Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2115000000289 дугаартай, 163/2022/0009/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........... овогт ...........ын ..........., Архангай аймгийн Хайрхан суманд 1998 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн “Чулуут” гэх газарт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: АК98011317/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газрын ойгоос 18.611 м3 буюу 308 ширхэг шинэс төрлийн түлшний хуурай мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2115000000289 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газрын ойгоос 18.611 м3 буюу 308 ширхэг шинэс төрлийн түлшний хуурай мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

1. Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-н өгсөн: Тухайн үед би 10 м.куб мод бэлтгэх зөвшөөрлийг Булган аймгийн Хангал сумаас авсан. Тэр үед мөнгөний хэрэг гараад 2-3 машин мод хэтрүүлэн бэлтгэсэн. Хэрэг болж байх үед цагдаа нар ирсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хууль бусаар мод бэлтэсэн гэх газар нь Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн “Чулуутын ам” гэх газар болсон байв. Хэрэг болсон газрын Б.Б өөрөө зааж байсан ба түүний унагасан модны хожуулуудыг 1-37 хүртэл дугаарлаж үзлэг хийж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-10 дахь тал/,

3. Модонд үзлэг хийсэн: нийт 308 ширхэг мод байсан ба 1.55-1.66 метрийн урттай, 13-40 метрийн диаметртэй моднууд байв... гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 17-22 дахь тал/,

4. Иргэний нэхэмжлэгч Р.*******ийн өгсөн: ...Уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. Хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хуульд заасны дагуу 3 дахин үржүүлж нөхөн төлүүлэх саналтай байна. Модны үнэлгээний мөнгийг нөхөн төлөх юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

5. Иргэний нэхэмжлэгч Д.*******ын өгсөн: Би яг юу болсон талаар мэдэхгүй байна. Би 2021 оны 9 дүгээр сарын дундуур Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ажилдаа явсан. Явахдаа өөрийн нэр дээр байдаг ......... улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслээ хүү Б-д үлдээгээд явсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

6. Гэрч Б.*******ийн өгсөн: ...2021 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Манай дүү .Б., *******г дагуулж ирээд Хангал сумаас модны гоожин авчихлаа модонд явъя гэж хэлсэн. Тэгээд Б, ******* бид гурав 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 7 хоногийн хугацаанд Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газраас 6 портер мод бэлтгэсэн. Уг бэлтгэсэн модоо ......... улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээр 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орой Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Их хөтөл” гэх газар байх Амараа гэдэг айлын эзгүй хаваржааны хашааны гадаа буулгаж хураасан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө ......... ОРБ улсын дугаартай “.........” загварын ачааны машинд ачаад Эрдэнэт орох санаатай уг машинд модоо ачиж байхад цагдаа нар ирсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

7. Гэрч М.*******гийн өгсөн: ...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай найз Б.Б манай гэрт ирээд би Хангал сумаас мод бэлтгэх эрхийн бичиг авчихлаа, хэдэн портер мод Орхон аймаг руу оруулах шаардлагатай байна, туслалцаад өг гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө ........... ахыг гэрээс нь аваад бид гурав Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 7 хоногийн хугацаанд 6 портер мод бэлтгэсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

8. Гэрч Ц.Төөрүүлийн өгсөн: ...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ........... гэх залуу над руу залгаад Булган аймгийн Хангал сумын Их төгөл гэх газраас мод ачиж Орхон аймаг руу оруулах гэсэн юм. Та хэдэн төгрөгөөр ачиж өгөх вэ? гэж асуусан юм. Тэгэхээр нь би гарал үүслийн гэрчилгээ, гоожин бичиг баримт нь асуудалгүй биздээ гэж асуусан чинь асуудал байхгүй бүгд бүрэн гэж хэлсэн. Тэгээд би тухайн модыг 500.000 төгрөгөөр ачиж өгөхөөр тохирсон. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед Орхон аймгаас гараад Булган аймгийн Хангал сум 2 дугаар багийн нутаг “Их төгөл” гэх газар байх эзгүй хаваржаан дээрээс хэрчиж тайрсан түлээний модыг ..........., Рэгцэнжүгдэр , ******* гэх гурван залуу миний машинд эхнээс нь ачиж байхад цагдаа нар ирж гоожин шалгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

9. Байгаль экологид учруулсан хохирлыг тогтоосон сум дундын ойн ангийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн: ...хууль бусаар мод бэлтгэсэн гэх газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй болно. Мод бэлтгэсэн “Чулуут” гэх газар ойн бүсчлэлийн хувьд Ашиглалтын бүсийн ой буюу 3 дугаар мужид хамаарна. ...Шилмүүст төрлийн шинэс хуурай 1.50-1.65 метр урттай түлээний мод байна тухайн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.494.686 төгрөг байна “ ... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/,

10. Хохирлын үнэлгээ тогтоосон 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай: ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 4.484.058 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61 дэх тал/,

11. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б-н яллагдагчаар өгсөн: ...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд төрсөн ах *******, найз ******* нарын хамт өөрийн төрсөн аав ...........ын эзэмшлийн ......... улсын дугаартай цагаан өнгийн портер загварын тээврийн хэрэгслээр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Чулуутын ам” гэх газраас мод бэлтгэсэн юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан саарал өнгийн моторт хөрөө зэргээр хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Р.*******, Д.*******, гэрч Б.*******, М.*******, Ц.Төөрүүл нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Б.Б-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б нь эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч эрхийн бичигт зааснаас өөр хугацаанд, илүү хэмжээгээр ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч Б.Б-н эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр хугацаанд, илүү хэмжээгээр мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газар нутгийн ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Б.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 1.494.686 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 56 дахь тал/ учирсан нь Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 4.484.058 төгрөгийн /хавтаст хэргийн 61 дэх тал/ хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөрийг төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Б-с байгаль экологид учирсан 4.484.058 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б-ыг мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр хугацаанд, илүү хэмжээгээр ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Б-н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 92-96 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-н хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ......... улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр иргэн Д.Бөхтбатын өмчлөл, эзэмшилд байгаа болох нь хавтаст хэргийн 96 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн м-1778 дугаартай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Д............ын эзэмшилд үлдээж, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №21/412 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон уг тээврийн хэрэгслийн үнэ 1.045.318 төгрөг, 18.611 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 308 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, цагаан цайвар өнгөтэй, зүүн талдаа улаан өнгийн маниултай, баруун талдаа цэнхэр өнгийн тагтай, ямар нэгэн бичиглэлгүй хуучин моторт хөрөөг хурааж, улсын орлого болгов.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ........... овогт ...........ын ...............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-с байгаль экологид учруулсан хохирол 4.484.058 /дөрвөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянга тавин найм/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ......... улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигч Дамьхүүгийн ...........ын эзэмшилд үлдээж, уг тээврийн хэрэгслийн үнэ 1.045.318 /нэг сая дөчин таван мянга гурван зуун арван найм/ төгрөгийг, 18.611 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 308 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 62091 /жаран хоёр мянга ерэн нэг/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, цагаан цайвар өнгөтэй, зүүн талдаа улаан өнгийн маниултай, баруун талдаа цэнхэр өнгийн тагтай, ямар нэгэн бичиглэлгүй хуучин моторт хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б-с хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОТГОНБААТАР