Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2017/00423

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 3-р багт тоотод оршин суух, ВП64061801 регистрийн дугаартай, Жаагийнхан овогт Нарангэрэлийн Уранчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Н.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1964 онд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр гэдэг газарт төрсөн. 1971 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд ээжийгээ даган шилжин ирсэн. Үүнээс хойш Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд тасралтгүй ажиллаж байгаа. 2014 онд 4 хүүхэдтэй итгэлцүүрээр тэтгэвэрт орсон. НДЕГ-ын шалгалтаар 1980 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл ажилласан жил тогтоолгох шаардлагатай гэсэн.

Иймд архивын лавлагаа бусад баримтыг үндэслэн ажилласан байдлыг тогтоож өгнө үү..гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбат шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Уранчимэг нь хөдөө мал малладаг, ажил явдал гараад ирж чадаагүй тул төлөөлж байна. Тэрээр тэтгэвэр авч байхад Нийгмийн даатгалаас шалгалт ирж хөдөлмөрийн дэвтэрт 2 өөр өнгийн үзэг балаар бичилт хийсэн гэх шалтгаанаар ажилласан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн тул шүүхэд хандсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. 1980 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар Н.Уранчимэгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 580 дугаар албан бичиг, Н.Уранчимэгийн 1981 оны 01 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Зундуйн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Уранчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Уранчимэг нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3-р бригадад саальчнаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 580 дугаар албан бичиг, Н.Уранчимэгийн 1981 оны 01 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Зундуйн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Жаагийнхан овогт Нарангэрэлийн Уранчимэгийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жаагийнхан овогт Нарангэрэлийн Уранчимэгийн 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3-р бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Н.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ