Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн 2215000000004 дугаартай, 163/2022/0023/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .............. овогт ...........ы ..........., Булган аймгийн Сайхан суманд 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, ......... аймгийн ....... сумын ....... дугаар багийн ....... хотхоны .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ................. нягтлан бодогч ажилтай, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг менежмент мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: ................ /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2021 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжин шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутагт иргэн Л.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000004 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.М нь 2021 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжин шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутагт иргэн Л.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь 1. шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М-н өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.*******ын өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын орлогч дарга, *******, М.М, Ц.*******, М.******* нарын хамт миний өөрийн 79-99 БУЛ дугаартай машинд сууж байхад М.М нь хажуугаас хэрүүл эхэлсэн. Би тухайн үед М.Мийг чи тийм ариухан хүн юмуу чи надаар бэлдүүлсэн нөөцийн өвсний мөнгө болох 500.000 төгрөгийг өгөөч гэж хэлсэн. М.М нь би бүтэн жил өгөхгүй байж чадсан юм чинь цаашид өгөхгүй байсан ч чадна, намайг бол барахгүй шүү” гэж хэлээд миний дух хэсэгт баруун гараараа цохиж авсан. Би тухайн үед миний толгой эргээд нүд бүрэлзээд байна гэж хэлсэн чинь М.М шууд машины арын хаалгаар бууж ирээд урд сууж байсан миний хаалгыг онгойлгож намайг татаж буулгахаар нь би цохих гэж байна гэж бодоод нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн. Тэгсэн М.М нь миний хөл, нуруун тус газар 3 удаа цохиж байсан. Тэгээд Ц.*******, М.******* хоёр салгаж холдуулсан... гэрийн үүдэнд ирэхэд Засаг даргын машин манай гэрийн хашааны хаалгыг хаагаад зогсож байсан. Хажуугаас нь М.М бууж ирээд нүдийг чинь гүйцээгээд сохлоод өгье чи юундаа баашлаад байгаа юм бэ гэж хэлээд намайг машинаас чирч буулгаад миний баруун хөлийн өвдөг хэсэгт М.М нь дэвссэн, өшиглөсөн дээрээс нь өвдгөөрөө хүчтэй өвдөглөсөн. Тэгээд намайг ар нуруунаас өмдний бүснээс барьж байгаад дээш өргөн газарт хүчтэй шидсэн. Мөн миний хоолой хэсэгт баруун хөлөөрөө гишгээд босож ирэх юм бол ална гээд дараад байсан... дараа нь намайг заамдаж босгож ирээд миний баруун хөл рүү дахиж нэг өшиглөж авахаар нь би шууд ар тийшээ унасан... миний өвдөг маш их өвдөж байна. Би өвдгөө эмчид үзүүлэхэд өвдөгний дотор чагтан холбоо гэмтсэн байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

3. Гэрч М.*******ын өгсөн: М.М уурлаад Л.*******ыг араас нь толгойд нь цохиж авсан. Тэгээд М.М уурлаж буугаад Л.*******ын машин дотроос нь газар чирч буулгаад авахаар нь Ц.******* бид хоёр боль гээд салгаж авсан. Тэгээд Л.*******, Ц.******* хоёр намайг гэрт хүргэж өгөөд явсан. Сүүлд болсон зүйлийн талаар би мэдэхгүй байна. Толгой хэсэгт нь баруун гараар М.М нь цохиж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

4. Гэрч Ц.*******ийн өгсөн: М.М Л.*******тай маргалдаж эхэлсэн. Удалгүй М.М Л.*******ын толгой хэсэгт хальт цохиж авсан тэгэхээр нь би салгаж авсан. ******* нь миний нүд сохолчихлоо гэж хэлсэн. Тэгэхэд М.М нь нүд чинь сохорсон байна үгүй юу би хармаар байна гээд машинаас нь чирч буулгаад газар унагаад чирсэн. Тэгээд би салгаад тэр хоёр яваад өгсөн. Би ******* ахын машиныг бариад *******ыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Л.******* ахыг гэрт нь хүргэж өгөх гэж байхад гэрийнхэн хашааны гадна хаалган дээр нь М.М, ******* хоёр хоёулаа байж байсан. М.М машинаас Л.******* ахыг машинаас чирч буулгаад чиний нүд сохорсон бол нүдийг чинь эмнэлэгт очиж гэмтлийн зэргийг чинь тогтоолгоно гэж Л.*******ыг машинаас чирч буулгаад өргөөд газар шидсэн. Дараа нь хүзүү хавьцаа нэг өвдөглөсөн Тэгээд л газар чирээд л байсан. би салахгүй бол би цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд Л.******* ах намайг цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудсан удалгүй сумын цагдаа ирээд М.Мийг аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

5. Гэрч Б.*******ийн өгсөн: М нь *******ын нүд сохорсон гэнэ хоёулаа очиж уулзъя гэхээр нь би хамт Л.*******ын гэрийн гадаа очиход Л.******* нь *******ийн хамт ирж таарсан. Тэгээд М машинаас буугаад Л.*******ыг машинаас чирч буулгаад зууралдаад барилцаад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

6. Булган аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн: Л.*******ын баруун хөлийн урд чагтан холбоосын суналт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр болон бие эрхтний хөдөлгөөн, хэт ачаалалтай холбоотой үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь учрах үедээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд М.М-н яллагдагчаар өгсөн: ...би сөрж үг хэлээд жаахан маргалдаж байгаад Баяраа ахын баруун дээд духны хэсэгт нь зүүн гарын араараа нэг удаа цохичихсон юм. Тэгтэл удалгүй Баяраа ах “миний нүд юм харахаа байчихлаа” гэж хэлэхээр нь “би таныг хүчтэй цохиогүй шүү дээ” гэж хэлтэл баашлаад байхаар нь би машинаас бууж очоод Баяраа ахын хаалгыг нээтэл газар хэвтээд би юм харахгүй байна гээд байсан... эмнэлэг орох гээд жаахан ноцолдтол Баяраа ах газарт 2-3 удаа унасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Л.*******, гэрч М.*******, Ц.*******, Б.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.Мийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч М.М нь 2021 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутагт иргэн Л.*******тай урьдын харилцааны явцад бий болсон нөөцийн өвсний үнэ 500000 төгрөгөөс улбаатай маргалдаж улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зодож баруун хөлний урд чагтан холбоосын суналт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М-н цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шалтгаант холбоо тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Шүүгдэгч М.М гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М-н гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Л.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээ, оношлогоо болон замын зардал, эм тарианы зардалд нийт 563.682 төгрөгийг нэхэмжилж /хавтаст хэргийн 63-68 дахь тал/ баримтаа хэрэгт хавсарган ирүүлснийг шүүгдэгч М.М нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг төлж барагдуулсан байна. Мөн цаашид гарах хохирлыг бүрэн хариуцаж төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байх тул шүүгдэгч М.М-г бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Л.******* нь цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч М.М-н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 51-57 авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын тодорхойлолт, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.М нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ............ аймгийн .......... сумын ....... дугаар багийн Хөгжлийн хотхоны ......... тоотод амьдардаг, .................. нягтлан бодогч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4/04 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч М.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч М.М нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .............. овогт ...........ы ...........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР