Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0409

 

 “Монгол стандарт” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, гуравдагч этгээд “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан, гуравдагч этгээд Б.Төмөр, Н.Одончимэг нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд “Ногоон Ази сүлжээ” ХХК-ийн давж заалдах гомдлоор, “Монгол стандарт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Монгол стандарт” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Стандарт” ХХК нь нийслэлийн Налайх дүүргийн нутагт Элстэй нэрт газарт ашигт малтмалын хайгуулын 15051Х тоот лицензийг 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор авсан. 2010 оны 06 дугаар сараас эхлэн барилгын материалд ашиглах элсний нөөцийг тогтоохоор хайгуулын ажлаа эхлэх гэж бэлтгэлээ хангаж байх үед хэсэг Солонгос улсын иргэд бидэнтэй уулзаж “Уг газарт их хэмжээний цагаан тугалганы нөөц байж болзошгүй, хөрөнгө оруулалт хийж хамтран ашиглая” гэсэн санал тавьж уулзсан. Бид хүлээн зөвшөөрөөгүй, элсний олборлолтын чиглэлээр ажиллах гэж байгаа талаараа хэлсэн боловч их хэмжээний мөнгө санал болгож манай лицензтэй талбайг худалдан авахаар оролдсон. Мөн тэд цагаан тугалгын олборлолт дуусахаар дээр нь нөхөн сэргээлт хийчихээд баячуудын тоглоом болох гольфын иж бүрэн талбай байгуулж өгье гэх мэт зүйлийг санал болгож байсан боловч бид хүлээн зөвшөөрөөгүй.

Манай хайгуулын зөвшөөрөлтэй талбайд “Ногоон Ази сүлжээ” ТББ-ынхан гэх хүмүүс оюутнууд авчран манай хашааг нурааж мод тарьж эхэлсэн ба Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын зөвшөөрөлтэй гэж байсан боловч уг зөвшөөрөл нь АМХЭГ-ын 15051Х дугаартай лицензийн газартай давхцаж байх тул газар чөлөөлүүлэх тухай гомдлыг Эрдэнэ сумын Засаг даргад гаргасан. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 тоот захирамжаар “Ногоон Ази сүлжээ” ТББ-д газар олгосон нь үндэслэлгүй болохыг тогтоож, газар чөлөөлөх шийдвэр гаргасан болно. Мөн уг захирамжийн 2 дахь заалтад “Ногоон Ази сүлжээ” ТББ-д газар ашиглалтыг шилжүүлэхийг үүрэг болгосон боловч “Ногоон Ази сүлжээ” ТББ уг шийдвэрийг илтэд үл хүндэтгэж 2012 оны 05 дугаар сараас эхлэн дахин манай талбай дээр мод тарьж эхлэн, энэ үйл ажиллагаандаа их дээд сургуулийн оюутнуудыг оролцуулан бидний эсрэг турхирч, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн удаа буруу суртал ухуулга явуулж манай компанийн нэр хүндэд халдсан тул бид арга буюу Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн.

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгох, 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 тоот захирамжаар манай газартай давхцуулж олгосон “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын газрыг чөлөөлөхөөр шийдвэр гарсан, энэ захирамжид “Ногоон Ази сүлжээ” ТББ гомдол гаргаагүй мөртлөө үл хүндэтгэсээр өдий хүрсэн тул уг шийдвэрийг гүйцэтгэхийг Засаг даргад үүрэг болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Монгол стандарт” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Ногоон Ази сүлжээ” ТББ-д Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга 2009 оны 09 дүгээр сарын 21-ний 266 тоот захирамжаар 116 га газрыг мод тарих зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон, ашиглалтын 5 жилийн хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 21-нд дууссан. Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар хурлаар “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын газар ашиглах хугацааг сунгах шийдвэр гаргахыг Засаг даргад үүрэг болгохоор шийдвэрлэсэн.

Иймд Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэлийн “Ногоон Ази сүлжээ” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “... “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын оршин суух хаягийн дагуу Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхэд өгсөн боловч тус шүүх нь 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 33 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий эд зүйл болох газар өөр дүүргийн газар нутагт харъяалагдаж байгаа тул Налайх дүүргийн шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Налайх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга тул Төв аймгийн захиргааны хэргийн шүүхэд ханд гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Маргаан бүхий газарт зөвхөн “Ногоон Ази сүлжээ” ТББ-тай газрын давхцалтай байсан. Шинжээчийн дүгнэлтээр одоо 21 гуравдагч этгээдтэй болсон. Өмнө нь Засаг даргаар ажиллаж байсан Б.Жамбалдорж гэдэг хүн хууль бусаар газар эзэмших захирамж олгосон, шүүхээр маргаад байдгийг мэдсээр байж, шүүх хилийн цэсийн маргаантай газар гэж үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээд байхад гуравдагч этгээдүүдэд газар олгосон. Газрын тухай хуулийн 31, 34, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргасны дагуу Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь өөрийн 266 дугаар захирамжийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрөөд, 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А/283 тоот захирамж гарган тухайн газар мод тарихыг хориглож өөр газар зааж мод тарихыг даалгасан захирамж гаргасан.

“Ногоон Ази сүлжээ” ТББ-д өөр газар мод тарихыг зааж өгсөн байхад тус газар үргэлжлүүлэн мод тарьсан. Эрдэнэ сумаас нэр бүхий 20 иргэн, 1 аж ахуйн нэгжид маргаан бүхий газартай давхцуулж газар олгосон байна. Мод тарих нь байгаль орчинд ээлтэй ажил гэдгийг мэднэ. Өмнө нь энэ хэргийг шийдвэрлэж байсан шүүгч, шүүгчийн туслахын нэр хүртэл орсон байна. 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын газар эзэмших гэрчилгээний хугацаа дууссанаас хойш Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус газар эзэмших гэрчилгээг сунгасан ямар нэгэн эрх зүйн акт өнөөдрийг хүртэл гараагүй, хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа нь дуусгавар болсон байна. Эрдэнэ сумын Засаг даргаас гаргасан А/283 тоот захирамжид “Ногоон Ази сүлжээ” ТББ-д зэргэлдээ газрыг олгож мод тарь гэж заасан байдаг.

Энэ шүүхэд хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлага маань хилийн цэстэй огт хамаагүй. Өөрөөр хэлбэл, Эрдэнэ сумын Засаг даргын эрх бүхий хоёр өөр төрлийн захирамжийг хүчин төгөлдөр мөн үү, биш үү гэдэг талаар яригдана. Тэрнээс биш Налайх дүүргийн газар уу, Эрдэнэ сумын газар уу гэдэг маргаан биш юм. Зөвхөн 266 тоот сунгагдаагүй захирамж хүчин төгөлдөр үү, энэ 266 тоот захирамжаа хүчингүй болгож гаргасан А/283 тоот захирамж хүчинтэй юу гэдэг асуудлаар л маргаж байгаа. Эдгээрийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: “Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Элстэй хэмээх газарт БНСУ-ын харьяат “Ногоон Ази сүлжээ” ТББ-д 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сумын Засаг даргын 266 тоот захирамжаар 116 га газрыг цөлжилтийн эсрэг мод тарих зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон. Үүний дараа “Монгол стандарт” ХХК-д тухайн газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг мэдсэн. Дээрх газар нь хилийн цэсийн тухайд тус сумын газар нутаг тул сумын Засаг даргын шийдвэрээр “Ногоон Ази сүлжээ” ТББ-д газар олгосон байдаг. 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 тоот захирамжаар тухайн байгууллагын газрыг чөлөөлөх шийдвэр гарсан. “Ногоон Ази сүлжээ” ТББ-д тухайн үед газар олгоход “Монгол стандарт” ХХК-д хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгосон шийдвэр болон орон нутагт мэдээлэл байхгүй байсан” гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзаяа, А.Цэцэгжаргал нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Тухайн маргаан бүхий Элстэй гэх газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын газар нутагт ордог. “Монгол стандарт” ХХК-ийн тусгай зөвшөөрөл авахаас өмнө 2007, 2008, 2009 онуудад зарим иргэдэд газар эзэмших эрх олгосон байсан. Гуравдагч этгээд иргэд нь газар дээрээ зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн. Иргэн С.Оюунцэцэг, Б.Эрдэнэтуул нарын газар эзэмших эрхийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжаар цуцалсан...

...Хилийн цэсийн асуудлаар маргах зүйлгүй. Манай сумын нутаг дэвсгэр мөн гэдэгтэй маргахгүй. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлиг байгаа. 266 тоот захирамжаар “Ногоон Ази сүлжээ” ТББ-д олгосон газар ашиглах эрх нь дууссан тул албан ёсны хүчинтэй гэж үзэх боломжгүй. Иймээс А/283 тоот захирамжаа хүчингүй болгож 266 тоот захирамжийг цаашид биелүүлэхийг дэмжиж байна. Шат шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу А/283 тоот захирамжийг хүчин төгөлдөр биш гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Ногоон Ази сүлжээ” ТББ-аас 2015 оны 04 дүгээр сарын  16-ны өдрийн 177/091 тоот хүсэлтийг ирүүлсний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаанаар хүсэлтийг хэлэлцэн “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын хүсэлтийг 100 хувийн саналаар дэмжиж сумын Засаг даргад газрын гэрчилгээг 5 жилээр сунгахыг тэмдэглэлээр даалгасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах эрх бүхий байгууллага биш. Иймд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд сумын Засаг дарга эрх зүйн шийдвэр гаргах тул “Монгол стандарт” ХХК-ийн нэмэгдүүлсэн  шаардлагыг хариуцагч Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т заасан хуулийн зохицуулалттай байгаа тул Ашигт малтмалын газар “Монгол стандарт” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар саналыг Эрдэнэ сумын Засаг даргад гаргах ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан зохицуулалтыг анхнаасаа зөрчсөн. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.11-д Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах өөрчлөх эрх Улсын Их Хуралд хадгалагдахаар заасан. Элстэй хэмээх газрыг Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс хассан УИХ-ын шийдвэр гараагүй. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 131 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтаар нийслэлийн хилийн цэсийг баталсан. Гэтэл УИХ-ын 1998 оны 42 дугаартай тогтоолоор АИХТ-ийн 131 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон байгаа тул Эрдэнэ сумын хилийн цэс хэвээр хадгалагдан үлдсэн. Мөн зарлигийн 2 дугаар хавсралтаар Эрдэнэ сумын хилийн цэсийг тогтоосон байдаг бөгөөд энэ эрх бүхий баримт бичиг хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д заасны дагуу шийдвэрлэх гэсэн эрхээ хэрэгжүүлж “Ногоон Ази Сүлжээ” ТББ-д газар ашиглуулахаар 2009 онд 266 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захиргааны акт юм. Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 131 дүгээр зарлигийн дагуу хүчин төгөлдөр байгаа тул Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга эрх хэмжээний хүрээнд газар олгох эрх хадгалагдсан тул Эрдэнэ сумын Засаг дарга нь “Ногоон Ази сүлжээ” ТББ-д болон иргэдэд газар олгосон байдаг. Харин “Монгол стандарт” ХХК нь Эрдэнэ сумын Засаг даргаар дамжуулан Ашигт малтмалын газарт хандаж тусгай зөвшөөрлийн лиценз аваагүй.

...Энэ маргааны хүрээнд Эрдэнэ сумын Засаг дарга эрх хэмжээний хүрээнд газар олгосон уу, Налайх дүүргийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд газар олгосон уу гэдэг асуудал яригдаж байна. УИХ-ын 42 дугаар тогтоол гаргахдаа Засгийн газарт сумдын хилийн цэс тогтоож УИХ-д оруулж ирэхийг даалгасан байдаг. Үүний дагуу Засгийн газраас Эрдэнэ сумын хилийн цэсийг тогтоосон тогтоол гаргаж УИХ-д оруулаагүй болохоор Ардын Их Хурлын 1982 оны 131 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Ийм учраас “Ногоон Ази сүлжээ” ТББ хууль бус үйл ажиллагаа явуулаагүй.

Манай байгууллагын зүгээс хугацаа дууссаны дараа Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргахад протоколоор шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрийн дараа шүүхээс тус газарт маргаан үүсэж дахин шинэ акт гаргахыг хориглосон шүүгчийн захирамж гарсан. Ийм учраас “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын газар эзэмших эрх өнөөдрийг хүртэл сунгагдаагүй. Хариуцагч талаас тайлбар гаргахдаа шүүхийн шийдвэр эцэслэн гарах юм бол 266 тоот захирамжаа сунгахад бэлэн, тус захирамж нь хуулийн хүчин төгөлдөр гэж хэлж байсан. А/283 тоот захирамжид зааснаар газар чөлөөлөх гэдэг учир дутагдалтай захирамж гарсан байна гэж Налайх дүүргийн шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. А/283 тоот дугаар захирамж нь хууль бус захирамж гэдэг нь батлагдаж байна. Уг захирамжийг хэрэгжүүлэх гэдэг ойлголт байхгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд иргэн Л.Энхбилэг, Д.Ренченхорол, Д.Бавуу, А.Энхтөр нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Бид хуульд заасан журмын дагуу мод тарих зориулалтаар газар эзэмших эрхийг авсан. Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага давхардал байхгүй гэж кадастрын зураглалыг баталгаажуулж өгсөн. Газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж хүчингүй болох үндэслэлгүй. Кадастрын зураглал хийх үед уг газарт ямар нэг давхцал байгаагүй. Хэрэв уг газарт давхцал байсан бол газрын алба бүртгэж авахгүй байсан. Маргааны эх үүсвэр нь Засаг даргын захирамжид бус кадастрын зураглалд байна. Иймд кадастрын зураглал хийхэд гаргасан алдааг хуульд урьдчилан шийдвэрлэх боломж байгааг шүүх анзаарч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Ганчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/735 тоот Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар 5 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн. 2012 оноос хойш 2013, 2014, 2015 онуудын газрын төлбөрийг тухай бүр хугацаанд нь төлсөн. Газрыг эзэмшсэнээс хойш худаг гаргах гэж оролдсон боловч хэтэрхий өндөр газар байна гээд боломжгүй гэсэн учраас мод үржүүлэг хийхээр төлөвлөж байсан ажлаа хойшлуулсан. Тухайн газарт одоогоор үйл ажиллагаа явуулаагүй. Газрын төлбөр жилд 80.000 /наян мянган/ төгрөг төлдөг. Намайг газар эзэмшихээс өмнө хашаа баригдсан байсан. Газраа шилжүүлэн өгөхдөө тухайн хашаагаа буулгаж авсан. “Монгол Стандарт” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Насантогтох, С.Баяраа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “2009 оны 07 дугаар сард Эрдэнэ сумын Засаг даргын захирамжийн дагуу 5, 10 га газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг. Өөрсдийн эзэмшлийн газраа аялал жуучлалын зориулалтаар ашиглах зорилготой байсан боловч үйл ажиллагаа түр зогсоод байна. Иймд манай газрыг хууль бусаар бусдад олгох асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Газраа эзэмших бололцоо олгож хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус газар Ш.Ганболд гэдэг хүнтэй хамтарч аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байсан юм. “Ногоон Ази сүлжээ” ТББ-д ажилладаг нэг хүнээр сарын 67.000 төгрөг өгч сахиул хийлгэдэг. Анх Ш.Ганболд гэдэг хүн 2007 онд уг газрыг авсан. Одоогоор газар дээрээ хийсэн юм байхгүй. Уг газрын зэрэгцээ байрлалтай иргэн Б.Төмөрийн газартай нийтэд нь аялал жуучлал, амралтын газар байгуулахаар хамтарсан. “Монгол стандарт” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар манай газартай давхцалтай нь бидний үйл ажиллагаанаас хамааралгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Төмөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол стандарт” ХХК тухайн газрыг эзэмшиж авахаас өмнө авсан. Манай газрын зэргэлдээ Ш.Ганболдын газартай хамт хашаа барьсан. Бид хамтран аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар авсан. Газар дээр цахилгаан татуулах зорилгоор техникийн нөхцөлөө гаргуулж авсан. Сүүлийн 2 жил санхүүгийн боломжгүйгээс болоод үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. 2007 оноос хойш газар дээр хашаа барьсан өөр байгууламж байхгүй. Хашаа барьсан учир сахиул байлгадаг. Бид нар Эрдэнэ сумын Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гаргасан захирамжийн дагуу газраа эзэмшдэг. Газартаа тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарсан. Иймээс эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Гүнсэндорж шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Гүнсэндорж миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Агуйтад Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/386 дугаар захирамжийн дагуу чацаргана тарих зориулалтаар 10 га газрыг эзэмшихээр 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын газрын асуудал эрхэлсэн эрх бүхий албан тушаалтантай Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төлбөрийг хугацаанд нь төлж, газрын кадастр хийж мэдээллийн санд оруулж, газраа ашиглаж байгаа” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Чанцалдуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Шатархүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 107 тоот захирамжаар 3 га газрыг Г.Гүнжмаад эзэмшүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/788 дугаар захирамжаар Г.Гүнжмаагаас Д.Чанцалдуламд газар эзэмших эрх шилжүүлсэн авсан. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.11-д зааснаар одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Элстэй” хэмээх газрыг УИХ-ын шийдвэрээр Эрдэнэ сумаас хассан зүйл байхгүй тул хилийн цэсийн маргааныг эцэслэн шийдвэрлэх эрх нь УИХ-аас гарна гэж үзэж байгаа тул энэ асуудлыг УИХ-аас эцэслэн шийдвэр гартал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Мөнхцаст гурван оргил” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Санжмятав шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай компани 2014 оны 12 дугаар сарын 04-ний Эрдэнэ сумын Засаг даргын А/883 дугаар захирамжаар хүүхдийн зуслангийн зориулалтаар 3 га газар эзэмшдэг. Тухайн газар дээр үйл ажиллагаа явуулаагүй боловч цаашид төлөвлөгөө зураглал, төлөвлөлтийг хийлгэж байна. “Монгол стандарт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дэлхий нийтээрээ мод тарих хүүхдийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа энэ үед Байгаль дэлхий онгон байгалиараа ногоон дэлхий, хүүхдийн төлөө үйлсийг дэмжиж байгаа тул “Монгол стандарт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Нямгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “Батхуяг овогтой Нямгэрэл миний бие 2008 онд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга, газрын албанд Эрдэнэ сумын “Элстэй”-д 5 га газар эзэмших хүсэлт тавьж, өргөдөл гаргасны дагуу 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 581 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн. 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 0342991 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, 18687298800006 дугаар бүхий кадастрын зураглалд оруулсан. “Монгол Стандарт” ХХК-д АМХЭГ-аас миний эзэмшлийн газарт давхцуулан газар олгосон байна. Иймд “Монгол стандарт” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 дугаар захирамжийг биелүүлэхийг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Ногоон Ази сүлжээ” ТББ давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэснийг зөрчин хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гарсан гэж үзэж байна.

Эрдэнэ сумын Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу өөрийн сумын нутаг дэвсгэрт өөрийн мэдээллийн санд давхцал байхгүй нөхцөлд газар олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Хариуцагч шүүх хурал дээр гаргасан тайлбартаа манай мэдээллийн санд ямар нэгэн давхцал байхгүй учир “Ногоон Ази сүлжээ” ТББ-д ирээдүйгээ бодож мод тариалахад зориулан газар олгосон нь хуулинд нийцсэн үйл ажиллагаа гэж тайлбарладаг.

Эрдэнэ сумын нутаг дэвсгэр мөн болохыг Монгол улсын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1982 оны 06 дугаар сарын 131 дүгээр зарлиг, Монгол Улсын Их Хурлын 1998 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор батлагддаг. Харин Налайх дүүрэг ашигт малтмал эрэх, хайх асуудлаар зөвшөөрөл өгөх эрх зүйн үндэс байхгүй.

“Ногоон Ази сүлжээ” ТББ нь БНСУ-ын Сүвон хотын иргэдийн хандиваар 90,000 ширхэг гаруй мод тарьж ойжуулалт хийсэн бөгөөд мод сөөг, бутлаг ургамал бие даан ургах чадвартай болсон тохиолдолд хууль журмын дагуу тухайн орон нутагт шилжүүлэн өгөхөөр олон улсын эрх зүйн хүрээнд хийгдсэн гэрээний нэг төрөл болох санамж бичгийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа болно. Солонгосчууд бид уг тарьсан зүйлээ аваад явахгүй нь ойлгомжтой. Уг газар 1,075,500,000 вон /нэг тэрбум далан таван сая таван зуун мянган вон/-ын хөрөнгө оруулсан, үүнийгээ Монголд Улсын Засгийн газраас нэхэмжлэхээс өөр арга байхгүй юм.

Шүүх нь нөлөөнд автагдаж шийдвэр гаргадаг улс оронд шударга ёс тогтоохын тулд Олон улсын шүүх хүртэл асуудлыг шат дараалалтай тавих болно. Бид хууль зүйн дагуу газар ашиглах гэрээгээ сунгуулах асуудлыг хугацаанд нь тавьсны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаад гэрээг 5 жилээр сунгаж шийдвэрлэхийг Засаг даргад даалган шийдвэрлэсэн юм. Гэтэл шүүх дээр удаа дараа маргаан үүсгэн шийдвэр гаргахад саад учруулаад байсан нь хугацаа дууссан гэдгээр дөрөөлж газрыг өөрийн  болгох  гэсэн далд санаа байжээ. Үүнийг нь захиргааны хэргийн шүүх гүйцэлдүүлж өгснийг хуйвалдаан гэж л нэрлэх байхдаа.

Шүүхийн шийдвэрт сумын Засаг даргын А/283 дугаар захирамж хууль зөрчсөн захиргааны  акт  болохыг  Налайх  дүүргийн  шүүхийн  2012  оны  820  дугаар захирамжид дүгнээд өгсний дагуу Засаг даргын Тамгын газар уг захирамжаа хэрэгжүүлэлгүй өдийг хүрсэн байдаг. Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 820 дугаартай захирамжаас хойш 3 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг үүсгэн түүнийгээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ нь хууль зүйн үндэстэй юм. Тухайлбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан... хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол захирамж байгаа бол хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байдаг. Үүнийг захиргааны хэргийн анхан шатны шүүх зөрчсөн. Шүүх шийдвэртээ 820 дугаар захирамжийн дээр дурдсан хэсгийг тусгахаасаа их л болгоомжилж урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гээд л бичээд байсан байгаа нь анхаарал татаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, нөлөөнд автсан юм болов уу гэж хардах нөхцөлийг бий болгоод байна.

Шүүх хурал дээр хариуцагч шүүгчийн асуултанд хариулахдаа 266 дугаар захирамж хүчинтэй, харин сумын Засаг даргын А/283 дугаар захирамж хүчингүй, хэрэгжих боломжгүй гэдгийг хэлдэг. Харин шүүхийн шийдвэрийг хараад эцэслэн шийдвэр гаргаж хүчингүй болгох боломжгүй байна гэдэг юм. Өөрөөр хэлбэл, А/283 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй байнга шүүхээр яваад байгаа болохоор хүлээж азнасан байдалтай байдаг. А/283 дугаар захирамжийг эс зөвшөөрч “Ногоон Ази сүлжээ” ТББ маргаагүй байхад хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм гэдгийг үндэслэх хэсэгтээ заасан байгаа нь өөрөө үндэслэлгүй, харин шүүхийн хүчин төгөлдөр 820 дугаар захирамжид А/283 дугаар захирамж хууль бус болохыг үндэс болгосон байхад түүнийг зөрчөөд маргаан үүсгээд байж байх хэрэг үү. А/283 дугаар захирамж өөрөө хуулийн шаардлага хангаагүй байдаг. Тухайлбал, уг захирамжаар 266 дугаар захирамжаа хүчингүй болсонд тооцох заалт байдаггүй нь маргаан дагуулсан юм.

“Монгол стандарт” ХХК-ийг шүүхэд удаа дараа өгсөн нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлжээ гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд дээд шатны байгууллагад гомдол гаргах зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, сумын Засаг даргын шийдвэрт аймгийн Засаг дарга дээд шатны байгууллага болж байна шүү дээ.

Дээрх нөхцөл байдлаас үндэслэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэснийг зөрчин хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул давж заалдах өргөдөл гаргаж байгаа болно.

Хүлээн авч Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Монгол стандарт” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 дугаар захирамжийг биелүүлэхийг Засаг даргад даалгуулах, Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэлийн “Ногоон Ази сүлжээ” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Монгол стандарт” ХХК нь 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн Элстэй нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг албан ёсоор авсан байхад хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамжаар “Ногоон Ази сүлжээ” ТББ-д давхцуулан газар олгосон бөгөөд 266 дугаар захирамжаа хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, А/283 дугаар захирамжаар “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын газрыг чөлөөлөхөөр шийдвэр гаргасан. Гэтэл “Ногоон Ази сүлжээ” ТББ нь энэхүү захирамжид гомдол гаргаагүй атлаа биелүүлэхгүй байна” гэж тодорхойлон маргажээ.  

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Тухайлбал,

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” 266 дугаар захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг, Элстэй хэмээх газарт 116 га газрыг цөлжилтийн эсрэг мод тарих зориулалтаар, 5 жилийн хугацаатай гуравдагч этгээд “Ногоон Ази сүлжээ” ТББ-д ашиглуулахаар шийдвэрлэсэн байх ба газар ашиглах эрхийн гэрчилгээ болон кадастрын зургаас үзэхэд 249747 м.кв, 920304 м.кв хэмжээ бүхий хоёр хэсэг талбай газрыг ашиглуулахаар олгосон байна.

Харин Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/579 дүгээр албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч “Монгол стандарт” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 15051Х тоот тусгай зөвшөөрөл бүхий газар нь гуравдагч этгээд “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын 18687298404346 тоот нэгж талбарын дугаартай 920304 м.кв газрын 59178 м.кв талбайтай давхацсан болохыг тогтоосон байгаагаас үзвэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, гуравдагч этгээдэд 116 га газар ашиглуулахаар шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны акт бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас гуравдагч этгээд БНСУ-д төвтэй “Ногоон Ази сүлжээ” ТББ-д төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрлийг 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1 жилийн хугацаатай олгож, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2 жилийн хугацаагаар сунгасан байх боловч тус төрийн бус байгууллагын газар ашиглах эрх үүнээс өмнө буюу 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үүсч, Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ байгуулсан байна. Иймд гуравдагч этгээд “Ногоон Ази сүлжээ” ТББ-д анх хэзээ Монгол улсад төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл олгогдсон, тус төрийн бус байгууллага хэзээ үүсч байгуулагдсан, гуравдагч этгээд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар ашиглах тухай хүсэлт гаргасан эсэх, газар ашиглах эрх үүссэн үндэслэл зэргийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын эрх зүйн байдал болон газар ашиглах эрх хууль ёсоор үүссэн эсэх нь тодорхойгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасны дагуу гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар монгол хэл дээр орчуулуулсан байхаас гадна хэрэгт эхээр нь өгөх шаардлагатай. Гэтэл хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг болох “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын дүрэм хэрэгт эх хувиар авагдаагүй байхаас гадна тус төрийн бус байгууллага үүсч байгуулагдсантай холбоотой улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар авах нь зүйтэй байна.

Түүнчлэн Ашигт малтмалын газраас 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “Монгол стандарт” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо “Налайх дүүргийн Элстэй нэртэй газарт орших 129.9 га талбай” гэж заасан байх ба хариуцагчаас “гуравдагч этгээдүүдэд тухайн үед газар олгоход “Монгол стандарт” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр орон нутгийн мэдээллийн санд байхгүй байсан” гэж маргаж байх тул энэхүү тусгай зөвшөөрлийг олгохдоо болон олгосны дараа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.10 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч Төв аймгийн Засаг даргад мэдэгдсэн эсэх, тус аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авсан эсэх талаарх нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэгч “Монгол стандарт” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл ямар журмаар олгогдсон болохыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгчээс 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэлийн “Ногоон Ази сүлжээ” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг татан оролцуулах тухай хүсэлтийг гаргасан байхад шүүх тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хамтран хариуцагчаар татаагүй атлаа эрх, үүргийг тайлбарлаж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан зөрчлүүд засагдаж, холбогдох баримтууд авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Ногоон Ази сүлжээ” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, түүнд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                          Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА