Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Р.Б, Ч.Э нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б, Ч.Э нарт холбогдох эрүүгийн 2115000000272 дугаартай, 163/2022/0005/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э овогт Р.Б , Булган аймгийн Баян-Агт суманд 1980 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, ........ оршин суух бүртгэлтэй, малчин, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй, /РД: .........../.

Монгол Улсын иргэн, Т овогт Ч.Э , Булган аймгийн Баян-Агт суманд 1980 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, ......... оршин суух бүртгэлтэй, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй, /РД: ..........4/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Б нь зохих зөвшөөрөлгүй 2.151 мЗ мод бэлтгэж байгаль экологид 362.777 төгрөгийн шууд хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Э нь иргэн Р.Б зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2115000000272 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Р.Б нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Урал” загварын цахилгаан хөрөө ашиглан Булган аймгийн Баян-Агт сумын 2 дугаар багийн нутаг “Нарангийн энгэр” гэх газрын ойд 16 ширхэг буюу 2.151 м3 хуурай шинэс төрлийн мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 362.777 төгрөгийн шууд хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр *** улсын дугаартай “Hundai Porter” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Баян-Агт сумын 2 дугаар багийн нутаг “Нарангийн энгэр” гэх газрын ойгоос иргэн Р.Б зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ч.Э-ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2115000000272 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Баян-Агт сумын 2 дугаар баг “Ар нарангийн Энгэр” гэх газарт иргэн Р.Б, Ч.Э нар хууль бусаар мод бэлтгэсэн байв. Хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Агт сумын төвөөс 43 км зайтай байв. Хууль бусаар мод бэлтгэсэн гэх 3 ширхэг босоо модонд хэмжилт хийхээр тогтоов. Уг газар нь шинэс төрлийн хуурай нойтон мод ихтэй байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-7 дахь тал/,

Модонд үзлэг хийсэн: Ойгоос зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модонд үзлэг хийхэд 147-160 см-н урттай, 24-56 см-н диаметртэй, хөрөөдсөн 16 ширхэг мод байв гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Үзлэгээр хөх өнгийн портер маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь кабин дээрээ цэнхэр өнгийн ачаатай байх ба салхины шил бүрэн бүтэн, хоёр талын толь бүтэн, урд талын гэрэл бүтэн, хоёр талын дохионы гэрэл бүрэн саарал өнгийн хүрээтэй, урд нэмэлт гэрэл хэвийн бүрэн бүтэн байлаа гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

Мөрдөгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх *** улсын дугаартай, “Hundai Porter” загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэх 16 ширхэг шинэс төрлийн модыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 14-20 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Х.*******ын өгсөн: Тухайн иргэн нь мод бэлтгэх зөвшөөрөл авсан байна гэхдээ мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас аваагүй дур мэдэн талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас босоо мод огтлох эрхгүй. Эрхийн бичгийг олгоход хаанаас авах газар нутгийг тусгаж авах хоног хугацааг нэг бүрчлэн тусгаж өгдөг юм. Заасан газраас өөр газраас авах хоног хугацаа хэтрэх, эрхийн бичгийн сунгалт хийлгэхгүй байх, эрхийн бичигт засвар хийх зэрэг нь тухайн эрхийн бичиг хүчингүй болгох үндэслэл болдог юм. Олгосон эрхийн бичгээр зөвхөн заагдсан газраас байгалийн жамаар унасан мод, хожуул, торцоовыг цэвэрлэж авах байтал дээрх иргэн нь зөвшөөрөлтэй мөртөө талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас босоо мод унагаж бэлтгэсэн нь хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдож байна. Баг тус бүрд хоёроос гурван газарт тусгаарлалт хийгдсэн байдаг. Манай Баян-Агт сумын Баянзүрх 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан даваа, Хөшгийн ар гэх газар тусгаарлалт хийгдсэн. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Гэрч Д.*******ын өгсөн: Би Баян-Агт сумын Хүрэмт 5 дугаар багийн төвд гэртээ байхад манай нөхөр ******* нь утсаар 14 цагийн үед Баян-Агт сумын Баянзүрх 2 хороо “Нарангийн энгэр” гэх газар луу *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр найз *******ых руу мод ачиж ирнэ гээд явсан. Тэгээд орой 19 цагийн үед ирээд цагдаад баригдчихлаа машинаа журамлуулсан гэж хэлсэн гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 43-44 дэх тал /,

Гэрч Я.*******ын өгсөн: 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хутаг-Өндөр сумын Сум дундын ойн ангийн инженер ******* нь 12 га талбайд тусгаарлалт хийгээд энэ талбайгаас цэвэрлэгээний ажлын зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг олгож болно гэж зөвшөөрөөд Баян-Агт сумын 2 дугаар багийн иргэдэд 2021 оны 09 дугаар сарын 05-аас эхэлж мод бэлтгэх эрхийн бичиг олгож эхэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэвэрлэгээний ажлын зориулалтаар 8м3 мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан. Тухайн үед мэдээгүй. Сумын төвийн цагдаа дээр хураалгасан байхад нь мэдсэн. Би хуулийн дагуу мод бэлтгэх эрхийн бичгийг Баянзүрх 2 дугаар баг "Цагаан даваа" гэх газарт бэлтгэж өгсөн. Ургаа унианга холилдсон хуурай мод байсан. Шинэс гэх хуурай хар мод байсан. Дээрх газар нь 2021 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй. Хэрэглээний модны эрхийн бичиг бичилт хийлгэсэн аж ахуйн нэгж болон иргэн дээр байнга хяналт тавьж шалган хүлээн авдаг. Харин цэвэрлэгээний зориулалтаар авсан модон дээр хяналт тавихаас илүүтэйгээр иргэдэд өөрсдөд нь босоо мод авч болохгүй гэдгийг байнга анхааруулж хэлдэг. Би мод бэлтгэх эрхийн бичиг авах гээд ирсэн хүн бүрд босоо мод унагаж болохгүй унианга аваарай гэж анхааруулж хэлээд явуулдаг. Тэгсээр байтал босоо мод унагасан байгаа нь иргэдийн өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаа юм гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 34-35 дахь тал /,

Шинжээч Ш.*******гийн өгсөн: Булган аймаг Баян-Агт сум Баянзүрх 2 дугаар баг "Нарангийн энгэр" гэх газраас Р.Б нь хууль бусаар бэлтгэсэн "Шинэс" мод нь 16 ширхэг байсан бөгөөд хэмжилтээр 2.151 м3, экологи эдийн засгийн үнэлгээ нь 362.777 төгрөг болсон. Би Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны А/176-р тушаалын хавсралт, Ойн тухай хуулийн 18.3.4-р зүйлийг үндэслэл болгон гаргасан юм. Р.Б нь эрхийн бичигт заагдсан газраас мод бэлтгээгүй огтлолын төрөл зөрчсөн, тусгаарлалт хийгдээгүй талбайгаас 3 ширхэг босоо шинэс мод хууль бусаар бэлтгэсэн байна гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 69-72 дахь тал /,

Хутаг-Өндөр сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай:

1. Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод.

2. Уг мод нь түлшний зориулалтаар бэлтгэсэн мод.

3. Булган аймгийн Баян-Агт сумын 2 дугаар багийн “Нарангийн энгэр” гэх газарт талбайн тусгаарлалтын ажил хийгдээгүй.

4. Бэлтгэсэн мод нь 16 ширхэг нарийн талын диаметр нь 20-51 см бөгөөд урт нь 145-160 см байсан ба бөөрөнхий модны нягт шоо метр нь 2.151 м3 экологи, эдийн засгийн үнэлгээ нь 362.777 төгрөг.

5. Ачиж тээвэрлэсэн гэх мод нь “мод бэлтгэх эрхийн бичиг”-тэй бэлтгэсэн боловч эрхийг бичигт заагдсан газраас бэлтгээгүй гэх дүгнэлт / хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 362.777 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 1088331 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77 дахь тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №21/397 дугаартай: гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн моторт хөрөө 50.000 төгрөг, *** улсын дугаартай, “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийн үнэ 1905915 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-59 дэх тал/,

 

Шүүгдэгч Р.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын Баянзүрх 2 дугаар багийн “Нарангийн энгэр” гэх газраас өөрийн гэрээс эхнэр Саранчимэгийн хамт Баян-Агт сумын төв орсон. Тэгсэн 14 цагийн үед найз *******тай таараад би өвс авах уу? гэж асуухад ******* нь өвс авчихсан надад харин портер түлээний хэрэг байна мөнгөөр нь авъя гэж хэлсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд урьдчилгаа 50.000 төгрөг авсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед Баян-Агт сумын төв орж байгаль хамгаалагч ******* гэх хүнээс мод бэлтгэх эрхийн бичиг аваад гэртээ 16 цагийн үед ирээд “Нарангийн Энгэр” гэх газрын мод руу явж мод бэлтгэсэн. Тэгээд маргааш нь ******* луу яриад модыг чинь бэлдчихлээ гэж хэлэхэд за за удахгүй очиж авна 4 дэх өдөр очиж авъя завтай гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед ирээд модоо аваад ачаад явсан. Байгаль хамгаалагч *******аас цэвэрлэгээний ажлаар 5 м.куб модны эрхийн бичиг аваад явсан. Би цэвэрлэгээний ажлын эрхийн бичгээр босоо мод бэлтгэж болохгүй талаар нь сайн мэдээгүй. Тухайн үед намайг мод бэлтгэх эрхийн бичиг авахад байгаль хамгаалагч ******* тэр талаар анхааруулж хэлээгүй. Тухайн үед би өөрөө дур мэдэн модоо бэлтгэсэн. “Цагаан даваа” гэх газар нь манайхаас хол байдаг, харин “Нарангийн энгэр” гэх газар нь манай хажууд байдаг болохоор тэр газраас модоо бэлтгэсэн. Миний бэлтгэсэн мод нь босоо хуурай мод байсан. Би уг газраас 4 м.куб мод ачсан байсан. Нийт 3 ширхэг босоо хуурай мод унагаж бэлтгэж ачсан. Би өөрөө хөрөөдөж, унагаж бэлтгэсэн. Манай найз ******* намайг өвөлжөөний түлээ бэлдээд өгөөч гэж гуйхаар нь би үнэ тохироод бэлдэж өгсөн. ******* бид хоёр 150.000 төгрөгөөр тохирсон. 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр модоо ирж авахдаа үлдэгдэл 100.000 төгрөгөө өгсөн. Тухайн өдөр ******* нь ганцаараа ирсэн. Цэнхэр өнгийн Портер маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 87-88 дахь тал /,

Шүүгдэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дээр *******тай тааралдахад намайг өвс авах уу гэж асуухаар нь би өвсөө авчих, харин портер мод хэрэгтэй байна гэхэд надад 50000 төгрөг өгчих мод бэлтгэх эрхийн бичиг аваад бэлдээд өгье гэхээр нь би мөнгийг нь өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр *******тай утсаар ярихад модыг чинь бэлдсэн ирж ав гэсэн. Тэгэхээр нь өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй очоод *******ы бэлдсэн модыг өөрийнхөө машинд ачаад буцаад явж байхад цагдаа зогсоосон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/, зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Урал” маркийн хуучин цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч Х.*******, гэрч Д.*******, Я.******* нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө, 20-012200 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Р.Б нь эрх бүхий байгууллагаас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баян-Агт сумын сумын “Цагаан даваа” гэх газраас ойн цэвэрлэгээний аргаар 8м3 модыг бэлтгэх зөвшөөрөл авсан боловч тухайн өдөр хувийн эрх ашгийн үүднээс газрыг дөтөлж, өөрийн гэрээс 3 гаран км зайд буюу “Нарангийн энгэр” гэх газраас босоо мод бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч.Э нь Р.Б хууль бусаар бэлтгэсэн 2.151м3 модыг өөрийн эзэмшил, өмчлөлийн “Hyundai Porter” *** тээврийн хэрэгслийг ашиглан очиж худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус нотлогдож тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Р.Б, Ч.Э нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Р.Б нь эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газраас дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн, шүүгдэгч Р.Б хууль бусаар бэлтгэсэн модыг шүүгдэгч Ч.Э нь өөрийн эзэмшлийн “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслээр очиж худалдан авсан байна.

 

Шүүгдэгч Р.Б эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газраас мод бэлтгэж буй, шүүгдэгч Ч.Э хууль бусаар бэлтгэсэн модыг худалдан авч буй нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Р.Б гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 362.777 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 69-71 дэх тал/ учирсан нь Хутаг-Өндөр сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 1.088.331 төгрөгийн /хавтаст хэргийн 77 дахь тал/ хохирол учирсан ба шүүгдэгч Р.Б нь 1.088.331 төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Р.Б зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Э-г зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Б, Ч.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.Б, Ч.Э нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Р.Б, Ч.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хавтаст хэргийн 99-105 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, малын А дансны тодорхойлолт, Булган аймгийн Баян-Агт сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн Баян-Агт сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Б, Ч.Э нарын хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Р.Б, Ч.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан шүүгдэгч Ч.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Р.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломж, торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр шүүгдэгч Ч.Э-ын өмчлөл, эзэмшлийнх болох нь /хавтаст хэргийн 108 дахь тал/ тогтоогдож байх тул мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн *** улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 16 ширхэг 2.151 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн, “Урал” загварын цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч Р.Б, Ч.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Р.Б, Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овогт Р.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т овогт Ч.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр, Ч.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан таван зуун мянган төгрөгийн, шүүгдэгч Ч.*******т оногдуулсан дөрвөн зуун мянган төгрөгийн торгох ялыг тус бүр 5 сарын хугацаанд буюу сар бүр шүүгдэгч Р.Б нэг зуун мянган төгрөгөөр, шүүгдэгч Ч.Э-г ерэн мянган төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Ч.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Р.Б, Ч.Э нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б, Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 2.151 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 16 ширхэг, шинэс төрлийн түлээний хуурай мод, шүүгдэгч Ч.Э-ын эзэмшлийн 1.955.915 төгрөгийн үнэлгээ бүхий *** улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж орлого болгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Урал” загварын Хятад улсад үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгөтэй, бензинээр ажилладаг моторт хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

 

8. Шүүгдэгч Р.Б, Ч.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЭНЭРЭЛ