Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 21150002540311 дугаартай, 163/2022/0008/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......... овогт ...........ын ............, Булган аймгийн Орхон суманд 1971 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, ....... аймгийн ......... сумын ...... багийн Хөтөлийн ......... тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эгчийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: .............. /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Нарангийн энгэр” гэх газрын ойгоос 2.77 м3 буюу 26 ширхэг шинэс төрлийн түлшний нойтон мод, 1.36 м3 нойтон гишүүг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Булган аймгийн Бугат сумын нутгаас Орхон сумын нутаг хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 21150002540311 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Нарангийн энгэр” гэх газрын ойгоос 2.77 м3 буюу 26 ширхэг шинэс төрлийн түлшний нойтон мод, 1.36 м3 нойтон гишүүг зөвшөөрөлгүйгээр бэлтгэн ....... БУА улсын дугаартай “.......... загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Бугат сумын нутгаас Орхон сумын нутаг хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь 1. шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д-н өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн “Нарангийн энгэр” гэх газар байна. ...Д.Д-р бэлтгэсэн моднуудыг заалгахад үндэсээрэй булгарч унасан модны хожуулуудыг өргөн, уртыг нь хэмжив гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн хуучин ....... БУА улсын дугаартай “.......... загварын тээврийн хэрэгсэл байх ба 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2005 онд Монгол Улсад орж ирсэн байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

4. Модонд үзлэг хийсэн: Уг мод нь шинэс төрлийн хөрөөдөгдөж тайрагдсан нойтон мод байна. Модыг тоолоход 26 ширхэг мод байх ба хэмжилт хийхэд 1.38-1.52 метрийн урттай, 10 см-с 30 см-н диаметртэй моднууд байв гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

5. Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчулууны өгсөн: ...Булган аймаг дахь цагдаагийн газарт ирээд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2- р багийн нутаг Нарангийн энгэр гэх газраас Д.Д гэх хүн хууль бусаар мод бэлтгэсэн байсныг мэдсэн. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Талбайн тусгаарлалт хийгдээгүй газар байгаа юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

6. Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаартай: Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн нойтон мод байна. Уг моднууд нь түлээний мод байна. Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн “Нарангийн энгэр” гэх газарт 2021 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй болно. Уг 26 ширхэг модны эзэлхүүн 2.77 м3 бөгөөд 1.36 м3 нойтон гишүү байна. Шинэс төрлийн нойтон модны үнэлгээ 2.211.297 төгрөг, гишүүний үнэлгээ 229.370 төгрөг, нийт 2.440.668 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

7. Хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн: экологи эдийн засгийн үнэлгээг 2.440.668,4 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 7.322.005 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50 дахь тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Д-н яллагдагчаар өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэртээ түлээний мод бэлтгэхээр өөрийн эзэмшлийн ....... БУА улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслээр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Нарангийн энгэр гэх газар руу явж ойгоос мод бэлтгэж тээврийн хэрэгсэлдээ ачаад гэрлүүгээ буцаж явах замд буюу Булган аймгийн Орхон сумын нутаг Оросын булаг гэх газар цагдаад баригдсан юм. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Өөрийнхөө эзэмшлийн ....... БУА улсын дугаартай цагаан өнгийн .......... 2 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн банзктай, маниулын хэсэг нь цэнхэр өнгөтэй, хар өнгийн бариултай бензин моторт хөрөө зэргээр хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчулууны өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Д.Дгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Д нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Д-н зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Нарангийн энгэр” гэх газар нутгийн ойгоос мод хөрөөдөн унагаж бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Д.Д-н гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 2.440.668,4 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ учирсан нь Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 7.322.005,2 төгрөгийн /хавтаст хэргийн 50 дахь тал/ хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөрийг төлөөгүй байх тул шүүгдэгч Д.Д-с 7.322.005,2 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Д-г ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Д.Д-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 62-69 дэх талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д-н хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Д-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зохицуулсан.

 

Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 925.000 төгрөгийн үнэлгээ бүхий ....... БУА улсын дугаартай “..........” загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.Д-н эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан Д.Д-н яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг, 2.77 м3 буюу 26 ширхэг шинэс төрлийн түлшний нойтон мод, 1.36 м3 хэмжээтэй нойтон гишүүг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн банктай, маниулын хэсэг нь цэнхэр өнгөтэй, хар өнгийн бариултай бензин моторт хөрөөг хурааж, улсын орлого болгов.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч санал гомдол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......... овогт ..........ын .........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Д-с байгаль экологид учруулсан хохирол 7.322.005,2 /долоон сая гурван зуун хорин хоёр мянга тав/ төгрөг, 2 /хоёр/ мөнгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 925.000 /есөн зуун хорин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ....... БУА улсын дугаартай “..........” загварын тээврийн хэрэгсэл, 2.77 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 26 ширхэг шинэс төрлийн түлээний нойтон мод, 1.36 м3 хэмжээтэй нойтон гишүүг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50000 /тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн банктай, маниулын хэсэг нь цэнхэр өнгөтэй, моторт хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д-с хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОТГОНБААТАР