Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 436

 

“Си Өү Эй Эл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасан, Ч.Баярсайхан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 605 дугаар магадлалтай, “Си Өү Эй Эл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар болон Кадастрын хэлтсийн дарга, тус газрын Сонгон шалгаруулалтын үнэлгээний комисст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 18-н 18.2.5, 19-н 19.12, 20-н 20.1.2-т заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Худагт нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтаар “Жин дэ жюн туо майнинг” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт шийдвэрийг, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/88 дугаар тушаалын “Жин дэ жюн туо майнинг” ХХК-д холбогдох хэсгийг, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 840 дугаар шийдвэрийн “Жин дэ жюн туо майнинг” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 угаар зүйлийн 78.2, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасныг баримтлан “Си Өү Эй Эл” ХХК-ийн сонгон шалгаруулалтад өгсөн саналыг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 605 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...18-н 18.2.5, 19-н 19.12, 20-н 20.1.2-т” гэснийг “18 дугаар зүйлийн 18.2.5, 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1.2-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 8 дугаар зүйлийн 8.2-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үнэлгээ өгөхдөө нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн ирүүлсэн саналд өөр өөр байр суурьтай байх ба гол үзүүлэлт дээр нэг нь хамгийн дээд оноо өгөх, нөгөө нь хамгийн дээд оноог зэргээр маш зөрүүтэй байдлаар үнэлгээг өгсөн нь нэгдсэн нэг жишиг байхгүй, хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг харгалзаагүй, хууль бус шийдвэрт хүрэх үнэлгээг өгсөн гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн байна.

Уул уурхайн сайдын 2015 оны 126 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан үнэлгээний хуудсанд дээрх 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шалгуур үзүүлэлтүүдэд өгөх оноог ялгамжтай байдлаар тогтоосон. Тус газрын даргын шийдвэрээр томилогдсон комисс нь сонгон шалгаруулалтын санал ирүүлсэн аж нэгжүүдэд дараах байдлаар үнэлгээ өгдөг. Жишээлбэл, Монголын геологи хайгуул, уул уурхайн салбарт гурваас доошгүй жил хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан бол 10 оноо өгдөг бол геологи хайгуул, уул уурхайн салбарт ажилласан туршлагагүй хэдий ч бусад салбарт арваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжид 5 оноо, харин шинээр үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгжид 3 оноо өгдөг.

Шинээр байгуулагдаад удаагүй байсан “Жин дэ жюн туо майнинг” ХХК нь бусад аж ахуйн нэгжтэй геологийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан, бас өөрөө ажиллах хүчингүй атлаа ашигт малтмалын хайгуулын ажлыг хийх мэргэжлийн боловсон хүчний хувьд хамтран ажиллах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан гэж үзэж тус компанид гэрээгээр геологич ажиллуулах тохиолдол 6 оноог үнэлгээний хуудсанд заасны дагуу өгсөн нь дээрх үнэлгээний шалгууртай нийцэж байна.

“Жин дэ жюн туо майнинг” ХХК нь өөрийн гэх нэг ч тоног төхөөрөмжгүй болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн дээрх үнэлгээний баримтад “тус компани геологи, хайгуулын ажил гүйцэтгэх өрөм, геофизикийн багажаа бүгдийг нь түрээсэлдэг” бол 6 оноо өгөхөөр заасан байгаа бөгөөд сонгон шалгаруулалтын комиссын гишүүд эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн гишүүн бүр тусдаа саналд үнэлгээ өгөх эрхтэй болохыг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасан, Ч.Баярсайхан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

1. “Жин дэ жюн туо майнинг” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг бүрэн хангаж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасныг биелүүлсэн, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “энэ хуулийн 18.1-д заасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5-т “хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан талаарх мэдээлэл”-ийг агуулсан Геологи хайгуулын “Гео-Эрин” ХХК-тай “Жин дэ жюн туо майнинг” ХХК нь “хамтран ажиллах тухай” ЖД20150923 дугаартай 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээг байгуулж, хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчний тухай” баримт бичгийг хавсаргасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолд “хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан “...нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно” гэдгийг байршлын хувьд нэг, тодорхой солбицол бүхий талбайд хамтран ажиллах гэрээ бүхий хэд хэдэн хуулийн этгээд хамтран, эсхүл хуулийн этгээдүүдийн нэгдэл /толгой болон охин компани, консорциум гэх мэт/ зэрэг нь тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага хүсэлт гаргасан этгээдүүдийн аль нэгнийх нь нэрээр тусгай зөвшөөрөл өгөхийг ойлгоно” гэсэн хуулийн тайлбарт зааснаар “Жин дэ жюн туо майнинг” ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, Иргэний хуулийн 25, 34, 39, 476 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 8 зүйлийн заалт бүрийг бүрэн хангасан татвар төлөгч хуулийн этгээдийн эрхийг эдэлж үүрэг хүлээн “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын бүх шаардлагыг хангасан тендерийн материалыг бүрдүүлэн “комисс”-т хүлээлгэн өгч шалгаруулалтад оролцсон байхад давж заалдах шатны шүүхээс “...техникийн баримт бичигт заасан бусад үзүүлэлтээр “хамгийн сайн” гэж үнэлэгдээгүй...” гэж хэргийн бодит байдал, үйл баримтаас өөрөөр дүгнэсэн байна.

2. “Жин дэ жюн туо майнинг” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь “Худагт” гэх нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцсон юм. “Жин дэ жюн туо майнинг” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцоогүй болно.

Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5-д “хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан талаарх мэдээлэл” гэж заасан ойлголтыг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “ялагчийг тодруулахдаа өргөдөл өгсөн этгээдийн мэргэжлийн боловсон хүчний чадварыг харгалзан энэ хуулийн 10.1.2-т заасан журамд заасны дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох” гэж заасныг хуулийн өөр өөр шаардлага, ойлголтыг нэг мөр болголгүйгээр тайлбарлан хэрэглэж байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Мөн “мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан талаарх мэдээлэл” гэж чухам ямар ойлголт болох, “мэргэжлийн боловсон хүчний чадвар” чухам юуг хэлж байгааг тогтоогоогүй байж хоёр өөр өөр ойлголтыг нэг болгон ойлгож тайлбарласан нь Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

З. Шүүхээс Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 8.2.1-д “хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн сонгон шалгаруулалтад оролцогчид сонгон шалгаруулалтын нийт үнэлгээний 50 хувийн оноог өгнө” гэж заасан нь дээрх хуулийн агуулга, зорилгод нийцэхгүй байна гэсэн дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн зорилт, зүйл, заалттай нийцээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д “энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж зааснаар Уул, уурхайн сайдад эрх нь олгогдсон, улмаар дээрх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаал баталсан. Хууль зүйн яаманд захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар 3514-т бүртгэгдсэн бөгөөд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба “сонгон шалгаруулалтын үнэлгээ”-ний талаар хууль тогтоомж байгаа эсэх нь тодорхойгүй байхад “нийт үнэлгээний 50 хувийн оноог өгнө” гэж заасан нь дээрх хуулийн агуулга, зорилгод нийцэхгүй байна гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд нотлогдоогүй байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах”, Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 8.2.1-д “хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн сонгон шалгаруулалтад оролцогчид сонгон шалгаруулалтын нийт үнэлгээний 50 хувийн оноог өгнө” гэж заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийн зорилт, агуулга, хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

4. “Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулан баталсан, Хууль зүйн яаманд захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар 3514-т бүртгэгдсэн “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу “Жин дэ жюн туо майнинг” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь “Худагт” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явагдсан гэж үзэж байна.

Учир нь уг журам нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар “хуульд үндэслэх..., тасралтгүй байх, ...бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, ...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, ...хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчмыг хангасан байна.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх “Си Өү Эй Эл” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ гуравдагч этгээд болох “Жин дэ жюн туо майнинг” ХХК нь “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу оролцон шалгарч зөвхөн сонгон шалгаруулалтад нэрлэсэн үнэ 375,378.285 төгрөг болон бусад зардлаар хохирсон байдалд захиргааны шийдвэр гаргагч этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй байгааг анхаарч өгнө үү. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон “Си Өү Эй Эл ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Ашигт малтмалын газраас 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зарласан “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг “Худагт” нэртэй газрын 10898.84 га талбайд хайгуулын тусгай тусгай зөвшөөрөл олгох “Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний комисс оролцогчдын ирүүлсэн саналуудыг хянаж, 3 аж ахуйн нэгжийн саналыг “шаардлага хангасан” гэж үзэн, тэдгээрт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үнэлгээ хийж, оролцогч “Жин дэ жюн туо майнинг” компанийн саналд хамгийн өндөр буюу 74.3 оноо өгч шалгаруулсан, сонгон шалгаруулалтын үйл явц, үнэлгээ, ялагчийг шалгаруулсан талаар  2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/88 дугаар тушаалаар баталгаажуулж, шалгарсан оролцогчдод ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Кадастрын хэлтэст даалгасан, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 840 дүгээр шийдвэрээр “Жин дэ жюн туо майнинг” компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, оролцогч “Си Өү Эй Эл” компанийн саналд 65.0 оноо өгсөн нь онооны дарааллаар тус компани 2-т орсон байна.

Нэхэмжлэгч “Си Өү Эй Эл” ХХК нь Сонгон шалгаруулалтын үнэлгээний комисс, Ашигт малтмалын газар болон Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Жин дэ жюн туо майнинг” ХХК-ийн саналд өгсөн үнэлгээний дүгнэлт, уг дүгнэлт, үнэлгээг баталгаажуулах болон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах, “Си Өү Эй Эл” компанийн саналыг шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, “уг сонгон шалгаруулалтад “Жин дэ жюн тоу майнинг” компани нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн оролцсон, тус компанийн саналд өгсөн үнэлгээ бодитой бус, шударга бусаар шалгаруулсан” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Үнэлгээний комисс нь нэхэмжлэгч “Си Өү Эй Эл”компанийн техникийн саналд 44.8, үнийн саналд 20.2 нийт 65.0 оноо өгсөн, гуравдагч этгээд “Жин дэ жюн туо майнинг” компанийн техникийн саналд 24.3, үнийн саналд 50.0 нийт 74.3 оноо өгч, онооны дүнгээр “Жин дэ жюн туо майнинг” компанийг шалгарсанд тооцжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 11 дүгээр зүйлийн 11.1.13-т “улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах,...” гэж Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхойлсон, 10 дугаар зүйлийн 10.1.2-т “энэ хуулийн 19.12, ...-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж заасны дагуу “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд олгох хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг Уул уурхайн сайдын баталсан сонгон шалгаруулалтын журмаар олгох хуулийн зохицуулалттай байна.

Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “тусгай  зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээний маягт”-ыг баталж, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар уг журамд нэмэлт өөрчлөлт оруулж, үнэлгээний хуудсыг шинэчлэн баталсан ба журмын 8.5-д “...баримтаар нотлогдоогүй болон илт хуурамч бичиг баримт ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтын комисс үнэлгээ хийхээс татгалзана” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын “хуурамч баримт бичиг бүрдүүлсэн” гэх үндэслэлээ санал хүлээн авах сүүлчийн хугацаанаас 3 хоногийн өмнө үүсгэн байгуулагдсан компани нь саналын материалыг бүрэн бүрдүүлж ирүүлэх боломжгүй гэж тайлбарласан бөгөөд оролцогч “Жин дэ жюн туо майнинг” ХХК нь сонгон шалгаруулалт зарлагдсанаас хойш буюу 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь дээрх журмын “оролцогч”-д тавигдах шаардлагыг зөрчөөгүй, тус оролцогчийн ирүүлсэн баримт бичиг нь сонгон шалгаруулалтын саналын урилгад заасан бүрдүүлбэр, шаардлагыг хангасан гэж үзэн, үнэлгээ хийсэнтэй нэхэмжлэгч маргаагүй байна.

Харин, Үнэлгээний комиссын “Жин дэ жюн туо майнинг” компанийн техникийн саналд өгсөн үнэлгээтэй маргасан байх тул уг саналд өгсөн 24.3 оноо нь оролцогчийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, оноо өгөх аргачлалд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзнэ.

Хэрэгт нотлох баримтаар хавсарган ирүүлсэн “Жэн дэ жюн туо майнинг” ХХК-ийн “санал” баримт бичгийн материалаас үзвэл, тус компани нь сонгон шалгаруулалтын журмаар олгох тусгай зөвшөөрлийн талбайд  хайгуулын үйл ажиллагааг “Хамтран  ажиллах тухай гэрээ”-гээр “Гео-эрин” ХХК-иар гүйцэтгүүлэхээр тохиролцсон, уг гүйцэтгэгчийн техник, тоног төхөөрөмжөөр, мэргэжлийн боловсон хүчнээр гүйцэтгүүлэх нь тодорхой  байна.

Эндээс үзвэл, “Жэн дэ жюн туо майнинг” компанийн техникийн саналд өгсөн Үнэлгээний комиссын үнэлгээ нь оролцогчийг шалгаруулах шалгуур үзүүлэлт болох “ажлын туршлага, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, тэдгээрийн туршлага, чадвар, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал”-ыг харгалзаж ялгамжтай оноо өгөхөөр журамласан аргачлалд нийцсэн гэж үзэхээргүй болжээ.

Дээрх байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан зөв дүгнэж, “Жэн дэ жюн туо майнинг” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний комиссын дүгнэлт, уг дүгнэлтийг баталгаажуулж, тус компанид  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрсөн Ашигт малтмалын газрын даргын шийдвэр, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

Харин техникийн саналыг үнэлэх журам, үнэлгээний хуудаст заасан оноо өгөх аргачлалаар үнэлээгүй нь уг үнэлгээг “хүчингүй” болгох үндэслэл болсон, уг журамд “хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид нийт үнэлгээний 50 хувийн оноог өгнө” гэж заасан, үнийн саналд өгсөн онооны талаар хэргийн оролцогчид маргаагүй, техникийн “санал”-ыг дахин үнэлэх нь Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний комиссын эрх хэмжээний асуудал байхад анхан болон давж заалдах шатны шүүх уг маргаанд хэрэглэх ёсгүй буюу “тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсанаар чөлөөлөгдсөн талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-д шалгаруулах шалгуур үзүүлэлт болох Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан “ялагчийг тодруулахдаа өргөдөл өгсөн этгээдийн мэргэжлийн боловсон хүчний чадварыг харгалзан энэ хуулийн 10.1.2-т заасан журамд заасны дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох” гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болоогүй үнийн саналд “оноо өгөх”-тэй холбоотой асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн “даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу болсон, энэ талаарх гуравдагч этгээдийн гомдлыг хангах үндэслэлтэй.

Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 ба 2 дугаар заалт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 605 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр  заалтыг “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12-т заасныг баримтлан Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/88 дугаар тушаал, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 840 дүгээр тушаалын “Жин дэ жюн туо майнинг” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Си Өү Эй Эл” ХХК-ийн саналыг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн заалтын 3, 4 дугаарыг “2, 3” гэж дугаарлан, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН          

 ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ