Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 722

 

 

 

 

 

 

 

 

 

О.Эрдэнийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00178 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч БНХАУ-ын иргэн У Жиан Гуо-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 706 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ганчимэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Гансүх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Баярмаа

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Дашдулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч О.Эрдэнэ шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ: О.Эрдэнэ нь БНХАУ-ын иргэн WU JIANGUO-тай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор уулзаж хамтран ажиллахаар тохиролцсон. Уг тохиролцоогоор миний 100 хувийн өмчтэй 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөгийн дүрмийн сантай ББСБ-д хөрөнгө оруулъя чи надад 85 хувийн хувьцаагаа худалдчих би хөрөнгө оруулалт татахын  тулд 85 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх шаардлагатай байна. Хөрөнгө оруулалт ороод ирэхээр чиний 85 хувийн хувьцааны үнэ болох 850 000 000 төгрөгийг төлье гэсэн хүсэлт тавьсны дагуу 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус хувьцаа худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д зааснаар нэг бүр нь 100 000 төгрөгийн үнэ бүхий 8 500 ширхэг /хувьцаа нийт 850 000 000/ төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээ хийсэн. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар WU JIANGUO нь дээрх төлбөрийг 2015 оны  10-ны дотор төлбөрийг төлж дуусгах үүрэг хүлээсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус гэрээг О.Эрдэнэ миний санаачилгаар цуцлахаар тохиролцсон. Дээрх хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний дагуу Санхүүгийн зохицуулах хороо даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 255 дугаар тушаал гарч “Алъяансфинанс групп ББСБ” ХХК-ийн дүрмийн сангийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд О.Эрдэнэ 15 хувь, БНХАУ-ын иргэн WU JIANGUO нь 85 хувийн хувьцааг эзэмшихээр өөрчлөлт оруулан бүртгэсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа худалдан авагчдад тавьсан шаардлагын дагуу БНХАУ-ын иргэн WU JIANGUO нь 85 хувийн хувьцаа худалдан авах мөнгийг тус хорооны дансанд 850 000 000 төгрөг байршуулах шаардлагатай болсон. Гэтэл WU JIANGUO-ийн мөнгө хүрэлцэхгүй байсан учир надаас хувийн журмаар санал тавьж, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 110 000 000 төгрөгийг бэлнээр бичгээр гэрээ хийлгүйгээр, 450 000 000 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ хийж, нийт 560 000 000 төгрөг зээлж аваад өөрт байсан 290 000 000 төгрөгийг нэмээд санхүүгийн зохицуулах хорооны түр барьцааны 900025401 тоот дансанд байршуулсан. Дээрх мөнгийг байршуулсаны дараа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар руу БНХАУ-ын иргэн WU JIANGUO-г “Алъяансфинанс групп ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг зөвшөөрсөн албан бичгийг хүргүүлснээр тус хорооны дансанд байсан мөнгийг манай ББСБ-ын дансанд шилжүүлсэн. Дансанд орж ирсэн мөнгөнөөс би өөрөө хувиасаа WU JIANGUO-д зээлсэн 560 000 000 төгрөгийг хувийн дансруугаа шилжүүлэн авч, үлдэгдэл 290 000 000 төгрөгийг WU JIANGUO-ийн дансруу шилжүүлсэн. Энэ үйл явдлын дараанаас би хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу БНХАУ-ын иргэн WU JIANGUO-аас 850 000 000 төгрөгөө шаардсан боловч удахгүй хөрөнгө оруулалт орж ирэхээр мөнгийг чинь өгнө гэж хойшлуулсаар 2016 оны 04 дүгээр сар болоход хөрөнгө оруулалт орж ирээгүй болохоор нь гэрээгээ цуцалъя 85 хувийн хувьцаагаа буцаан авъя гэсэн боловч энэ шаардлагыг зөвшөөрөхгүйгээр барахгүй намайг компанийн үйл ажиллагаанд оролцуулахгүй, ББСБ-ын хэвийн үйл ажиллагааг доголдуулж эхэлсэн. БНХАУ-ын иргэн WU JIANGUO нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээ, болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 8500 ширхэг хувьцааг буцаан авах хүсэлтэй байх тул БНХАУ-ын иргэн WU JIANGUO-аас дээрх хувьцааг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Эрдэнийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч О.Эрдэнийн шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлд хариуцагч тал тайлбар гаргахдаа О.Эрдэнийн нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээний гэрээний асуудал нь Иргэний хуулийн дагуу хийгдсэн иргэд хоорондын гэрээний асуудал бөгөөд энэ нь дүрмийн сан, хувьцааны төлбөртэй хамааралгүй болно гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэгч О.Эрдэнэ, хариуцагч Wu Jianguo нарын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 09/15/2 тоот зээлийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлээ өөрчилсөн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2 тал харилцан тохиролцож, уг зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар батлуулж, 450 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, хоногт 1 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирч, Wu Jianguo-гийн ХААН банкан дахь төгрөгийн 5113069005 тоот дансанд гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн байдаг. Гэвч хариуцагч нь уг мөнгийг өгөхгүй байгаа тул гэрээний дагуу зээл 450 000 000 төгрөг, хүү 31 500 000 төгрөг, алданги 225 000 000 төгрөг, нийт 706 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч У Жиан Гуо /Wu Jianguo/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: БНХАУ-ын иргэн WU JIANGUO миний бие нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн 85 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг хийсэн бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 255 дугаар тушаалаар бүртгүүлэн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн дүрмэнд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлд хувьцаа эзэмшигчээр 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус тус бүртгүүлсэн. “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д “худалдан авагч нь төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлж дуусгасан байна” гэж заасан бөгөөд гэрээгээр хүлээсэн энэ үүргийн дагуу гэрээний төлбөр болох 850 000 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 900025401 тоот дансанд шилжүүлсэн. Хувьцааны үнийг гэрээгээр тохиролцсон хугацаанд шилжүүлсэн нь WU JIANGUO-ийн Хаан банкны 5113069005 дугаартай дансны хуулга, Санхүүгийн зохицуулах хорооны Төрийн банк дахь 900025401 тоот дансны 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орлогоор нотлогдоно. Санхүүгийн зохицуулах хорооны Төрийн банкны 900025401тоот дансанд байршуулсан 850 000 000 төгрөгийг “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн Төрийн банкны 109000041134 дугаартай төгрөгийн дансанд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос буцаан шилжүүлсэн бөгөөд уг дансанд зарлагын гүйлгээ хийх эрх бүхий О.Эрдэнэ нь шилжүүлэн авсан байдаг. WU JIANGUO нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2-р зүйлийн 2.7-д заасан эрх О.Эрдэнэд үүсэхгүй. О.Эрдэнийн нэхэмжлэлд дурдсан зээлийн асуудал нь Иргэний хуулийн дагуу хийгдсэн иргэд хоорондын гэрээний асуудал бөгөөд энэ нь дүрмийн сан, хувьцааны төлбөртэй хамааралгүй болно. Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/100115 дугаартай “цалин нэмэгдүүлэх болон албан тушаалд томилох тухай” хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу О.Дашпүрэвийг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх удирдлагыг томилдог. “Альянс финанс групп ББСБ” ХХК нь хоёр хувьцаа эзэмшигчтэй болсноос хойш өнөөдрийг хүртэл хэвийн доголдолгүй, үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд О.Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У Жин Гуо /WU JIANGUO/ нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ хийж уг гэрээний дагуу 450 000 000 төгрөгийг авсан хэдий ч уг мөнгийг зээлээгүй, компанийн дүрмийн санг нэмэгдүүлэхээр “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бичиг баримтыг үндэслэн О.Эрдэнэ нь хүнээс зээлж авсан.Тухайн үед компанийн үйл ажиллагаанд хэрэглэх хэдий ч би хүнээс зээлсэн тул зээлийн гэрээ хийчих үү гэж О.Эрдэнийн хэлсний дагуу зээлийн гэрээ байгуулсан байдаг. Уг мөнгийг О.Эрдэнэд 7 хоногийн дараа бэлнээр буцаан өгсөн хэдий ч тухайн үед баримт үйлдээгүй. Гэвч энэ байдлыг нотлох хүн тухайн үед О.Эрдэнэтэй цуг явж мөнгө авсан, мөн мөнгийг О.Эрдэнэд өгснийг мэдэж байсан Сайван гэж БНХАУ-ын иргэн байгаа. Гэвч гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй. Иймд Сайвантай энэ талаар ярьсныг бичсэн бичлэгийг CD-д буулгасан байдлаар шүүхэд гаргаж өгсөн. Энэ мөнгийг У Жин Гуо нь жинхнээсээ зээлж аваагүй, мөн эргүүлэн төлсөн тул О.Эрдэнийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 706 500 000 төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээ нэртэй 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийж уг гэрээний дагуу 450 000 000 төгрөгийг авсан хэдий ч уг мөнгийг зээлээгүй. Тухайн үед өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ бөгөөд уг мөнгийн компанийн хувьцааны мөнгийг босгох зорилгоор тал талаасаа шилжүүлсэн мөнгө юм. Харин баталгаа болгож л уг гэрээг хийсэн байдаг. О.Эрдэнийн уг үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй бөгөөд энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Гэтэл О.Эрдэнэ нь 450 000 000 төгрөгийг буцаан авсан хэрнээ аваагүй гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар  уг зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. У Жин Гуо нь компаний хувьцаа эзэмшигч болохын хувьд 850 000 000 төгрөгийг төлөх ёстой. Гэтэл хувьцааны 450 000 000 төгрөгийг О.Эрдэнэ төлсөн байдаг. Уг мөнгийг бүрдүүлэх эх үүсвэр нь дээрх зээлийн гэрээтэй холбоотой. Иймд ямар нэг халхавчилсан гэрээ байхгүй бөгөөд У Жиан Гуо нь иргэний журмаар л уг мөнгийг зээлж хувьцааны мөнгийг байршуулсан. Түүнээс дүрмийн сангаа нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн У Жиан Гуо /WU JIANGUO/-гаас 706 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Эрдэнэд олгож, хариуцагч У Жиан Гуо /WU JIANGUO/-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 409 000 төгрөгийг, хариуцагч У Жиан Гуо-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч У Жиан Гуо-аас улсын тэмдэгтийн хураамжинд 3 690 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Эрдэнэд олгож, хариуцагч У Жиан Гуо-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжинд 2 337 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа давж заалдах гомдолдоо: “...О.Эрдэнэ Wujianguo нар нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан хэдий ч Wujianguo нь уг мөнгийг О.Эрдэнэд буцаан төлсөн байдаг бөгөөд ямар нэг баримтыг тухайн үед үйлдээгүй байдаг ч О.Эрдэнэ нь 450 000 000 төгрөгөө буцаан авсан гэдгийг нотлох гэрч байдаг. Гэтэл О.Эрдэнэ нь авсан мөнгөө дахин авахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. О.Эрдэнэ нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэсд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа бөгөөд нийт 5 үйлдэлээр шалгагдаж байгаагийн дотор энэхүү иргэний маргааныг үүсгэж буй 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Зээлийн гэрээний асуудал шалгагдаж байгаа билээ. Энэ нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэгийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 8в-3/5581 дугаартай Хан-Уул дүүргийн шүүхэд хандаж гаргасан тодорхойлолтоор нотлогдоно. /Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс 2 удаагийн албан бичгээр О.Эрдэнэ нь хэд хэдэн үйлдлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэдэг нь нотлогдоно./ Уг хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэлтэй.

Зохигчдын зүгээс шүүхэд гаргаж өгсөн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, мөрдөн байцаах тасгийн даргын гарын үсэг бүхий 2 удаагийн албан бичиг, хохирогчийн мэдүүлэг /хохирогчийн мэдүүлэгт Зээлийн гэрээний асуудлыг тодорхой ярьсан/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь нэг үйл баримтыг нотолж байгаа мөртлөө хоорондоо зөрүүтэй, тухайн зээлийн гэрээтэй холбоотой асуудал нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй; хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс арилгах хэргийг нэг мөр, үнэн зөв, үндэслэлтэй, бодьтой шийдвэрлүүлэх үүднээс "Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс О.Эрдэнэд үүсгэсэн эрүүгийн хэргийн тухай түүний шалгагдаж байгаа үйлдэл тус бүрээр нь нэг бүрчлэн бичүүлж тодорхойлолт гаргуулах тухай, мөн сэжигтэн О.Эрдэнийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг хавтаст хэргээс хуулбарлан авч хэрэгт нотлох баримтаар гаргуулах" тухай хүсэлтийг шүүхэд гаргасан хэдий ч шүүхээс уг хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг үндэслэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

О.Эрдэнийн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолд түүний шалгагдаж буй үйлдэлийн зөвхөн 1 үйлдлийг зааж өгсөн байдаг бөгөөд энэ нь бусад үйлдлийг шалгаагүй гэсэн баримт биш юм.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрч болох БНХАУ-ын иргэн Saiwang, орчуулагч А.Сарнай нарыг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан хэдий ч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Миний бие гэрчээр оролцуулах хүсэлтэд гэрчээр оролцох хүмүүсийн оршин суух хаяг, утасны дугаар зэргийг тодорхой дурдаж, тухайн гэрчээр чухам юуг гэрчлүүлэх, ямар нөхцөл байдлыг мэдэж байгааг тодорхой бичсэн. Эдгээр гэрч нар нь маргаан бүхий гэрээний бодит нөхцөлийг мэдэх, О.Эрдэнэ нь ямар зорилгоор мөнгө өгсөн, Wujinaguo нь уг мөнгийг зээлсэн эсэх, эргүүлж өгсөн эсэхийг гэрчлэх чухал гэрч байсан. Гэтэл шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий чухал асуудлыг шийдвэрлэхгүйгээр хэргийн бодит байдлыг эцэслэн тогтоолгүйгээр шийдвэрлэсзн.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж өмгөөлөгчөөр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Н.Дашдуламыг сонгон авсан бөгөөд өмгөөлөгч нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул уг хурлыг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд гаргасан мөн миний бие өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцох хүсэлтээ гаргасан хэдий ч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

             Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч О.Эрдэнэ нь хариуцагч БНХАУ-ын иргэн У Жиан Гуо /WU JIAN GUO/-д холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компаний эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 8 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 450 000 000 төгрөг, зээлийн хүү 31 500 000 төгрөг, алданги 225 000 000 төгрөг, нийт 706 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 8-ө 3/5249, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 8-в 3/5581, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8-о 3/5738 тоот албан бичгүүдэд /хх 125, 144, 161/ иргэн Очиржавын Эрдэнийн өөр өөр үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар тусгажээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл /хх 112-114/, 2016 оны 11 дүгээр сарын 15, 2017 оны 01 дүгээр сарын 09, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус тус гаргасан хүсэлт /хх 145, 176, 179/-дээ “...зээлийн гэрээний дагуу хариуцагчид зээлдүүлсэн 450 000 000 төгрөгийг буцаан авсан атлаа нэхэмжилж байгаа гэх О.Эрдэнийн залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс О.Эрдэнэд үүсгэсэн хэргийн тухай түүний шалгагдаж буй үйлдэл тус бүрээр нэг бүрчлэн бичүүлж тодорхойлолт гаргуулах” агуулгыг тодорхой тусгасан байх ба уг хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллагаас дээрх нотлох баримтыг гаргуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

            Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх 180, 184/-ийг хүлээн авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, талуудын тэгш байдал, мэтгэлцэх эрхийг хангаагүй байна..

 

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00178 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч У Жиан Гуо /WU JIAN GUO/ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 690 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН