| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2022/0928/З |
| Дугаар | 221/МА2023/0673 |
| Огноо | 2023-11-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2023/0673
Р.Г нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 602 дугаар шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Р.Г, Д.А, Д.С, С.Г
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “О” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Р.Г, Д.А, Д.С
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.
Хэргийн индекс: 128/2022/0928/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 602 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Г, Д.А, Д.С, С.Г нарын “О” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ОХ/111 дугаартай “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г үндэслэж нэхэмжлэгч нартай гурвалсан гэрээг байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Я дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “
2.1. ... Шүүх шийдвэрийн үндэслэлээ Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5-д заасныг баримталсан байна. Тус хуулийн 23.1-д “Төсөл хэрэгжүүлэгч дараах эрх, үүрэгтэй” гэж 23.1.5-д “төсөл төлөвлөгөө боловсруулах батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум нийслэл, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх” гэж тус тус заасан. Үүнээс үзвэл Гурван талт гэрээг зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчтэй гэрээ байгуулах үүрэгтэй.
2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т “2001 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нарын нэр дээр төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлж, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ”-ний дагуу З.Мын нэр дээр бүртгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 1-180/22960 тоот албан бичгийн зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш байрны өмчлөгч байгаагүйг шүүх дүгнэсэн гэж ойлгож байна.
2.3. Гэвч шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т “хэдийгээр нэхэмжлэгч нар нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр З.Мтай “Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ” байгуулсан хэдий ч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1218 дугаар захирамжаар зохиогчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд нь оролцсон байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийг “төсөл хэрэгжүүлэх үед нэхэмжлэгч нар тухайн орон сууцны өмчлөгч байгаагүй, З.Мтай арилжааны гэрээ байгуулсан тул гурван талт гэрээ байгуулах үндэслэлгүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд З.Мад холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг З.Маас буцааж авахаар талууд эвлэрч, шүүх эвлэрлийг баталгаажуулсан. Харин “О” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бөгөөд тус Эвлэрлийн гэрээ, шүүхийн шийдвэр нь “О” ХХК-д холбогдолгүй юм.
2.4. Мөн нэхэмжлэгч нарын буцаан авсан гэх үл хөдлөх эд хөрөнгө нь 2021 онд бодитоор оршин байгаагүй буюу 2017 онд нурсан. Үл хөдлөх эд хөрөнгө устсан, байхгүй болсонтой талууд маргадаггүй бөгөөд энэ талаарх баримт хавсралт хэрэгт авагдсан. Үүнээс үзвэл хэдийгээр нэхэмжлэгч нар нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн гэх боловч тухайн үед байр бодитоор оршин байгаагүй тул тус байрны хувьд өмчлөх эрх үүсэх, шилжих боломжгүй юм. Нурсан байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг нэхэмжлэгчдийн нэр дээр хийсэн улсын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт тул өмчлөх эрхийг үүсгэхгүй юм. Учир нь, бодитоор байхгүй, нурсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөгч бүртгэснээр тус захиргааны акт бодит байдал дээр хэрэгжих боломжгүй буюу нэхэмжлэгчдэд өмчлөх эрх үүсэхгүй, утга агуулгын хувьд ойлгомжгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарах юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан нөхцөлд тухайн улсын бүртгэлийг хаах тухай заасан нь үүнийг харуулна. Нэгэнт нэхэмжлэгч нар нь дахин төлөвлөлтийн төсөлд хамаарагдах, гурван талт гэрээ байгуулах эрхгүй юм. Харин иргэн З.Мтай хийсэн Арилжааны гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах замаар учирсан хохирлоо шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж бид үзэж байна.
2.5. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Гурван талт гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх тус хэсгийн 1 дэх заалтаар “...нэхэмжлэгч нартай гурвалсан гэрээг байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж шийдвэрлэсэн. Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг удирдлага болгожээ.
2.6. Гэтэл дээрх шийдвэрийн үндэслэл болсон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана” гэж, 106.3.12-т “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” гэж тус тус зохицуулсан. Эндээс харахад шүүхийн шийдвэрийн удирдлага болгосон заалт нь тогтоох хэсгийн даалгаж буй шийдвэрийн төрөлд огт хамааралгүй заалт юм. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн төрлүүд дунд захиргааны байгууллагад Захиргааны гэрээ байгуулахыг даалгах шийдвэрийн төрөл байхгүй атал шүүх ийнхүү даалгаж шийдвэрлэсэн нь хууль бус болсон.
2.7. Түүнчлэн ийнхүү гэрээ байгуулахыг даалгаснаар гэрээний талуудын иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдлыг зөрчсөн, бодит байдалд хэрэгжих боломжгүй шийдвэр болсон. Учир нь гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэснээр талууд гэрээний нөхцөлөө тохиролцож, агуулгыг нь хэлэлцэн тогтоох эрхийг зөрчиж, тус үйл явцыг явагдах буюу талууд гэрээний нөхцөлөө өөрсдөө тохирох тул шүүхээс гэрээ байгуулахыг шийдвэр гаргахгүй байх агуулгаар хуульчилсан гэж бид үзэж байна.
2.8. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1. Нэхэмжлэгч Р.Г, Д.А, Д.С, С.Г нараас гаргасан “2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ОХ/111 дугаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г үндэслэж, нэхэмжлэгч нартай гуравласан гэрээг байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг анхан шатны шүүх “... хариуцагч нь ... уг төслийг хэрэгжүүлэх, гэрээ байгуулах, төслийн гүйцэтгэлд хяналт тавих үүрэгтэй” гэж дүгнэн бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2. Гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... нэгэнт нэхэмжлэгч нар нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжих үед байрны өмчлөгч байгаагүй, мөн сүүлд нурсан барилга дээр гэрчилгээ гаргуулж, шинээр өмчлөгч болсон гэж үзэх боломжгүй. Харин иргэн З.Мтай хийсэн арилжааны гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах замаар учирсан хохирлоо шийдвэрлүүлэх нь зүйтэй... эвлэрлийн гэрээ, шүүхийн шийдвэр нь “О” ХХК-д холбогдолгүй ...” гэсэн байна.
3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/660 дугаар захирамжаар /1 хавтасны 213-р хуудас/ нэхэмжлэгч нарын өмчилж байсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, АШ-26 дугаар байр нь ашиглалтын шаардлага хангахгүй болсонтой холбоотой орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэжээ.
4. Үүний дагуу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр уг байрны маргаан бүхий 6б сууцны өмчлөгч нэхэмжлэгч Д.С болон уг төслийг хэрэгжүүлэгч “OXC” ХХК-ийн хооронд байгуулсан “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ” (2-р хавтас, 126-129 дүгээр хуудас)-ний 2 дугаар зүйлд үндсэн нөхцөл гэж “орон сууцыг орон сууцаар солих”-оор тохиролцож, төсөл хэрэгжүүлэгч “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Д (-г гэж гарын үсэг зурсан), мөн компанийн Санхүүгийн албаны дарга З.М нарын нэртэй, тус компанийн тамга дарагдсан байх бөгөөд уг гэрээний талаар маргаан үүсгэж шийдвэрлэсэн зүйл байхгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
5. Нэхэмжлэгч иргэд нь тус сууцны өмчлөгч байсан нь тогтоогдож байх бөгөөд дахин төлөвлөлтийн улмаас нураагдсан барилгын өмчлөгчийн улсын бүртгэлийн гэрчилгээг гуравдагч этгээд төсөл хэрэгжүүлэгч “О” ХХК-ийн ажилтан З.Мын нэр дээр шилжсэн, мөн буцаан шилжүүлсэн зэрэг түүний үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 183/ГГ2021/01218 дугаар захирамжийг үндэслэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн авч, улсын бүртгэлийн гэрчилгээг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр авсан (1-р хавтас, 211 дүгээр хуудас) нь шинээр өмчлөх эрхийг үүсгэсэн ойлголт биш, харин зөрчигдсөн өмчлөх эрх нь сэргэсэн байх тул “нурсан барилгад гэрчилгээ гаргуулж авснаар шинээр өмчлөх эрхтэй гэж үзэхгүй, төсөл хэрэгжих үед нэхэмжлэгч өмчлөх эрхтэй байгаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
6 . Хэрэгт авагдсан тус компанийн ажилтан байсан З.Мын тайлбар, дээрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01218 дугаар захирамж (1-р хавтас, 135-136 дугаар хуудас)-д уг иргэний хэрэгт хамтран хариуцагчаар оролцсон “О” ХХК-ийн “... Дахин төлөвлөлтийн дагуу нураагдсан аш 26 дугаар байрны өмчлөх эрхийн гэрчилгээ хэний нэр дээр бүртгэлтэй байна түүнтэй гуравласан гэрээ байгуулах боломжтой” гэсэн тайлбар тусгагдсан, хэрэгт хавсаргаж ирүүлсэн “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын баримт бичиг”-т авагдсан “О” ХХК-ийн тухайн 26 дугаар байрны бусад иргэдтэй 2017 оны 05 дугаар сард байгуулсан гэрээнүүд зэргээс үзвэл гуравдагч этгээд “О” ХХК нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "төсөл хэрэгжүүлэгч" гэж энэ хуулийн 4.1.11-д заасан төслийг хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулсан хуулийн этгээдийг ойлгохоор заасан төсөл хэрэгжүүлэгч гэдэгт хамаарч байх тул гомдлын “тухайн үед “О” ХХК нь төсөл хэрэгжүүлэгч байгаагүй, 2017 оны 10 сард төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан” гэснийг хүлээж авах боломжгүй.
7. Тэрээр мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төсөл хэрэгжүүлэгч нь сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр дараах аргаар шилжүүлж авна: ... 25.1.4.орон сууцыг орон сууцаар солих; 25.1.5.орон сууцыг худалдах- худалдан авах; 25.1.6.бусад” гэж заасны алийг нь ч хэрэгжүүлээгүй, одоог хүртэл нэхэмжлэгч өмчлөгч иргэдийн эрх нь зөрчигдсөөр байгаа болох нь тогтоогдож байна.
8. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 11.1.4.төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах; 11.2.Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулна” гэж тус тус заасны дагуу дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, гурван талт гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангуулах үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн дээр дурдсан эрх, ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Нийслэлийн Засаг даргад дээрх хуульд заасан гурван талт гэрээ байгуулахыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
10. Гуравдагч этгээд “О” ХХК-ийн давж заалдах гомдолд “... Захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн төрлүүд дунд захиргааны байгууллагад захиргааны гэрээ байгуулахыг даалгах шийдвэрийн төрөл байхгүй атал шүүх даалгаж шийдвэрлэсэн нь хууль бус болсон. ... гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэснээр талууд гэрээний нөхцөлөө тохиролцож, агуулгыг нь хэлэлцэн тогтоох эрхийг зөрчсөн ...” гэжээ.
10.1. Нэхэмжлэгч нарын гаргасан “... захиргааны гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 3 талт гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн зүйл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хариуцагч Засаг даргын “эс үйлдэхүй” буюу гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйн талаар маргаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг шүүхээс гаргах боломжтой гэж үзэв.
10.2 Учир нь хуулиар захиргааны гэрээ байгуулах үүргийг захиргааны байгууллагад ногдуулсан байхад тухайн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг нэхэмжлэлийн дагуу шүүх уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захиргааны гэрээ байгуулахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх нь захиргааны гэрээний агуулга, нөхцөлийг хэрхэн тусгахыг зааж, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд оролцож, шүүхийн хяналтын цар хүрээг хэтрүүлж буй явдал биш тул энэ талаарх гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй.
11. Мөн гомдолд “... нэхэмжлэгч нар З.Маас хохирлоо нэхэх эрхтэй, “О” ХХК-аас байр, талбай олгох боломжгүй шинээр баригдсан барилгад одоо сул олгох байр, талбай байхгүй ... 3 талт гэрээ байгуулах боломжгүй” гэх зэргээр гомдол, тайлбар гаргасан боловч З.М нь тус компанийн ажилтан байхдаа компанийг төлөөлж нэхэмжлэгчтэй дээр дурдсан 2017 оны 05 дугаар сард байгуулсан 2 талт гэрээнд орон сууцыг орон сууцаар солихоор тохирсон, харин арилжааны гэрээний дагуу “О” ХХК-ийн ажилтан З.Мын үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь сэргэсэн байх тул уг гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
12. Дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Яын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд “О” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ