Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 710

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Тольтон бургууд овгийн Б.Б ,

                      Суурь овгийн Ж.А ,

Бууч овгийн М.Б ,

Боржигон овгийн П.Г ,

Дэлгэрийнхэн овгийн Н.Л ,

Бооной овгийн П.С ,

Боржигон сартуул овгийн О.Ш ,

Меркит овгийн Б.Е,

Хариуцагч: ГЕГД,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , өмгөөлөгч Г.Ж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Е болон нэхэмжлэгч Б.Б , Ж.А , М.Б , П.Г , Н.Л , П.С , О.Ш  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , Г.Ж  болон нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар “Гаалийн албанаас халах тухай” тушаалаар биднийг “...Боловсролын хуурамч бичиг баримт ашиглан гаалийн албанд томилогдсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаар албан бичиг болон нэр бүхий их дээд сургуулиудаас ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байгаа тул хавсралтад нэр дурдагдсан гаалийн ажилтнуудыг 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халсугай...” хэмээн шийдвэрлэж нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар дуусгавар болгосон байдаг.

Энэхүү маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буюу 2019 оны ажлын эхний өдөр ажилдаа очоод дээрх үндэслэлээр ажлаас халагдсан болохоо мэдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Уг гомдлыг Төрийн албаны зөвлөл хүлээн хянаад 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 192 дугаар албан тоотоор шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэх хариуг өгсөн учир мөн хуульд заасан хугацааны дотор өөрсдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч нар нь Гаалийн байгууллагад 1993 оноос 2011 оны хооронд ажилд орсон ажилд орохдоо боловсролын хуурамч бичиг баримт ашигласан зүйл байхгүй болно. Гэтэл ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Б/620 дугаар “Гаалийн албанаас халах тухай” тушаалаар биднийг “Боловсролын хуурамч бичиг баримт ашиглан гаалийн албанд томилогдсон” гэх шалтгаанаар Гаалийн албанаас халсугай хэмээн шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, 17 дугаар зүйлийн 2-д “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийнжурамт үүрэг мөн”гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзнэ.

Мөн Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нар Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд тус тус заасныг зөрчөөгүй болно.

Төрийн албанд тэр тусмаа Гаалийн албанд олон жил ажиллахдаа удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж төрийн бодлогыг хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж ирсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасан мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч нарт боловсролын диплом чинь хуурамч гэж үзсэн талаар огт урьдчилан мэдэгдэлгүйгээр Гаалийн албанаас халсанд гомдолтой байна. Нэхэмжлэгч тус бүр өөрсдийн төгссөн сургуульд хандаж лавлагаа тодорхойлолт авч байгаа бөгөөд лавлагаа тодорхойлолт авсан нэхэмжлэгч нарын лавлагаа тодорхойлолтыг нотлох баримтаар гарган өгч байна.

Маргаан бүхий тушаалд үндэслэсэн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 тоот албан бичигтэй танилцахаар Мэргэжлийн хяналтын газар очиход Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу ажиллагаа явуулан хариуг Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэгч нарыг танилцуулаагүй түүнчлэн нэхэмжлэгч нар өөрсдийн төгсөн сургуулийн дипломыг үзүүлэхэд танилцах шаардлагагүй хэмээн нэхэмжлэгч нарыг хүлээж авахгүй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд маргаан захиргааны актын талаар гомдол гаргах асуудлыг тухайн захиргааны актыг гаргасан эрх бүхий байгууллагын дээд албан тушаалтанд гомдлоо гаргахаар зохицуулсан тул төрийн албаны зөвлөлд хандсан болно.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар “Гаалийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож Нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Гаалийн улсын байцаагчийн ажилд эргүүлэн томилж, Нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговор /цалин/-г хариуцагчаас гаргуулан, Нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М гаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч нарын хувьд боловсролын хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээр ажлаас халагдсан. Хариуцагч байгууллагын хүрээнд хуулийн үзэл санаа зарчмыг маш сайн мэдэх ёстой. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл заавал шалгаж тогтоогдвол зөрчил гаргасан этгээдэд урьдчилсан танилцуулсан байх ёстой.

2009 оны Монгол Улсын Засгийн газрын 90 дүгээр тогтоолд “Монгол Улсын гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм тогтоох тухай” дүрмийн 5 дугаар зүйлийн 2-т “...гаалийн улсын байцаагчийн зөрчил гаргасанг тогтоох бүрэн эрх бүхий сахилгын хороотой байна...” гэж заасан. Сахилгын хорооны бүртгэлийг ГЕГД батална гэж заасан байдаг. Хуулийн зохицуулалтаар гаалийн байгууллагад өөрт нь бүрэн эрх нь олгогдсон байгаа юм. Эрүүгийн хэрэг үүсгэхээргүй байгаа бол сахилгын шийтгэл мөн үү эсвэл ёс зүйн зөрчил үү гэдгийг хянаад дүгнэлт гаргах боломжтой хууль зүйн зохицуулалт байна.

Гаалийн улсын байцаагч нь ёс зүйн дүрэм зөрчсөн бол түүнийг мэдээллээд шалгасан процессыг бол мэдээлэл гэж харж байна. Энэ мэдээллийг үүсгээд сахилгын хороо хэрэг үүсгэх үгүй юу гэдгийг тооцох ажиллагаа явагдах хэрэгтэй. Гомдол мэдээлэл гаргагчаас тайлбар авах хэрэгтэй. Зөрчлийг биечлэн шалгах үүрэгтэй. Гаалийн байгууллага энэ үйл ажиллагааг явуулаагүй. Гаалийн дарга шийдвэр гаргах байтал Мэргэжлийн хяналтын байгууллагад хариу хүргүүлж шалгуулсан байдал нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Сахилгын шийтгэл ногдуулах зарчмыг баримтласан байх ёстой. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажилтан албан хаагчийн эрх ашиг хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа бол энэ нь нээлттэй ил тод байх ёстой. Эдгээр нэхэмжлэгч нарт сахилгын арга хэмжээ огт авч байгаагүй. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажилтан албан хаагчийн эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа бол нээлттэй ил тод байх ёстой байсан. Хариуцагчийн шийдвэр нь хуульд эрх тэгш байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Тушаалын байдлаас харахад 97 дугаар тогтоолд заасны дагуу сахилгын шийтгэл тогтоох ёстой байтал энэ талаар тушаалд дурдаагүй юм. Гэтэл энэ шаардлагын алийг нь ч хангаагүй учраас тушаал үндэслэл бүхий гараагүй. Эдгээр нэхэмжлэгч нарыг хуучин ажилд нь эгүүлэн томилж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ж  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “8 нэр бүхий нэхэмжлэгчийн тухайд 1996 онд Гаалийн тухай хууль батлагдаад хэрэгжиж эхлэсэн. Гаалийн тухай хуулийн 56 дугаар зүйлд гаалийн улсын байцаагчийг зааж өгсөн байдаг. Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан болзол журам шалгуурыг хангасан чиглүүлэх сургалтанд хамрагдсан иргэнийг гаалийн улсын байцаагч гэж тодорхойлж өгсөн. Ж.А  нь гаалийн албанд 2002 онд ажилд орсон байдаг. М.Б  гэдэг хүн 2003 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон. Б.Б  2003 оны тушаалаар гаалийн байцаагч, П.Г  2011 анх гаалийн албанд орохдоо гаалийн улсын байцаагчаар томилогдсон байдаг. Н.Л  2005 онд гаалийн албанд шалгагчаар ороод 2007 онд гаалийн улсын байцаагчаар ажилласан. П.С  1999 онд гаалийн албанд шалгагчаар ороод 2002 онд гаалийн улсын байцаагч болсон. О.Ш  1999 онд гаалийн улсын байцаагч болсон байдаг. Б.Е 2011 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон байдаг.

Эдгээр хүмүүс Төрийн албанд заасан сахилгын зөрчил үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Гаалийн улсын байцаагчийн тангараг зөрчсөн гэдэг нь үйл баримтаар тогтоогдохгүй байна. Эх орны эсрэг ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулсан гэдэг нь тогтоогдохгүй. Нууцыг задласан гэх үндэслэл байхгүй. Эдгээр хүмүүсийг Төрийн албаны тухай хуулийн 13 зүйлийг зөрчөөгүй гэж үзэж байна. 15 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл гэдгийг зөрчөөгүй юм. Хуульд заасан бусад үүрэг гэдгийг зөрчөөгүй. 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Гаалийн тухай хуульд “гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой байна” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нарын хувьд энэ зүйл заалтыг зөрчсөн үйлдэл байхгүй. М.Бат-Эрдэнийн хувьд гаалийн улсын байцаагчийн тангараг өргөсөн бичиг хавтас хэрэгт байдаг. Энэ хүнийг гаалийн улсын байцаагчаар томилогдох үед тухайн дээд боловсролын түвшинд хүргэх гэх зүйл шинэ хуулиар байхгүй байсан гэдгийг хэлмээр байна. Б.Б ийн хувьд Иргэний шүүхийн шийдвэрээр тухайн сургуулийг төгссөн гэдгийг тогтоосон байдаг. П.Г  мөн сургууль төгссөн гарын үсэг тамга тэмдэгийг хуурамчаар үйлдсэн гэх зүйл байхгүй. Н.Л ын хувьд мөн адил нөхцөл байдалтай. О.Ш  1999 онд гаалийн улсын байцаагч болсон байдаг. Ийм учраас эдгээр иргэдэд гаалийн албанд хуурамч бичиг баримт ашиглаж бүрдүүлж өгсөн нөхцөл байдал байхгүй учраас нэхэмжлэгч нарыг эгүүлэн ажилд нь томилж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэл гаргасан 11 хүн нь Гаалийн байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байсан хүмүүс бөгөөд эдгээр хүмүүсийн их дээд боловсрол, бакалавр түүнээс дээших боловсролын бичиг баримтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гүйцэтгэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2018 онд нягтлан шалгасан байна.

Нэхэмжлэл гаргасан эдгээр 11 хүн болон бусад хүмүүстэй холбоотой боловсролын бичиг баримтын зарим нь хуурамч, зарим нь хүчингүй, их дээд сургууль төгссөн нь нотлогдохгүй, эсхүл тухайн боловсролын диплом олгогдоогүй гэх зэргээр хүн тус бүрээр хийсэн шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаартай албан тоот, хавсралтын хамт Гаалийн ерөнхий газар болон Монгол Улсын Сангийн сайдад 2018 оны 12 дугаар сард ирсэн болно.

Дээрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 06/4243 дугаартай албан тоотод нэхэмжлэл гаргасан 11 хүний боловсролын бичиг баримтын зөрчлийг тодорхой дурдсан байх тул энэ албан бичигт үндэслэн ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 тоот тушаал гаргаж, гаалийн албанаас халсан болно.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь гүйцэтгэх үндсэн чиг үүргийн хувьд бүхий л салбар, чиглэл тус бүрээр мэргэжлийн төвшний шалгалт хийх эрхтэй тул мэргэжлийн байгууллагын шалгалтын дүнг эцэслэн шийдвэр гаргасан нь захиргааны хэргийн шүүхэд маргаан гаргах нөхцөл болжээ.

... Мэргэжлийн хяналтын газраас гаалийн албанд ажиллаж байгаа нийт хүмүүсийн боловсролын бичиг баримтыг шалгасан тухай тайланг Гаалийн ерөнхий газарт албан бичгээр ирүүлсэн. Энэ албан тоот 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 тоот ирсэн. Уг бичигт нийтдээ 32 хүний боловсролын бичиг баримтыг шалгасан шалгалтын дүнг тусгасан. Тухайн өдөр Сангийн яаманд уг шалгалтын дүнг хүргүүлсэн. Сангийн яам материалтай танилцаад “Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтэрч байгаа бараа, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх байгууллага байдаг. Иймд ажилтны боловсролын бичиг баримтыг шалгах чиг үүрэг бүхий байгууллага биш, мэргэжлийн шалгах байгууллага болох Төрийн албаны зөвлөл болон Мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулах чиглэл өгсөн байдаг. Үүнийг үндэслээд ГЕГД 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөрийн Б/620 тушаалаар нэр бүхий ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч Ж.А  гаалийн албанд орж ажиллахад бүрдүүлсэн төрийн албан хаагчийн анкетанд шагнал урамшуулал, сахилгын шийтгэл, боловсролын талаар бичигдсэн байдаг учраас түүний хувьд 2005 онд Монгол Улсын Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийг нягтлан бодогчоор төгссөн тухай диплом гэрчилгээг гаргаж өгөөд гаалийн албанд ажилласан байдаг. 2006 онд гаалийн улсын байцаагчаар ажиллаж эхлэсэн. Үүнийг шалгаж үзээд энэ диплом нь өөр хүн дээр олгогдсон талаар мэдээлэл шалгалтаар ирсэн байдаг.

Нэхэмжлэгч Б.Б  нь 2002 онд Монгол Улсын Үндэсний их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн тухай диплом гэрчилгээ, 2011 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон бөгөөд томилохдоо мөн дээд боловсролтой гэдгээр томилогдсон байсан. Л  нь үндэсний их сургуулийг төгссөн байдаг бөгөөд 2007 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон байдаг. П.С  нь сургууль төгссөн бичиг баримтаар 1990 онд банк зээлийн эдийн засагч мэргэжлээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. 2002 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон. Эдийн засагч санхүүч диплом нь тухайн онд олгогдоогүй гэх шалгалтын дүн гарсан байдаг.

М.Б  нь 1999 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн 2002 онд Гаалийн улсын байцаагчаар томилогдсон. Гэтэл шалгалтын дүнгээр 1999 онд эрх зүйч мэргэжлээр төгсөөгүй гэдэг дүн гарсан байдаг.

Нэхэмжлэгч П.Г  1995 онд Улсын багшийн дээд сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. 2011 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон. Сургууль төгссөн талаар мэдээлэл архивд ч байхгүй талаар шалгалтаар илрүүлсэн. Дунд нь жилийн чөлөө авсан гэдэг боловч төгссөн нь харагдахгүй талаар мэдээлэл өгсөн байдаг. О.Ш  1997 онд Улсын багшийн дээд сургуулийг техник урлалын чиглэлээр төгссөн. 1999 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон байдаг. Б.Е нь Боловсролын их сургуулийг 2008 онд төгсөж, 2011 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон. 2008 онд төгсөөгүй талаар шалгасан.

Гаалийн улсын байцаагчид эрх зүйн байдлыг дордуулах шийдвэр ажиллагаа явуулах гэж байгаа бол сонсгох ажиллагаатай холбоотой боломжийг олгодог заалт байдаг. Энэ нэхэмжлэгч нар анхнаасаа боловсролын асуудалтай бичиг баримттай байсан тул анхнаасаа томилсон тушаал нь хууль бус байсан. Эдгээр хүмүүс өөрсдөө хууль бус үйлдэл хийгээгүй байсан байж болно. Үүний цаана хариуцлага алдсан, нэг бичиг баримтанд хоёр хүний нэр бичигдсэн, архивын ажилтан бичиг баримтыг устгасан хууль бус үйлдэл байгааг үгүйсгэхгүй. Анхнаасаа томилсон тушаал хууль бус байна гэдэг үндэслэлээр сонсгох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 32 хүнтэй холбоотой хууль бус бичиг баримтыг хэн хууль бусаар үйлдсэн байх талаар үүний цаана гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгааг цагдаагийн газарт шалгуулах талаар албан бичиг ирүүлсэн. Иймд анхнаасаа хууль бус тушаалаар Гаалийн ерөнхий газар олон жил ажилласан хүмүүсийн цалин олголт, хангамжийг буцаан нэхэмжлэх асуудал гарах учир үүнийг зүгээр орхих талаар шийдвэр гаргаж байсан. Сургуульд буруу байгаа бол тэдгээр байгууллагад буруутгана уу гэсэн чиглэл өгсөн” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нараас анх “ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа,

            1. ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын Б.Б , Ж.А , М.Б , П.Г , Н.Л , П.С , О.Ш  Б.Е нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

            2. Ж.А г Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт, М.Бат-Эрдэнийг Замын-Үүд дэх гаалийн газарт, Б.Б ийг Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт, О.Ш ийг Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газар, Б.Еыг Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт тус тус гаалийн улсын байцаагчаар, Н.Л ыг Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар, П.С г Гашуунсухайт дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар, П.Г ыг Гашуунсухайт дахь гаалийн газрын Оюутолгой дахь салбарын эрхлэгчээр тус тус эгүүлэн тогтоолгох,

            3. Б.Б , Ж.А , М.Б , П.Г , Н.Л , П.С , О.Ш  Б.Е нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэж тодруулсан.

           

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж.А , Н.Л , П.С , Б.Е нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, М.Б , Б.Б , П.Г , О.Ш  нарыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалаар Ж.А г Улс хоорондын шуудан илгээмжийн газрын гаалийн улсын байцаагчийн, Н.Л ыг Ховд аймгийн Булган дахь гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын, П.С г Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн, Б.Еыг Ховд аймгийн Булган дахь гаалийн газрын Эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчийн, М.Бат-Эрдэнийг Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн, Б.Б ийг Ховд аймгийн Булган дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн, П.Г ыг Гашуунсухайт дахь гаалийн газрын Оюутолгой дахь гаалийн салбарын эрхлэгчийн, О.Ш ийг Сүхбаатар аймгийн Бичигт дэхьгаалийн газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалаас “Боловсролын хуурамч бичиг баримт ашиглан гаалийн албанд томилогдсон” гэсэн үндэслэлээр “гаалийн албанаас халж” шийдвэрлэжээ[1].

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс ГЕГД-ын 2018 оны Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг эс зөвшөөрч “нэхэмжлэгч нэр бүхий иргэдийг анх гаалийн байгууллагад орж ажиллах үед заавал дээд боловсролтой байх шаардлага хуулиар тавиагүй ба тэднийг тодорхой хугацаанд албан үүргээ гүйцэтгэж, гаалийн байгууллагын мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаны дараа гаалийн улсын байцаагчид тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзэж холбогдох албан тушаалуудад томилж шийдвэрлэсэн атлаа “анх гаалийн албанд орохдоо боловсролын хууль бус баримт бичиг ашигласан” мэтээр маргаан бүхий актыг гаргасан бодит нөхцөл байдалд нийцээгүй бөгөөд Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан нөхцөл бүрдээгүй байхад Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийлгээгүй нь төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгогдсон баталгааг зөрчсөн” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Ж.А , Н.Л , П.С , Б.Е М.Б , Б.Б , П.Г , О.Ш  нар анх гаалийн байгууллагад оператор, шалгагч, нохой маллагч зэрэг албан тушаалуудад томилогдон ажиллаж байгаад дараа нь гаалийн улсын байцаагчийн эрх олгох сургалтанд хамрагдаж гаалийн улсын байцаагчаар томилогдож тодорхой хугацаанд ажилласан тухайд маргаагүй, харин “боловсролын баримт бичгийг хууль ёсны эсэхийг шалган тогтоох эрх бүхий байгууллагаас шалгаж, дүгнэлтээ ирүүлсэн, нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь гаалийн улсын байцаагчаар томилогдохоосоо өмнө маргаан бүхий шийдвэрийн үндэслэл болсон боловсролын баримт бичгүүдийг гаргаж төрийн албан хаагчийн хувийн хэрэгт хадгалуулсан байсан, түүнчлэн уг баримт бичгүүдийг хууль ёсны болохыг нотолсон аливаа нотолгоог гаргаж ирүүлээгүй тул эдгээр хүмүүс нь анхнаасаа төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдох ёсгүй байсан тул Б/620 дугаар тушаалын улмаас зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, хуульд заасан журмын дагуу сонсгох ажиллагаа явуулах шаардлагагүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

1996 оны 07 дугаар сарын 01-ээс 2008 оны 07 дугаар сарын 01-ний хооронд хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн тухай хууль/1996 он/-ийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар “Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэн” нь гаалийн улсын байцаагчаар ажиллаж болохоор хуульчилсан байсан бол 2008 оны 07 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Гаалийн тухай хуулийн 253 дугаар зүйлийн 1-д зааснаар “гаалийн улсын байцаагч”  нь “Гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээх гаалийн албан тушаалтан” байхаар өөрчилж мөн зүйлийн 253.5-д “Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол Улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байх” шаардлагыг хуульчилсан байна.

Мөн 1996 оны 07 дугаар сарын 01-ээс 2008 оны 07 дугаар сарын 01-ний хооронд хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн тухай хууль/1996 он/-ийн 70 дугаар зүйлийн 70.1-т “Гаалийн улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилээс хэтрэхгүй туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа гаалийн ажилтанг шалгагч гэнэ” гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.А  нь анх Гаалийн ерөнхий газрын харьяа Орхон дахь гаалийн хорооны даргын 2002 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 36 тоот тушаалаар операторын албан тушаалд[2], Н.Л  нь анх ГЕГД-ын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 491 тоот тушаалаар Баян-өлгий дэх гаалийн газарт шалгагчаар[3], П.С  нь анх ГЕГД-ын 1999 оны 07 дугаар сарын 09-гий өдрийн 261 тоот тушаалаар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт шалгагчаар[4] Б.Б  нь анх Ховд дахь гаалийн газрын даргын 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 30 тоот тушаалаар операторын албан тушаалд[5], М.Б  нь анх Гаалийн ерөнхий газрын харьяа Орхон дахь гаалийн хорооны даргын 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/313,29 тоот тушаалаар оператороор[6], О.Ш  нь анх ГЕГД-ын 1995 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 50 тоот тушаалаар маллагч-үйлчлэгчийн албан тушаалд[7] тус тус анх томилогджээ.

Мөн нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь бүгд “Гаалийн улсын байцаагч бэлтгэх чиглүүлэх сургалт”-уудад суралцсан тухайд болон дараах гаалийн улсын байцаагчийн эрх олгогдож гаалийн улсын байцаагчаар томилогдон ажилласан дараах үйл баримттай хэргийн оролцогчдоос маргаагүй. Үүнд:

- Ж.А д ГЕГД-ын 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 731 дүгээр тушаалаар улсын байцаагчийн эрх олгогдож, мөн өдрөөс Орхон аймаг дахь гаалийн газарт статистик мэдээ, сүлжээ хариуцсан гаалийн улсын байцаагчаар[8],

- Н.Л т ГЕГД-ын 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 084 дүгээр тушаалаар улсын байцаагчийн эрх олгогдож Баян-Өлгийн аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар[9]

- П.С  нь ГЕГД-ын 2002 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 374 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар[10],

- Б.Е нь ГЕГД-ын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 392 тоот тушаалаар Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчаар[11],

- М.Б  нь ГЕГД-ын 2002 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 495 тоот тушаалаар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар[12]

- Б.Б  нь ГЕГД-ын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 168 дугаар тоот тушаалаар Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар[13].

- П.Г  нь нь ГЕГД-ын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 600 дугаар тоот тушаалаар Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар[14]

-О.Ш ид ГЕГД-ын 1999 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 437 дугаар тушаалаар гаалийн улсын байцаагчийн эрх олгогдож, мөн өдрөөс Замын-үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар[15],

 

Түүнчлэн

- Ж.А  нь 1988 онд Санхүү, эдийн засгийн техникум/хуучин нэрээр/-ыг “Банкны нягтлан бодогч-эдийн засагч “ мэргэжлээр төгссөн болох нь Санхүү эдийн засгийн сургуулиас ирүүлсэн 2/690 тоот албан бичигт “...10438 дугаартай дипломтой төгссөн нь үнэн болно”[16] тодорхойлолт, Үндэсний төв архиваас ирүүлсэн Санхүү, эдийн засгийн техникумын захирлын тушаал[17] зэрэг баримтуудаар,

- П.С  нь 1990 онд Худалдааны техникум/хуучин нэрээр/-ыг “нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр төгссөн болох нь Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 129 тоот албан бичигт “төгсөлтийн диплом гардан авсан дэвтэрт бүртгэлтэй байна”[18] гэсэн тодорхойлолт,

- Б.Е нь 2010 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийг “Нягтлан бодох бүртгэл”-ийн бакалавр зэрэгтэйгээр төгссөн болох нь тус сургуулиас 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн 172 тоот албан бичигт “...D201015844 дугаартай диплом олгосон”[19] гэсэн тодорхойлолт,

- Н.Л  нь 2012 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг “Менежмент, гадаад худалдаа, гааль” мэргэжлээр төгссөн болох нь тус сургуулиас ирүүлсэн 2/2987 тоот албан бичигт “...D201015844 дугаартай дипломтой, Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн нь үнэн болно”[20] тодорхойлолт, захирлын тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2/6420 албан бичигт “...Н.Л  нь Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг 2012 онд төгссөн...”[21] гэсэн баримтуудаар тус тус тогтоогдов.

 

Мөн Н.Л оос гаалийн албанд анх 2005 оны 07 дугаар сарын 20-нд шалгагчаар томилогдохдоо 2005 оны 06 дугаар сарын 14-ны өдөр олгогдсон “Ховд Эрдэм” дээд сургуулийг төгссөн D200511691 дугаартай дипломыг гаргаж өгсөн байх ба тухайн үед “Ховд Эрдэм” дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Нямлхагваас “Н.Л  нь тус сургуулийг 2001-2005 онд нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр суралцаж төгссөн гэсэн тодорхойлолтыг нотариатаар батлуулан шүүхэд ирүүлсэн[22], түүнчлэн Архивын ерөнхий газрын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/349 тоот албан бичигт “Ховд Эрдэм дээд сургуулийн баримт шилжиж ирээгүй”[23] гэсэн байх тул дээрх боловсролын баримт бичгийг хууль ёсны дагуу олгогдсон эсэхийг шүүхээс шалган тогтоох боломжгүй, Н.Л т олгогдсон “D200511691” дугаартай дипломын хуулбарыг 136 дугаартай нотариатч гэрчилж баталсан[24], “хуурамч” баримт бичиг болохыг нь тогтоосон аливаа шийдвэр гараагүй байна.

Б.Е нь 2010 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийг төгсөж, 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ГЕГД-ын 392 тоот тушаалаар Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчаар анх томилогдсон байх ба түүнийг өмнө гаалийн албанд ажиллаж байсан талаарх баримтыг хариуцагч шүүхэд гаргаж ирүүлээгүй.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/01 тоот илтгэх хуудаст “Манай байгууллагын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 тоот албан бичгийн хавсралтад П.С гийн 2002 оны  Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн диплом өөр хүнд олгогдсон тухай мэдээллийг өмнө төгссөн сургуулийн онтой андуурч бичсэн тухай залруулгыг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны адрийн 06/1097 албан бичгээр Гаалийн ерөнхий газарт залруулга хүргүүлсэн”[25] гэжээ.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Ж.А гийн 2002 онд, Н.Л ын 2005 онд, П.С гийн 1999 онд,  М.Бат-Эрдэнийн 2000 онд, Б.Б ийн 1993 онд, О.Ш ийн 1995 онд тус тус гаалийн байгууллагад анх томилогдож ажилласан оператор, шалгагч, маллагч-үйлчлэгч гэсэн албан тушаалууд нь заавал дээд боловсролын баримт бичигтэй байхыг шаардахгүй байсан ба Ж.А , П.С , Н.Л , Б.Е нараас гаалийн албанд анх ажилд томилогдохдоо гаргаж өгсөн боловсролын баримт бичгүүдийг хууль ёсны дагуу олгогдоогүй гэж үзэх боломжгүй байжээ.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн төрийн албан хаагчийн хувийн хэрэгт авагдсан боловсролын баримт бичгүүдийн дагуу судалгаа гаргаж мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлсэн”[26] гэх ба нэхэмжлэгч Ж.А  нь 2005 онд Монгол улсын их сургуулийн Орхон дахь салбар сургуулийг D200514994 дугаартай диплом/өөр хүнд олгогдсон/-тойгоор, Б.Е нь Монгол Улсын боловсролын их сургуулийг 2008 онд биеийн тамирын багш мэргэжлээр D200810722 дугаартай дипломтойгоор, Н.Л  Монгол улсын их сургуулийн  Хууль зүйн сургуулийг 2001 онд эрх зүйч мэргэжлээр D200309728 дугаартай дипломтойгоор тус тус төгссөн болох нь тогтоогдсонгүй.

Гэтэл дээрх нэр бүхий иргэд нь хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх нь тодорхойгүй дээрх дугаар бүхий боловсролын баримт бичгүүдийг томилох эрх бүхий этгээдэд гаргаж өгч, төрийн албан хаагчийн хувийн хэрэгтээ хадгалуулсан нь буруу байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс анх гаалийн албанд томилогдохдоо боловсролын хуурамч бичиг баримт гаргаж өгсөн тул анхнаасаа тухайн албан тушаалууд дээр томилогдох ёсгүй байсан” гэж тайлбарлах боловч маргаан бүхий Б/620 дугаар тушаал нь энэ үндэслэлээр бус Төрийн албаны тухай хуул/2002/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасныг үндэслэлээр гарсан байх ба захиргаа энэ үндэслэлээр шийдвэр гаргах тохиолдолд албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг хэрхэн зөрчсөнийг шалган тогтоох сахилгын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу явуулсан байх шаардлагатай байжээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хяналт шалгалт явуулах эрх бүхий этгээдээс хэрэгжүүлсэн ажиллагаагаар нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс анх гаалийн албанд томилогдохдоо боловсролын хуурамч бичиг баримт гаргаж өгсөн нь тогтоогдсон, томилогдох ёсгүй албан тушаалд томилогдон ажиллаж байсан тул маргаан бүхий актын улмаас зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нарыг эрх бүхий албан тушаалтны холбогдох шийдвэрүүдээр гаалийн байгууллагад төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан тушаалуудад томилж, тодорхой хугацаанд ажиллуулсан, улмаар маргаан бүхий Б/620 дугаар тушаалаар гаалийн улсын байцаагч гэсэн эрх зүйн байдлын үгүйсгэхээсээ өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагаа явуулж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”, 24.2- заасны дагуу “...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх...”, 26 дугаар зүйлийн 26.1-т заасан “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох” үүрэгтэй.

Гэтэл хариуцагч ГЕГД нь маргаан бүхий Б/620 дугаар тушаалыг гаргахдаа хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүйгээс нэхэмжлэгч Ж.А , П.С , Н.Л , Б.Е нараас гаалийн албан, улмаар гаалийн улсын байцаагчаар анх томилогдохдоо гаргаж өгсөн боловсролын баримт бичгүүд нь хууль ёсны дагуу олгогдсон болохыг нотлох боломжийг олгоогүй, улмаар тэдний зүгээс гаалийн улсын байцаагчаар томилогдсоноосоо хойших цаг хугацаанд хууль ёсны дагуу олгогдоогүй боловсролын баримт бичгүүд нь гаргаж өгсөн нь төрийн албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах хангалттай үндэслэл болох эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байх тул нэхэмжлэгч нарт Захиргааны ерөнхий хуулиар олгогдсон оролцогчийн эрхээ эдлэх боломжгүйд хүргэжээ.

Түүнчлэн хариуцагчаас Ж.А , Н.Л , П.С , М.Б , Б.Б , О.Ш  нарыг тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу гаалийн байгууллагад төрийн үйлчилгээний албан тушаалд томилж ажиллуулсан атлаа маргаан бүхий актыг “Боловсролын хуурамч бичиг баримт ашиглан гаалийн албанд томилогдсон” гэсэн үндэслэлээр гаргасан нь захиргааны акт үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Гэвч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар М.Б  нь 1999 онд Монгол Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр 9906878 дугаартай дипломтойгоор, П.Г  нь 1995 онд Улсын багшийн их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр 16866/төгссөн гэх мэдээлэл байхгүй/ дугаартай дипломтойгоор, Б.Б  Монголын үндэсний дээд сургуулийг 2002 онд эдийн засагч мэргэжлээр D200207580-ийм дугаартай диплом/...хэвлэгдээгүй, гарын үсэг зөрүүтэй/-тойгоор, О.Ш  Улсын багшийн их сургуулийг 1997 онд техник урлалын багш мэргэжлээр 18276/төгссөн гэх мэдээлэл байхгүй/ дугаартай дипломтойгоор тус тус төгссөн болох нь тогтоогдохгүй байх тул М.Б , П.Г , Б.Б , О.Ш  нарын тухайд маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явагдсан байсан гаргаж өгөх шинэ нотлох баримт байхгүй байжээ.

 

Иймд ГЕГДд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ж.А , П.С , Н.Л , Б.Е нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч М.Б , П.Г , Б.Б , О.Ш  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Төрийн албаны тухай хуул/2002/-ийн 11 дүгээр зүйлийн 11.6-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1-т “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь ... бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу Ж.А , П.С , Н.Л , Б.Е нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-нийг хүртлэх 9 сар 15 хоног/нийт 201/-оор тооцож,  Ж.А д 10,836,284 төгрөгийг, П.С д 9,227,315 төгрөгийг, Н.Л т 9,883,750 төгрөгийг, Б.Ед 11,668,375 төгрөгийг тус тус олгох, ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Хариуцагчаас Ж.А , П.С , Н.Л , Б.Е нарын хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх нь тодорхойгүй боловсролын баримт бичгүүдийг томилох эрх бүхий этгээдэд гаргаж өгч, төрийн албан хаагчийн хувийн хэрэгтээ хадгалуулсан үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг болон М.Б , П.Г , Б.Б , О.Ш  нараас их, дээд сургууль төгссөн болохыгоо хууль тогтоомжийн дагуу тогтоолгосны үндсэн дээр шүүхийн шийдвэрийг дахин хянуулах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүйг тэмдэглэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуул/2002/-ийн 26 дүгээр зүйлийн 26.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26дугаар зүйлийн 26.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.А , П.С , Н.Л , Б.Е нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ГЕГД-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын Ж.А , Н.Л , П.С , Б.Е нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.А г Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, П.С г Гашуунсухайт дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчийн, Н.Л ыг Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын, Б.Еыг Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт тус тус гаалийн улсын байцаагчийн албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч М.Б , П.Г , Б.Б , О.Ш  нараас ГЕГДд холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын ажилгүй байсан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дүгээр сарын 21-нийг дуусталх хугацааны олговорт Ж.А д олгох 10,836,284/арван сая найман зуун гучин зургаан мянга хоёр зуун наян дөрвөн/, П.С д олгох 9,227,315/есөн сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун арван таван/, Н.Л т олгох 9,883,750/есөн сая найман зуун наян гурван мянга долоон зуун тавин/, Б.Ед олгох 11,668,375/арван нэгэн сая зургаан зуун жаран найман мянга гурван зуун далан таван/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хасч олгох, Ж.А , П.С , Н.Л , Б.Е нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ГЕГДд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А , П.С , Н.Л , Б.Е нарт тус бүр 8775 төгрөгийг, нэхэмжлэгч М.Б , П.Г , Б.Б , О.Ш  нараас тус бүр 8775 төгрөгийг гаргуулж, хариуцагчид тус тус олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.МӨНХЗУЛ


[1] 2 дугаар хавтаст хэргийн 236-237 дахь талд

[2] 3-р хавтас хэргийн 111 хуудас

[3] 2 дугаар хавтас хэргийн 213 дахь талд

[4] 3-р хавтас хэргийн 213 хуудас

[5] 3-р хавтас хэргийн 103 хуудас

[6] 3-р хавтас хэргийн 248 дахь талд

[7] 3-р хавтас хэргийн 121 хуудас

[8] 2 дугаар хавтас хэргийн 216 дахь талд

[9] 2 дугаар хавтаст хэргийн 214 дэх талд

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх талын ард

[11] 2-р хавтас хэргийн 205 дахь талд

[12] 2-р хавтас хэргийн 203 дахь талд

[13] 2 дугаар хавтаст хэргийн 207 дахь талд

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 43, 2 дугаар хавтаст хэргийн 211 дэх талд

[15] 3 дугаар хавтаст хэргийн 227 дахь талд

[16] 3 дугаар хавтаст хэргийн 84-89 дэх талд

[17] 2 дугаар хавтаст хэргийн 227-228 дахь талд

[18] 3 дугаар хавтаст хэргийн 145 дахь талд

[19] 3 дугаар хавтаст хэргийн 147 дахь талд

[20] 3 дугаар хавтаст хэргийн 77-82 дахь талд

[21] 2 дугаар хавтаст хэргийн 218 дахь талд

[22] 3 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь талд

[23] 2 дугаар хавтаст хэргийн 220 дахь талд

[24] 1 дгээр хавтаст хэргийн 45-47 дахь талд

[25] 2 дугаар хавтаст хэргийн 129 дэх талд

[26] 1 дүгээр хавтаст хэргийн 193-240 дэх талд