| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0410/И |
| Дугаар | 131/ШШ2017/00425 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2017/00425
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 5 дугаар баг 17 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, ВП70011413 регистрийн дугаартай, Чулуун Бат овогт Мягмарын Батсуурийн “Б.Доржийн ажиллаж байсан байдал тогтоолгох”ыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Батсуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч М.Батсуурь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа:
Миний эхнэр Дорж нь 1971 онд төрж, 2006 онд нас барсан. Бидний дундаас төрсөн хүү Цэнд-Аюушид тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдсон. Гэтэл 2017 онд Нийгмийн даатгалын байгууллагад шалгалт ирж Доржийн ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул түүний 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Цэцэглэлт нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? Миний хүү одоо 18 нас хүрсэн боловч талийгаачийн ажилласан жилийг тогтоолгохгүй бол өмнөх жилүүдэд авч байсан тэтгэмжид нөхөн акт тавина гээд байна ..гэв.
Шүүх хуралдаанаар М.Батсуурийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 03-ны өдрийн 516 дугаар албан бичиг, Б.Доржийн 1986 оны 07 сарын 01-ний өдрийн, 1991 оны 01 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн ерөнхий хорооны хурлын 1991 оны 02 сарын 26-ны өдрийн тогтоол, 1990 оны 09 сарын 20-ны өдрийн протокол, Өлзийт сумын Цэцэглэлт хувьцаат компанийн бүх гишүүдийн хурлын 1992 оны 04 сарын 25-ны өдрийн протокол зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
М.Батсуурь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Талийгаач Б.Дорж нь 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3-р бригадад саальчнаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 03-ны өдрийн 516 дугаар албан бичиг, Б.Доржийн 1986 оны 07 сарын 01-ний өдрийн, 1991 оны 01 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн ерөнхий хорооны хурлын 1991 оны 02 сарын 26-ны өдрийн тогтоол, 1990 оны 09 сарын 20-ны өдрийн протокол, Өлзийт сумын Цэцэглэлт хувьцаат компанийн бүх гишүүдийн хурлын 1992 оны 04 сарын 25-ны өдрийн протокол зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Буянаагийн Доржийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Буянаагийн Доржийн 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3-р бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар М.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ