| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0395/И |
| Дугаар | 131/ШШ2017/00424 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2017/00424
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Гурванбулаг сум 2 дугаар багт оршин суух, ВЛ62091510 регистрийн дугаартай, Баян овогт Данзангийн Дэмбэрэлжамцын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бибиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Д.Дэмбэрэлжамц шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1962 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд миний 1979 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 4 дүгээр багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бибиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Дэмбэрэлжамц нь өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Тэрээр 1979 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 4 дүгээр багт малчнаар ажиллаж байсан, 1981 оны 06 сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан тул дээрх хугацааг тогтоолгох шаардлагагүй. Хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилт хийгдээгүй зөрчил гарсан..гэв.
Шүүх хуралдаанаар Д.Дэмбэрэлжамын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 498 дугаар лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 000005511 дугаар лавлагаа, Д.Дэмбэрэлжамцын 1983, 1991 оны хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Дэмбэрэлжамц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Дэмбэрэлжамц нь 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 сарын 27-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 498 дугаар лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 000005511 дугаар лавлагаа, Д.Дэмбэрэлжамцын 1983, 1991 оны хөдөлмөрийн дэвтэр, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Баян овогт Данзангийн Дэмбэрэлжамцын ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баян овогт Данзангийн Дэмбэрэлжамцын 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 сарын 27-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Дэмбэрэлжамцын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ