Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд,

шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ж-т холбогдох эрүүгийн 2015003000240 дугаартай, 163/2022/0002/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............. овогт .............ийн ............., Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1977 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, ................ хот ............. дүүрэг, ........ дүгээр хороо, ............... хорооллын ............. тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, ам бүл 5, гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: .................. /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 7 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг “Нарлаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 1300 м2 буюу 0.13 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2015003000240 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 7 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг Нарлаг гэх газарт ............. улсын дугаартай Robex LC-7 загварын экскаватор, ............. улсын дугаартай Sinotruk загварын HOWO загварын тээврийн хэрэгслүүдийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр 1300 м2 буюу 0.13 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж-ын өгсөн: Байгаль экологид учруулсан хохирол төлбөрөө төлнө. Би 4 хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Ашигласан 2 техник маань манай нөхрийн нэр дээр байдаг. Нөхөр маань 2018 онд нас барсан. Талийгаач нөхрийн маань ээж, ах, дүү нар нь байдаг болохоор өв хөрөнгийн асуудал яригдаад маргаантай байгаа. Амьдрах нөхцөл, үр хүүхдүүдийг минь харгалзан техникийг хураахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Би байгаль экологид учруулсан хохирол төлбөрөө тухайн тээврийн хэрэгслүүдийг түрээсэлж мөнгөөр нь төлөх болно. Дахин ийм зүйл хийхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Үзлэг явуулж байгаа газар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутагт байршилтай ашигт малтмалын олборлолт, ашиглалтын үйл ажиллагааны улмаас эргэн тойрон ухагдаж эвдрэлд орсон талбай бүхий “Нарлаг” гэх нэртэй газар байв. Эвдэгдсэн талбайд үзлэг явуулах бүсийг “Хавтгайн хангайн хүрд” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан газарт тогтоож, үзлэгт тус компанийн захирал Г.Жыг оролцуулж эвдэгдсэн талбай болон үйл ажиллагаандаа ашиглаж байсан техник төхөөрөмж, гэр кэмпүүдийг заалгав. Захирал Г.Жнь ажилчдын байрнаас ертөнцийн зүгээр урт зүгт байрлах эвдэгдсэн талбайг зааж манай компани 2020 оны 07 дугаар сарын эхээр ирж байрлан хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 08 дугаар сарын 28-ны өдөр “Монполь” ХХК-ийн хуучин үүсгэсэн эфель, гаалиас алт ялгаж авах зорилгоор угааж үзсэн юм гэсэн. ...Эвдрэлд орсон талбайгаас ертөнцийн зүгээр баруун урд зүгт 35 метр зайд буюу Е 104 31 55.5 N 48 26 00.0 цэг солбицолд алт угаах төхөөрөмж /скрубер/-г байрлуулсан, уг алт угаах төхөөрөмжөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 20 метр зайд гадна талдаа ямар нэгэн бичиглэлгүй цахилгаан үүсгүүр /дизель станц/ байрлуулж цахилгааны утас залгасан, ертөнцийн зүгээр зүүн урд зүгт үүссэн нуураас ус татах зориулалттай хоолойг холбосон байв. Алт угаах төхөөрөмж /скрубер/-с ертөнцийн зүгээр 3 метр зайд Солонгос улсад үйлдвэрлэсэн, Hyundai загварын ............. улсын дугаартай, шар өнгийн, 1 экскаватор, ертөнцийн зүгээр урд зүгт 10 метр зайд шар өнгийн SEM загварын, улсын дугааргүй, А1301008АН1301010 загварын 1 авто ачигч /ковш/, ертөнцийн зүгээр хойд зүгт БНХАУ-д үйлдвэрлэсэн, ногоон өнгийн, HOWO загварын, ............. улсын дугаартай 1 автомашин зэрэг техник, хэрэгслийг ашиглаж байрлуулсан байсныг тэмдэглэлд тусгав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-21 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.*******ийн өгсөн: Би орон нутгийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Орон нутгаас иргэн Г.Ж-с байгаль экологид учирсан хохирлыг бүрэн гүйцэт барагдуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.*******н өгсөн: ...Энэхүү хэргийг шийдвэрлэхийн тулд байгаль экологид учирсан хохирлын үнэлгээ гаргасны ажлын хөлс болох 3.000.000 төгрөгийг төлсөн учир 3.0 сая төгрөгийг эргүүлэн цагдаагийн байгууллагын дансанд авах хүсэлтэй. Иймд 3.0 сая төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Гэрч Т.*******ын өгсөн: ...Би энэ компанийн захирал Жаргал гэх эмэгтэйг танина. Одоогоос 3 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Өлтийн уурхайд Жаргалын компанид усан буучаар ажиллаж байсан. Тэгээд Жаргал эгчийг таньдаг болсон. 2020 оны 7 дугаар сард над руу Жаргал эгч яриад Төв аймгийн Заамарын голын эсрэг талд Булган аймгийн Бүрэгхангай суманд би алтны уурхай авч гарч байгаа, чи эхнэртэйгээ хүрч ирээд ажилла гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 7 дугаар сарын 23- ны өдөр эхнэр Чимгээгийн хамт ирээд эхнэр Чимгээ алтны уурхайн тогоочоор ажилласан. Би дизель мотор ажиллуулж байгаа. Намайг алтны уурхайд ирэхэд одоогийн энд байгаа 6 контейнер, нэг монгол гэр гээд кемп байрласан байсан. Мөн ковшны жолооч *******, экскаваторчин *******, өөр 2 ковшны жолооч бас Далай гээд биднийг хариуцаж байгаа хүн, мөн манай Хово машины жолооч гээд 1 хүн байж байгаад явсан. Энэ хүмүүс цалин мөнгөө дансаар аваад уурхайд хэвийн ажиллаж байгаа. Сар болгоны цалингаа аваад явж байгаа. Одоогийн байдлаар уурхай дээр *******, Далай, *******, Хово машины жолооч 2 ах тэгээд манай эхнэр Чимгээ нар ажиллаж байгаа бөгөөд Далай биднийг хариуцаж ажлыг зааж хийлгэдэг. Би алтны шороог угаадаг дизель моторыг ажиллуулдаг бөгөөд лацыг онгойлгож алттай шороог Жаргал эгч Далай хоёр авдаг намайг энд ирснээс хойш Жаргал эгч 3 удаа алт авсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Гэрч Ц.*******гийн өгсөн: ...Би Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод ажил хайж ирээд найз Бат-Эрдэнэтэй уулзахад надад интернэтээс зар харж байгаад экскаваторчин алтны уурхайд ажилд авна гэж байна гэж хэлсэн. Тэгээд уг зарын дагуу ****-тай дугаарт холбогдоход Төв аймгийн Заамар сумын Совын гүүрэн дээр замын машинд суугаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би драгон төвөөс замын машинд суугаад Төв аймгийн Заамар сумын Совын гүүр гэх газарт ирсэн чинь үл таних хүн намайг тосож авсан. Нэр нь Далай гэж хүн байсан. Би 2020 оны 8 дугаар сарын 31-ний шөнө ирчихээд байж байгаа бөгөөд уг компанийг хариуцаж байгаа Далай гэх хүний хэлснээр шар өнгийн Hyundai 2900 загварын экскаватор хүлээж аваад маргаашаас нь экскаваторын ажил хийсэн. Миний хувьд уг компанитай гэрээ байгуулаагүй ажлын хувцас хэрэглэл аваагүй байна. Энэ компанийн захирал гэх Жаргал гэж эмэгтэйг өнөөдөр л харж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

Гэрч Б.*******ын өгсөн: ...Би Улаанбаатар хотоос Драгон дээрээс 40.000 төгрөгөөр такси бариад 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Монполиментийн гүүр гэх газар ирсэн. Тэгтэл нэг хүн зогсоод хүлээж байсан... Би захирал гэх Жаргал гэж хүнийг өнөөдөр л харж байна. Би 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн энэ компанийг хариуцдаг Далай гэх хүний хэлснээр ковшийг хүлээж аваад алтны уурхайн талбай дээр ажилласан. Эхний өдөр хүлээж авсан ковшийн засвар хийсэн. Дараагийн өдөр би унтаж амарсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Гэрч Б.*******н өгсөн: ...Би Хавтгайн хангайн хүрд ХХК-д засварчин хийдэг юм. Энэ оны 7 дугаар сарын эхээр ирсэн. Сард 1.200.000 төгрөгийн цалинтай ажиллаж байна. Манай компани нь алт олборлох үйл ажиллагаа явуулдаг юм. 2020 оны 7 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Манай захирал ............. гэж эмэгтэй байгаа. Ямар нэгэн тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг би мэдэхгүй... Тухайн тоног төхөөрөмжийг манай захирал авчирсан юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

Гэрч Г.*******ийн өгсөн: ...Ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй. Сум орон нутагтай гэрээ хийж байгаагүй. ******* гэх нэрээр биш Жаргал гэх нэрээр нь ихэнх хүмүүс мэднэ. “Хавтгайн хангайн хүрд” буюу Жаргал гэх эмэгтэй Күүпэрмэйний хайгуулын талбайд кемп барьж тэнд Монполиментийн хаягдал овоолго шороог 2019 оны намраас эхэлж 2020 он хүртэл хаягдал овоолго шороог угаасан юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Гэрч М.Бадамын өгсөн: “Хавтгайн хангайн хүрд” компани нь Бүрэгхангай суманд хайгуулын тусгай зөвшөөрөлгүй. Мөн бичил уурхайн журмаар гэрээ байгуулаагүй учраас би мэдэхгүй байна. Тухайн байрласан газар орон нутгийг бол мэднэ. Манай сумын 3 дугаар багийн малчдаас гомдол гаргаж байсан юм. Юу гэж гомдол гаргасан гэхээр Монполиментийн хаягдал шороо их байгаа учраас малаа Туул гол руу оруулж усалж чадахгүй байна гэж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Лэндс хариуцлагат хувьцаат компаний шинжээчийн ...Үйл ажиллагаанд өртөж эвдэгдсэн нийт талбайн хэмжээ нь 1300м2 буюу 0.13 га, угаасан шорооны эзлэхүүн нь 3519.5 м3 хэмжээтэй байна. ...Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн 0.13 га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 9.036.755 төгрөг, мөн тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь 1.819.889 төгрөг болж байна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-101 дэх тал/,

Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн: ...Ашигт малтмал олборлох үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 0.13 га талбайд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 9.036.775 төгрөг байна. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх заалт заасны дагуу хохирлыг хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 18.073.550 төгрөгийн нөхөн төлбөр гарч байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 103 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Ж-ын өгсөн: Би 2020 оны 7 дугаар сараас эхлэн Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг Нарлаг гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Миний хувьд Күүпэрмен компанийн талбай дээрх Монполиментийн угаасан угаалга шороог дахин угаах үйл ажиллагаа явуулсан. Энэ үйл ажиллагааг явуулахдаа Күүпэрмен компани болон Булган аймгийн Бүрэгхангай сумтай гэрээ байгуулах ёстой байсан боловч гэрээ байгуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Тэгээд яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байхад 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос экологийн цагдаагийн албанаас алба хаагч нар ирж шалгалт хийгээд намайг хууль бус зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэн үйл ажиллагааг минь зогсоосон юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128-130 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хураагдаж ирсэн ............. улсын дугаартай шар өнгийн экскаваторын компьютер нэг ширхэг зэргээр хангалттай нотлогдож тогтоогдлоо.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.*******, Б.*******, гэрч Т.*******, Ц.*******, Б.*******, Б.*******, М.Бадам, Г.******* нарын ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсныг гэрчилж өгсөн мэдүүлэг, Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Лэндс компанийн шинжээчийн байгаль экологид учруулсан шууд болон шууд бус хохирлыг үнэлгээний дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт хураагдаж ирсэн ............. улсын дугаартай шар өнгийн экскаваторын компьютер нэг ширхэг зэрэг нь шүүгдэгч Г.Ж-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Ж-ын ашигт малтмалын эрэл, хайгуул олборлолт явуулсан талбай нь Күүпермен хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай бөгөөд шүүгдэгч Г.Жуг талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Ж-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас газрын хэвлийд буюу байгаль орчинд 9.036.775 төгрөгийн хохирол учирсан байна. Тухайн талбайд техникийн болон нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ 1.819.889 төгрөг болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ. Өөрөөр хэлбэл байгаль орчинд 9.036.775 төгрөгийн хохирол, тухайн хор уршгийг арилгах, нөхөн сэргээхэд 1.819.889 төгрөгийн зардал гарна гэдгийг шинжээч тодорхой тайлбарлаж дүгнэлт гаргажээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтад “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж зааснаар байгаль орчинд учруулсан шууд бус хохирлын хэмжээг 18.073.550 төгрөгөөр тогтоосон байна.

Уг хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Г.Ж-аас байгаль орчинд учруулсан хохирол 18.073.550 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 1.819.889 төгрөг нийт 19.893.439 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд, байгаль экологид учирсан хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн ажлын хөлс буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.*******гаас нэхэмжилсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж Булган аймаг дахь цагдаагийн газрын төрийн сан дахь 100040012001 тоот дансанд тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлд маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

 

Шүүгдэгч Г.Ж-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Г.Ж-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 131-133, 137, 142, 153-175 дугаар талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нөхөр Т.Дэчиндоржийн нас барсны бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ж нь ам бүл тав, 10-20 насны 4 хүүхдийн хамт ............... хотын ........... дүүргийн ............ хорооллын ........ дүгээр байрны ........... дугаар орцны ............ тоотод амьдардаг, Хавтгайн хангайн хүрд хариуцлагатай хувьцаат компанийн захирал, сарын тогтмол орлого байхгүй боловч компанийн үйл ажиллагаа явуулж орлого олдог, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Ж-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан шууд болон шууд бус хохирол, нөхөн сэргээхэд зарцуулагдах хөрөнгө зэргийг төлөхөө илэрхийлсэн, урьд нь эвдэгдсэн газрыг ухсан зэрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ...” гэж тус тус зохицуулсан.

 

Шүүгдэгч Г.Ж нь Т.Дэчиндоржтой 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон нь гэрлэсний бүртгэлийн 216301000309 дугаартай лавлагаагаар тогтоогдсон бөгөөд Т.Дэчиндорж нь Хавтгайн хангайн хүрд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлаар ажиллах хугацаандаа ............. улсын дугаартай Robex LC-7 загварын экскаватор, ............. улсын дугаартай Sinotruk Howo загварын тээврийн хэрэгслүүдийг худалдан авч компанийн үйл ажиллагаанд ашиглаж байсан байх тул тухайн тээврийн хэрэгслүүд нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгөнд хамаарч байна.

 

Г.Ж-ын нөхөр Т.Дэчиндорж нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн 216301000310 тоот лавлагаагаар нотлогдож байх ба шүүгдэгч Г.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...хэдийгээр би тээврийн хэрэгслийг ашиглаж өмчлөлдөө байлгасан ч гэсэн, эд хөрөнгийн өв залгамжлалын асуудал шийдвэрлэгдээгүй өдий хүрсэн, хадам ээж болон талийгаач нөхрийн ах, дүү нар байдаг болохоор тухайн тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч одоогоор тодорхой болоогүй, миний эзэмшилд яг шилжээгүй... гэх мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй байна.

Иймд гэр бүлийн дундын эд хөрөнгийн өв залгамжлалын асуудал шийдвэрлэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Ж-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Robex LC-7 загварын экскаватор, Sinotruk Howo загварын тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох боломжгүй гэж үзэв.

 

Харин прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/08 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн 90.000.000 төгрөгийн /хавтаст хэргийн 106-108 дахь талд авагдсан Ашид билгүүн компанийн шинжээчийн дүгнэлт/ үнэлгээ бүхий ............. улсын дугаартай Robex LC-7 загварын тээврийн хэрэгсэл, 70.000.000 төгрөгийн /хавтаст хэргийн 110-112 дахь талд авагдсан Ашид билгүүн компанийн шинжээчийн дүгнэлт/ үнэлгээ бүхий ............. улсын дугаартай Sinotruk загварын тээврийн хэрэгсэл зэргийг тус тус өмчлөгч Г.Ж-т үлдээж, үнийг шүүгдэгч Г.Ж-с гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн ............. улсын дугаартай шар өнгийн экскаваторын компьютер нэг ширхгийг хэрэгцээний дагуу өмчлөгч Г.Ж-т буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ж нь цагдан хоригдоогүйг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............. овогт .............ийн .............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа, эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Ж-т сануулсугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ж нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ж-с байгаль экологид учруулсан нийт хохирол 19.893.439 /арван есөн сая найман зуун ерэн гурван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий ............. улсын дугаартай Robex LC-7 загварын тээврийн хэрэгсэл, 70.000.000 /далан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий ............. улсын дугаартай Sinotruk Howo загварын тээврийн хэрэгсэл зэргийг тус тус өмчлөгч Г.Ж-т үлдээж, үнийг шүүгдэгч Г.Ж-с гаргуулж хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Хэрэгт хураагдаж ирсэн ............. улсын дугаартай шар өнгийн экскаваторын компьютер нэг ширхгийг хэрэгцээний дагуу өмчлөгч, Г.Ж-т буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ж-с хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж Булган аймаг дахь цагдаагийн газрын төрийн сан дахь 100040012001 тоот дансанд олгож, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ