төрлийн түлшний хуурай мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь 1. шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т-н өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн “Ороохын дөрөлж” нэртэй газарт болсон байв. ...Оролцогч М.Т нь ойгоос хөрөөдөж унагаасан модны хожуулуудыг өөрөө зааж байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-9 дэх тал/,

3. Модонд үзлэг хийсэн: Уг мод нь шинэс төрлийн хөрөөдөгдөж тайрагдсан мод байна. Модыг тоолоход 23 ширхэг мод байх ба хэмжилт хийхэд 1.50-1.54 метрийн урттай, 14 см-47 см диаметртэй моднууд байв гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,

4. Мод бэлтгэхэд ашигласан хөрөөнд үзлэг хийсэн: Уг хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, YD-98 загварын цагаан алаг өнгийн хуучин, хэвийн ажиллагаатай хөрөө байна. Хөрөөны гар хар, маниул хэсэг хөх өнгөтэй, гинжний хамгаалах таг улаан өнгөтэй байна... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 25-28 дахь тал/,

5. Иргэний нэхэмжлэгч В.*******ийн өгсөн: Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн “Ороохын дөрөлж” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн талаар сонссон. ...Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн “Ороохын дөрөлж” гэх газраас 2021 онд ойгоос мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй учир М.Т гэдэг хүн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Эрхийн бичиг олгогдохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

6. Гэрч Э.Золбоохүүгийн өгсөн: Би Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн “Туулын гүүр” нэртэй газарт улсын хэмжээнд зохион явагдаж байгаа мал мах нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналтын постонд үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө хяналтын постонд үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад ............ улсын дугаартай хөх өнгийн бага оврын ачааны тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн явж байхад нь зогсоож шалгахад тээврийн хэрэгслийн жолооч М.Т гэдэг хүн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэн авч явсан зөрчил гаргасан. Ийм учир цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн санд бүртгэж оруулсан. ...Хуурай шинэс төрлийн модыг ачааны тээврийн хэрэгслийн тэвшний хэмжээтэй хөрөөдөж тайраад ачсан байсан. Уг модыг Төв аймгийн Заамар сум руу оруулах гээд явж байхад нь зогсоож шалгасан юм. Аймгийн засаг даргын захирамжаар өөр аймаг руу мод бэлтгэх, тээвэрлэхийг хориглосон байгаа... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

7. Гэрч Г.*******ийн өгсөн: Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн “Ороохын дөрөлж” гэх газарт 2021 онд ойгоос мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй. Тухайн газраас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгогдохгүй. Тухайн газар нь зурвас ойдоо орно. Ой мод сийрэг ургасан газар байгаа... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

8. Ойгоос бэлтгэсэн модны экологид эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаартай: Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ороохын дөрөлж” гэх газарт 2021 онд ойгоос мод бэлтгэх талбайн тусгаарлалтын ажил хийгдээгүй болно. Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн “Ороохын дөрөлж” гэх газар нь хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужын ой байна. Бэлтгэсэн мод нь шинэс төрлийн хуурай мод байна. Модыг түлээний зориулалтаар бэлтгэсэн байна. Уг 23 ширхэг модны эзэлхүүн 5.32 м3 болж байна. Нийт төлбөр 897,245 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

9. Хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №27 дугаартай: экологи эдийн засгийн үнэлгээ нь 897.245 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 2.691.735 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72 дахь тал/,

10. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Т-н яллагдагчаар өгсөн: Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр түлээний мод бэлтгэхээр Булган аймгийн Булган сумаас Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн Ороохын дөрөлж гэх газар руу өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай Пронтер загварын тээврийн хэрэгсэлтэй явсан. Уг газарт ирээд босоо мод нэгийг унагаасан. Мөн уг газарт унасан унанги модноос тайрж аваад пронтер загварын тээврийн хэрэгсэлдээ ачаад Бат-Эрдэнэ гэх айл руу явж байхад цагдаа зогсоож шалгасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн YD-98 загварын цагаан алаг өнгийн банктай, хөрөөны гар хар өнгөтэй, маниул хэсэг хөх өнгөтэй, гинжний хамгаалах таг улаан өнгөтэй моторт хөрөө зэргээр хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч В.*******, гэрч Э.Золбоохүү нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч М.Т-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч М.Т нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч М.Т-н зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн “Ороохын дөрөлж” гэх газар нутгийн ойгоос мод хөрөөдөн унагаж, бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Т-г Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн “Ороохын дөрөлж” гэх газрын ойгоос 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 23 ширхэг буюу 5.32 м3 шинэс төрлийн түлшний хуурай мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Т-н гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 897245 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ учирсан нь Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 2.691.735 төгрөгийн /хавтаст хэргийн 72 дахь тал/ хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөрийг төлөөгүй байх тул шүүгдэгч М.Т-с 2.691.735 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Т-г ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч М.Т-н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 86, 88-99 дэх талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т-н хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Т-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зохицуулсан.

Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 989.208 төгрөгийн үнэлгээ бүхий ............ улсын дугаартай “Kia Pronter” загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч М.Т-н эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 96 дахь тал/-аар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг, 5.32 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 23 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн YD-98 загварын цагаан алаг өнгийн банктай, хөрөөны гар хар өнгөтэй, маниул хэсэг хөх өнгөтэй, гинжний хамгаалах таг улаан өнгөтэй моторт хөрөөг хурааж, улсын орлого болгов.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Т нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............ овогт ............ын ............-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Т нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Т-с байгаль экологид учруулсан хохирол 2.691.735 /хоёр сая зургаан ерэн нэг долоон зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 989208 /есөн зуун наян есөн мянга хоёр зуун найм/ төгрөгийн үнэлгээ бүхий ............ улсын дугаартай “Kia Pronter” загварын тээврийн хэрэгсэл, 5.32 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 23 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45000 /дөчин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий YD-98 загварын цагаан алаг өнгийн банктай, хөрөөны гар хар өнгөтэй, маниул хэсэг хөх өнгөтэй, гинжний хамгаалах таг улаан өнгөтэй моторт хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч М.Т-с хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР