Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
Хэргийн индекс | 165/2022/0010/Э |
Дугаар | 2022/ШЦТ/13 |
Огноо | 2022-02-14 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч У.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Т овогт У-ийн Мд холбогдох эрүүгийн 2117000750003 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 3 дугаар баг Найрамдал хотхоны ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж тэнсэгдсэн, ........... овогт У-ийн М /РД:......../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У-ийн М нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 6 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг барааны дэлгүүрийн арын өрөөнд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Д.Аын HUAWAI Y6 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу тухайн газраас гарч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоны 1 дүгээр байр 1 дүгээр орцны 2 тоотод хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Т.Мгийн Redmi-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч У.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Д.Атой 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 6 дугаар байрны урагшаа харсан хаалгатай хувцасны дэлгүүр дотор Хараа нэртэй 0,5 литрийн савалгаатай архи хувааж уусан. Тэгээд Аыг архиндаа согтоод унтаад өгөхөөр нь Аын улаан өнгийн гадартай андройд үйлдлийн системтэй хар өнгийн гар утсыг нь аваад 13 цагийн үед Найрамдал хотхоны зогсоол дээр очиж таксинд суугаад тус таксинд сууж байсан Б гэх залууд Аоос хулгайлсан утсаа 50 000 төгрөгөөр зарсан. Тэгээд тухайн өдрийнхөө орой 20 цагийн үед Т.Мтай уулзаад Найрамдал хотхоны 3 дугаар байр 1 дүгээр орцны 1 давхарын голын хаалганд орж хамт Хараа нэртэй 0,5 литрийн савалгаатай архи хувааж уусан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед Мгийн гэрээс гарч явахдаа орны хажуу талд байсан Редми-9 загварын гар утсыг аваад гарсан. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа шиг санаж байна 08 дугаар сарын 30-ны өдөр М надтай Найрамдал хотхонд таараад утсаа эргүүлж авсан. Би Б гэх хүнээс Аын утсыг аваад Бд 50 000 төгрөгийг нь буцааж өгсөн. Мөн Аын утсыг буцааж өгсөн. Миний хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлж авснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг. /хх-ийн 62-63-р хуудас/
2. Хохирогч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Говьсүбмэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 6 дугаар байранд У.Мтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн өдөр 13 цагийн үед миний Huawei 6 маркийн гар утсаа хулгайд алдсан. Би хулгайд алдсан утсаа 2020 оны 08 дугаар сард Мобикомоос 800 ,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Утсаа 600.000 төгрөгөөр үнэлж байна. Хулгайд алдсан гэх утсан дотор чухал бичиг баримтууд, утасны дугаар гэх зүйлс байсан. Гар утсаа олж авмаар байна...Алдсан гар утсаа олж авсан одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,
3. Хохирогч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би хувиараа Говьсүмбэр аймаг болон улаанбаатар хот хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны 08 дугаар сарын сүүлээр яг хэднийг нь санахгүй байна өөрийн найз У.Мтай хамт Сүбмэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхонд байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд тасраад унтсан ба маргааш өглөө нь босоход миний Рэдми-9 маркийн гар утас алга болсон байсан. Манай гэрт М бид 2-с өөр хүн байгаагүй. Тэгээд нөгөөдөр нь Мтай таараад гар тусаа буцааж авсан. Би хулгайд алдсан утсаа олж авсан учраас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
4. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхонд байрлах таксины зогсоолоос хөдлөх гэж байхад У.М миний машинд суусан. Тэгээд явж байгаад М намайг гар утас авах уу гээд улаан өнгийн гэртэй Андройд үйлдлийн системтэй хар дэлгэцтэй гар утас авах уу гэсэн. Тэгэхээр нь хэний гар утас юм гэтэл минийх гэхээр нь би тухайн гар утсыг 50000 төгрөгөөр У.Маас худалдаж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
5. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: У.М нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал хотхоны 1-7-99 тоотод амьдардаг байсан. У.М нь мөрөөрөө, илүү дутуу зангүй, хөдөлмөрч, цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу, олон таван үггүй хүн байгаа юм. Одоо ямар ажил эрхэлж байгаа талаар сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
6. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: У.М нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал хотхоны 1-7-99 тоотод амьдардаг байсан. У.М нь мөрөөрөө, илүү дутуу зангүй, хөдөлмөрч, цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу, олон таван үггүй хүн байгаа юм. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
7. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-53 дугаар хуудас/
8. Ашид билгүүн ХХ-ний 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-921/2588 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-47-р хуудас/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 74-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Мыг 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 6 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг барааны дэлгүүрийн арын өрөөнд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Д.Аын HUAWAI Y6 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоны 1 дүгээр байр 1 дүгээр орцны 2 тоотод очин, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Т.Мгийн Redmi-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч У.Мын хохирогч Д.Аын гар тусыг хулгайлж 150 000 төгрөгний хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол тус хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан “бага хэмжээний “ хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсан байхыг заасан бөгөөд шүүгдэгч У.Мын иргэн Д.Аын гар утсыг хулгайлж 150.000 төгрөний хохирол учруулсан үйлдэл нь орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл тогтоогдоогүй, гэмт хэргийн хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч У.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Мын өгсөн мэдүүлэг, хохирогч Д.А, Т.М, гэрч Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч У.М нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч У.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хүсэлтийг нь хангаж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Шүүгдэгч У.М нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ял шийтгэлийн хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч У.М нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугзүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2, зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргээс Д.Аын гар утсыг хулгайлсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Тайж овогт У-ийн Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч У.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасншүүгдэгч У.Мд оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч У.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч У.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛС